Би Ян Вангаас чанга зууралдан, гашуудан уйллаа. Үхэгсдийн ертөнцөд дахиад хэдэн жил шөл чанахыг зөвшөөрөөч хэмээн гуйв.
Ян Вангийн царай ихэд эргэлзсэн шинжтэй байлаа. Тэр угаасаа зөөлөн сэтгэлтэй нэгэн тул түшмэл рүү хэдэнтээ харна. Харин хүйтэн царайтай түшмэл ердөө:
— Үхэгсдийн ертөнцийн хууль хатуу. Шийтгүүлэх ёсгүй нэгнийг шийтгэж болохгүй, — гэв.
Би өвдсөндөө бархирч:
— Би шийтгүүлэх ёстой! Гуйж байна! Намайг дахиад хэдэн жил шийтгэчих! Ядаж гучин жил ч болсон хамаагүй. Талархсандаа танай төлөө хүж өргөе! — хэмээн гуйлаа.
Гэвч түшмэл огтхон ч хөдөлсөнгүй.
Ян Ван чангаар санаа алдаад, толгойг минь илэн:
— Шяо Шян Зы, битгий уйл. Хувь тавиланд заяасан зүйлээс зугтаж чадахгүй, — гэв.
Би бууж өгсөнгүй.
— Яагаад гэж?! Бид дахиад л бөөн хэрэг тарьсан биз дээ! Тэгээд яагаад шийтгүүлэхгүй байгаа юм?!
Ян Ван хамраа ухлаа.
— Хэн ч гомдол гаргаагүй. Бас Үхэгсдийн ертөнцөд ноцтой хохирол учруулаагүй. Тиймээс чамайг шийтгэх шалтгаан алга.
— Тэгвэл би тогоотой бүх шөлийг асгачихъя. Дахин төрөлт хүлээж байгаа сүнснүүдийг бүгдийг нь саатуулчихна!
Түшмэл над руу хүйтнээр харав.
— Тэгэх хэрэггүй гэж зөвлөе. Тэр бол ноцтой гэм. Чамайг ташуурдаж шийтгэнэ.
Би толгой гудайлган, энэ хорвоогийн шударга бус явдалд гомдон уйлав.
Ян Ван уруулаа хазсанаа:
— Гэхдээ Тэнгэрийн од Чү Кун чамтай нэг амьдралын турш хайр сэтгэлийн холбоотой байх хувь тавилантай. Чи тэнэг нэгэн болж төрөх болохоор түүнд ч бас амаргүй байна, — гэв.
Би нулимсаа арчаад:
— Тэр энэ төрөлдөө Мартахуйн шөл уугаагүй. Бүхнийг маш тод санана. Тэгэхээр тэр намайг дахиж хайрлахгүй. Би тэнэг амьтан болж түүний гарт орвол үхэхээс өөр замгүй. Бүр ч харгис үхлээр үхэж ч мэднэ...
— Үүнийг тийм амархан хэлж болохгүй, — гэж Ян Ван үгийг минь таслав.
Тэр ширээн дээрээ хэсэг ухаж байгаад хоёр талдаа тусгалтай толь гаргаж ирлээ.
— Хар даа. Өмнөх төрөлдөө Тэнгэрийн од Чү Кун чамд ямар их хайртай байсныг.
Би толинд туссан Лу Хай Кунг харахаас зүрхшээв. Түүнийг уйлж байгааг харчихвал би ч бас уйлах байлаа.
Тиймээс би аяархан:
— Тэр Чү Кун биш, — гэж бувтнав.
— Тэр мөн үү, биш үү гэдэг чинь зөвхөн чиний бодол. Өөрөө ч хүртэл мөн эсэхээ мэдэхгүй байна. Тэгэхэд чи яаж ингэж итгэлтэй хэлж чаддаг юм?
Ян Вангийн үг тун бүрхэг байлаа. Тэнгэрийн ертөнцийн тэр тэнэг бурхадтай адилхан. Үг нь сонсголонтой атлаа утгыг нь хэн ч ойлгохооргүй.
Би Ян Вангийн хөлийг чанга чимхээд:
— Гол юм руугаа ор! — гэв.
Ян Ван:
— С-сис... — хэмээн дуу алдлаа.
Тэгээд хоёр удаа гүнзгий амьсгаа авав.
