— Оргож гэрлэсэн хүмүүсийн төгсгөл сайхан байдаггүй!
Сэрснийхээ дараа Зыхүйд хэлсэн хамгийн эхний үг минь энэ байлаа.
Би түүний хувцаснаас чанга атгаад нухацтайгаар,
— Шэнлин урсгалын махны худалдаачин надад нэг удаа ярьж байсан юм. Тэдний тосгонд нэг бэлэвсэн эмэгтэй нэг эртэй оргоод явчихсан гэнэ. Дараа нь баригдаад, хоёуланг нь гахайн торонд хийж усанд живүүлсэн гэсэн, — гэлээ.
Шифү намайг ч бас тэдэн шиг гахайн торонд хийж живүүлчих вий гэж айж байлаа.
Тэгвэл бүр яс минь ч олдохгүй шүү дээ.
Зыхүй хэсэг алмайран над руу ширтсэнээ инээв.
— Тийм юм бол хоёулаа оргохоо больё.
— За!
Би тэр дороо толгой дохилоо.
Шифүд жаахан гомдолтой байсан ч түүний хажуугаас бүр мөсөн явна гэж хэзээ ч бодож байгаагүй.
— Буцаад очъё. Шифүгээс уучлал гуйя.
Би явах гэтэл Зыхүй намайг татаж зогсоов.
— Эндээс Шэнлин урсгал руу буцвал хагас сар явна.
Би цочив.
— Би бүтэн хагас сар унтчихсан юм уу?!
— Үгүй ээ. Шян бүсгүй ганцхан шөнө унтсан, — гэж Зыхүй хэлэв. — Намайг жирийн хүн биш гэдгийг чи мэдэж байгаа байх. Би олон жил бясалгаж, сүнс болсон чулуу. Нүд ирмэх зуур мянган газар туулах бол миний сурсан аргуудын нэг л төдий.
Би ойлгосон янзтай толгой дохив.
— Тэгвэл бүр сайн байна. Нүд ирмэх зуур Фэнсюэшань харш руу буцчихаж болох нь.
Зыхүй над руу хараад,
— Шян, өчигдөр Шифүгийн чинь байдал ямар байсныг харсан биз дээ. Бид буруугаа хүлээгээд очлоо ч тэр биднийг гэрлүүлэх болов уу? — гэж асуулаа.
Би хэсэг бодсоноо урамгүйхэн толгой сэгсрэв.
— Гэхдээ бид бас оргоод гэрлэж болохгүй.
— Мэдээж, — гэж Зыхүй инээв. — Ахмад хүмүүсийн зөвшөөрөлгүй гэрлэхийг л оргох гэдэг. Харин эцэг эхээс чинь зөвшөөрөл авчихвал Шифү хүсээгүй ч хэлэх үггүй болно.
Би нүдээ анивчин хэсэг бодлоо.
Зыхүйн хэлсэн үг бас учиртай.
Гэхдээ бага насны дурсамж минь тун бүдэг. Гэр минь хаана байсныг ч, аав ээжийнхээ царайг ч сайн санахгүй байлаа.
Зыхүй гайхсан янзтай,
— Энэ олон жил чи гэртээ харьж, эцэг эхтэйгээ уулзах талаар бодож байгаагүй юм уу? — гэж асуув.
Би толгойгоо маажлаа.
— Бодож байсан. Гэхдээ Шифү аав ээж хоёр намайг түүнд даатгасан гэж хэлсэн. Ур чадвараа сайн эзэмшээгүй цагт гэртээ харьж болохгүй гэсэн. Гэтэл би энэ олон жилд нэг их сайжраагүй. Тэгээд харихаас айдаг байсан. Дараа нь Шифүтэй хамт байх ч муугүй санагдаад... тэр бодлоо орхичихсон.
Зыхүй над руу хэсэг бодлогоширон харснаа толгойгоо доошлуулж,
— Ийм учиртай байж... Танай Шифү ч үнэхээр ичих нүүргүй юм аа... — гэж аяархан бувтнав.
— Юу?
Зыхүй инээмсэглээд,
— Юу ч биш. Энд ирэх замдаа зарим зүйл сонссон. Шян бүсгүйн гэр хаана байгааг бараг мэдэж байгаа. Энд суусаар байгаад нэмэргүй. Яваад үзье, — гэв.
Би нэг их юм бодолгүй толгой дохиод түүний араас дагалаа.
Удалгүй эргэн тойрны байдал надад аажмаар танил санагдаж эхлэв.
Би баярлан Зыхүйн ханцуйнаас татлаа.
— Тийм байна! Тийм байна! Энэ зам мөн юм шиг байна!
Би догдолсондоо алхаагаа хурдасган гүйж эхлэв.
