— Түр хүлээ. Тэд саяхан ингэж хэлсэн гэж би сонссон юм шиг байна…
— Боломжгүй. Чи буруу сонссон байх.
Луу, Бар ах дүүсийн хэлсэн үг ажиглаж байсан олныг алмайруулж, тэдний царайд элдэв ээдрээтэй хувирал тодров.
Тэр агшинд эргэн тойрны хүмүүс тэдний үг үнэн байснаас буруу сонссон байгаасай гэж бодохыг илүүд үзэж байлаа.
Тэд Далавчит Эвсэл яагаад Чү Фэнийг элсүүлэхийг хүссэнийг ойлгосонгүй. Дөнгөж саяхан Чү Фэнийг жижигхэн эвсэл хүртэл хүлээж авахаас татгалзсан. Тийм хүн яаж Далавчит Эвслийн хүндэтгэлийг хүлээж чадсан юм бэ?
— Чү Фэн, чи Далавчит Эвсэлд нэгдэх хүсэлтэй байна уу?
Олны эргэлзэж байгааг мэдсэн Бай Лун хүчтэй өнгөөр дахин нэг өгүүлбэр нэмж, үгээ онцлон хэлэв.
— Энэ... энэ чинь үнэн гэж үү? Далавчит Эвсэл үнэхээр тэр залууг элсүүлж байгаа хэрэг үү?
— Тэр хаанаас гарч ирсэн юм бэ? Яаж Далавчит Эвслээс урилга авчихав? Далавчит Эвслийг суутнуудын цуглаан гэдэг биз дээ? Яагаад ийм жирийн хүнийг элсүүлэх гэж?
— Ойлгомжгүй байна. Үнэхээр ойлгомжгүй байна. Түүнд ямар нэгэн онцгой тал байгаа юм болов уу? Гэхдээ би юу ч олж харж чадахгүй байна. Жижигхэн эвсэл хүртэл түүнийг хүлээж аваагүй шүү дээ. Тэр яаж хүчтэй хүн байж чадах юм?
Ийнхүү хэлэлцүүлэг халсан тос мэт хаа сайгүй тэр дороо буцалж, бүх харц Чү Фэн дээр төвлөрөв. Тэд бүгд Далавчит Эвслээс урилга авахуйц түүнд ямар ялгаатай зүйл байгааг олохыг хичээж байлаа.
Гэвч хэчнээн харсан ч тэр залуу юугаараа бусдаас ялгаатайг олж чадсангүй. Гэсэн ч хүн бүр Чү Фэнийг эцэс төгсгөлгүй биширсээр байв.
Далавчит Эвсэл. Тоо томшгүй олон шавийн хүсэн тэмүүлдэг газар. Мөн тоо томшгүй олон суутныг хүлээж авахаас татгалзаж байсан газар. Энэ нь дотоод хүрээний шавь нарын зүрх сэтгэлд орших туйлын ариун дагшин газар байлаа.
Далавчит Эвсэл. Тоо томшгүй олон шавийн мөрөөдөл. Зөвхөн төсөөлж болохоос биелүүлэх боломжгүй мэт санагддаг мөрөөдөл.
Гэтэл тэр агшинд нэг хүн ариун дагшин газарт орж, бусдын биелүүлж чадаагүй мөрөөдлийг биелүүлжээ. Тэд түүнд атаархахгүй байж яах билээ?
— Энэ яаж боломжтой байж болох юм бэ? Чү Фэн чинь үнэхээр…
Гэвч хамгийн муухай царай гаргаж, үүнийг хамгийн хүндээр хүлээн авч чадсангүй хүмүүс нь Чү овгийнхон байлаа.
Ялангуяа Чү Вэй хүнд алхаар цохиулсан мэт болжээ. Толгой дотор нь бүхэлдээ дүнгэнэж, тэр бүр алмайрч орхив.
Чү Юэ ч мөн адил байлаа. Тэр Чү Фэний хажууд зогсон, жижигхэн амаа ангайж, хос нүд нь тасралтгүй мяралзан, Чү Фэн рүү гайхсан янзтай ширтэж байв.
Олны хариу үйлдлийг харсан Луу, Бар ах дүүс сэтгэл хангалуун инээмсэглээд, дараа нь харцаа Чү Фэн рүү шилжүүлэв.
Олны хариу үйлдлээс илүүтэй тэд Чү Фэний хариу үйлдлийг харахыг хүсэж байлаа. Чү Фэн баярласандаа галзуурч, зүүдэндээ орсон мэт болохыг тэд харахыг хүссэн юм.
Гэвч Чү Фэн тэдний урмыг хугалав. Тэр огтхон ч хөөрөн баярласангүй. Харин ямар ч хувирал гаргалгүй, царай нь ус мэт тайван байлаа. Үүнээс ч илүү гайхмаар нь дараа нь хэлсэн үг нь байв.