— Хайр гэдэг зүйлийг Шяо Шян Зы чи өөрөө туулж үзсэн нь дээр.
Би хөлийг нь бүр чанга чимхэв.
Ян Ван тэр дороо:
— Түшмэл ээ, түшмэл ээ! Түүнийг хурдан салга! Шөлөө чанахаар буцаагаад явуул. Гурван жилийн дараа дахин төрөлтөд оруулчих! — хэмээн яаравчлав.
Намайг хүчээр чирэн гаргалаа.
Ян Вангийн ордны хаалга хаагдахын өмнө би өөрийн эрхгүй эргэж, толинд туссан Лу Хай Кунг нэг харчихав.
Тэр одоо ч залуухан харагдана. Гэвч үс нь цав цагаан болжээ.
Цасаар хучигдсан ганцаардмал булшны өмнө тэр зогсоно. Аяархан дарс аягалж, газарт өргөнө. Харин харц нь хаа нэгтээ алс оджээ.
Зүрхийг минь үл үзэгдэх гар атгаж байгаа мэт санагдав. Амьсгал авахад хүртэл хүнд байлаа.
Өдөр хоног өнгөрөх тусам шөл чанах амьдрал улам л хүнд болов.
Гэвч би юу ч хийсэн гурван жил харвасан сум шиг өнгөрчээ.
Бяцхан сүнснүүд намайг өргөн авч, Дахин төрөлтийн хүрд рүү шидэв.
— Новшийн Чү Кун! Дараа нь Үхэгсдийн ертөнцөд чамтай таарвал бүх үсийг чинь зулгааж дуусгана шүү!
Үс... Үс... Үс...
Дахин төрөлтийн хүрд дотор би сүүлчийн хэлсэн үгээ дахин дахин давтав.
Удалгүй ухаан санаа минь бүдгэрчээ.
Дусал... дусал...
Чихний хажууд наалдамхай шингэн тасралтгүй дусална.
Хэсэг нам гүм байснаа гэнэт олон хүний дуу сонсогдов.
Хэчнээн хугацаа өнгөрснийг би мэдсэнгүй. Эцэст нь дуслах чимээ зогсов.
Дээрээс хэн нэгэн модон тагийг өргөв.
Нарны хурц гэрэл нүд гялбууллаа.
Тэгтэл нэгэн хүүгийн царай нүдний өмнө минь гарч ирэв.
Ээж маань надад өөрөөс минь ах хүүтэй уулзвал “ах аа” гэж дуудах хэрэгтэй гэж хэлдэг байсан.
Тиймээс би дуулгавартайгаар:
— Ах аа, — гэв.
Хүү намайг ингэж дуудсанд дургүйцсэн шинжтэй болов.
— Энэ төрөлдөө бид ийм нөхцөлд уулздаг байж байдаг. Новшийн Ли Тэнгэрийн хаан!
Би түүнийг гайхан ширтэв.
Тэр ч бас хөмсгөө зангидан над руу харав. Царайд нь эргэлзээ тодорно.
Гэтэл бүдүүн хоолойтой хүн гэнэт:
— Залгамжлагч аа! — гэж дуудлаа.
Хүү уруулаа хазав.
Тэр модон тагийг буцааж толгой дээр минь тавиад, холдон явахад нь хөлийн чимээ аажмаар бүдгэрэв.
Би торхондоо хөлөө тэврэн суусаар байлаа.
Ээж намайг нуугдаж тоглоё гэж хэлсэн юм. Тэр намайг олох хүртэл эндээс гарч болохгүй.
Гэхдээ нэг л хачин байлаа.
Намайг энд хийсэн хүн нь ээж өөрөө байхад ийм удаан хугацаанд яагаад намайг олохгүй байгаа юм бол?
Эсвэл томчууд амттай юм идээд, намайг дуудалгүй үлдээчихсэн юм болов уу?
Би хамаг хүчээрээ модон тагийг түлхэн холдуулаад, торхноосоо мөлхөн гарлаа.
— Ээж ээ! — гэж би хашхирсаар явлаа.
Гэвч хашаанд хэн ч байсангүй.
Зөвхөн цус хаа сайгүй цацарсан байв.
Тогооч тахиа нядалсны дараахтай яг адилхан харагдана.
Би ихэд дургүйцэв.
