Фан Юань өнөөх эрийг огт тоолгүй, хоёр зүйл зэрэг хийж эхлэв.
Тэр анхдагч чулуунаас байгалийн мөн чанарыг сорохын зэрэгцээ бясалгалын сүвээ ажиглана.
Анхдагч мөн чанараа их хэмжээгээр зарцуулсны улмаас огцом буурсан анхдагч тэнгисийн түвшин байгалийн мөн чанарын тасралтгүй урсгалаар аажмаар дээшилж эхлэв.
Ингэж нөхөн сэргээх хурд удаан байсан ч Фан Юань яарсангүй.
Бясалгал бол бага багаар хуримтлагддаг үйл явц. Хүчээр яаруулах боломжгүй.
Одоо шийдэх ёстой яаралтай асуудал нь өрөөний гадна байгаа дунд эргэм насны зарц байлаа.
Хагас цагийн дараа Фан Юанийн ногоон зэс анхдагч тэнгис дөчин дөрвөн хувьд хүрч, багтаамжийнхаа дээд хязгаарт дүүрэв.
Гэвч үүгээр дууссангүй.
Энэ үед анхдагч тэнгис хаш ногоон өнгөтэй байлаа. Энэ бол нэгдүгээр зэргийн эхэн шатны ногоон зэс анхдагч мөн чанар.
Харин өмнө нь бясалгалын сүвийн ханыг тэтгэхэд ашигласан анхдагч мөн чанар нь эхэн шатных биш. Дарсны Өт Гүгээр нягтруулсан дунд шатны анхдагч мөн чанар байв.
«Дарсны Өт Гү.»
Фан Юань бодлоо хөдөлгөхөд анхдагч тэнгис доторх Дарсны Өт Гү тэр даруй нисэн гарч, агаарт хөвлөө.
Түүний бие цагаан будааны бөөрөнхий мэт хумигдов.
Үүш!
Фан Юань эхэн шатны анхдагч мөн чанарынхаа арван хувийг хөдөлгөн, Дарсны Өт Гүгийн биед юүллээ. Гү тэр урсгалыг бүхэлд нь шингээв.
Удалгүй Дарсны Өт Гүгийн биеэс дарсны манан оргилон гарч, нэгэн бөөгнөрөл болон цугларлаа.
Фан Юань анхдагч мөн чанарынхаа дахин арван хувийг хөдөлгөж, дарсны манан руу юүлэв.
Манан бүрэн зарцуулагдахад эхэн шатны анхдагч мөн чанарын анхны арван хувь хэмжээний хувьд таллан, өнгө нь хаш ногооноос цайвар ногоон болж өөрчлөгджээ.
Энэ бол дунд шатны анхдагч мөн чанар.
«Жирийн сурагчид бясалгалаа ахиулахдаа эхэн шатны анхдагч мөн чанар ашиглана. Харин би дунд шатны анхдагч мөн чанар ашиглаж байгаа. Үр ашиг нь тэднийхээс дор хаяж хоёр дахин өндөр.»
«Үүнтэй адил Сарны Гэрэл Гүг дунд шатны анхдагч мөн чанараар идэвхжүүлэн сарны ир харвал эхэн шатны анхдагч мөн чанар ашигласнаас хавьгүй хүчтэй байна.»
Фан Юань анхдагч тэнгис дэх бүх мөн чанараа дунд шатны анхдагч мөн чанар болгон хувиргасны дараа л нүдээ нээлээ.
Бясалгаж байхад цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрдөг.
Одоо аль хэдийн шөнө дунд болжээ.
Тэнгэр цэвэр хар байхаа больж, гүн хөх өнгөтэй болсон байв. Сар харагдахгүй, цөөн хэдэн од л бүдэгхэн гялалзана.
Хаалга бараг бүхэл шөнийн турш нээлттэй байлаа. Модон хаалганы нэг булан чийгт норж, ус шингэсэн хэсэг нь бараан өнгөтэй болжээ.
Академийн дотуур байр ийм сул талтай.
Уулын хүмүүсийн жирийн модон байшин шиг газрын дээр өргөгдөн баригдаагүй, шууд хөрсөн дээр босгосон тул дотроо маш их чийгтэй байв.
Бодит ертөнцөд анхаарлаа буцаахад Фан Юанийн нуруугаар хүйт даав.
Удаан завилан сууснаас хоёр хөл нь мэдээгүй болжээ.
Тэр атгасан баруун гараа дэлгэхэд атга цагаан чулуун нунтаг асгарлаа.
Доторх мөн чанарыг бүрэн сорж дууссаны дараа анхдагч чулуунаас зөвхөн ийм нунтаг л үлддэг байв.
«Нэг шөнийн бясалгалд гурван анхдагч чулуу зарцуулжээ.»
Фан Юань дотроо тооцоолов.
