— Би анх Төв тивээр аялж явахдаа багагүй нэрд гарсан юм. Хэрэв нэг нөхөр миний аргын хийг тэтгэдэг нөлөөг хаа сайгүй сурталчлаад, арга буюу Даог эрэлхийлэх бүлгэмд орогноход хүргээгүй бол би одоо ч хорвоогоор аялж явах байлаа.
— Надтай хамт аялж явсан хүн танай хүн төрөлхтний дунд нэлээд нэр хүндтэй болсон. Түүнийг Өвгөн Сар багш гэдэг. Намайг Даог эрэлхийлэх бүлгэмд авчрахдаа номондоо миний тухай бичиж, хорвоо даяар нэрийг минь үлдээнэ гэж хэлсэн юм.
Өвгөн Сар багш Төв тивийн алдарт аялагч байжээ. Тэр аялах, шинэ газар судлах дуртай бөгөөд Төв тив, Мангасын нутаг, Бурхны орон гээд хаа сайгүй мөрөө үлдээсэн. Түүний тухай домог газар бүрт тархсан байлаа.
Домогт өгүүлснээр тэр нэгэн цагт Их Ся улсын түүхчээр ажиллаж, Ся улсын хааны эгэл ардын дундах хайр дурлалын явдлууд болон тоо томшгүй гэрлэлтээс гадуурх хүүхдүүдийг нь тун нямбай тэмдэглэдэг байсан гэнэ.
Түүнийг Мангасын нутаг дахь Лун овгийн гүнж хулгайлж, хүчээр гэрлүүлэх гэж байхад нь оргож чаджээ. Тэгээд араасаа хөөлгөн явсаар Бурхны орон хүртэл хүрсэн байна.
Бурхны оронд тэр лам болж дүр эсгээд, логикийн зөрчилтэй юм эсвэл хариулж чадахгүй асуулттай тулгарах бүрдээ “Бурхан айлдахдаа, үүнийг үгээр өгүүлэх аргагүй” гэж хэлдэг байжээ. Хожим энэ үг Бурхны орон даяар өргөн тархсан гэдэг.
Өвгөн Сар багш аялж туулсан явдлуудаа ном болгон бичсэн бөгөөд Бясалгалын ертөнцөд нэлээд алдартай байв.
Өвгөн Сар багшийн Бясалгалын түвшнийг тодорхой бичсэн баримт байдаггүй ч Лу Ян түүнийг лав өндөр түвшний хүн байсан гэж бодлоо. Хэрэв доогуур түвшнийх байсан бол аль хэдийн үхчихсэн байх байв.
Хүн орхоодойн жаал үнэхээр сайн багш байлаа. Ярьж өгсөн олон түүх нь өөрийнх нь биеэр туулсан явдал. Эмийн ургамлын цэцэрлэгт байгаа зарим ургамлыг хүртэл Шүйюэ эрдэмтэнтэй хамт аялж явахдаа олж нээсэн гэнэ. Лу Ян сонирхон сонссоор байв.
Хүн, хүн орхоодой хоёр ургамлаар хийсэн мэт харагдах жижигхэн овоохойд хүрч ирлээ. Овоохойд ойртох тусам бараг барьж болохоор өтгөн амин эрчим мэдрэгдэж, Лу Ян цочирдов.
— Нэг л биш байна! — Лу Ян цээжээ атгав. Бие нь өөрийн эрхгүй чичирч эхэлжээ.
Түг түг түг...
Лу Яны зүрх улам хурдан цохилж, чихнийх нь хажууд тоо томшгүй жижиг шавж дүнгэнэж байгаа мэт болов.
Анхааралтай чагнахад Лу Яны нуруугаар хүйт даав. Тэр чинь шавжны дуу огт биш, харин өөрийнх нь бие дотроос тоо томшгүй дуу хоолой ярьж байлаа!
Тэдгээр дуу хоолой бие дотор нь хоригдсон тухайгаа хашхирч, гармаар байна, гармаар байна хэмээн орилолдоно...
Лу Янд ямар нэг юм болсныг хамгийн түрүүнд Хүн орхоодойн жаал анзаарч,
— Хөөе, хөөе, хөөе! Энд гаднын хүн байна! Та нар жаахан болгоомжтой байгаад амин эрчмээ хурдан тат! — гэж чангаар хашхирлаа.
Лу Ян бясалгалын аргаа ажиллуулан буцалж буй цусаа дарснаар дуу хоолойнууд аажмаар алга болов.
Лу Ян газар сөхрөн амьсгаадан суулаа. Саяын мэдэрсэн бүхэн хуурмаг биш. Бие дотор нь үнэхээр ямар нэг зүйл байсан. Гэхдээ тэр нь юу юм бэ?!