— Тахиа идэж байгаа юм бол намайг яагаад дуудаагүй юм бэ?
Би гал тогоо болон эцэг эхийнхээ өрөөг нэгжлээ. Гэвч тэдний бараа ч харагдсангүй.
Тэгээд танхим руу орвол хар хувцастай олон хүн газар сөхрөн сууж байлаа.
Тэдний дундаас гараа ардаа үүрэн зогсож байсан цорын ганц хүн нь өнөөх жаал хүү байв.
Би баярлан:
— Ах аа! Та миний ээжийг харсан уу? — гэж хашхирлаа.
Хар хувцастай хүмүүс бүгд эргэж над руу харав.
Тэдний нэг нь босож ирэхдээ цус болсон сэлэм барьжээ.
Би нүдээ ирмээд:
— Та нар зочид юм уу? Тогоочид тахиа алахад тусалсан хүмүүс нь та нар юм уу? Тогооч хаана байгаа юм? — гэж асуув.
Хар хувцастай эр хүйтнээр:
— Удахгүй тэдэнтэйгээ уулзана, — гэв.
Тэр сэлмээ өргөв.
Цусны дусал нүүрэн дээр минь дусав.
Би нүдээ ирмэн, түүнийг гайхан ширтлээ.
— Хөөе, сэлмээ буулга.
Хүүгийн дуу сонсогдов.
Миний өмнө зогсож байсан эр хэсэг эргэлзэв.
Хүү үргэлжлүүлэн:
— Түүнийг бидэнтэй хамт буцааж авч яв.
Хар хувцастай хүмүүс бүгд шуугилдав.
— Гэхдээ, залгамжлагч аа, тэр...
— Би авч яв гэж хэллээ.
Хүү над дээр хүрч ирээд, хар хувцастай эрийн дэргэд зогсов.
Тэр хэсэг над руу ширтэв.
Гэнэт нүүрээ над руу ойртууллаа.
Тэгээд намуухан:
— Уг нь чамайг өөрийнхөөрөө амьдраг гээд орхих санаатай байсан юм. Гэтэл чи өөрөө миний гарт ороод ирлээ. Тэгэхээр би чамайг дуртайяа авъя.
Тэр хацрыг минь чимхэв.
— Шяо Шян Зы, чи юу гэж бодож байна? Чамайг жаахан дээрэлхэх үү? Эсвэл нэлээн сайн дээрэлхэх үү? Эсвэл бүр сайтар дээрэлхэх үү?
Тэр инээв.
— Ямартай ч ирээдүйгээ бодохоор сэтгэл үнэхээр сайхан байна. Ха ха!
Би гайхан:
— Намайг Шяо Шян Зы гэдэггүй. Ян Шяо Шян гэдэг.
Тэгээд нүдээ ирмэн түүн рүү харав.
— Ах аа, хацар өвдөөд байна.
Тэр гараа суллав.
Над руу инээмсэглэн харах нь яг л тарган гахай барьж авсан тогоочийн инээд шиг санагдав.
— Өнөөдрөөс чиний нэрийг Шяо Шян Зы гэдэг болно. Миний... за яах вэ, шавь бол. Ямар байна?
— Бодохгүй ээ, — гэж би хэлэв. — Ээж тахиа алсан. Гэхдээ надад идүүлээгүй. Тийм болохоор би тантай явахгүй.
— Ээж чинь манай гэрт тахиа идэхээр явсан. Чи надтай хамт явах хэрэгтэй.
Би хэсэг бодсоноо:
— Аав, тогооч хоёр ч бас тэнд байгаа юу?
— Бүгд байгаа.
— Ах аа, зам заа.
Би гараа түүн рүү сунгав.
Хүү хэсэг зогтусав.
Тэгээд эргэлзсэн шинжтэй миний гараас атгалаа.
Хоёр удаа ханиалгасныхаа дараа:
— Намайг Шифү гэж дууд. Одоо би чамаас нэг үеэр ах болсон. Намайг хүндлэх хэрэгтэй, — гэв.
— Тийм ээ, ах аа.
— Шифү.
— Мэдэж байна, ах аа.
Тэр духан дээр минь чичлэв.
Өвдсөндөө духаа тэмтрэв. Жаахан гомдсон ч:
— Шифү... — гэж хэллээ.
Тэр сэтгэл хангалуун толгой дохив.
