Тэр мөчид эргэн тойрон нам гүм болов.
Тоо томшгүй олон харц Фан Юань дээр төвлөрчээ.
«Улам л сонирхолтой болж байна даа.»
Фан Юань дотроо инээгээд, олны харцан дор голыг гатлан нөгөө эрэгт хүрэв.
Биед нь нэгэн давхар үл үзэгдэх дарамт бууж байгааг тэр мэдэрлээ.
Энэхүү дарамт цэцгийн далайн гүнд орших сүнслэг булгаас ирж байв. Тэр булгаас анхдагч хий ундардаг бөгөөд эндхийн хий дэндүү өтгөн тул ийм дарамт үүсгэдэг ажээ.
Гэвч удалгүй Фан Юанийн хөл доорх цэцгүүдээс жижигхэн гэрлүүд дээш хөвөн гарч ирэв.
Тэдгээр гэрлийн цэг бүх биеийг нь бүрхээд, эцэст нь дотор нь шингэлээ.
«Эд бол Найдварын Гү.»
Фан Юань дотроо бодов.
Академийн ахмад залууст энэ тухай хэлээгүй ч Фан Юань маш сайн мэдэж байлаа.
Гэрлийн цэг бүр нь Найдварын Гү хэмээх нэгэн Гү байв.
Хамгийн эртний домгуудын нэгэнд Найдварын Гүгийн тухай өгүүлдэг.
Домогт өгүүлснээр ертөнц анх үүсэн бий болоход зэрлэг, догшин газар байжээ.
Газар дэлхийгээр араатан амьтад хэрэн хэсүүчилдэг тэр үед анхны хүн мэндэлсэн байна.
Түүнийг Рэнь Зү гэдэг байв.
Тэр түүхий мах идэж, цус уун, асар хүнд амьдралыг туулдаг байлаа.
Ялангуяа Бэрхшээл хэмээх нэгэн бүлэг зэрлэг араатан түүнд хамгийн их гай болдог байв. Тэд Рэнь Зүгийн махны амтанд дурлаж, түүнийг идэхийг хүснэ.
Рэнь Зү уулын хад мэт бөх биетэй биш. Мөн зэрлэг араатан шиг хурц соёо, саваргүй.
Тэр Бэрхшээлүүдтэй хэрхэн тэмцэх билээ?
Хоол хүнс нь тогтворгүй тул өдөржин нуугдан амьдарна. Тэр байгалийн идэш тэжээлийн хэлхээний хамгийн доод түвшинд байсан бөгөөд арайхийн амь зууж байлаа.
Яг тэр үед гурван Гү түүн дээр ирээд:
— Амиараа биднийг тэжээхэд бэлэн бол энэ бэрхшээлийг давахад чинь тусалъя, — гэжээ.
Рэнь Зүд өөр сонголт байсангүй. Тиймээс гурван Гүгийн болзлыг зөвшөөрөв.
Эхлээд тэр гурвын хамгийн том Гүд залуу насаа өглөө.
Хариуд нь тэр Гү Рэнь Зүд хүч чадал хайрлав.
Хүч чадалтай болсноор Рэнь Зүгийн амьдрал өөрчлөгдөж эхэллээ.
Тэр тогтвортой хоол хүнстэй болж, өөрийгөө хамгаалж чаддаг болов.
Рэнь Зү зоригтой, хайр найргүй тулалдаж, олон Бэрхшээлийг ялав.
Гэвч удалгүй зовлон амсаж, хүч чадал бүхнийг шийдэж чаддаггүйг ойлгожээ.
Хүчийг нөхөн сэргээж, арчлан тордох ёстой болохоос дур зоргоороо шавхан зарцуулж болохгүй.
Түүнээс гадна сүрэг Бэрхшээлтэй тулгарахад ганц хүний хүч дэндүү өчүүхэн байлаа.
Рэнь Зү энэ сургамжийг гашуунаар тунгаасны эцэст гурван Гүгийн хамгийн үзэсгэлэнтэйд идэр насаа өгөхөөр шийджээ.
Хариуд нь хоёр дахь Гү түүнд мэргэн ухаан хайрлав.