— Эндээс холгүй байх ёстой. Энэ буланг тойроход гол гарна. Голын цаана манай гэрийн хаалга байдаг. Хаалганы өмнө чулуун арслангууд...
Буланг тойроход голын цаана эвдэрч хуучирсан том хаалга харагдав.
Би хэсэг хөшсөнөө аажуухан урагш алхлаа.
— Энэ биш ээ...
Би алхсаар аяархан бувтнав.
— Гүүр нь ийм жижиг байгаагүй. Чулуун арслангууд нь ч илүү сүртэй байсан.
Гүүрээр гараад харшийн үүдэнд очив.
Эвдэрсэн пайзан дээр “Ян харш” гэсэн үгс өлгөөтэй байлаа.
Хаалга битүүмжлэгдэж, дээр нь төрийн шар тамгатай,
“Нэвтрэхийг хориглоно”
гэсэн цаас наажээ.
Би тэр чигтээ хөшив.
Толгой дотор юу ч үлдсэнгүй.
— Шян...
Зыхүй намайг дуудаад толгой дээр минь гараа тавив.
— Магадгүй би буруу газар олсон байж болох юм...
Тэр үгээ дуусгаж амжаагүй байтал нэг эр яаран хажуугаар өнгөрөв.
Бид хоёрыг хараад гайхсан янзтай,
— Ай яа, та хоёр яагаад энд зогсоод байгаа юм? Хурдан яв. Энэ газар сүнстэй гэдгээрээ алдартай. Уул руу эмийн ургамал түүхийн тулд энэ замаар заавал дайрах хэрэгтэй болдоггүйсэн бол намайг ална гэсэн ч энд ирэхгүй, — гэлээ.
Би юу болж байгааг ч ойлгож амжаагүй байхад тэр эр буцаж зугтах шахав.
Би яаран гараас нь барилаа.
Тэр үхтлээ цочоод,
— Бүсгүй минь, яаж байгаа юм?! Юу хийж байгаа юм бэ?! Сүнс биед чинь орчихсон юм биш биз?! — гэж хашхирлаа.
— Та... энэ газар хаана болохыг мэдэх үү?
— Ян... Ян харш шүү дээ.
Би авралын сүрэл атгасан мэт түүнээс зуурсаар,
— Энд өмнө нь хэн амьдардаг байсныг мэдэх үү? — гэж асуулаа.
— Ян овгийн худалдаачны гэр бүл. Арван жилийн өмнө дайснууддаа гэр бүлээрээ хядуулсан юм.
Миний гар сулрав.
Толгой эргэж эхэллээ.
Ардаас Зыхүй нурууг минь түшсэн тулдаа л би тогтож зогсов.
Би балмагдан,
— “Хядуулсан”... гэж юу гэсэн үг вэ? — гэж асуулаа.
Тэр эр над руу хэсэг харснаа санаа алдав.
— Чи энэ айлын холын хамаатан юм уу даа. Арван жилийн өмнө Ян овгийнхон хэнийг уурлуулсныг бүү мэд. Харшид байсан гуч гаруй хүнийг бүгдийг нь алж, амыг нь барьсан. Дайсан нь нэртэй Шэнлин урсгалын алуурчдыг хөлсөлсөн гэж сонссон. Тэд ирсэн шигээ ямар ч мөргүй алга болсон. Нотлох баримт ч үлдээгүй болохоор төрийн хүмүүс хэрэгтнийг олж чадаагүй. Ингээд өнөөдрийг хүртэл тайлагдаагүй хэрэг болсон доо. Ян гэрийн тэр олон хүний сүнс амар тайван байж чаддаг болов уу...
— Шэн... лин урсгал?
Би чихээ буруу сонсчихлоо гэж бодон чихээ ухчихаад,
— Та дахиад нэг хэлээч? — гэлээ.
Тэр эр над руу хачин харснаа,
— Шэнлин урсгал гэж байна. Ай даа, охин минь, тулаанчдын ертөнцийн тэр нууцлаг зүйлсийг бид жирийн хүмүүс ойлгохгүй. Чи холын хамаатан нь юм бол араас нь хөөцөлдөөд хэрэггүй дээ, — гэв.
Би чихээ дахин дахин ухаж, хацраа хүртэл хоёр алгадлаа.
Зыхүй гараас минь барив.
— Шян!
Чих шуугитал ухсан ч юу ч өвдөхгүй мэт байлаа.
Би дахин,
— Та үнэхээр Шэнлин урсгал гэж хэлсэн үү? — гэж асуулаа.
Нөгөө эр айсандаа ухарч,
— Үнэхээр сүнс орчихсон юм биш үү...
гэж өөртөө бувтнав.
— Шэнлин урсгал гэж хэлсэн үү?!
Би араас нь очих гэтэл Зыхүй намайг тэвэрч тогтоов.
Нөгөө эр айсандаа яаран зугтав.
