Бүлгийнхэн тун сайн тулалдав. Үнэнийг хэлэхэд, энэ нь бага зэрэг гайхмаар байлаа. Ялангуяа надтай хамт урагш гарсан И Хёнсон, Жон Хивон хоёр ихээхэн үүрэг гүйцэтгэв.
Тулааны зохион байгуулалт аяндаа бид гурав урд, үлдсэн гурав ард болохоор өрнөв. Тулаан эхэлснээс хойш нэг минут ч өнгөрөөгүй байхад хэд хэдэн газрын харх хүзүүгээ сүлбүүлэн газарт тогтсон байлаа.
И Хёнсон өөр нэг газрын хархыг хүчээр даран, духан дээрх хөлсөө арчаад хэлэв.
— ...Би амьд үлдэж чадах юм байна.
Нийт үзүүлэлтүүдээ нэмэгдүүлсний дараа хүн төрөлхтөн тийм ч сул байхаа больсон.
Гэсэн ч энэ ертөнцөд И Хёнсоны сэтгэлзүй үнэхээр онцгой байлаа. Энгийн хүн мангасуудтай тулгарахдаа ингэж тайван байж чадахгүй.
Ирээдүйд түүнийг яагаад Ган илд гэж нэрлэсэн нь учиртай байжээ. Гэхдээ түүнээс ч гайхалтай хүн нь Жон Хивон байв.
— Хэв маяг нь бодсоноос энгийн юм биш үү?
Магадгүй Кэндо чадвараас болсон байх. Гэвч түүний илд урагш сунгарах бүрд газрын хархны хөл эсвэл сүүлний аль нэг хэсэг огтлогдож байлаа.
— Хап!
Энэ нь Жон Хивон зоосныхоо ихэнхийг хүч чадалд хөрөнгө оруулсны үр дүн байлаа. Үүнээс болж тэсвэр хатуужил нь буурсан ч ганц цохилтын хүч нь бодсоноос хавьгүй илүү байв.
Швик!
Түүний илд агаарыг аймшигтайгаар зүсэн хөдөллөө.
— Бурхан минь, нэгийг алдчихлаа! Гуйя!
Түүнийг ярих үед дуу нь чичирч байв. Түүний цорын ганц сул тал нь тэсвэрийн үзүүлэлт бага тул амархан сульддаг явдал байлаа.
— Гррр!
Бүлгийн гишүүдийн дундуур хөдөлж байсан газрын хархнууд нэлээд ухаантай байв. Тэд эгнээг тарааж чадмагцаа анчны зөнгөөрөө хамгийн сул харагдсан өрсөлдөгч рүү гүйлээ.
— Надад даатга.
Гэвч газрын хархнууд буруу өрсөлдөгчөө сонгосноо мэдээгүй байлаа.
— Пийок!
И Гилёны шидсэн мохоо зүйл газрын хархны толгойг онон цохив. Тэр хүүхэд учраас цохилт нь хангалттай хүчтэй биш байсан ч хэрэг болсон. Бусад нь түүнийг дуусгахад тусалж чадна.
— Пүок!
Ю Санъа жадаараа газрын хархны биеийг нэвт сүлбэв. Газрын харх хэд хэдэн удаа мушгирлаа. Ю Санъа эргэлзсэн царай гаргасан ч жадаас гараа салгасангүй.
Газрын харх тэнхээгүй болж, доош унав.
Ю Санъа дасан зохицоход хэцүү байх гэж үнэндээ бодож байсан ч тэр намайг үнэхээр гайхшрууллаа. Ихэнх хүн энд зогсож буй Хан Мёно шиг сандрах нь хэвийн.
— У-Ууух...
Хүмүүс тэмцэлдэж байхад нэг хүн арын эгнээнд нуугдаж байлаа. Тэр бүр олигтой нуугдаж чадаагүй бөгөөд шилбийнхээ ойролцоо цус алдаж байв.
Би сүүлчийн газрын хархыг өргөсөөр нэвт сүлбэхэд эргэн тойрон нам гүм болов.