Мэргэн ухаантай болсноор Рэнь Зү бодож, эргэцүүлж сурав.
Тэр туршлага хуримтлуулж эхлээд, олон тохиолдолд хүч чадлаас илүү мэргэн ухаан ашиглах нь үр дүнтэй байдгийг ойлгожээ.
Мэргэн ухаан болон хүч чадалд түшиглэн урьд нь хүрч чадаагүй бүх зорилгоо биелүүлж, олон Бэрхшээлийг хөнөөлөө.
Тэр Бэрхшээлүүдийн махыг идэж, цусыг нь уусаар тэсэж үлдэв.
Гэвч сайн сайхан зүйл мөнхөд үргэлжилдэггүй.
Рэнь Зү хөгширч, улам өтөлсөөр байлаа.
Учир нь тэр Хүчний Гү болон Мэргэн Ухааны Гүг тэжээхийн тулд залуу нас, идэр насаа аль хэдийн өгчихсөн байв.
Хүн өтлөхөд булчин шөрмөс нь суларч, оюун ухаан нь удааширдаг.
Хүчний Гү, Мэргэн Ухааны Гү хоёр үүнийг мэдээд:
— Хүн ээ, чи бидэнд өөр юу өгч чадах вэ? Чамд биднийг тэжээх зүйл үлдсэнгүй, — гэлээ.
Тэгээд түүнийг орхин оджээ.
Мэргэн ухаан, хүч чадалгүй болсон Рэнь Зү дахин Бэрхшээлүүдэд бүслэгдэв.
Тэр хөгширсөн тул гүйж чадахгүй. Шүд нь унасан учир зэрлэг жимс, ургамал ч зажилж чадахаа больжээ.
Бэрхшээлүүдэд бүслэгдсэн Рэнь Зү тамирдан газарт унахад зүрх нь цөхрөлөөр дүүрэв.
Яг тэр үед гурав дахь Гү түүнд:
— Хүн ээ, намайг ав. Би чамайг Бэрхшээлээс мултрахад тусалъя, — гэжээ.
Рэнь Зү нулимс дуслуулан хариулав.
— Гү минь, надад өөр юу ч үлдээгүй. Хүчний Гү, Мэргэн Ухааны Гү хоёр хүртэл намайг орхисныг харж байгаа биз дээ? Надад өтөл нас минь л үлдсэн. Өтөл нас залуу, идэр нас шиг минь үнэ цэнтэй биш ч чамд үүнийг өгвөл миний амьдрал тэр дороо дуусна. Би одоо Бэрхшээлүүдэд бүслэгдсэн ч шууд үхэхгүй. Ганцхан хором ч гэсэн арай удаан амьдрахыг хүсэж байна. Тиймээс яв даа. Чамайг тэжээх зүйл надад алга.
Гэвч тэр Гү:
— Гурвын дундаас миний хэрэгцээ хамгийн бага. Хүн ээ, чи надад зүрх сэтгэлээ өгөхөд л хангалттай, — гэжээ.
— Тэгвэл би чамд зүрх сэтгэлээ өгье, — хэмээн Рэнь Зү хэлэв. — Гэхдээ Гү минь, чи хариуд нь надад юу өгч чадах вэ? Одоо ийм байдалд орчихоод байхад Хүчний Гү, Мэргэн Ухааны Гү хоёр буцаж ирсэн ч юу ч өөрчлөгдөхгүй.
Хүчний Гүтэй харьцуулахад энэ Гү сул дорой харагдах бөгөөд ердөө жижигхэн гэрлийн бөмбөлөг байлаа.
Мэргэн Ухааны Гүтэй харьцуулахад бүдэгхэн цагаан туяа л цацруулж, ямар ч үзэсгэлэнтэй харагдахгүй.
Гэвч Рэнь Зү зүрх сэтгэлээ түүнд өгөхөд тэр Гү гэнэт хязгааргүй хурц гэрэл цацруулжээ.
Тэрхүү гэрлийн дунд Бэрхшээлүүд айдаст автан хашхиралдав.