Би Зыхүйг түлхээд,
— Яагаад намайг бариад байгаа юм? Би асууж дуусаагүй! Тэр Шэнлин урсгал энэ гэр бүлийг хядсан гэж хэллээ. Гэхдээ... гэхдээ Хү Жяо авга, Танжү эгч, махны худалдаачин, бас Шифү... тэд чинь...
Тэд бүгд надад үргэлж сайн байсан шүү дээ.
Гэвч хоолой зангирч, цааш үг гарсангүй.
Толгойд минь гэнэт нэг дүр зураг цахилав.
Тэр өдөр.
Би торхноос мөлхөж гарсан өдөр.
Эргэн тойронд хаа сайгүй цус.
Хар хувцастай хүмүүс гартаа сэлэм барьчихсан.
Сэлэмний хүйтэн ир.
Нүүрэн дээр минь дуссан халуун цус...
Би балмагдан зогсов.
Өнгөрсөн арван жил манан дунд өнгөрсөн мэт байсан бол тэр дурсамж одоо өчигдөр болсон юм шиг маш тод эргэн ирлээ.
Ясанд хүртэл өвдөлт мэдрэгдэх шиг болов.
Би нүүрээ гараараа дарав.
Толгой дотор бүх зүйл замбараагүй байлаа.
— Шян, өнөөдөр эндээс явъя.
Зыхүй нурууг минь зөөлөн алгадаад,
— Чи амрах хэрэгтэй байна, — гэв.
Би түүнийг түлхлээ.
Гар минь чичирч байв.
— Үгүй. Би гэртээ орно.
Зыхүйн тэврэлтээс гарч, салганасан хөлөөрөө хаалга руу алхлаа.
Алхам алхмаар.
Хаалган дээрх битүүмжийг тас татан авч, хамаг хүчээрээ түлхэв.
Гэвч тоосонд дарагдсан хүнд хаалга хөдөлсөнгүй.
Би хаалгыг нүдээд,
— Ээж ээ...
гэж дуудлаа.
Энэ үг амнаас гарах мөчид хоолой минь сөөнгө болчихов.
— Би ирлээ.
Бага насны дурсамжууд мананг нэвтлэх нарны гэрэл шиг нэг нэгээрээ тодорч эхлэв.
Нүдэнд минь эвдэрч хуучирсан хаалга биш, урьдын цэвэрхэн гэр маань харагдах шиг боллоо.
Би хаалгыг улам хүчтэй нүдэв.
— Хаалгаа нээгээч! Нээгээч...
Нүүрэн дээр минь сүүдэр тусав.
Зыхүй гараас минь барьж,
— Би онгойлгоё, — гэж бараг сонсогдохгүйгээр санаа алдав.
Тэр хаалган дээр гараа тавиад зөөлөн түлхлээ.
Хуучин хаалга,
“Чийр...”
хийн аажуухан нээгдэв.
Хаалганы цаанаас гол танхим шууд харагдана.
Доторх тавилга хүртэл миний дурсамжтай адилхан байлаа.
Би толгойгоо бөхийлгөн дотогш орж, газар үлдсэн бараан улаан толбонуудыг харлаа.
Дараа нь танхимын хамгийн өндөр хэсэг рүү харц өргөв.
Тэр өдөр Шифү яг тэнд зогсож байсан.
Бусдаас дээгүүр.
Тэгээд намайг авч Шэнлин урсгал руу явсан.
Шифү үргэлж бусдаас дээгүүр, хүршгүй мэт хүн байсан болохоор би түүнд хэзээ ч хүндлэлгүй хандаж зүрхэлдэггүй байлаа.
Гэтэл миний хүндэлдэг байсан тэр Шифү...
Би толгойгоо хүчтэй сэгсрэв.
Толгойд эргэлдэх тэр олон дуу хоолойг хөөхийг хүссэн юм.
Гэвч сэгсрэх тусам нүүр норсоор байлаа.
Би хацраа арчив.
Удалгүй нулимс дахиад л урсана.
Танхимын голд зогсоод би юу ч хэлэлгүй нулимсаа дахин дахин арчсаар байв.
Удалгүй Зыхүй мөрөн дээр минь гараа тавилаа.
— Шян, битгий уйл.
— Би уйлаагүй.
Би хамраа татан,
— Зүгээр л... нулимс өөрөө гараад зогсохгүй байна.
Зыхүй санаа алдав.
Би өөр юу ч хэлж амжаагүй байтал тэр надаас хоёр алхам холдов.
“Тас!”
гэсэн чимээ чихэнд хадав.
Би цочин эргэж харлаа.
Цав цагаан хувцастай Шифү танхимын гадна газарджээ.
Гарт нь час улаан ташуур.
Царай нь хүйтэн.
Харин нүд нь урьд өмнөхөөсөө ч бараан.
