Хувь нэмрийн оноо гэдэг нь Даог эрэлхийлэх бүлгэмийн дотор эргэлддэг нэг төрлийн мөнгө байлаа. Бүлгэм дотор бараа авах, хоолны танхимд хооллох, шавь нар хоорондоо арилжаа хийхэд үүнийг хэрэглэнэ.
Түүнээс гадна Даалгаврын танхимд байдаг тусгай шагналуудыг авахад ч Хувь нэмрийн оноо шаардлагатай.
Жишээлбэл, хүн бүрийн шүлсийг гоожуулдаг ч авч дийлэхээргүй үнэтэй “Даог эрэлхийлэх бүлгэмийн тэргүүнээр нэг өдөр ажиллах эрх”.
Нэрнээсээ л ойлгомжтой. Үүнийг авбал бүтэн нэг өдөр бүлгэмийн тэргүүн болж, ахлагч нартай хуралдан, бүлгэмийн хэргийг шийдвэрлэж, албан ёсоор тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрөгдөн, сүр хүч, хүндлэлийг эдэлж, Мөнх настны таван их бүлгэмийн дээд удирдагчийн эрх мэдлийг хүртэнэ...
Давуу тал олон. Харамсалтай нь шаардагдах Хувь нэмрийн оноо дэндүү өндөр тул одоог хүртэл хэн ч авч чадаагүй байв.
Хэдэн ах шавь мөнгөө нийлүүлээд энэ шагналыг авахаар төлөвлөж байсан гэдэг. Гэвч “хэн нь бүлгэмийн тэргүүн болох вэ” гэдэг дээр маргалдсаар эцэстээ нударга зөрүүлжээ. Тэгээд бүгд Үрлийн тогооны оргил руу эмчлүүлэхээр хүргэгдэж, бөөн хүмүүс үзэж сонирхсон байна.
Одоо тэр ах шавь нар бүлгэмээс гадуур урт хугацааны даалгавар гүйцэтгэж яваа бөгөөд Даог эрэлхийлэх бүлгэмдээ нэлээд удаан эргэж ирээгүй аж.
Бас “Эмийн хааны сүнслэг шингэн” гэж бий. Тайлбарт нь Даог эрэлхийлэх бүлгэмийн дээд зиндааны хүмүүс тусгайлан боловсруулсан, өөр хаана ч байхгүй үнэт эмийн шингэн гэжээ. Ууж ч болно, гадуур түрхэж ч болно. Биеийг чийрэгжүүлж, амин хүчийг нэмэгдүүлэн, сүнсийг бэхжүүлж, Бясалгалын түвшнийг тогтворжуулна.
Хувь нэмрийн оноогоороо үнэтэй ч ашиг тус ихтэй тул ах эгч шавь нарын дунд эрэлттэй бараа байв.
Тулааны үеэр нэг балгахад л хүч, шидэт чадал сэргэж, шарх эдгэх нь түргэсдэг. Хэрэглэж үзсэн хүмүүс бүгд магтдаг гэнэ.
Жишээлбэл, ердөө нэг Хувь нэмрийн оноогоор авч болох “Нисдэг хөлгийн ослын даатгал”.
— Түр хүлээ. Нисдэг хөлгийн ослын даатгал гэж яагаад байдаг юм? — Лу Янд энэ нэр нэг л ёргүй сонсогдов.
Даалгавар олгодог ах шавь тун энгийн зүйл ярьж буй мэт,
— Хэвийн шүү дээ. Зуун хувь аюулгүй тээврийн хэрэгсэл гэж хаана байх вэ. Газрын зоос худалдааны холбооны ажиллуулдаг Нисдэг хөлөг хүртэл осолд орж болно. Агуу хүчтэнтэй мөргөлдөх, буух тулгуур эвдрэх, ахмад цалингаа нэмүүлэхээр ажил хаях... энэ бүхэн жирийн л осол.
— Аз болоход одоогоор хүний амь эрсэдсэн тохиолдол байхгүй. Тэгэхээр нэг их сонин зүйл биш, — гэв.
— Газрын зоос худалдааны холбооны тэргүүн Нисдэг хөлөг байнга осолддогийг мэдээд эрсдэл нэлээд өндөр юм байна гэж боджээ. Тэгээд зорчигч бүр багахан мөнгө нийлүүлж нэг сан үүсгээд, осол гарвал холбоо тэр сангаас их хэмжээний мөнгө гарган зорчигчдод нөхөн төлбөр олгодог байя гэсэн санал гаргасан юм.
