Дунхо гүүрийг өнгөрөөд тал орчимд метро зогсов.
—Бурхан минь…
Хэд хэдэн амьд үлдсэн хүн босож, гадаа болж буй дүр зургийг харав: сүйрсэн Сөүл, нурж унасан барилгууд. Аварга могойтой төстэй мангаснууд Хан мөрөнд унасан сөнөөгч онгоцны сэгийг идэж байлаа.
—Ю-Юу болоод байна аа…!
Тэдний хэн болохыг би тэр даруй танилаа. Ихтиозавр. Олны дунд далайн могой хэмээн нэрлэгддэг мангас. Хожим нь Амьд үлдэх арга замын ертөнцөд 7-р зэрэглэлийн мангас гэж ангилагдана.
Ихтиозавруудын нэг нь энэ зүг харлаа.
—У-Уаааа! Нааш ирж байна!
Хүмүүс айсандаа орилолдож байв. Харин би ойртож яваа ихтиозаврыг хайхрамжгүй харлаа. Эд нар надад аюул болж чадахгүй.
Күрүрүрүн!
Ихтиозавр Дунхо гүүрний доогуур тойрч яваад, агаарын бөмбөлөг дотор орон алга болов.
Амьд үлдэх арга замын ертөнцөд «даалгавар» бүхнээс дээгүүрт тавигддаг байлаа. Даалгаврын хамгаалалтад байгаа цагт бид ийм мангаснуудтай тэр даруй харьцах шаардлагагүй. Ядаж одоохондоо.
[Гэнэтийн даалгаврын шалгалтын улмаас шагнал олголт хойшиллоо. Түр хүлээнэ үү.]
Шагнал олголт яг одоо эхлэх ёстой байсан ч агаарт зөвхөн алдааны мэдэгдэл л хөвж байлаа.
Энэ нь надаас болсон байх. Би зөвхөн их бие нь үлдсэн Ким Намүний цогцос руу доош харав.
Амьд үлдэх арга замын эх зохиолд Ким Намүн энэ вагонд байсан хүмүүсийн ихэнхийг хөнөөгөөд дараагийн даалгавар руу шилждэг байв. Харин би үүнийг зогсоосон.
Хэрэв миний бодсон зөв бол Ким Намүний үхэлд уурлах хүмүүс гарч ирнэ. Энд үү? Энд биш. Тэд дээр, тэнгэрт байлаа.
[Ким Намүн гэх дүр нас барсантай холбоотойгоор хоёр од эрхэс танд үл ялиг дайсагнаж байна.]
Од эрхэс. Тэд Амьд үлдэх арга замд гардаг нууцлаг оршнолууд байлаа. Тэд алсын мананцруудаас ажиглан сууж, энэ эмгэнэлт явдлыг цаанаас нь хөдөлгөж байсан эзэд юм.
Од эрхсийн сонирхлын тэмдэг гарч ирмэгц энэ бүхэн одоо жинхэнээсээ эхэлж байгааг би ойлгов.
Инээдтэй байлаа. Ердөө нэг өдрийн өмнө бидний байр суурь эсрэг байсан. Харин одоо намайг ажиглаж байгаа нь тэд болжээ.
[Цөөн хэдэн од эрхэс таны даалгаврыг биширч байна.]
[Од эрхэс танд 500 зоосны ивээн тэтгэлэг өглөө.]
Надад дургүй од эрхэс байсан шиг намайг таалдаг нь ч байх нь. Ямартай ч энэ байдал эвгүй байлаа. Гэхдээ одоо тэдний талаар юу ч хийж чадахгүй. Энэ удаа алиалагч нь би болох байв.
Би газарт хэвтэж байсан Ким Намүний Швейцар хутгыг авч, бодлоо.
‘Үзээд бай. Эцэст нь тасалбарын төлбөрийг амиараа төлөх болно.’
—Дугжа гуай? Та зүгээр үү?
Би дээш хартал Ю Санъагийн царай харагдав. Мөр нь унжиж, цагаан цамц нь цусанд будагдан, оймс нь цуурчээ. Миний таньдаг Ю Санъагаас юу ч үлдээгүй мэт байлаа. Би Ю Санъагийн гараас бариад хэллээ.
—Уучлаарай. Би эмээг аварч чадсангүй.
Би толгой нь тасарсан эмээгийн цогцос руу доош харав. Би тэр эмээгийн нэрийг мэдэхгүй. Цаашдаа олон хүн ийм маягаар үхнэ.