Тэр Зыхүй рүү ширтээд,
— Арван мянган жил бясалгасан чинь амаргүй гэж бодоод чамайг амьд явуулъя гэсэн юм. Гэтэл чи мэдэхгүй дахин дахин миний тэвчээрийг шалгалаа, — гэв.
Шифү уруулаа хүйтнээр зуув.
— Өөрөө үхлээ эрээд байгаа юм бол хүслийг чинь биелүүлээд өгье. Ямар вэ?
Зыхүй юу ч хэлсэнгүй.
Би Зыхүй Шифүг дийлэхгүй гэдгийг мэдэж байлаа.
Сандарсандаа шууд Зыхүйн урд орж, хоёр гараа дэлгэн түүнийг хамгаалав.
Шифүгийн царай яг л хэн нэгэнд алгадуулсан мэт тэр дороо цонхийв.
— Шяо Шян Зы.
Шифү нүдээ нарийсгав.
— Чи ингэж зогсож байгаа нь “нөхрөө” хамгаалахын тулд надтай тулалдах гэсэн хэрэг үү?
Өнгө нь хөнгөн сонсогдсон ч Шифү үнэхээр уурласныг би мэдэж байлаа.
Миний толгой дотор бүх зүйл замбараагүй байсан тул юу ч хэлж чадалгүй толгой сэгсрэв.
Шифү царайгаа бага зэрэг зангидан гараа над руу сунгав.
Намайг бага байхад гэртээ харихдаа дууддаг байсан шигээ зөөлөн,
— Нааш ир, — гэлээ.
Гэвч энэ удаа миний хөл хөдөлсөнгүй.
Шифү ч яаруулсангүй.
Гараа сунгасан чигээрээ намайг өөрөө очиж атгахыг хүлээнэ.
Би түүн рүү хэсэг ширтлээ.
Хоолой өвдөж, өөрийн эрхгүй,
— Шифү... миний аав ээж... — гэлээ.
Шифү хөмсгөө зангидав.
— Энд болсон бүхнийг буцаад очихоороо чамд тайлбарлана.
Түүний нүд рүү харахад өөрийн эрхгүй хүйт даав.
Ардаас Зыхүй мөрөн дээр минь зөөлөн гараа тавилаа.
— Шян, битгий ай. Би энд байна.
Шифү ташуураа улам чанга атгав.
— Чамд ямар эрх байгаа юм?
— Шифү.
Би анх удаа түүний үгийг таслав.
Тэгээд асуулаа.
— Миний аав, ээжийг... Шифү алсан юм уу?
Би нүдээ ч цавчилгүй Шифү рүү ширтэв.
Тэр чимээгүй байлаа.
Үгүй гэж хэлсэнгүй.
— Шифү байсан юм уу?
Хоолой минь зангирлаа.
— Үнэхээр Шифү байсан юм уу?
Түүний чимээгүй байдал өөрөө хариулт байлаа.
Тэр мөчид миний ертөнц тэр чигтээ нуран унав.
— Шяо Шян Зы...
Шифүгийн дуу нэг л мэдээ алдсан мэт сонсогдов.
— Чиний мэдэхгүй зүйл олон бий. Буцаад очоод бүгдийг тайлбарлана. Гэхдээ одоо энэ чөтгөрийг түшээд зогсох хэрэггүй. Тэр сайн хүн биш. Нааш ир. Буцъя.
Би толгой сэгсрэв.
Түүнийг ямар нэг зүйлээр цохимоор санагдаж байлаа.
Юугаар ч хамаагүй.
Би үсэндээ зүүсэн хатгуураа сугалж аваад Шифү рүү гүйлээ.
— Шифү худалч! Маш том худалч! Яв! Надаас холдоод яв!
Үс минь задран замбараагүй болж, нулимсанд норсон нүүрэн дээр минь наалдав.
Би өөрийгөө ямар харагдаж байгааг ч мэдэхгүй байлаа.
Нулимс харааг минь бүрхээд Шифүгийн царайг ч тод харж чадсангүй.
Тэр хөдөлгөөнгүй, хөшчихсөн мэт зогсож байгааг л мэдэж байв.
Мөрөн дээрх гар чангарлаа.
Зыхүй намайг тэвэрч аваад нурууг минь зөөлөн алгадан,
— Шифү явахгүй байгаа юм бол бид эхлээд явъя. Одоохондоо та хоёр уулзахгүй байсан нь дээр, — гэв.
Би дахин дахин толгой дохилоо.
Нулимс, нусаар минь Зыхүйн цээж хүртэл норчихсон байв.
Тэр удаа Шифү намайг зогсоох гэж оролдсон эсэхийг би мэдсэнгүй.
Магадгүй тэр уурласандаа шүдээ зууж байсныг сонссон бол би ойлгох байсан байх.