Тэр C зэрэглэлийн чадамжтай. Гэвч бясалгалын хурдаа нэмэхийн тулд анхдагч мөн чанараа анхдагч чулуугаар нөхөн сэргээжээ.
Үүнээс ч илүү их зардал гаргасан зүйл нь дунд шатны анхдагч мөн чанарыг нягтруулахад ашигласан Дарсны Өт Гү байв.
«Өчигдөр дахин нэг хэсэг анхдагч чулуу дээрэмдсэн ч ганцхан шөнийн бясалгалд гурвыг нь зарцууллаа. Одоо надад нөөц их байгаа мэт боловч ийм хурдаар бясалгавал удаан тэсэхгүй.»
«Гэхдээ бясалгалын хурд, үр ашгийг хөөсний төлөө төлөх үнэ энэ.»
Фан Юань өрөөний гадна дахин харав.
Булчинлаг зарц Гао Вань буланд биеэ хураан сууна. Унтаад өгсөн бололтой.
«Хоёрдугаар зэргийн эмэгтэй Гү бясалгагч аль эрт явж, намайг харуулахаар энэ Гао Ванийг үлдээжээ. Хэ хэ.»
Фан Юанийн уруулд хүйтэн инээмсэглэл тодров. Тэр орноос бууж, гар хөлөө хөдөлгөн биеэ халаалаа.
Бие нь дулаацмагц дотуур байрнаас гарав.
— Хүү минь, эцэст нь гарахаар шийдэв үү? Тэгэхээр яах вэ? Дуулгавартай бууж өгөөд надтай хамт явж, манай залуу хатагтайн өмнө сөхрөн уучлал хүсэх үү?
Гао Вань Фан Юанийн алхааг сонсмогц тэр даруй бослоо.
Түүний булчинлаг бие Фан Юаниас бараг хоёр дахин том байв. Бүх биеийн булчин нь чангарч, хөмсөг нь зангирчээ. Хос догшин нүдэнд нь ёрын гэрэл гялалзах нь өлсгөлөн цөөвөр чоно мэт.
Фан Юань ямар ч хувиралгүйгээр түүн рүү алхав.
— Хүү минь, эртхэн гарах чинь яасан юм? Одоо гарч ирэхдээ намайг энд чамайг харж ямар их зовсныг мэдэж байна уу?
Гао Вань ёжтой инээсээр Фан Юань руу ойртлоо. Түүний толгойд ёрын санаа байгаа нь илт.
Яг тэр мөчид Фан Юань аяархан архирч, хүчтэй үсрэн, хоёр нударгаа Гао Вань руу чиглүүлэв.
— Новш! Чи үхлээ эрж байна!
Гао Ванийн нүүр уур хилэнгээс гажиж, тоосго мэт том нударгаа өргөн Фан Юань руу цохилоо.
Нударга асар хүчтэй байв. Агаарыг зүсэн ирэхэд салхи исгэрэх чимээ сонсогдов.
Фан Юанийн харц болор мэт тунгалаг байлаа.
Нударга ойртон ирэхийг хараад хажуу тийш алхаж, Гао Ванийн ард эргэлээ. Тэгээд нэг хуруугаа сунган бэлхүүс рүү нь хатгав.
Гао Вань гараа яаран татаж, довтолгоог хаалаа.
Фан Юанийн хуруу байндаа хүрэлгүй, Гао Ванийн зүүн шуунд тусав.
Ган хавтан цохисон мэт хуруу нь өвдөж, мэдээ алджээ.
«Энэ Гао Ванийн биеийн хүч жирийн хүний хүрч болох хязгаарт бараг тулжээ. Одоо надад тулалдахад ашиглах Сарны Гэрэл Гүгээс өөр Гү алга. Суурь ойрын тулаанд би түүний өрсөлдөгч биш.»
Фан Юанийн нүдэнд хурц гэрэл гялсхийж, довтолгоогоо үргэлжлүүлэхээс шууд татгалзлаа.
Тэр хэдэн алхам ухарч, Гао Ваниас зай авав.
Гү Юэ тосгонд зөвхөн Гү Юэ овгийн хүмүүс Гү бясалгагч болох эрхтэй.
Гаднын хүмүүс төрөлхийн чадамжтай байсан ч Сэрэх ёслолд оролцох эрхгүй байв.
Гэхдээ эдгээр жирийн хүн биеийн тулаанаар хичээллэж болно.
Яг энэ Гао Вань шиг.
Тэр Гү бясалгагч биш ч нударга, өшиглөлтөө шаргуу давтаж, суурь ур чадвараа бат бөх болгожээ.
Түүнээс гадна дунд эргэм насны эр. Энэ бол жирийн хүний бие махбодын хамгийн хүчирхэг үе.
Харин Фан Юаньд Сарны Гэрэл Гүгээс өөр тулалдах зүйл байсангүй. Бие нь ердөө арван таван настай хөвгүүнийх.
