— Миний сүх! — гэж Мэн Жинжоу төөрөгдөл дотор хашхираад, сүхээ авахаар доош буух гэж завдав.
Голын сүнс гурван сүх өргөн усны мандал дээр гарч ирлээ.
— Залуу минь, чи...
Палхийв!
Голын сүнс үгээ хэлж дуусаагүй байхад Мэн Жинжоу толгой түрүүлэн гол руу шумбаж, палхийтэл үсрэн орлоо. Уснаас өөрөөс нь ч том хөөснүүд хөвж гарна.
Юу болоод байна аа?
Голын сүнс гайхширч орхив. Түүнд ийм явдал анх удаа тохиолдож байлаа.
Хөөс аажмаар цөөрсөөр эцэст нь бүрмөсөн алга болов. Голын мандал айдас төрөм нам гүм болж, зөвхөн Голын сүнсний сүр хүчнээс үүссэн долгио л тогтуун усыг үл ялиг хөдөлгөнө.
— Яагаад ийм чимээгүй болчихов? Живчихсэн юм биш биз? — гэж Голын сүнс бувтнав.
Гэхдээ Мэн Жинжоу үнэхээр живчих вий гэж нэг их санаа зовсонгүй. Энэ бол төөрөгдөл учраас энд хүн живж үхэх боломжгүй.
Мэн Жинжоу яг юу хийх гээд байгааг Голын сүнс ойлгож амжаагүй байтал дахин гэнэтийн өөрчлөлт болов!
Голын мандлын долгио улам ойр ойрхон үүсэж эхэллээ. Голын сүнс хөмсгөө зангидав. Тэр өөрийн хүчээ маш сайн хянаж байгаа, ийм долгион өөрийнх нь сүр хүчнээс гарах учиргүй.
Тэгээд гэнэт ойлгов.
— Сая гол руу үсэрсэн тэр жаал байна!
Голын урсгал дунд алтан туяа сүлжилдэж, усан дээрх манангаас мөнх настны ариун үнэр ханхална. Яг л голын ёроолд ямар нэг аймшигт зүйл бүрэлдэж байгаа мэт!
Үл мэдэгдэх тэр айдас зүрхийг хүртэл салгануулав.
Усны мандлаас гурван усан багана зэрэг оргиллоо. Багана бүр улам өндөрсөж, цайвар алтан усан манан цацран голын мандлыг бүхэлд нь бүрхэж, Голын сүнс дотор нь юу болж байгааг түр харж чадахаа болив.
Хаанаас ч юм үлээсэн салхи цайвар алтан мананг хийсгэн сарниуллаа.
Манан дундаас гурван дүр гарч ирэв. Гурвуулаа Мэн Жинжоугийн төрхтэй ч өмнөхөөсөө мэдрэгдэх сүр хүч нь тэс өөр. Бүр орвонгоороо өөрчлөгдсөн гэж хэлсэн ч хэтрүүлэг болохгүй.
Голын сүнс дагжин чичрэв. Энэ бол сүнснийх нь гүнээс гарсан төрөлхийн айдас байлаа!
Жирийн Мэн Жинжоу, Агуу хүчтэн Мэн Жинжоу, бас... Мөнх наст Мэн Жинжоу!
Энэ бол төөрөгдлийн үндсэн дүрэм. Ямар нэг эд зүйл гол руу унавал жирийн, сүнслэг, мөнх настны гэсэн гурван хувилбарт хувирна.
— Өг.
Гурван Мэн Жинжоу нэгэн зэрэг дуугарч, тус бүр өөрт ногдох сүхээ авлаа.
Мөнх наст Мэн Жинжоугийн өмнө Голын сүнс эсэргүүцэх чадваргүй тул тэдний хүссэнээр болохоос өөр аргагүй байв.
Мөнх наст Мэн Жинжоу Мөнх настны шидэт эдлэл болох Уул хагалах сүхийг, Агуу хүчтэн Мэн Жинжоу шидэт Уул хагалах сүхийг авлаа. Харин жирийн Мэн Жинжоу Голын сүнс балмагдсан завыг ашиглан элэгдэж хуучирсан сүхийг шүүрч авав.
Гурван сүхийг гартаа авмагц төөрөгдөл бутран сарниж, Мэн Жинжоу давааг давлаа.
Хоёрдугаар давааг давсан хүн түр хугацаанд ухаан алдана. Энэ бол бие махбодын өөрийгөө хамгаалах механизм байв.