— Ингэвэл осол гарахгүй үед зорчигчид өчүүхэн хэмжээний мөнгө л төлнө. Харин осол гарч, төлөвлөгөө нь алдагдвал нөхөн төлбөр авна.
— Тэр загвараа “эрсдэлийн хамгаалалт”, товчоор “даатгал” гэж нэрлээд бусад салбартаа ч хүчтэй нэвтрүүлсэн.
— Гэхдээ чи санаа зовох хэрэггүй. Манай Даог эрэлхийлэх бүлгэм шавь нараа үргэлж сайн харж ханддаг. Даатгалын тал дээр бид хэзээд өгөөмөр. Үнэндээ та нарыг бүлгэмд элсэх үед Нисдэг хөлгийн ослын даатгал зэрэг олон төрлийн даатгалд аль хэдийн хамруулчихсан. Шагналын жагсаалтад байгаа даатгал нь зүгээр л нөхөн төлбөрийн хэмжээг нэмдэг юм.
Ах шавийн царайнаас “манай бүлгэм Зөв замынх, өдөр маргаашаа аргацааж амьдардаг Хорон замын бүлгэмүүдтэй адилгүй, хэрэгтэй бүх даатгалыг чинь бид бэлдэж өгнө” гэсэн итгэл төрөм байдал илэрнэ.
— Манай Бясалгалын ертөнц ч үнэхээр хурдацтай хөгжиж байна аа. Бүр даатгалтай болчихож.
Лу Яны амны булан татвалзав. Өмнөх ертөнцөд нь даатгал далайн тээврээс үүссэн бүтээгдэхүүн гэж тэр санаж байлаа. Харин Бясалгалын ертөнцөд Нисдэг хөлгийн тээврээс үүссэн байх гэж огт төсөөлсөнгүй.
Түүнд энэ нэг л ёр муутай санагдсан тул өөр зүйл авах нь дээр гэж шийдэв.
Бясалгалын ертөнцөд жаахан мухар сүсэгтэй байхад гэмгүй.
Лу Яны доторх бодлыг сонсчихсон мэт ах шавь үргэлжлүүлэн,
— Гэхдээ учир шалтгааныг судалдаг нэг Агуу хүчтэн даатгал худалдаж авах нь эрсдэлтэй учир шалтгааны холбоо тогтоож, улмаар осол гарах магадлалыг нэмэгдүүлж мэднэ гэсэн санаа дэвшүүлсэн, — гэв.
— Худалдааны холбоо ийм боломжийг эрс үгүйсгэсэн. Хоёр тал удаан маргалдсан ч одоо хүртэл албан ёсны дүгнэлтэд хүрээгүй.
— Энэ бол Бясалгалын ертөнцөд судлахад тун үнэ цэнтэй сэдэв. Судалгааныхаа эцэст учир шалтгааны холбоо байна гэж баталбал тэр санааг гаргасан Агуу хүчтний таалалд орно. Холбоо байхгүй гэж баталбал Газрын зоос худалдааны холбоо чамайг дэмжинэ. Яаж ч дууссан ашигтай.
Лу Ян дотроо, хэрэв судалгаагаар учир шалтгааны холбоо байна гэж гарвал худалдааны холбоо өөрийг нь нядлахыг хүсэх байх даа гэж бодов.
— Нэг Хувь нэмрийн оноог доод зэрэглэлийн зуун Сүнслэг чулуугаар сольж болно. Харин нэг Хувь нэмрийн оноо авахын тулд доод зэрэглэлийн зуун хорин Сүнслэг чулуу төлнө.
— “Цус уугч нисдэг илд”, хоёр мянган Хувь нэмрийн оноо. Цусанд удаан дэвтэх тусам хүч нь нэмэгдэнэ. Тайлбарыг нь харахад Зөв замын зэвсэг нэг л биш юм биш үү?
Ах шавь тайлбарлав.
— Заавал хүний цусанд дэвтээх албагүй. Гахай, үхэр, нугасны цус бүгд болно. Хэд хоногийн өмнө Сычуань халуун тогоо зардаг газрын эзэд уул өөд гарч ирээд гомдол мэдүүлсэн гэсэн. Ямар новш нь тэдний нугасны цусанд Цус уугч нисдэг илдээ нууцаар дэвтээгээд байна гэж асуусан юм билээ.