Би өргөсний цусыг сэгсрэн арилгаад бүгдийг ажиглав. Хан Мёногоос бусад нь бүгд бага зэрэг шалбарсан байсан ч ноцтой гэмтэл хэнд ч байгаагүй.
Энэ бол анхны гайхалтай ялалт байлаа.
Ю Санъа, И Гилён хоёр тайвшран суув. Харин И Хёнсон жадаа газарт зоогоод духныхаа хөлсийг арчлаа. Жон Хивон ойр хавьд байсан газрын хархнуудын тоог тоолонгоо гомдоллов.
— ...Дугжа-ши, чи хэдийг нь устгасан бэ?
— Дөрвийг нь.
— Чөтгөр гэж, би хоёрыг алсан.
— Би гурвыг нь авсан.
И Хёнсоны бардам мэдэгдлийг сонсоод яагаад ч юм омог минь хөндөгдөв. Миний үзүүлэлтүүдийг бодоход, ялгаа нь ердөө нэг байсан шүү дээ. Би чадвар ашиглан И Хёнсоны онцлогуудын цонхыг харлаа.
+
[Дүрийн мэдээлэл]
Нэр: И Хёнсон
Нас: 28 настай.
Од эрхсийн ивээн тэтгэгч: Гангийн мастер.
Хувийн онцлог: Шударга бус явдлыг хараагүй мэт өнгөрөөдөг цэрэг (Ерөнхий зэрэг)
Онцгой чадварууд: Жадлагийн ур чадвар — 2-р түвшин, Өнгөлөн далдлалт — 1-р түвшин, Тэвчээр — 1-р түвшин, Шударга ёсны мэдрэмж — 1-р түвшин, Зэвсгийн бэлтгэл — 2-р түвшин.
Тамга: Их уулын түлхэлт — 1-р түвшин
Нийт үзүүлэлтүүд: Тэсвэрийн түвшин — 12, Хүчний түвшин — 9, Авхаалж самбааны түвшин — 9, Ид шидийн хүч — 6.
Ерөнхий үнэлгээ: Шинжийн хувьслын мөч аажмаар ойртож байна. Тэр хүн танд ихээхэн итгэдэг. Түүний ард буй ивээн тэтгэгч танаас сэрэмжилж байна.
* «Эхлэлийн багц» одоогоор хэрэглэгдэж байна.
+
Хэ, эхлэлийн багц. Тийм учраас тэр хүчтэй байсан хэрэг. Гангийн мастер И Хёнсонд ихээхэн таатай ханддаг бололтой.
Эхлэлийн багц гэдэг нь хувилгааны нийт үзүүлэлтүүдийн дундаж 10-р түвшнээс бага үед ашиглаж болдог зоосны багц байв.
Энэ нь эхэндээ хэрэгтэй чадвар болох Зэвсгийн бэлтгэлийг сурахын зэрэгцээ нийт үзүүлэлтүүдийн түвшнийг нэгээр нэмэгдүүлдэг сайн эд зүйл байлаа.
Ихэнх хувилгааныг юу ч өгөлгүй ашиглаж байсныг бодвол И Хёнсон Эхлэлийн багц авсан нь азтай хэрэг.
— Дугжа-ши, царай чинь нэг л биш харагдаж байна...
— Аа, үгүй. Би зүгээр л түр бодож байлаа.
Одоо би бага зэрэг атаархав... Гэхдээ надад үүнийг худалдаж авах мөнгө байсан. Би худалдаж аваагүй. Миний дундаж үзүүлэлтүүд 10-р түвшнийг давсан тул үүнийг авбал надад ашиг биш, харин хохирол болно.
Чөтгөр гэж, би Доккэбигийн уутыг арай эрт нээчихсэн байна.
— Газрын хархнуудыг цуглуулъя. Өнөөдрийн хоолоо бэлдэх хэрэгтэй.
— Аан... гэхдээ үүнийг яаж болгох вэ? Ингэж байгаагаар нь идэж болохгүй шүү дээ.
— Одоо идэж болохгүй ч нэг арга олдоно.
Би дэндүү тайван хариулчихсан бололтой. Бүлгийн гишүүдийн дунд нам гүм тогтов. Хамгийн түрүүнд И Хёнсон ам нээлээ.