Царай нь ихэд сэтгэл өөдрөг харагдана.
Шифүтэй хамт гэрээсээ явснаас хойш би эцэг эхээ дахиж хараагүй.
Шифү ээж аав хоёр намайг түүнд даатгасан. Одоо түүнд л дуулгавартай байхад болно гэж хэлсэн юм.
Би толгойгоо маажив.
Түүний үгний цаад утгыг ойлгосонгүй.
Гэхдээ Шифү муу хүн шиг харагдсангүй. Тиймээс би дуулгавартай байхаар шийдэв.
Шифүгийн гэрт очсоны дараа л би түүний нэрийг Чү Кун гэдгийг мэдлээ.
Тэр найман настай бөгөөд Шэнлин сектын залгамжлагч байв.
Сектынхан бүгд түүнийг магтаж байлаа.
Хаашаа л явна, “суут ухаантан”, “хосгүй авьяастан” гэх магтаал сонсогдоно. Түүний тухай магтаал дуусахгүй.
Гэвч Шифү тэр бүхнийг огт тоодоггүй байв.
Надаас ердөө гуравхан насаар ах атлаа үргэлж том хүн шиг аяглана.
Тэр намайг захирах дуртай.
Ор дэрийг нь засуулах, элдэв жижиг сажиг ажил хийлгэх гээд намайг байнга зарцална.
Хүйтэн өдөр байсан ч орны хажууд нь сэвүүрдэж суух хэрэгтэй.
Эхэндээ би үүнд нэг их дургүйцсэнгүй.
Эцсийн эцэст Шифү надад хангалттай сайхан хоол өгдөг байв. Таваг бүр дээр олон төрлийн мах байдаг байлаа.
Гэвч удсангүй, энэ бүхэн надад нэг л хачин санагдаж эхлэв.
Эцэст нь нэг өдөр сектын хүмүүсийн яриаг санамсаргүй сонсоод учрыг нь ойлголоо.
— Шифү, би таныг Шифү гэж дуудах ёсгүй юм байна.
Тэр үед Чү Кун буйдан дээр ном уншиж байлаа.
Нүднийхээ булангаар над руу зөөлөн харав.
— Юу нь буруу гэж? Хэрэггүй юм ярь. Би хүлээж авахгүй.
— Гэхдээ...
Би ихэд бухимдав.
— Тэд намайг Шифүгийн өсгөж байгаа бяцхан эхнэр чинь гэж хэлсэн.
Чү Куны бие тэр дороо хөшив.
Тэр хэсэг чимээгүй байснаа номынхоо хуудсыг эргүүлэв.
Тэгээд ямар ч өнгө аясгүй:
— Хэн тэгж хэлсэн?
— Тэд.
— Дараа нь хэн нэгэн тэр хов живийг яривал шууд очоод цавь руу нь өшиглө.
— За, — гэж би хариулаад, түүнд сэвүүрдсээр байв.
Хожим зарим хүмүүс тэр “хов живээ” миний өмнө үнэхээр ярив.
Би Шифүгийн хэлснийг яг ёсоор нь хийж, зоригтойгоор цавь руу нь өшиглөхөөр дайрлаа.
Гэвч хөл минь хүрэхээс өмнө тэр намайг барьчихав.
Шэнлин сектынхны тулааны ур чадвар муугүй байжээ.
Тэр өдөр би ёстой хатуу зодууллаа.
Би чангаар уйлсаар байгаад өрөөндөө ном уншиж байсан Шифүг гаргаж ирэв.
Тэр хөмсгөө зангидан өмнө минь гарч ирсэн тэр мөчид бүх гомдол минь зэрэг дэлбэрэв.
Би түүн рүү гүйж очоод бэлхүүсийг нь тэврэв.
Хувцсыг нь нулимс, нус хоёроороо норготлоо уйллаа.
Шифүгийн бие үл ялиг хөшив.
Тэр хүйтэн өнгөөр:
— Энэ чинь юу гэсэн үг вэ? — гэж асуув.
Би мэгшин уйлсаар юу болсныг бүдэг бадаг тайлбарлав.
Гэвч Шифү миний хэлсэн нэг ч үгийг сонсоогүй бололтой.
Тэр сөхрөн суув.
Би боломжийг ашиглан хүзүүгээр нь тэврээд, мөрөн дээр нь нүүрээ наав.
