Тэрэгний дугуй тачигнан эргэлдэнэ.
Би өөдөөс минь харан, нүдээ аниад сууж байсан нил ягаан хувцастай эрийг нэг харснаа модон хашлагаас зуурч, тэрэгний урд суусан хоёр хүн рүү хашхирлаа.
— Хөөе! Гэдэс өвдөөд байна! Яаралтай!
— Чи ч ёстой төвөг ихтэй жаал юм аа!
Нэг нь тэргийг зогсоож, нөгөө нь үсрэн буув. Тэрэгний хаалгыг онгойлгон намайг хүчээр чирч гаргалаа.
— Хурдал.
Тэр замын хажуугийн бут руу заагаад,
— Хэрэгцээгээ дуусгаад шууд гараад ир, — гэв.
Миний биеийг ороосон олсны нөгөө үзүүр түүний гарт байлаа. Би эргэн тойрноо харсан ч өөр арга байсангүй. Тэгээд өвсөн дунд очиж суухаас өөр сонголт үлдсэнгүй.
Тэрэг дээр үлдсэн эр хараал урсган,
— Ууланд нь орхиод, өөрөөр нь амийг нь аргалуулдаг байж. Нааш нь чирч ирээд бөөн төвөг. Зарахаас өөрөөр бол хэдэн зоос ч хүрэхгүй амьтан, — гэж үглэнэ.
Нөгөө нь инээгээд,
— Яах вэ дээ, бас ч гэж олзтой явна. Мянган жилийн настай хүний ертөнцийн сүнс зугтчихсан ч оронд нь бүр дээр юм оллоо. Харин энэ хүүхнийг... зарж чадахгүй бол өөрсдөө авч үлдээд зугаацаж болно шүү дээ. Энэ хоёр чинь хоёулаа мангар юм байна. Юу ч хийж чадахгүй. Хэдхэн хоног тэвччих, — гэлээ.
Би хоосон ходоодоо илээд Шифүгээ улам их санав.
Тийм ээ. Би хулгайлагдчихсан.
Энэ бүхэн гурван хоногийн өмнө, Шифүгээсээ холдсоноос эхэлсэн юм.
Уг нь би Шэнлин урсгал руу очиж хоёр хоног байгаад, идэх юм авч буцаад ирнэ гэж бодсон. Тэгээд Шифүгийнхээ хөл, мөрийг урьдын адил барьж өгнө гэж төлөвлөж байлаа.
Гэтэл хувцас хунар ч олигтой өмсөөгүй явж байхдаа уулын энгэрт хоёр булиа эртэй таарав. Яг одоо тэрэгний урд сууж байгаа энэ хоёр.
Тэр үед тэд ухаангүй болсон нил ягаан хувцастай нэг эрийг өргөж явсан бөгөөд тэр нь одоо тэрэгний дотор унтаж байгаа хүн байлаа.
Хоёр булиа эр хаана очиж идэж уух тухайгаа ярилцаж эхлэхэд нь би сайхан сэтгэл гарган,
— Шэнлин урсгалын хоол үнэхээр амттай шүү, — гэж хэлсэн юм.
Тэгтэл тэр хоёр над руу нэлээн удаан ширтсэнээ, нэг нь гэнэт дайрч ирэв.
Би зодолдоод дийлээгүй.
Тэгээд л дахиад тэргэнд чихэгдсэн дээ.
Бид замд гараад гурван хонож байлаа.
Нил ягаан хувцастай эр гурван өдөр унтсан.
Харин би гурван өдөр Шифүгээ санасан.
Би өмнө нь Шифүгээсээ ингэж удаан холдож үзээгүй байх.
Шифү надад дургүй ажлуудыг дандаа хийлгэнэ. Хувцсаа угаалга, ороо хураалга, хөл мөрөө бариулна...
Бас уйдахаараа намайг элдвээр шоглож зугаацах дуртай.
Гэхдээ намайг өвдөх бүрд Шифү хажууд минь байдаг.
Хар дарж сэрэх болгонд ч мөн адил.
Хэн нэгэн намайг дээрэлхвэл Шифү тэр хүнийг бүр надаас хэд дахин илүү дээрэлхэж өгдөг.