Ю Санъа над руу ээдрээтэй харцаар ширтэв.
—Дугжа гуай яаж ингэж…
—Тийм ээ?
—Аан, юу ч биш. Харин… баярлалаа.
—Юу гэсэн үг вэ?
—Тэр чинь, би…
Би сая л өмнөх дүр зургийг эргэн санав. Би торыг Ю Санъагийн зүг шидсэн байлаа. Түүний юу бодож байгааг би мэдэж байв.
—Зүгээр л тохиолдол байсан. Дахиж ингэхгүй.
—Аан…
Ю Санъа чимээгүйхэн толгой дохив. Тэр үнэнийг мэдэхгүй ч ухаалаг байлаа. Би юу хэлэх гээд байгааг ойлгожээ. Миний сонголтоор нэг хүн амьд үлдэж, өөр нэгэн үхсэн. Хэн нь амьд үлдсэнээс үл шалтгаалан, би талархал хүртэх эрхгүй байлаа.
[Вау, үнэхээр гайхалтай.]
Агаарт доккэби гарч ирэв.
[Энд чухам юу болсон бэ? Би дөнгөж бусад вагонуудыг ажиглаж байсан юмсан…]
Доккэбигийн царайд баяр хөөр, гайхшрал хосолжээ. Түүний толгой дээгүүр гялалзсан одод хөвж байв.
Би оддын тоог тооллоо. Нэг, хоёр, гурав… хорин, хорин нэг. Нийт хорин нэг. Тэр баярлах нь гарцаагүй.
[Миний сувагт 21 хүн холбогдсон гэж үү… Ха ха, нэлээд дажгүй байгаа биз? Яана аа, ивээн тэтгэсэнд баярлалаа, од эрхсүүд ээ. Ха ха, бүгдээрээ! Өөрсдийн үнэ цэнийг хангалттай харуулсан биз дээ?]
Оддын тоо нь тус сувагт холбогдсон од эрхсийн тоог илэрхийлж байлаа.
Хорин нэг гэдэг олон тоо биш ч шинэхэн доккэбид бол хачирхалтай тоо байв.
[Амьд үлдсэн хүний тоо нэлээд өндөр юм аа? Дараагийн вагонд байсан нөхөр ч бас солиотой байлаа… Өнөөдөр их сонирхолтой зүйл болох шинжтэй.]
Доккэби агаарт ямар нэгэн зүйл удирдав. Хормын дараа амьд үлдсэн хүмүүсийн жагсаалт гарч ирлээ.
[Бүлгван руу явдаг 3434-р галт тэрэгний 3807-р вагонд амьд үлдсэн хүмүүс: Ким Дугжа, И Хёнсон, Ю Санъа, Хан Мёно, И Гилён. Нийт таван амьд үлдсэн хүн.]
Таван хүн. Миний бодсоноос олон хүн амьд үлджээ. Би амьд үлдсэн хүмүүсийн царайг нэг бүрчлэн харлаа.
И Хёнсон бие бялдар сайтай, хөдөлгөөний чадвар өндөр учраас амьд үлдэх нь ойлгомжтой байв. Ю Санъа ч бас тодорхой хэмжээнд амьд үлдэнэ гэж би таамаглаж байсан.
Түүнээс гадна И Гилён байлаа. Хэрэв миний таамаг зөв бол дэргэд минь зогсож буй хүүг «И Гилён» гэдэг. Бяцалсан царцааны биеийн шингэн хүүгийн гарт одоо ч наалдсан байв. Тэр бол миний базаж бяцалсан царцаа байлаа.
Хүү толгой нь тасарсан ээж рүүгээ харж байв. Хүүгийн ээж эмээг алахад оролцохын тулд түүнийг орхисон. Хүү тэр бүхнийг эхнээс нь дуустал зүгээр л харж байсан.
Би хэсэг тээнэгэлзсэний эцэст хүүгийн мөрөнд гараа хүргэв. Энэ нь мунхаг өрөвдөх сэтгэл биш. Энгийнээр хэлбэл, энэ бол…
Яг зөв. Хоёр нүүр гаргалт.
—Хүү.
Хүү толгойгоо аажуухан эргүүлэв. Нүдэнд нь амьдралдаа анх удаа тулгарсан үхлийн айдас тодхон харагдлаа.