— Хэд хэдэн удаа шалгасны дараа буруутанг олсон. Халуун тогооны газрын эзэн түүнийг нэг тогоо улаан тосон шөл уулгаж шийтгэсэн. Тэр дүр зураг ч ёстой нэг юм болсон доо. Энэ насандаа дахиж халуун тогоо идмээргүй болсон байх, — гэж ах шавь хэлээ ташлан, нэг л нарийн утгатай царай гаргав. Юу харсан нь тодорхой байлаа.
Лу Ян цааш жагсаалтыг гүйлгэв.
— “Ямар ч амттай Өл дарах үрэл нэг шил”, нэг Хувь нэмрийн оноо.
— “Өвөг дээдсээс уламжилсан нууц шарсан махны жор”, зуун Хувь нэмрийн оноо.
— “Эрдэнэт илд хөвүүлэх шидэт байгууламж”, хорин таван Хувь нэмрийн оноо. Үүнийг зэвсэг дээр сийлж, нурууныхаа ард хөвүүлэн авч явж болно. Хуйнаас хамаарахгүй тул хүссэн үедээ шууд хэрэглэнэ. Мөн цаг агаарын нөлөөнөөс илдийг хамгаалах хамгаалалтын байгууламж дагалдана.
Бодож үзээд Лу Ян энэ шидэт байгууламж нэлээд хэрэгтэй санагдав. Тэр шууд худалдаж авлаа.
Энэ нь агаарт сийлдэг, хагас далд шидэт байгууламж байв. Эртний илдэн дээр буухдаа усны дусал агаарт уурших мэт алга болж, ямар ч мөр үлдээсэнгүй. Эртний илд Лу Яны нурууны ард чимээгүйхэн хөвөх нь тун сүртэй харагдана.
Лу Ян эргэхэд эртний илд ч ямар ч хоцролгүй даган эргэв.
— Ямар сайхан эд вэ.
— “Арван үхрийн хүчний үрэл”? Зуун Хувь нэмрийн оноо, мянга, арван мянга гэж юу вэ? Ү Мин их багшийн шилдэг бүтээл. Уусны дараа арван үхрийн хүчтэй болж, мянган цэргийг ганцаараа шүүрдэн унагаж чадна. Суурь тогтоох шатнаас Нялх сүнсний шат хүртэл хэрэглэж болно.
Лу Ян хагас хордсон Ү Мин байгаагүй бол үнэ нь лав үүнээс өндөр байх байсан гэж бодов.
Гэхдээ тайлбарыг нь харахад энэ үрэл эргэлзээгүй эрдэнэ байлаа. Тулаанд тун үр дүнтэй, туршиж үзэхэд гэмгүй.
— Тао дүү, төвөг удсанд уучлаарай. Чи юм авахдаа Хувь нэмрийн оноо хэрэглэдэг үү? Надад таван оноо зээлүүлээч. Дараагийн даалгавраа дуусгаад буцааж өгнө.
Хувь нэмрийн оноог шавь нар хоорондоо шилжүүлж болдог.
Тао Яо-е өөрөө юм худалдаж авахад маш олон Хувь нэмрийн оноо хэрэгтэй тул тавыг зээлүүлэх эсэх нь түүнд нэг их ялгаа байсангүй.
— Бололгүй яах вэ.
Лу Ян Арван үхрийн хүчний үрлийг дор нь худалдаж авлаа.
Даалгавар олгодог ах шавь Лу Янд жижиг шаазан сав өгөв. Дотор нь нарны гэрэлд үл ялиг гялалзах алтлаг үрэл байлаа. Харахад л чанартай нь мэдэгдэнэ.
— Чамайг Суурь тогтоох шатанд хүрэхээр чинь сайн тэмдэглэнэ гэж өмнө хэлсэн шүү дээ. Зуун үнэрийн харшид ширээ захиалчихсан. Явцгаая, сайхан хоол идье. Аманд чинь лав таарна, — гэж Мэн Жинжоу инээн хэлээд Тао Яо-ег ч дуртайяа урив.
— Тао дүү, хамт явах уу?
Мэн Жинжоу бүлгэмд элсэх шалгалтад хоёрдугаар байранд орсон учраас Тао Яо-егээс ах шавь байлаа.
Лу Ян өндрөөс айдаг, байнга худал ярьдаг, бүр өөрт нь хэлэлгүй өрөөнд нь хор тавьсан ч Тао Яо-е түүнийг хамт даалгавар гүйцэтгэж явсан найз гэж бодсоор байв.
— За, явъя.