Би толгойгоо маажин хэсэг бодлоо.
Хүн оролтын шөл, мөөгтэй тахианы махнаас ч илүү амттай зүйл байдаг юм байна.
Шифү толгойг минь илээд,
“Шяо Шян Зы, сайн байна.”
гэж хэлэх үеийнх нь царай.
Тэр л хамгийн сайхан.
Би Шифү руугаа үнэхээр буцмаар байна аа...
Гэхдээ одоо яаж буцах юм бол доо...
Гэнэт тэрэг чулуун дээгүүр дайрсан бололтой хүчтэй донслов. Би тэр чигтээ тэрэгний нөгөө тал руу шидэгдлээ.
Өөдөөс минь сууж байсан нил ягаан хувцастай эр ч бас хүчтэй саван хажуу тийш ойчив.
Амьсгал нь хүндэрч эхлэхэд би толгойгоо өргөн харвал нүд нь үл ялиг нээгдэж байлаа.
— Аан, чи сэрчихлээ!
Миний дууг сонсоод тэрэг жолоодож явсан хоёр эр эргэж харав. Тэд нил ягаан хувцастай эрийг сэрэмжлэн хэсэг ширтсэнээ дахин замаа харан явцгаалаа.
Тэгэхэд нь би учрыг ойлгов.
Тэр эрийн гар, хөл бүгд гинжтэй. Царай нь цонхийж, амьсгал нь сулхан.
Яг л удахгүй үхчих гэж байгаа хүн шиг харагдана.
Тийм болохоор тэр хоёр түүнээс айх зүйлгүй гэж бодсон бололтой.
Эр гар, хөлөө хөдөлгөхөд гинж жингэнэв.
Тэр сая л өөрийнхөө нөхцөл байдлыг ухаарсан мэт бие нь хөшиж, дараа нь толгойгоо өргөн эргэн тойрноо ажиглалаа.
Хоёр булиа эрийн нурууг хэсэг ширтсэнээ над руу харж,
— Чи хэн бэ? — гэж асуув.
— Би Шяо Шян Зы.
Тэгээд би сайхан сэтгэл гарган,
— Бид хоёр хулгайлагдчихсан шүү, — гэж санууллаа.
Тэр хөмсгөө зангидан,
— Чи их л баяр хөөртэй харагдах юм, — гэв.
— Яагаад гэвэл одоо надаас гадна бас нэг зовж байгаа хүнтэй болчихлоо. Шифү “Хэцүү байдалд орсон үедээ өөрөөсөө бүр дор байдалтай хүнийг харвал сэтгэл чинь арай тайвширдаг юм” гэж хэлсэн.
Эр санаа алдан толгойгоо унжуулав.
— Тэнэг юм...
Түүнийг үнэхээр сэтгэлээр уначихсан харагдахаар нь би чихэнд нь ойртож аяархан,
— Санаа зоволтгүй. Шифү намайг аврахаар ирнэ. Тэгэхээр нь чамайг ч бас авар гэж гуйя, — гэж шивнэлээ.
Тэр над руу нэг харснаа юу ч хэлсэнгүй.
Одоо надтай хамт байх хүнтэй болсон болохоор ганцаардахаа ч болив.
Тэгээд л түүнтэй яриа өдлөө.
Даанч энэ хүн ярих дургүй бололтой.
Би Шифүтэйгээ хэрхэн амьдардаг, бид хоёрын хооронд болдог хөгжилтэй явдлуудыг нэг нэгээр нь ярив.
Тэр хааяа нүдээ анивчих төдий чимээгүй сонсоно.
Би үдээс хойш эхлээд шөнө дунд болтол ярьсан ч энэ хүн ганц ч үг дуугарсангүй.
Гэтэл тэрэгний урдаас нэг эр гэнэт архирлаа.
— Тэр! Энэ чинь Шэнлин урсгалын залуу эзний эргүү шавь байна! Өнөөх нүдний цөцгий шигээ хайрладаг шавь нь!
Би толгойгоо маажин, Шифү намайг тэгж эрхлүүлдэггүй шүү дээ гэж хэлэх гэж байтал гэнэт хүчтэй салхи үлээж, өөрийн эрхгүй нүдээ анив.