Болсон бүхнийг гомдолтойгоор ярьж өгөөд, эцэст нь ганц л зүйл давтав.
— Өгзөг өвдөөд байна... Өгзөг өвдөөд байна...
Шифүгийн царай улам дургүйцсэн шинжтэй болов.
Тэр нурууг минь түшин өргөв.
Хөл минь өөрийн эрхгүй бэлхүүсийг нь ороолоо.
Бүх бие минь түүнд наалдав.
Би уйлсаар л байлаа.
Шифү өндөр биш ч намайг тогтвортой тэвэрч чадна.
Тэгээд тэр хатуу өнгөөр:
— Чи түүнийг зодсон уу? — гэж асуулаа.
Намайг зодсон эр хэсэг юм бувтнаснаа:
— Тийм ээ... — гэв.
— Яагаад?
Тэр дахиад л удаан бувтнав.
— Тэр миний...
Шифү тэр дороо учрыг нь ойлгосон бололтой.
Тэр хоёр алхам урагшилснаа:
— Хөлөө салга, — гэв.
Гэнэт тас няс хийсэн дуу гарав.
Би юу болсныг ойлгосонгүй. Тиймээс түр уйлахаа болив.
Шифүгийн мөрөнд нүүрээ үрж байгаад байрлалаа өөрчлөн, намайг зодсон хүнийг харав.
Тэр хүний царай хэсэгхэн зуур ногоон өнгөтэй болов.
Тэр сөхөрсөн байдалтай байлаа.
Шифүгийн нисдэг өшиглөлтийг харсан хүн цочсон ч хөл дээрээ бат зогсон цохилтыг хүлээж авчээ.
Шифү:
— Энэ удаа хөнгөн шийтгэл. Дараа нь миний ардуур зохисгүй зүйл ярьсныг чинь сонсвол...
Тэр шал руу хөлөөрөө гишгэлээ.
Цагаан хаш хавтан тас нясхийн бутрав.
— Цавь чинь энэ хавтан шиг болно.
Шифү намайг тэвэрсэн хэвээрээ цааш эргэж, сүртэйхэн алхав.
Гэвч хоёр алхмын дараа тэр зогсов.
Тэгээд намуухан:
— Бас өөрийнхөө дээрэлхэж болохгүй зүйлийг битгий дээрэлх, — гэв.
Би түүний үгийг ойлгосонгүй.
Гэхдээ тэр өдрөөс хойш Шэнлин сектынхан надад хандах хандлага эрс өөрчлөгдөв.
Хоол идэхэд миний аяганд өмнөхөөсөө илүү их мах орно.
Түүнээс гадна тэр өдрөөс хойш Шифү надад хэд хэдэн шинэ шаардлага тавьсан юм.
Тэр нүүрийг минь барин:
— Энэ төрөлдөө чи яагаад бүр ч тэнэг харагдаад байна...
Би тахианы сарвуу мэрж байлаа.
Ам тос болсон чигээрээ түүнийг мангартаа ширтэв.
Шифү зэвүүцсэн янзтай хөмсгөө зангидлаа.
Тэр нүүрийг минь тавиад гараа арчив.
— Яах вэ дээ, чи одоо ч жаахан байна. Гэхдээ Тэнгэрийн од Чү Кунгийн дайсан болсон хүн хэтэрхий сул байж болохгүй. Зүгээр нэг хажуугаар өнгөрсөн хүн хүртэл чамайг дээрэлхээд байвал намайг Тэнгэрийн од хэмээн гутааж байгаа хэрэг.
— Шифү, ойлгох үг хэлж болохгүй юу?
Би түүнтэй ярилцахыг хичээсэн ч Шифү огт сонсоогүй мэт байв.
Тэр хэсэг над руу ширтсэнээ гэнэт:
— Тийм ээ, шийдлээ. Өнөөдрөөс тулааны эрдэм сурна. Би, Тэнгэрийн од Чү Кун, өөрөө чамд заана, — гэв.
— Тулааны эрдэм гэж юу юм?
— Ирээдүйд хэн нэгний цавь руу өшиглөхөд чинь дахиж баригдаж зодуулахгүй байх шидийн арга.
Би хэсэг бодлоо.
Энэ үнэхээр чухал зүйл юм байна гэж шийдээд, дуулгавартайгаар толгой дохив.