...
Даог эрэлхийлэх бүлгэмийн хүмүүс хоёрдугаар давааг давсан Лу Ян, Мэн Жинжоу хоёрыг ширтэн удаан хугацаанд дуугүй зогсов.
Үнэнч шударга зан хаачив аа?
Юнь Жи ч үг дуугарсангүй. Энэ хоёр Даог эрэлхийлэх бүлгэмд элсчихвэл бүлгэмд дахиж амар тайван өдөр ирэхгүй юм шиг нэг л зөн совин төрөөд байлаа.
Түүний энэ зөн буруу байгаасай.
Тэгтэл жинхэнэ Голын сүнс гартаа алт, мөнгөн сүх атган, сүрдмээр царайтайгаар Лу Ян, Мэн Жинжоу хоёр руу дайрч ирэв.
Даог эрэлхийлэх бүлгэмийн хамгаалагч сүнс болсон цагаасаа хойш тэр хэзээ ч ийм доромжлол амсаж байгаагүй.
— Намайг битгий хорь! Өнөөдөр би энэ хоёр новшийг заавал нэг сайн сургаад өгнө! Гар хөлийг нь хугалчихаад дараа нь буцаагаад залгачихна!
Байдал бишдэж байгааг харсан Даог эрэлхийлэх бүлгэмийн шавь нар хилэгнэсэн Голын сүнсийг яаран барьж авлаа.
— Голын сүнс ахмад аа, тэднийг цавчиж болохгүй!
— Голын сүнс ахмад аа, тайвшир!
— Шалгуулагчдад ямар нэг юм болчихоод энэ хэрэг гадагшаа тарвал манай Даог эрэлхийлэх бүлгэмийн нэр хүнд сүйрнэ шүү!
Эцэст нь Дай Буфань урагш гарч, уурлаж догширсон Голын сүнсийг тогтоов.
— Голын сүнс ахмад аа, санаа амар. Гуравдугаар шалгалтыг би, Дай Буфань өөрөө зохиосон. Энэ хоёрт заавал нэг сургамж өгнө.
Дай Буфань ингэж сүрхий амласны дараа л Голын сүнсний уур арай намдав.
Гуравдугаар шалгалт бол хамгийн сүүлчийн гол даваа бөгөөд хоёр хувилбарын санал байжээ. Нэгийг нь Юнь Жи гаргасан, харьцангуй зөөлөн. Нөгөөг нь Дай Буфань гаргасан бөгөөд нэлээд хатуу. Аль аль нь хүний зан чанарыг шалгах зорилготой байсан ч санал хураалтаар бүгд санал нэгтэй Юнь Жигийн хувилбарыг сонгосон байв.
Юнь Жигийн хувилбар хэтэрхий зөөлөн, даваагүй ч ямар ч шийтгэлгүй. Голын сүнсний уурыг дарахын тулд одоо Дай Буфаний хувилбарыг хэрэглэхээс өөр аргагүй болжээ.
Юнь Жи үүнд эсэргүүцсэнгүй.
Энэ хоёр залууд бага зэрэг зовлон амсуулах нь ч муугүй санаа байлаа.
Хоёрдугаар даваанд маш олон хүн хасагдав. Гурван сүхний уруу таталтыг тэсэж чадаагүй хүмүүс дотоод шуналдаа дийлдэн Голын сүнсийг хуурч, хоёр шидэт сүхийг хоёуланг нь өөрийнх гэж хэлжээ.
Хасагдсан хүмүүс төөрөгдлөөс гарч ирээд Даог эрэлхийлэх бүлгэмийн хоёрдугаар даваа дэндүү хэцүү байна хэмээн ам амандаа гомдоллоно.
Гэхдээ хоёрдугаар даваа хэцүү гэж хүн бүр гомдоллосонгүй. Жишээлбэл, давааг давсан хүмүүс огт гомдоллоогүй.
...
— Хоёрдугаар даваа их амархан юм билээ, — гэж Мань Гү хэлэв. — Үнэнийг л хэлчихэд болно.
Гуравдугаар давааг хүлээж байсан хүмүүс түүний үгтэй санал нийлэн толгой дохицгоов.
— Түр хүлээ! Бид гол руу үсэрч ороод Голын сүнсээс сүхээ булааж авах ёстой байгаагүй юм уу? — гэж Мэн Жинжоу уулга алдав.