Нүдээ дахин нээхэд замын үзүүрт бүдэгхэн гэрэл үзэгдэв.
Тэр гэрлийн дундаас нэг хүний дүр аажуухан тодрон гарч ирлээ.
— Аа! Шифү! Шифү аа!
Би баярласандаа хашхирч, модон хашлагыг ахин мөргөчихөв.
Шифү хурдан ирээд энэ муухай юмыг бут цохичихоосой. Тэгээд би шууд тэвэрт нь үсрээд орчих юмсан.
Гэвч Шифү ойртож ч амжаагүй байхад хүйтэн ёжтой инээд сонсогдов.
Нуруугаар минь хүйт дааж, хамаг үс арзайлаа.
Миний санаж байгаагаар Шифү бараг ингэж инээдэггүй.
Гэхдээ нэг ингэж инээсэн л бол...
— Маш сайн... Үнэхээр сайн.
Шифү бүснээсээ ташуур сугалав.
Би түүнийг өмнө нь ташуур хэрэглэж байхыг огт харж байгаагүй.
Гэвч яагаад ч юм, нэг гартаа ташуур атгаж, хүн алахаар шийдсэн мэт инээмсэглэн зогсох Шифүг хараад миний сэтгэл бүр тайвширчихлаа.
— Би уулыг тэр чигт нь нэгжиж хайсан хүнээ та хоёрт хулгайлуулчихсан байж таарах нь ээ.
Ташуур газар тас хийхэд би хүртэл цочин мөрөө хавчив.
Шифү инээмсэглэсээр,
— Намайг хэдэн өдөр дэмий гүйлгэлээ. За, хэл дээ. Яаж үхмээр байна? Хүслийг чинь биелүүлээд өгье, — гэв.
Хоёр эр бие бие рүүгээ харлаа.
Нэг нь,
— Бид Шэнлин урсгалыг санаатай доромжлох гэсэнгүй. Энэ бүсгүй залуу эзний шавь гэдгийг мэдээгүй. Одоо шууд буцааж өгье, — гэлээ.
Би хажууд байсан нил ягаан хувцастай эр рүү харав.
Тэр юу ч хэлэлгүй нөхцөл байдлыг тайван ажиглаж байлаа.
Би түүнд аяархан,
— Санаа зоволтгүй. Манай Шифү өрөвч, уужим сэтгэлтэй хүн биш. Энэ хоёр лав ташуурдуулна, — гэж шивнэлээ.
Нил ягаан хувцастай эр хэсэг над руу хараад,
— Чиний Шифү энэ үгийг сонсвол чамайг ч бас ташуурдах байх, — гэв.
— Шифү намайг ташуурдахгүй ээ.
Ингэж хэлээд би бодлоо.
Шифү намайг урьд өмнө хэзээ ч цохиж байгаагүй.
Надад уурласан үедээ хамгийн ихдээ л хацрыг минь айхтар чанга чимхдэг.
Ингээд бодохоор Шифү чинь бас их сайн хүн юм байна.
Харшдаа буцаж очоод хөл мөрийг нь урьдынхаас бүр сайн барьж өгнө өө.
Намайг ийн бодолд автаж байтал Шифү,
— Хм. Надаас юм булааж авсан хүнээс би өөрийн гараар буцааж авах дуртай, — гэв.
Түүний бие хөдөлмөгц хоёр эр тэр даруй сэлмээ сугаллаа.
Гэвч Шифүгийн эхний ташуур тэр хоёрын зүг чиглэсэнгүй.
“Тас!”
гэсэн чимээ сонсогдов.
Би эргэж харвал тэрэгний модон хашлага бут үсэрчихсэн байлаа.
Шифү миний хөлийн өмнө нэг чинжаал шидээд, тун дургүйцсэн янзтай над руу нэг харснаа эргэж хоёр эртэй тулалдаж эхлэв.
Гэтэл тэр хоёр булиа эрийн тулааны чадвар санаанд оромгүй сайн байлаа.
Шифүтэй хоёр талаас нь тулалдаад бараг эн тэнцүү үзэлцэж байв.
Би тэр даруй чинжаалыг авч олсоо огтлов.