— Сайхан сэтгэл гаргасанд баярлалаа. Гэхдээ одоохондоо ямар ч эвсэлд нэгдэхийг хүсэхгүй байна. — Чү Фэн тайван хэлэв.
— Юу? Би буруу сонсоогүй биз дээ? Тэр татгалзчихав уу?!
Чү Фэний үг гарсан даруйд аль хэдийн буцалж байсан тосны тогоо мэт болсон олны шуугиан туйлдаа хүрэв. Тоо томшгүй олон хүний зүүдэндээ хүсдэг байсан зүйлийг тэр татгалзсан нь үнэхээр санаанд багтамгүй байлаа.
Ийм хариу сонссон Луу, Бар ах дүүсийн хөмсөг зангирч, царайд нь илт дургүйцэл тодров.
— Чү Фэн, чи Далавчит Эвсэлд нэгдсэнээр Хөх Лууны Сургуульд цаашид хөгжихөд чинь зөвхөн ашиг тустай байна. Чи үнэхээр татгалзах гэж байна уу? — хэмээн Бай Лун ятган асуулаа.
— Үнэхээр уучлаарай. — Чү Фэний хариу хатуу байв.
— Чи…
Бай Ху бага зэрэг уурласан боловч уураа гаргаж амжихаас нь өмнө Бай Лун гараа сунган түүнийг зогсоов.
Бай Лун Чү Фэнийг дахин нэг удаа нухацтай ажиглаад:
— Чү Фэн, үүнийг дахин нэг сайн бодож үзээсэй гэж найдаж байна. — гэв.
Ингээд Бай Лун эргэж харан явлаа. Бай Ху Чү Фэн рүү ширүүн харсныхаа дараа том том алхсаар мөн явлаа.
— Тэр үнэхээр Далавчит Эвслийн урилгыг татгалзчихлаа. Тэр тэнэг юм биш үү?
— Түүнийг харахад энэ тухай огт бодож үзээгүй нь илт байна. Тиймээс Далавчит Эвслийн нэр хүндийг мэддэггүй бололтой. Харамсалтай юм.
— Ирээдүйд Далавчит Эвслийн хүч чадлыг ойлгосныхоо дараа тэр тун их харамсах байх даа…
— Ирээдүй гэж юу байх вэ? Далавчит Эвслийг гомдоочихвол энэ залуу үхэлтэй нүүр тулахад ойрхон л байна.
Тэр агшинд хүн бүр амаа ангайлган, элдэв хэлэлцүүлгийн чимээ тасралтгүй үргэлжилж байлаа.
Чү Юэ хүртэл нүүр дүүрэн эргэлзсэн байдалтайгаар асуув.
— Чү Фэн, чи сая юу хийснээ мэдэж байна уу? Тэр чинь…
— Мэдэж байна. Далавчит Эвсэл, дотоод хүрээн дэх домог болсон байгууллага.
— Мэдэж байсан атлаа татгалзчихлаа гэж үү? Чи…
Чү Юэ үнэхээр үг дуугүй болов.
— Би юуны тухай нь ч мэдэхгүй эвсэлд нэгдэхгүй. Далавчит Эвсэл ч үүнд хамаарахгүй гэх баталгаа алга.
Чү Фэн инээмсэглэсэн бөгөөд инээмсэглэл нь ер бусын тайван байлаа. Эргэн тойрныхны гайхсан харцыг огт тоолгүй, тэр Далавчит Эвслийг огтхон ч тоогоогүй мэт олны дунд дэгжин уусан орж алга болов.
Чү Юэ Чү Фэн алга болсон зүгийг удаан ширтсээр байлаа. Түүний царайд туйлын ээдрээтэй хувирал тодорч, нэлээд удсаны эцэст аяархан бувтнав.
— Чү Фэн, би чамайг улам бүр ойлгож чадахаа больж байх шиг байна…
Үнэндээ Чү Фэн ч бас Далавчит Эвслийн урилгад гайхсан байв. Гэвч ийм зүйл санаандгүй тохиолдсон учир тэр эргэлзэлгүй татгалзсан юм. Эцсийн эцэст, түүний биед бусдын мэдэж болохгүй нэгэн нууц байлаа.
Есөн Өнгийн Аянга. Тивийг шахам сүйрүүлсэн тэр аймшигт зүйл. Хэрэв тэр зүйл Чү Фэний даньтянь дотор байгааг хүмүүс мэдчихвэл, ертөнцийн хүчтэнүүд Чү Фэнд юу хийхийг хэн мэдэх билээ? Тэр байтугай гэдсийг нь зүсэж онгойлгож ч мэднэ.
Хэсэг хугацааны дараа талбайн гаднах нууцлаг нэгэн газарт Луу, Бар ах дүүс сэтгэлээр унасан царайтай зогсож байлаа. Тэдний өмнө нэгэн залуу охин зогсоно.