— Уучлаарай, нэг зүйл асууя.
— Тийм?
— Дугжа-ши, чи магадгүй... энэ нөхцөл байдлын талаар ямар нэг зүйл мэдэж байгаа юм биш биз?
Өө, алдчихлаа.
— Тэр...
Гэнэт би уншсан зохиолдоо гардаг буцагчид, дараа нь Ю Жүнхёгийн хэлсэн үгийг санав.
Яг ийм байдаг юм байна. Буцагчийн мэдрэмж гэж энэ байж. Иймэрхүү зүйлс ихэвчлэн буцагчдад тохиолддог.
Хэд хэдэн хариулт санаанд орлоо. Би ичгүүргүйгээр зөн совин гэж хэлж болох байв, эсвэл Ю Жүнхёк шиг худал хэлж ч болно.
[Нууц хуйвалдагч од эрхэс таны сонголтыг хүлээж байна.]
[Хэд хэдэн од эрхэс таны хариултыг хүлээж байна.]
Гэвч уншигчийн байр сууринаас харахад хамгийн зөв хариулт нь...
— А-Ааааа!
Би юу ч хэлэх шаардлагагүй нөхцөл байдлыг бий болгох явдал байлаа.
[«Нууц хуйвалдагч» од эрхэс таны сонголтыг сайшаан толгой дохив.]
— Нэг нь үлдсэн!
Жон Хивон хашхирахад И Хёнсон гүйлээ. Гэвч нуугдаж байсан газрын хархны хөдөлгөөн бусдаас хурдан байв. Тэр бусад амьтдаас хавьгүй том байлаа.
— Н-Намайг авраач...!
Тэр Хан Мёног нэг хөлөөр нь чирсээр хонгил руу оруулав. Хамгийн ойр байсан Ю Санъа жадаа далайсан ч Хан Мёно түүнээс зуурснаар байдал бүр дордов.
— Үүнийг барь!
И Хёнсон жадныхаа ишийг сунгасан ч газар л онох төдий байлаа. Газрын харх болон тэр хоёр хүн аль хэдийн газарт орж алга болсон байв.
[«Алтан бүслүүрт хоригдол» од эрхэс энэ ядаргаатай хүнд дургүйцлээ илэрхийлэв.]
Жон Хивон тэсэлгүй хашхирлаа.
— Аа... тэр авга ахын гайгаар хорт хавдар тусах нь дээ гэж би мэдэж байсан юм.
— ...Уучлаарай. Би хэтэрхий оройтлоо.
И Хёнсон гунигтай дуугаар хэлэв. Би зүгээр ээ гэсэн шиг мөрөн дээр нь товшлоо.
— Хэн ч юу ч хийж чадахгүй байсан.
— Тэдний араас хөөцөлдөх үү?
Би тэдний алга болсон нүх рүү харлаа. Энэ энгийн нүх биш байв. Эргэн тойронд нь ямар нэгэн энергийн ул мөр мэдрэгдэнэ. Харанхуй нь барайсан, түгшүүртэй мэдрэмж төрүүлж байлаа.
Би ар тал руу ухарч очоод ухаалаг утсаа асаав. Цэнэгийнх нь ердөө 5 хувь үлджээ. Үүр цайх үеэр би гадуурхагдсан бүлгийн нэг хүнтэй утасныхаа нэг удаагийн цэнэгийг хоолоор сольсон байв.
[Онцгой шинжийн нөлөөгөөр таны унших хурд нэмэгдлээ.]
Удалгүй би хүссэн хэсгээ олж чадлаа.
「 ...«Харанхуйн ирмэг» нь газрын хархны амьдрах орчин бөгөөд «Харанхуй үндэс»-ээс ялгарсан дэд орон зайн нэг төрөл юм. Хүчилтөрөгчийн оронд хар эфирээр амьсгалдаг газрын хархнууд «Харанхуйн ирмэг»-ийн ойролцоо байхгүй л бол байгалиасаа өсдөггүй... 」
Энэ бол миний ерөнхийд нь мэддэг баримт байсан ч дахин нягталж үзэх нь утгатай байлаа. Тийм ээ. Энэ бол Харанхуйн ирмэгийн орох хаалга байв. Би уг хэсгийг уншаад ухаалаг утсаа халааслав.