Дараа нь нил ягаан хувцастай эр рүү эргэн,
— Би чиний гинжийг огтлоод өгье, — гэлээ.
— Хүчээ дэмий барах хэрэггүй. Энэ бол хар ган чулуун гинж. Жирийн чинжаалаар огтолж болохгүй. Тэр хоёрын хэрэглэж байгаа нь ч жирийн тулааны урлаг биш. Чөтгөр баригчдын арга техник байна. Чиний Шифү хэчнээн хүчтэй байсан ч хоёулантай нь зэрэг тулалдахад амаргүй. Хэрэв ухаантай бол одоо л зугт.
Би нүдээ анивчин хэсэг түүн рүү ширтлээ.
— Манай Шифүгийн хэрэглэж байгаа зүйл ч бас жирийн тулааны урлаг биш ээ.
Би чинжаалаа атгаад хэдэн сарын өмнө Шифүгийн зааж өгсөн тарнийг дотроо уншив.
Тэгээд хамаг хүчээрээ гинжин дээр буулгалаа.
Тас!
Гинж тасрав.
Би гайхаж хоцорсон эрийг хараад чинжаалыг хувцсандаа болгоомжтой хийж,
— Энэ чинжаал ч бас жирийн чинжаал биш, — гэв.
Тэгээд түүнийг татаж босгов.
— Эхлээд бид хоёр нуугдчихъя. Шифү тэр хоёрыг дуусгаад ирэхээр нь гарч ирнэ.
Би түүнийг дагуулан холдох гэтэл араас,
— Тэр муу жаал манай барааг аваад зугтах нь! — гэх хашхираан сонсогдов.
Тэр эр хамтрагчаа орхиод шууд над руу дайрч ирлээ.
Би цочсондоо,
— Шифү аа! — гэж орилоод, нил ягаан хувцастай эрийг чирсээр хамаг хурдаараа ой руу гүйлээ.
Араас Шифү,
— Хаашаа явах нь вэ, чөтгөр баригч аа?! — гэж хашхирах сонсогдов.
Дуу нь надаас холгүй байлаа.
Намайг хөөж байгаа нь гарцаагүй.
Нил ягаан хувцастай эр хэдхэн алхам гүйгээд л амьсгаадан,
— Намайг... намайг орхи... Тэгвэл тэд чамайг хөөхгүй... — гэв.
Үүнийг сонсмогц би тэр дор нь гараа тавилаа.
Гэтэл алхам минь ч зогсож амжаагүй байтал өвдөг рүү минь хүчтэй юм цохив.
Хөл минь суларч, би тун эвгүйгээр газар уначихлаа.
Би толгойгоо өргөөд нил ягаан хувцастай эрийг ууртайгаар буруутгав.
— Худалч! Би чамайг тавьчихсан байхад тэд намайг цохисоор л байна шүү дээ!
Тэр амаа ангайсан ч юу ч хэлсэнгүй.
Бүр үггүй болчихов.
Эрүү минь халуу шатаж өвдөнө.
Арьс шалбарчихсан бололтой.
Уйлж ч амжаагүй байтал дээрээс нэг сүүдэр нөмрөв.
Толгойгоо өргөвөл булиа эр сэлмээ далайчихсан зогсож байлаа.
Намайг яг хоёр хуваах гэж байгаа бололтой.
Гэтэл нүд ирмэхийн зуур түүний бүсэлхийг хар ташуур ороочихов.
Ташуурын үзүүрийг барьсан хүн хэр их хүч гаргасныг би мэдэхгүй.
Ганцхан бугуйгаа хөдөлгөхөд л тэр булиа эр утсан хүүхэлдэй шиг агаарт шидэгдэн хол очиж унав.
Цав цагаан хувцастай Шифү миний өмнө сүртэйхэн газардлаа.
Нэг гартаа ташуур барьж, нөгөө гараараа намайг татаж босгов.
Шифүгийн царай үүл шиг барайчихсан байсан ч миний нүдэнд хаврын цэцэгнээс ч илүү үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Би шууд тэвэрч аваад цээжинд нь хэд хэдэн удаа нүүрээ наан үрж, чангаар уйлав.