Яагаад бусад хүмүүсийн арга өөр байсан юм бэ?
Лу Ян Мэн Жинжоу руу “ямар тэнэг юм бэ” гэсэн янзтай хараад,
— Хэрэв Голын сүнс төөрөгдөл биш, жинхэнэ оршихуй байсан бол та түүнийг уурлуулчихгүй юу? — гэв.
— Над шиг эхлээд Голын сүнсээс сүхнүүдийг нь авч, дараа нь гол руу шидэх ёстой байсан юм. Тэгвэл гурван сүх гурвуулаа манайх гэж тооцогдоно.
Мэн Жинжоу сая нэг ойлгож,
— Тэгэхээр чи л хамгийн ухаантай байсан юм байна, — гэв.
Олон хүн Лу Ян, Мэн Жинжоу хоёрыг өөрсдийн туршлагаа дүгнэж байгааг дуугүй ширтээд, өөрсдийнх нь даваа давсан арга буруу байсан юм биш биз хэмээн эргэлзэж эхлэв.
Мань Гү аяархан толгой дохилоо. Эцэг нь түүнд Эртний зэрлэг угсаатан бардам зангаасаа болж бараг мөхөх шахсан гэж сануулж байсан. Үр хойч нь энэ сул талаа даван туулж, бусдаас даруухнаар суралцах ёстой.
Мань Гү өөртөө суралцах үлгэр дуурайл олчихлоо гэж бодов.
Бүгд давааг яаж зөв давах ёстой байсан талаар хэлэлцэж байтал Юнь Жи, Дай Буфань болон Даог эрэлхийлэх бүлгэмийн бусад шавь гарч ирлээ.
Дай Буфаний уруулын үзүүрт ёжтой инээмсэглэл тодорно. Тэр алгаа эргүүлэхэд гар дээр нь жижиг уул гарч ирэв. Нүд ирмэхийн зуур уул томорсоор зуун фут өндөр болжээ.
Олон хүн гайхан уулга алдав. Ийм арга бясалгагчдын дунд ч тэр бүр харагддаггүй.
Уул өтгөн ой модоор хучигдсан, жинхэнэ уулнаас ялгагдах зүйлгүй. Нэг талаар нь орой хүртэл үргэлжилсэн урт шат ч байлаа.
— Энэ зүйлийг Зүрхээ шинжих уул гэдэг. Би нэг ахмадаар тусгайлан хийлгэсэн юм. Зүрхээ шинжих уулан дээр мөнх наст ч жирийн хүнтэй адил болно. Та нарын хийх зүйл бол уул өөд өгсөх. Хэчнээн өндөр гарна, хүсэл зориг чинь төдий чинээ бат гэсэн үг.
— Тавь дахь гишгүүрт хүрвэл энэ давааг давсанд тооцно.
Нэг хүн асуув.
— Тэгвэл Мань Гүд давуу биш үү?
Арван тавхан настай Мань Гү хорь гарсан эр шиг хүдэр биетэй, бусдаас бүтэн толгой өндөр. Уул өөд гарахад том алхмаараа нэг дор хоёр гишгүүр алхаад явчих тул үнэхээр давуу мэт харагдана.
Дай Буфань инээв.
— Үүнд санаа зовох хэрэггүй. Зүрхээ шинжих уул хүн бүрийн биеийн чадлыг ижил болгоно. Жирийн хүн ч бай, бясалгагч ч бай, миний Зүрхээ шинжих уулан дээр бүгд жирийн хүн болно.
— Хугацааны хязгаар бий юу? — гэж өөр нэг хүн асуулаа.
— Байхгүй.
Олон хүн баярлав. Хугацааны хязгаар байхгүй юм бол дахин дахин оролдоод байж болно гэсэн үг биш үү? Тэгвэл яаж ч бодсон гуравдугаар даваанд унах боломжгүй юм биш үү?
Гуравдугаар даваа зүгээр л хэлбэр төдий шалгалт юм болов уу?
— Шидэт эдлэл хэрэглэж болох уу?
Тэдний овог гэр бүлээс өгсөн, сүнслэг эрчим шаардахгүйгээр ашиглаж болдог шидэт эдлэлүүд бий. Тэгвэл асар том давуу тал болно.
Дай Буфань бусдын зовлонд баяссан шинжтэй ёжтой инээмсэглэв.
— Болно.
Хэрэв шидэт эдлэлүүд нь ажиллаж л чадвал шүү дээ.