— Энэ бол Найдварын Гү! Ухрагтун! Бид Бэрхшээлүүд найдвараас хамгийн их айдаг!
Бэрхшээлүүд тэр даруй ухран зугтав.
Рэнь Зү хэлэх үггүй боллоо.
Тэр өдрөөс хойш Бэрхшээлтэй тулгарах бүрдээ зүрх сэтгэлээ Найдварт өгдөг болжээ.
Энэ мөчид Найдварын Гү нар гэрлийн урсгал болон нэгдэж, Фан Юанийн биед шингэсээр байв.
Гаднаас ирэх дарамтад шахагдсан тэд аяндаа хүйснийх нь доор, биеийнх нь гүнд бөөгнөрөн гэрлийн бөмбөлөг үүсгэлээ.
Фан Юань дээрх дарамт гэнэт суларсныг мэдрэв.
Тэр урагш алхаж эхэллээ.
Алхам хийх бүрд цэцгийн далайгаас Найдварын Гү нар ар араасаа нисэн гарч, биед нь шингээд гэрлийн бөмбөлөгтэй нэгдэнэ.
Гэрлийн бөмбөлөг улам бүр тодорч байлаа.
Гэвч голын эсрэг эрэг дээр зогсох Академийн ахмад хөмсгөө зангидав.
«Найдварын Гүгийн тоо төсөөлснөөс цөөн байна.»
Харанхуйд ажиглаж байсан олон ахмад энэ байдлыг хараад мөн адил боджээ.
Овгийн тэргүүн ч хөмсгөө зангидлаа.
Энэ бол яавч A зэрэглэлийн төрөлхийн чадамжийн шинж биш!
Фан Юань дарамтыг сөрөн, цааш алхсаар байв.
«Арван алхам хүрэхгүй бол бясалгалын төрөлхийн чадамжгүй. Арваас хорин алхам бол D зэрэглэл. Хориос гучин алхам бол C зэрэглэл. Гучаас дөчин алхам бол B зэрэглэл. Харин дөчөөс тавин алхам бол A зэрэглэлийн төрөлхийн чадамжтай гэсэн үг. Би одоогоор хорин гурван алхам явжээ.»
Хорин дөрөв.
Хорин тав.
Хорин зургаа...
Хорин долоо.
Фан Юань дотроо тоолсоор байлаа.
Хорин долоо дахь алхмаа хийхэд дотроос нь нижигнэх мэт чимээ сонсогдов.
Хоёр бөөрнийх нь хооронд байсан гэрлийн бөмбөлөг хязгаартаа хүрээд гэнэт тэсэрлээ.
Энэхүү хүчний тэсрэлт зөвхөн биеийнх нь дотор болсон тул гаднаас хэн ч харах боломжгүй.
Тэр мөчид зөвхөн Фан Юань л тэнгэр газар донсолсон мэт асар хүчтэй өөрчлөлтийг мэдэрч байв.
Агшин зуур биеийнх нь нарийн үс босож, арьсны нүх сүв нь хумигдан, оюун санаа нь туйлын хязгаарт хүртэл чангарав.
Удалгүй оюун ухаан нь цав цагаан болж, бүх бие нь үүлэн дээр унасан мэт зөөлрөн сулрав.
Зүрх сэтгэл нь тайвширч, босон ширвийсэн үс нь бууж, арьсны нүх сүв нь дахин нээгдлээ.
Төд удалгүй бүх бие нь хөлсөнд норжээ.
Энэ үйл явц маш удаан үргэлжилсэн мэт санагдсан ч үнэндээ ердөө хормын төдийд болоод өнгөрөв.
Тэр мэдрэмж ирсэн шигээ хурдан ариллаа.
Фан Юань хэсэг зуур мэл гайхсаны эцэст сая нэг сэхээ оров.
Тэр анхаарлаа биеийнхээ гүнд төвлөрүүлэхэд хүйснийх нь доор, хоёр бөөрнийх нь хооронд оргүй хоосноос нэгэн бясалгалын сүв нээгдсэн байлаа.
Сэрэх ёслол амжилттай болов!
Энэ бол мөнх амьдралд хүрэх найдвар байлаа!