Охин цайвар арьстай, хурц хөмсөгтэй, том нүдтэй, интоор мэт улаан жижигхэн амтай байв. Царай нь бага зэрэг хүүхдэрхүү, бие хаа нь арай гүйцээгүй байсан ч үзэсгэлэнтэй охин байлаа.
Гэвч тэр агшинд залуу охины хөмсөг зангирч, тэр хоёр ах дүүсээс асуув.
— Тэр Далавчит Эвсэлд нэгдэхээс татгалзсан гэж та хоёр хэлж байна уу?
— Номын эгч Су Мэй, бидний хэлсэн бүхэн үнэн. — Ах дүүс нэгэн зэрэг хариулав.
— Манай Далавчит Эвслийн урилгыг татгалзаж зүрхэлдэг хүн байдаг хэрэг үү? Тэр амьдралаас залхсан юм байх даа. — Охин уруулаа хазан хэлэхэд, үзэсгэлэнт нүдэнд нь уурын өнгө тодров.
— Номын эгч Су Мэй, үнэнийг хэлэхэд тэр залуу юугаараа онцгойг бид ч мэдэхгүй. Гэхдээ тэр хоёр түүнийг “онцлон дурдсан” бөгөөд биднийг урьж авчрахыг хэлсэн. Түүнд ямар нэгэн муу зүйл хийчихвэл бид…
— Юунаас нь айх юм бэ? Бид түүнийг Далавчит Эвсэлд урьсан нь аль хэдийн түүнд нүүр өгч байгаа хэрэг. Гэтэл одоо тэр татгалзах зориг гаргалаа. Бид түүнд нүүр өгсөн ч тэр хүлээж авсангүй.
— Түүнд бага зэрэг зовлон амсуулж өгөхгүй бол Далавчит Эвслийн нэр хүнд хаачих вэ? Энэ асуудлыг та хоёрт даатгая. Санаа зоволтгүй. Эгч минь байхад та хоёрт юу ч тохиолдохгүй гэдгийг би баталж байна.
— Ээ… За, тэгье.
Үзэсгэлэнт залуу охины өмнө Луу, Бар ах дүүс ганц ч үг сөрж хэлж зүрхэлсэнгүй.
— Бас би үүнийг сүүлчийн удаа хэлж байна. Намайг Номын эгч гэж бүү дууд. Би та хоёроос насаар ах биш.
Охин тэр хоёр руу харснаа эргэж, тэндээс явлаа.
Ах дүүс залуу охины холдон одохыг чимээгүй ажигласаар, эцэст нь бүр мөсөн харагдахаа болих хүртэл нь зогсов. Тэгсний дараа л тэд мөрөн дээрээс нь хүнд ачаа авсан мэт гүнзгий амьсгаа гаргав.
— Энэ охинтой харьцах үнэхээр хэцүү юм. Тэр биднийг боол шиг үзэж байна… — хэмээн Бай Ху духныхаа хөлсийг арчин гомдоллов.
— Яах ч аргагүй. Түүний гэр бүлийн онцгой байр суурийг бид үл тоож чадахгүй. Гэр бүлийнх нь гарал угсааг тооцохгүй байсан ч, эгчийнх нь дотоод хүрээн дэх нөлөөг харахад л хангалттай. — Бай Лун гашуунаар хэлэв.
— Ер нь бол би эгчид нь илүү дуртай. Ядаж тэр хамаагүй зөөлөн.
— Зөөлөн гэж үү? Чи түүнийг уур нь хүрч, догширсон үед нь хараагүй болохоор л тэгж хэлж байна. Тэр Су Мэйгээс ч илүү аймшигтай.
— Аа, энэ хоёр эгч дүү нийлээд “Рөү-Мэй” гэж нэрлэгддэг. Гоо үзэсгэлэн нь байгаа ч зөөлөн занг нь би олж харсангүй. Харин одоо яах вэ? Бид тэр Чү Фэн дээр үнэхээр арга хэмжээ авах хэрэгтэй юу?
— Түүнд зохих хэмжээний анхааруулга өгье. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Эцсийн эцэст, эгч дүү хоёроос гадна тэр хүн ч бас үг хэлсэн.
Ингэж хэлснийхээ дараа Бай Лун өөрийн эрхгүй гүнзгий санаа алдлаа.
Өчигдөр Далавчит Эвслийн ховорхон цугларалтын үеэр хоёр томоохон эрхэм урилгагүйгээр хүрэлцэн ирсэн байв.
Тэр хоёр ижилхэн хүсэлт тавьсан бөгөөд тэр нь Далавчит Эвсэл Чү Фэнийг урьж элсүүлэх явдал байлаа.
Далавчит Эвслийнхэн дургүй байсан ч эцэст нь зөвшөөрсөн юм. Учир нь тэр хоёр бол тэдний гомдоож зүрхэлдэггүй хүмүүс байлаа.