Энэ бол зайлшгүй төрөх зөн совин. Энэ хүү ээжийнхээ үхэлд гашуудаагүй. Тэр зүгээр л өөрийнхөө үхлээс айж байлаа. Энэ нь жам ёсны хэрэг. Тэр хүн байсан.
—Амьдрахыг хүсэж байна уу?
Хүүгийн нүдэнд түгшүүр тодорч, бие нь өөрийн эрхгүй хүчтэй чичирч байлаа. Тэгээд толгой нь бага багаар хөдөллөө.
—Тэгвэл хамт явъя.
И Гилён аажуухан хөдөлж, миний хөлд ойртон ирэв. Ю Санъа намайг биширсэн шинжтэй харж байлаа. Би өөр нэг буруу ойлголт төрүүлчихэв. Үнэндээ үүнийг хэн нэгэнд харуулах гэж зориуд хийсэн хэрэг. Гэхдээ тэр бай нь Ю Санъа биш байлаа.
[Хэд хэдэн од эрхэс таны сайн үйлдлийг биширч байна.]
[Од эрхэс танд 200 зоосны ивээн тэтгэлэг өглөө.]
Үүнийг нэлээд муухай арга байсныг би хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэхдээ би бас амьд үлдэхийг хүсэж байлаа.
Удахгүй болох томоохон үйл явдлуудыг бодвол яг одоо од эрхсийн анхаарлыг татах нь зайлшгүй хэрэгтэй байв.
—Одоо биднийг явуулах уу? Та хүссэнээ авсан биз дээ?
Урагдсан цамцтай Хан Мёно зургаа орчим алхмын цаанаас хашхирлаа. Хэлтсийн дарга Хан Мёно. Тэр азтай хүн байв.
Гэхдээ би гайхахгүй байж чадсангүй. Ийм их мөнгөтэй хүн яагаад метро унаж явсан юм бол? Энэ бол саяхан л шинэ S ангиллын Мерседес-Бенцээрээ гайхуулж явсан хүн шүү дээ.
[Хмм, явуулах гэж үү? Гадаахыг хараагүй юм уу? Тийшээ үнэхээр гармаар байна уу?]
Доккэби инээд алдав.
[Яагаад ч юм бахархмаар байна. Үнэндээ би энэ вагоноос нэг их зүйл хүлээгээгүй ч та нар эхний даалгаврыг давж чадлаа. Энэ нь шавжнууд ч амьд үлдэх эрхтэйг харуулж байна.]
Түүний үг бидэнд өөрсдийн байр суурийг ойлгууллаа. Магадгүй бид түүний нүдэнд царцаа шиг харагддаг байж.
[За за, энэ бүх бэрхшээлийг давсны шагнал байх ёстой биз дээ? Эхний даалгаврыг давсны шагнал болгон та нар «од эрхсийн» ивээн тэтгэлгийг хүртэх эрхтэй боллоо. Ваааа! Ямар байна? Догдолж байгаа биз дээ? Хмм, та нар огт хөөрсөнгүй. Энэ чинь үнэхээр том хэрэг шүү.]
Энэ хариу үйлдэл жам ёсны байлаа. «Од эрхэс», «ивээн тэтгэлэг» гэж юу болохыг энд ганцхан би мэдэж байв.
Од эрхсийн ивээн тэтгэлэг. Утга нь ойлгомжтой байлаа. Амьд үлдэх арга замын гол үйл явдлуудын нэг болох «Ивээн тэтгэгч сонголт» эхлэх гэж байв.
[Хмм, бүгдийнх нь царай эргэлзсэн харагдаж байна. Би та нарт амархан тайлбарлая. Яг одоо та нар үнэхээр сул дорой байна. Цаашид болох даалгавруудад хаягдвал сул дорой газрын хархтай таарахад л алагдана, «крук»-ийг бол хэлээд ч хэрэггүй. Гэхдээ аз болж, орчлонд та нарыг өрөвдөж, ивээн тэтгэхийг хүссэн агуу хүмүүс бий. Миний юу хэлж байгааг ойлгож байна уу?]
И Хёнсон эцэст нь тэссэнгүй, ам нээлээ.
—Юу яриад байгаа юм бэ? Хэн хэнийг ивээн тэтгэх гэж…
[Хмм, миний үг та нарын бохир чихэнд ороод л гараад байна. Өмнөд Солонгост нэг хуучны үг байдаг биз дээ? Зуун удаа сонссоноос нэг удаа үзсэн нь дээр гэж. Тэгэхээр өөрсдөө биеэрээ үз. За, аз муутай нь тэр боломжийг авч ч чадахгүй байж мэднэ. Ха ха ха!]