Хүн орхоодойн жаал Сүнслэг чулуунуудаа тавьчихаад Лу Ян руу яаран хүрч ирэв. Хоолойд нь харамссан өнгө тодорно.
— Уучлаарай. Чамайг Нялх сүнсний шатанд хүрээгүй гэж бодсонгүй.
Хүн төрөлхтнөөс ялгаатай нь бяцхан Эмийн хаадын өсөлтийг Бясалгалын түвшнээр бус насаар нь хэмждэг. Хүн орхоодойн жаал Лу Яны Бясалгалын түвшнийг ялгаж чаддаггүй ч түүнд таатай сэтгэгдэлтэй байлаа.
— Сая юу болчихов? — гэж цочирдсон Лу Ян асуулаа. Есөн тамаар нэг тойроод ирсэн мэт санагдана.
— Ба жаал, өнөөх их мангас хоёрын танай хүмүүсээр тооцвол Бясалгалын түвшин хэт өндөр. Тэгээд манай амин эрчим чамд ямар нөлөө үзүүлэхийг би мартчихаж.
— Манай амин эрчим хэт хүчтэй. Чиний эрхтэн бүрд тусдаа хүсэл ухамсар бий болгож, шинэ амь болгочих хэмжээнд хүчтэй. Чи Нялх сүнсний шатанд хүрч, биеийнхээ бүх сүв цэгийг бүрэн нээж, бие чинь алдагдалгүй болсон цагт л манай амин эрчим чамд нөлөөлөхөө болино.
Хүн орхоодойн жаалын хашхирааныг сонссон гурван ямх өндөр тоо томшгүй эмийн ургамал үсчин харайсаар Лу Яны эргэн тойронд цуглав.
— Хүн орхоодойн хаан аа, энэ хүн мөн үү? Яагаад ийм жижигхэн юм?
— Юуг нь жижигхэн гээд байгаа юм? Бидэнтэй яг адил өндөр байна шүү дээ. Өөрийгөө ч жижигхэн гээд байгаа юм уу!
— Ямар нэг шидэт арга байж таарна! Хүний шидэт аргууд гайхалтай шүү. Томоос жижиг болох юу ч биш. Эрэгтэйг эмэгтэй, хүнийг мангас болгож хувиргадаг аргыг хүртэл би харж байсан.
— Бясалгалын түвшин нь нэг их өндөр биш юм шиг. Жирэмсний шатанд ч хүрээгүй юм биш үү?
— Ямар жирэмсний шат гэж! Чилинь хаан аа, ой чинь муудаж байна. Нялх сүнсний шат гэдэг юм!
— Зогсож ч чадахгүй байгаа юм шиг байна. Дотогш нь өргөөд оруулчихъя.
Бяцхан Эмийн хаадын шивнэлдэх дуу эргэн тойронд нь нам гүмхэн тархаж, олон шавж зэрэг дүнгэнэх мэт тавгүй сонсогдоно.
Тэд Лу Яныг толгой дээрээ өргөөд, ургамлаар хийсэн мэт овоохой руу авч орлоо.
Гэгээрлийн модны хаан гадаа үлдэн, их биеэ маажиж зогсов. Навч нь сэрчигнэх бөгөөд хэт өндөр болохоор жижиг овоохойд багтахгүй байлаа.
Дотогш орсны дараа л Лу Ян овоохойг ургамлаар хийсэн биш, харин эртний модоор барьсан болохыг ойлгов. Бяцхан Эмийн хаадын амин эрчимд нөлөөлөгдсөн модон дээр шинэхэн навч, цэцэг ургаж, анхны төрхийг нь бүхэлд нь халхалжээ.
Лу Яны бие ихэд дээрдэв. Тэр аажмаар босоод эдгээр Эмийн хаадыг нэг нэгээр нь танихыг оролдлоо.
Харамсалтай нь нэгийг нь ч таньсангүй.
— Хүн ээ, чамайг хэн гэдэг вэ? — гэж гурван шинэхэн навчтай жижиг өвс асуув. Бүх бие нь мөнгөлөг бөгөөд навчны гадарга дээр оддын тоос мэт цэгүүд гялалзаж, яг л бяцхан орчлон ертөнц шиг харагдана.
— Өчүүхэн намайг Лу Ян гэдэг. Ахмад таныг...? — гэж Лу Ян хүндэтгэлтэй асуулаа. Насны хувьд эдгээр бяцхан Эмийн хаад зөвхөн өөрийнх нь ахмад биш, Даог эрэлхийлэх бүлгэмийн бүх хүний ахмад байхаар настай.