— Шифү аа, би буруудлаа! Хүү-хүү... би хүн оролтын шөл дахиж хүсэхгүй ээ... хүү-хүү...
Шифү намайг өөрөөсөө холдуулаад эрүүг минь харж, гар хөлийг минь нэг бүрчлэн базлан шалгаад ууртайгаар,
— Тэд чамайг хэдэн удаа цохисон юм?! — гэж асуулаа.
Би хамраа татан,
— Тоолоогүй...
Шифүгийн царай улам барайв.
— Чи хариуг нь өгсөн үү?
— Дийлээгүй...
— Тэнэг жаал!
Шифү шүдээ зуун, хамт зогсож байсан хоёр булиа эр рүү ууртай ширтлээ.
Тэгээд өс хонзонтой өнгөөр,
— Миний тэжээж өсгөсөн гахайг алах гэж зүрхэлдэг та хоёр мөн ч их зоригтой юм аа... — гэв.
Шифүд шидэгдсэн эр газар дээрээс босож,
— Бид аль хэдийн уучлалт гуйсан. Охиныг ч буцааж өгөхөд бэлэн байна. Энэ хэдэн өдөр бид түүнд муу зүйл хийгээгүй. Та яагаад ингэтлээ биднийг шахаад байгаа юм бэ? — гэлээ.
Шифү ёжтой инээн намайг ардаа оруулав.
Тэгээд ууртайгаар,
— Та хоёрыг зовоохын тулд надад шалтгаан хэрэгтэй гэж үү? — гэв.
— Шэнлин урсгал хэтэрч болохгүй! Бид хоёр зөвхөн өөрсдийн барааг буцааж авах гэсэн юм...
— Би өгөхгүй.
Шифү ташуураа өргөн ихэмсгээр,
— Чаддаг юм бол ирээд булаагаад ав л даа, — гэв.
Шифү тэр хоёртой дахин тулалдах гэж байгааг хараад би толгойгоо маажин, нил ягаан хувцастай эрийн хажууд очиж суулаа.
— Харж байна уу? Манай Шифү үнэхээр өчүүхэн юманд ч өс санаж явдаг хүн байгаа биз?
Нил ягаан хувцастай эр хэсэг чимээгүй байснаа,
— Чиний Шифү жирийн хүн биш юм байна, — гэв.
Би толгой дохив.
— Мм. Жирийн хүнээс хамаагүй явцуу сэтгэлтэй. Гэхдээ надтай бол их тэвчээртэй шүү.
Би түүн рүү эргэн харав.
— Аан, тэгээд би чиний нэрийг одоо хүртэл мэдэхгүй юм байна.
Тэр хэсэг дуугүй байснаа,
— Намайг Зыхүй гэдэг, — гэв.
Би өөрийгөө ахин найрсгаар танилцуулах гэж байтал гэнэт нүдний өмнүүр гэрэл цахилав.
Зыхүйн царай агшин зуур цонхийж, намайг газарт түлхэн унагаагаад,
— Нууц зэвсэг! Болгоомжил! — гэж хашхирлаа.
Би юу болоод байгааг ойлгож ч амжаагүй байтал гурван зүү бидний зүг нисэж ирэв.
Тэр үед бултахад хэдийн оройтжээ.
Би балмагдан хөдөлж ч чадсангүй.
Гэтэл гэнэт бидний өмнүүр хар ташуур гялсхийн орж ирэв.
Ташуур хэдий нарийн мэт харагдавч нисэж ирсэн гурван зүүг бүгдийг нь хааж чадлаа.
Би,
“Шифү мундаг!”
гэж хашхирах гэтэл нөгөө хоёр булиа эр Шифүгийн анхаарал сарнисан мөчийг ашигласныг олж харлаа.
Нэг нь Шифүтэй тулалдаж, нөгөө нь сэлмээ өндөр өргөн түүнийг хоёр хуваахаар далайж байв.
Би айсандаа дуу ч гаргаж чадалгүй тэднийг гөлрөн ширтлээ.
Тэгээд өөрийн мэдэлгүй хамаг чангаараа,
— Миний Шифүг битгий дээрэлхээд бай! — гэж хашхирлаа.