Би түгшиж байлаа. Одооноос эхлээд зөв сонголт хийж чадвал цаашид амьд үлдэхэд минь илүү амар болно.
—Дугжа аа? Миний өмнө гэнэт хоёр хачин сонголт гарч ирлээ…
—Надаас асуугаад ч би мэдэхгүй.
Энэ бол сэжиг төрүүлэхгүйн тулд хэлсэн худал байлаа. Дашрамд хэлэхэд, хоёр сонголт байв. Ю Санъа нэлээд азтай байлаа.
—Тайван хийгээрэй. Чадварын сорил гэж бод.
—Чадварын сорил…
—Энэ нөхцөл байдлыг хэн ч мэдэхгүй байгаа шүү дээ. Яаралгүй хийгээд үзвэл яасан юм?
—Аан… ойлголоо.
Ю Санъа амаа хамхин, хоосон орон зай руу ширтэж эхлэв. Сонин зүйлтэй учирсан мэт гүн бодолд автсан шинжтэй байлаа.
Бусад нь ч гэнэт чимээгүй болов. Хүн бүр өмнөө гарсан сонголтуудыг уншиж байлаа. Надад ч бас харах ёстой өөрийн сонголтууд байв.
[Ивээн тэтгэгч сонголт]
-Ивээн тэтгэгчээ сонгоно уу
-Таны сонгосон ивээн тэтгэгч танд хүчтэй түшиг болно.
Ёроолгүй ангалын хар дөлт луу
Чөтгөр мэт галын шүүгч
Нууц хуйвалдагч
Алтан бүслүүрт хоригдол
Оньсого шиг дөрвөн сонголт байлаа. Энэ нь намайг өөрсдийн хувилгаан болгохыг хүссэн дөрвөн од эрхэс байгааг илэрхийлж байв.
Амьд үлдэх арга замын гол дүр анх удаа таван сонголт авсныг бодоход, дөрөв гэдэг цөөн тоо биш байв.
Од эрхсүүд жинхэнэ нэрээ хэзээ ч илчилдэггүй. Тиймээс бүх гэрээлэгчид од эрхсийн хэн болохыг «ёроолгүй», «чөтгөр мэт», «цэцэрлэг» гэх мэт үгсээс нь таах ёстой.
Мэдээж, Амьд үлдэх арга замыг ганцаараа уншсан надад энэ оньсого юу ч биш байлаа.
Харъя.
Нэгдүгээрт, «Ёроолгүй ангалын хар дөлт луу».
Миний санаж байгаагаар, энэ од эрхэс «Хар үүл» хэмээх од эрхсийн бүлгийг тэргүүлдэг хүчирхэг оршихуй байсан. Жинхэнэ нэрийг нь мартсан ч маш урт нэртэй байсныг санаж байлаа.
Энэ од эрхсийн давуу тал нь гэрээлэгчдээ маш хүчтэй довтлох хүч өгдөгт оршино. Тэсвэр хатуужил, хүч чадал нэн шаардлагатай байдаг эхэн үед Ёроолгүй ангалын хар дөлт луу шиг хүчирхэг од эрхэс байгаагүй.
Гэхдээ энэ нь эхэн үедээ л хүчинтэй. Энэ од эрхсийн хүчийг олон дахин ашиглах тусам гэрээлэгчийн оюун санаа завхарч, эцэст нь галзуу алуурчин болдог.
Энэ од эрхэс ихэвчлэн «сүржин хийрхүү» шинжтэй хүмүүсийг ивээн тэтгэдэг... Яагаад намайг сонгосныг ойлгосонгүй. Надад таагүй санагдсан тул энэ нөхрийг сонголтоос хасчихав.
Хоёр дахь нь «Чөтгөр мэт галын шүүгч».
Би үнэхээр энэ сонголтыг харж байгаадаа итгэж чадахгүй байв. Яагаад ч юм, мэдэрсэн сэтгэл хөдлөл асар хүчтэй байлаа.
Анх харахад нэр нь муу муухайгаар бялхаж байв. Гэвч үнэндээ энэ нь ёс бусчуудын эсрэг тавьсан урхи байлаа. «Чөтгөр мэт» гэдэг нь үнэндээ «чөтгөр биш» гэсэн утгатай. Дээр нь «гал» болон «шүүгч» гэсэн үг нэмэгдсэн.