— Дугжа-ши?
И Хёнсон урам нь хугарсан царайгаар над руу харж байлаа. Би толгой дохив.
— Бид дотогш орно.
— Аа, тэгвэл...
— Гэхдээ олон хүнтэй орох нь маш аюултай. И Хёнсон-ши, Жон Хивон-ши хоёр энд, зааг дээр хүлээж бай. Ямар нэгэн зүйл болбол би та нарт дохио өгнө.
Сандарсан Жон Хивон асуулаа.
— Чи лав... зөвхөн Гилёнтой хамт явах гэж байгаа юм биш биз?
— Гилёны чадвар тэднийг мөшгөхөд хэрэг болно.
Тэр эрс эсэргүүцэх гэж байхад нь би гараа өргөн, И Хёнсонд хандан дуудлаа.
— И Хёнсон-ши. Жон Хивоны биеийн байдал сайн биш байгаа болохоор түүнийг харж хандаарай.
И Хёнсон ямар нэг зүйлийг ойлгосон бололтой.
— Ойлголоо.
— Түр хүлээгээрэй. Би зүгээр!
— Жон Хивон, өөртөө итгэлтэй байх нь сайн ч битгий бодлогогүй үйлдэл хий.
“…”
Жон Хивоны амьсгал жигд бус байлаа. Тэр хорт манангаас бүрэн эдгэрээгүй хэвээр байв.
Би тэр хоёрыг орхиод И Гилёнтой хамт нүх рүү орлоо. Энэ нь илт босоо чиглэлд доош ухсан нүх байв. Гэвч дотогш ормогц таталцал үйлчилж байгаа мэт бид хөл дээрээ зогсож чадлаа.
Энэ нь Харанхуйн ирмэгээс ялгарч буй ид шидийн хүчний нөлөө байв.
— Энэ замаар.
Харанхуй дэндүү гүн байсан тул юу ч харж чадахгүй, И Гилёныг даган урагшлах л боломжтой байлаа. Хар эфир гэрлийг шингээдэг учир гар чийдэн асаагаад ч нэмэргүй. Хэрэв И Гилёны «Олон төрөлт харилцаа» чадвар байгаагүй бол би дахиад зоос ашиглах хэрэгтэй болох байв.
— Уучлаарай, ах аа.
И Гилён над руу дуудав.
— Чи зориуд тэгсэн юм уу?
— ...Юу?
— Тэр авга ах эгч, авга ах хоёрыг зуурахад чи зүгээр л орхисон.
Би түр зуур тээнэгэлзэв. Харанхуйд И Гилёны хурууны үзүүр хачин харагдав. Түүнийг яаж мэдсэнийг асууж амжаагүй байтал И Гилён ярив.
—Тэр үед би ахынхаа царайг харж байсан.
Тэр богинохон мөчүүдэд ч тэр намайг ажиглаж байлаа. Их аймаар хүүхэд юм. Ийм хурдан сэтгэдэг хүнээс нуух ямар ч нэмэргүй.
—Тийм ээ, зөв.
Хариулт тун муухай байлаа. Тэгтэл толгойд минь мэдэгдлийн бөмбөг дэлбэрэх шиг болов. Үнэхээр л энэ од эрхсийн үзэх дуртай жүжиг байлаа.
[Үнэмлэхүй сайн од эрхэс таны харгислалд хөмсгөө зангидав.]
[Нууц хуйвалдагч од эрхэс гялалзсан нүдээр таныг шахаж байна.]
—Яагаад тэгсэн юм?
—Газрын хархны зуршлаас болсон юм.
Би үнэнээр нь хариулахаар шийдэв.
— Газрын хархнууд олзоо эрдэнэсээ хадгалдаг газарт нь хадгалдаг. Тэд зөвхөн хоол хүнс биш, ховор санагдах олон зүйлийг цуглуулдаг. Жишээлбэл, эд зүйл. Гэхдээ зам нь дэндүү ээдрээтэй болохоор би мөрийг нь шууд дагаж явахгүй бол олж чадахгүй.