— Гурван навчит одон өвс. Бид бүгд түүнийг Оддын хаан гэж дууддаг, — гэж өөр нэг бяцхан Эмийн хаан яаран хэлэв. Тэр долоон өнгийн цэцэг бөгөөд дэлбээнүүд нь Таван махбодын таван өнгөтэй тохирно. Цэцгийн гол нь хар, цагаан хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд хар дотор цагаан, цагаан дотор хар толбо байж, Тайжигийн тэмдэгтэй төстэй дүрс үүсгэнэ.
Усан бэхэн зураг шиг туйлын үзэсгэлэнтэй тул хүн өөрийн эрхгүй ширтэн алмайрмаар.
— Би Цаг зогсоох цэцэг. Намайг Төгсгөлийн хаан гэж дуудаж болно. Хүн болгон намайг хамгийн үзэсгэлэнтэй цэцэг гэдэг. Миний гоо үзэсгэлэнд атаархаад хэт магтан алчих санаатай л байгаа байх гэж би боддог. Даруухан Эмийн хаан миний бодлоор бол би хорвоогийн ердөө хоёр дахь хамгийн үзэсгэлэнтэй цэцэг... — гэж Цаг зогсоох цэцэг амьсгаа авалгүй шалчигнав.
Лу Ян Цаг зогсоох цэцгийг хоёр хором ширтлээ. Нүдний хүүхэн хараа нь аажмаар томорч, харсан зүйлдээ итгэж ядана. Тэр Цаг зогсоох цэцгийн төрхийг танихгүй ч аймшигт нэрийг нь сонсож байжээ.
— Цаг зогсоох цэцэг гэдэг чинь ертөнц мөхөж, хамаг амьтан үхэх мөчид л хамгийн үзэсгэлэнтэйгээр дэлбээлээд, цаг хугацааг хүртэл зогсоодог гэж яригддаг тэр цэцэг үү?!
Лу Ян ингэтлээ цочирдсон нь аргагүй. Эртний тэмдэглэлд Цаг зогсоох цэцэг дэлбээлэх нь ертөнцийн төгсгөлийг бэлгэддэг, бүх ертөнцийн дэг журам тэр чигтээ шинээр тогтох хэмжээний хэрэг явдал гэж бичсэн байдаг.
Гэтэл түүхэнд тэмдэглэгдсэнээр тийм ертөнцийг өөрчилсөн үйл явдал нэг ч удаа болоогүй!
Цаг зогсоох цэцэг бал шүүс тогтсон цоморлигоо уцаартай маажин,
— Тэгж ярьдаг хүмүүс байдаг л даа. Гэхдээ миний санаж байгаагаар би тайван л дэлбээлсэн, хүн болгон баяртай байсан. Ямар ч гамшиг болоогүй. Тэгэхээр миний дэлбээлэх тухай тэр яриа цуурхал байх, — гэв.
Лу Ян өөр зүйл асуух гэж байтал өөр нэг бяцхан Эмийн хаан түрүүлээд дуугарав.
— Лу Ян, чи эмийн ургамлын цэцэрлэгт юу хийж яваа юм? Ба жаал чамаар ургамал түүлгэхээр явуулсан уу? — гэж хаш чулуугаар сийлсэн мэт нарийн хийцтэй, ертөнцийн бус төрхтэй жижигхэн ногоон Чилинь асуулаа.
Лу Ян цочин,
— Чилинь?! — гэж уулга алдав.
Чилинь бол нууцлаг, домогт амьтан. Бүх хорвоод нэг, хоёр ч хүрэхгүй байж мэдэх бөгөөд Тэнгэрийн сорилт давах шатны хүмүүсээс ч ховор. Эртний ном сударт үлдсэн цөөн хэдэн тэмдэглэлээс л тэд оршиж байсныг таамаглаж болдог. Даог эрэлхийлэх бүлгэмд үнэхээр нэг Чилинь байдаг гэж үү?
Даог эрэлхийлэх бүлгэмийн суурь Лу Яны төсөөлснөөс хавьгүй гүн байлаа.
Хүн орхоодойн жаал тайлбарлав.
— Тэр бол Чилинь үхэшгүй эм. Одоо харагдаж байгаа төрх нь түүний шидэт хувилгаан дүр. Чиний Бясалгалын түвшин одоохондоо хүрэхгүй. Сүнс хувиргах шатанд хүрч, Тэнгэрийн мэлмийг нээж чаддаг болсныхоо дараа л жинхэнэ төрхийг нь харж чадна.