Чөтгөр биш атлаа галаар шүүлт үйлддэг оршихуй. Хачирхалтай нь, энэ од эрхсийн эзэн нь тэнгэрэлч байв.
Хэрэв зөв санаж байвал, энэ нь Архангел Уриэль... Зохиолын нэг дүр энэ од эрхсийг ивээн тэтгэгчээр сонгож байсныг санаж байсан учраас л үүнийг мэдэж байлаа.
Их дажгүй сонголт байлаа. Үүнийг одоохондоо сонгох эсэхээ шийдээгүй. «Үнэмлэхүй сайн» од эрхсүүд асар их хүчийг нь ашиглахыг хүсвэл инээд хүрэм хязгаарлалт тавьдаг.
Гурав дахь нь «Нууц хуйвалдагч». Амьд үлдэх арга замыг ганцаараа уншсан миний хувьд ийм сонголтыг анх удаа харж байлаа.
Энэ нэр хаа нэгтэй дурдагдсан байж болох ч... яг одоо би хэн болохыг нь мэдэхгүй. Амьд үлдэх арга замыг илүү нухацтай уншсан бол энэ од эрхсийн талаар баримжаа олж болох байлаа.
Гэхдээ энэ од эрхсийн эзэн тийм ч хүчирхэг оршихуй биш гэдэгт итгэлтэй байв. Илэрхий өргөмжлөлөөс нь өөр ганц ч «оноосон нэр» алга.
«Нууц хуйвалдагч» гэдэг нь од эрхэст дэндүү энгийн нэр байлаа. Үүнийг ч бас одоохондоо сонгох эсэхээ шийдээгүй.
Эцэст нь «Алтан бүслүүрт хоригдол» байв.
Дөрөв дэх сонголтыг харсан агшинд зүрх минь хүчтэй цохилов. Ийм эрт энэ од эрхэс гарч ирнэ гэж бодоогүй. Нүдэндээ итгэж ядан хэд хэд харлаа. Гэхдээ энэ бол яах аргагүй «Алтан бүслүүрт хоригдол» байлаа.
Эхлээд харахад «хоригдол» гэдэг үгнээс болоод нэр нь сөрөг сэтгэгдэл төрүүлж байв. Гэхдээ «Алтан бүслүүр» гэдэгт анхаарах хэрэгтэй байлаа.
Алтан бүслүүр. Дэлхийн хамгийн жижиг шорон.
Энэ бол «Баруун этгээдэд зорчсон нь» зохиолыг багадаа шимтэн уншсан хэн бүхний таних сэжүүр байлаа. Дорноос өрнө зүгт хийсэн тэр аялалд алтан бүслүүрт хоригдож явсан ганцхан хоригдол бий.
Толгойдоо зүүсэн дөнгөнөөс болж зовж явсан Цэцэгс ба жимсний уулын эзэн. «Алтан харц, галан нүдтэй» Үзэсгэлэнт сармагчин хаан.
Тэнгэртэй эн тэнцэх их мэргэн, Сүн Үкүн.
Зохиолд гарсан дүрүүдийн дунд Сүн Үкүн ивээн тэтгэж байсан нэгэн байлаа.
Олон зуун хувилгааныг хамран, ганц аянгын цохилтоор бодлыг нь хөнөөж чадах гайхамшигт хүч.
Зохиогч энэ хэсгийг маш их эрч хүч гарган дүрсэлсэн тул миний санах ойд тод үлджээ.
Ийм хүчирхэг од эрхэс яагаад надад анхаарал хандуулсныг мэдэхгүй ч Тэнгэртэй эн тэнцэх их мэргэний хувилгаан болчихвол энэ шинэ ертөнцөд хэнээс ч илүү амархан амьд үлдэж чадна.
Гэхдээ…
Би тэр даруй урд талын вагонтой холбогдсон хаалга руу харлаа. Тэр хаалганы цаана «тэр» яг над шиг сонголтын дэлгэцийг ширтэж байлаа.
Хэрэв би Тэнгэртэй эн тэнцэх их мэргэнийг сонговол… Түүнийг ялж чадах болов уу?
[Ивээн тэтгэгчийн сонголтыг дуусгахад нэг минут үлдлээ.]
Хугацаа дуусаж байлаа. Би аяархан амьсгалаад сонголтуудаа нягтлав. Санаа зовнил маань удаан үргэлжилсэнгүй.