Хүч, хурд, тэсвэр хатуужлын аль ч талаар Гао Ваньтай эн тэнцэхгүй.
Гао Вань шиг тулааны урлагтан нэгдүгээр зэргийн эхэн шатны Гү бясалгагчийг алахад хангалттай.
Тэр бүү хэл нэгдүгээр зэргийн дунд шатны Гү бясалгагчид ч тодорхой аюул учруулж чадна.
«Энэ хүү хэтэрхий зальтай юм!»
Фан Юань өөрөөс нь зай авсныг хараад Гао Ванийн сэтгэл түгшив.
Бэлхүүс бол хүний амин цэгийн нэг. Хүчтэй цохилтод өртвөл багагүй гэмтэнэ. Хүч нь тодорхой хэмжээнээс давбал амь насанд ч аюултай.
Гао Вань дотуур байрны гадна бүхэл шөнө хүлээсэн тул бие нь чийг, хүйтэнд нэвт даарч, хөдөлгөөн нь бага зэрэг удааширсан байлаа. Тиймээс саяын довтолгоо бараг амжилттай болжээ.
Аз болоход тэр долигонуур зарц байсан ч биеийн бэлтгэлээ шаргуу хийсэн. Эгзэгтэй мөчид төрөлхийн хариу үйлдэл нь ажиллаж, Фан Юанийн довтолгоог арайхийн хаав.
«Одоо дахиж хайнга байж болохгүй! Энэ хүү яг чоно шиг. Довтолгоо нь харгис, зальтай. Өчүүхэн төдий анхаарал алдвал тэр дороо завшина. Залуу эзэн түүнд хоёр удаа ухаан алдталаа зодуулсан нь аргагүй юм.»
Гао Вань духныхаа хөлсийг арчиж, үл тоосон бодлоо бүрмөсөн хаяв.
Тэр өрсөлдөгчдөө нухацтай хандаж эхлэв.
«Энэ хүүг барьж чадвал том гавьяа болно. Залуу хатагтай намайг гарцаагүй шагнана! Нэгдүгээр зэргийн эхэн шатны сарны ир ихдээ жижиг хутгатай адил. Амин цэгт тусахгүй бол хөнгөн шарх л учруулна.»
Ингэж бодоход Гао Ванийн зүрх улам хурдан цохилов.
Тэр хүрз мэт том гараа сунган Фан Юанийг барьж авахыг завдлаа.
Түн! Түн! Түн!
Фан Юань өчүүхэн ч айсангүй. Гао Вань руу урагшилж, ойрын тулаанд оров.
Тэд нударга, өшиглөлтөө солилцон, ээлжлэн довтолж, хамгаална. Хүнд цохилтуудын чимээ орчинд цуурайтав.
Сурагчдыг дээрэмдэхдээ Фан Юань олныг хяналтдаа авахын тулд зөвхөн алганы ирээ ашигласан.
Харин одоо Гао Ваньтай тулалдахдаа бүх чадлаа дайчилж байв.
Заримдаа хуруугаараа нүд рүү нь хатгана. Заримдаа хоолойг нь боомилохоор дайрна. Алганыхаа угаар эрүүг нь цохиж, дагз руу нь алганы ир буулгана. Өвдгөөрөө цавь руу нь мөргөж, хоёр гараараа бэлхүүсийг нь базан барихыг завдана.
Гао Ванийн хөлс гол мэт урсав.
Фан Юанийн хөдөлгөөн бүр амин цэг рүү чиглэж байлаа. Цохилт бүр нь зальтай, үхлийн аюултай. Яг энд Гао Ванийн амийг таслахыг хүсэж байгаа мэт.
Гао Вань бол ердөө жирийн хүн.
Биеийн тулаанаар сайн хичээллэсэн ч амин цэгүүд нь эмзэг хэвээр. Жирийн хүн зовхио ган мэт хатуу болгон дасгалжуулж чадахгүй.
Энэ бол жирийн тулааны урлагийн хязгаар.
Дээр нь Гао Вань Фан Юаньд үхлийн цохилт хийж зүрхлэхгүй байлаа.
Фан Юань бол Гү Юэ овгийн хүн.
Хэрэв түүнийг албал бүх овгийн уур хилэнг өдөөж, өөрөө тэр даруй цаазлуулна.
Үнэндээ түүнийг хамгийн түрүүнд шийтгэх хүмүүс нь Мо овгийнхон байх байв.
Тиймээс Гао Ванийн цорын ганц зорилго нь Фан Юанийг амьдаар барих. Боломж гарвал баривчлах зуураа сайтар зовоохыг хүснэ.
Нэг тал нь хүлээстэй, нөгөө тал нь алах санаатай.
Ийнхүү тулаанд Фан Юань Гао Ванийг бүхэлд нь дарж эхлэв!