И Гилён хэсэг дуугүй байв. Би үргэлжлүүлэн ярив.
—Тэд Хан Мёног авч явна гэж таамагласан. Харин тэр Ю Санъаг зуурна гэж бодоогүй.
— Тэгвэл таны зорилго эгч, авга ах хоёрыг аврах биш, эд зүйлс юм байна, тийм үү?
—Тийм. Урам хугарав уу?
—Үгүй ээ.
И Гилёны жижигхэн гар миний хурууг чанга атгав.
—Ах худал хэлж болохгүй.
“…”
—Хэрэв ах тийм хүн байсан бол намайг метро дээр аврахгүй байсан. Би ахад итгэдэг.
И Гилён хүүхэд шиг аашлаагүй ч хүүхэд хэвээрээ байлаа. И Гилён үүнийг мэддэггүй байв. Төлөвшсөн байх, насанд хүрсэн байх хоёр тэс өөр зүйл.
[Зарим од эрхэс нулимс дуслуултлаа сэтгэл нь хөдөлж байна.]
[200 зоос ивээн тэтгэгдэв.]
Энэ ертөнцөд ийм төлөвшлийг ашигладаг санаа муутай насанд хүрэгчид байдаг. Нүх миний бодсоноос урт байж, бид нэлээд удаан доошоо буух хэрэгтэй болов.
—Ах аа.
—Тийм.
—Ах аа, та бурхан юм уу?
—...Юу?
—Эсвэл гол дүр үү?
Хүүхдүүд хааяа тун оновчтой асуулт асуудаг. Тэд үлгэр, бодит байдлыг тод ялгадаггүй ертөнцөд амьдардаг болохоор тэр. И Гилён өөрийн асуулт яг юу гэсэн утгатайг ч мэдээгүй.
—Би гол дүр биш. Харин ч би үргэлж гол дүрд атаархдаг.
—Гэхдээ та энэ ертөнцийн талаар ямар нэг зүйл мэддэг биз дээ?
Би хэсэг бодсоны эцэст хариулав.
—Тийм ээ.
—Тэгвэл би нэг юм асууя.
—Чаддаг бол хариулна.
— Бүх даалгаврыг дуусгасны дараа... бид хүсэл хүсэж болох уу?
—Хүсэл үү?
Би жаахан будилав.
—Ихэвчлэн ийм түүхүүдийн төгсгөлд шагнал байдаг. Энэ түүхийн төгсгөлд ч бас тиймэрхүү зүйл бий юу?
Харанхуйд И Гилёны амьсгал чичирч байлаа. Талийгаач ээжийгээ харсан И Гилёны царай гэнэт санаанд орлоо.
Энэ ертөнцөд дасан зохицсон хүмүүс тус бүр өөр өөрөөр шаналж байлаа. Зарим нь галзуурч, зарим нь туйлширч, зарим нь учир утгагүй өөдрөг болсон байв.
—Тийм ээ, бий.
Энд харанхуй байсанд би талархаж байлаа. Учир нь яг одоо И Гилён миний царайг харж чадахгүй.
— Бид бараг очлоо, ах аа.
Эргэн тойрны хар эфир маш хурдан агшиж байлаа. Харанхуй үндэс ойрхон байгаагийн нотолгоо байв. Би биеэ чангалаад өргөсийг атгав.
[Цөөн хэдэн од эрхэс амьсгалаа түгжин байна.]
Газрын хархнуудын чимээ хаа нэгтээ газрын гүнд сонсогдов. Чимээ ойртох тусам орон зайн мэдрэмж огцом тэлэв. Хэн нэгэн гал түлсэн мэт харанхуйд гэрэл үзэгдлээ.
Тэр гэрлийн цаана урагдаж ноорсон хайрцаг харагдав. Зөв газартаа ирснээ итгэлтэй мэдэрсэн тэр мөчид чихэнд минь мэдэгдлүүд хангинав.
[Нэмэлт даалгавар шинэчлэгдлээ.]
[«Газрын хархны эрдэнэсийн сан»-д нэвтэрлээ.]