Долоон азгүй амьдрал

18-р анги

18-р анги

Сонсох

“Дус... дус...”

Чулуун агуйн хаа нэгтээгээс ус дуслах чимээ сонсогдоно.

— Энэ хаана юм бэ...

Би чулуун дээр суун мэгшсээр байлаа. Зыхүй өмнө минь сөхрөн сууж, алчуур өглөө.

— Миний гэр гэж хэлж болно. Шян, одоо битгий уйл даа.

Би алчуурыг авч нүүрээ арчингаа хоолой зангируулан,

— Би тэнэг ч гэсэн аав, ээж хоёр надад маш сайн байсныг санадаг. Шифү... Шифү ч бас надад үргэлж сайн байсан. Тэгээд яагаад аав ээжийг минь алсан юм бэ? Яагаад надад худлаа хэлсэн юм бол? — гэлээ.

Зыхүй хэсэг чимээгүй байснаа,

— Шян, чи одоо Шэнлин урсгал руу буцаж чадахгүй. Цаашдаа яах гэж байна? — гэж асуув.

— Би... бодож үзээгүй.

Би толгой сэгсэрлээ.

— Би Шифүг цохисон. Шифү намайг дахиж хүсэхгүй байх. Би ч Шэнлин урсгал руу буцмааргүй байна. Гэртээ... бас буцаж чадахгүй. Би... мэдэхгүй ээ.

Зыхүй миний гараас атган чимээгүй ширтэв. Түүний бараан нүдний гүнд нил ягаан туяа гялсхийх шиг болов.

— Тэгвэл одооноос хоёулаа хамт амьдаръя. Тэгэх үү?

Тэр гараа сунган хацар минь илэв.

Яагаад ч юм энэ нь надад нэг л буруу санагдаж, би зайлахыг хүссэн ч түүний гар аль хэдийн холдчихсон байлаа.

— Чи миний эхнэр болж болно. Би чамд Шифүгээс чинь ч илүү сайн хандана. Худлаа хэлэхгүй. Бас чамайг хэзээ ч орхихгүй.

Би хэсэг түүн рүү харснаа,

— Гэхдээ Шифү одоо хүртэл зөвшөөрөөгүй шүү дээ... — гэлээ.

Зыхүй хэсэг гайхсанаа инээв.

— Шифү гэж үү? Тэнэг охин минь, тэр танай гэр бүлийг бүхэлд нь хядуулсан. Чи одоо хүртэл түүнийг Шифү гэж бодсоор байгаа юм уу?

Нүднээс минь нулимс дахин урсав.

— Би... түүнийг дахиж Шифү гэж бодож болохгүй юм уу?

Яаж ч бодсон Шифү надад үнэхээр сайн байсан шүү дээ.

— Болохгүй. Ийм цусан өшөөтэй болсон хойно та хоёрын багш шавийн холбоо үргэлжлэх аргагүй.

Зыхүй миний гараас чанга атгав.

Тэгээд татгалзах аргагүй мэт зөөлөн өнгөөр,

— Би чамтай гэрлээд, Шифүгийн чинь оронд чамайг асарч халамжилъя. Зөвшөөрөх үү? — гэв.

Би өөрийн нулимс түүний гар дээр дуслахыг ширтсээр байгаад аажуухан толгой дохилоо.

Зыхүй инээмсэглэн босож, толгойг минь илэв.

— Шян, сайн байна. Манай удмын нэг ёс байдаг юм. Манай гэр бүлд орж ирж байгаа хүн энэ эмээс нэг аягыг уух ёстой. Тэгвэл бие нь надтай хамт амьдрахад илүү тохирно. Уух уу?

Би бодож ч чадалгүй толгой дохив.

Зыхүй хэсэг алга болсноо удалгүй улаан өнгийн эмтэй аяга барьсаар эргэж ирлээ.

Би юу ч сэжиглэлгүй бүгдийг нь залгилчихав.

Загасны үнэртэй мэт атлаа чихэрлэг, бүлээн амт аманд тарлаа.

Яг л цус залгисан шиг.

Цээж минь хүнд оргив.

Зыхүй баяртайгаар толгойг минь илээд чулуун ор руу заав.

— Энэ хоёр өдөр чамайг их ядраасан байх. Очоод амар.

Үнэндээ би унтмааргүй байлаа.

Гэвч яагаад ч юм түүний үгийг сонсмогц хөл минь өөрөө хөдөлж, чулуун ор руу очоод дуулгавартай хэвтчихэв.

Нүдээ анилаа.

Ертөнц тэр чигтээ харанхуй болов.

Толгойд минь Шэнлин урсгал, Фэнсюэшань харш, бас Шифүгийн царай ээлжилнэ.

Нэг мөчид инээмсэглэж, дараагийн мөчид уурлаж байгаа Шифү...

Би дахиж тийм Шифүг харахгүй гэж бодлоо.

Зыхүйн сүйт бүсгүй болсон хойно энэ чулуун агуйд л амьдрах байх.

Би агуйгаас гадагш гарахыг ч хүсэхээ болив.

Гадаа гарвал намайг идэх мангасууд байдаг юм шиг санагдана.

Бүр үнэхээр залхуу болчихлоо.

Энд надаар хувцас угаалгах хүн байхгүй.

Ор хураалгах хүн байхгүй.

Сэвүүрдүүлж, номынхоо хуудсыг эргүүлүүлэх дуртай хүн ч байхгүй.

Зыхүй ихэнхдээ эзгүй.

Би өдөржин чулуун орон дээр суусаар, хэдэн цаг болж байгааг ч, хэдэн өдөр өнгөрснийг ч мэдэхээ болив.

Юу ч хийхгүй тайван амьдарч байгаа мэт атлаа огт амар санагдсангүй.

Хүнд чулуу цээжин дээр дараад байгаа мэт амьсгалахад хүртэл хэцүү байлаа.

Тэр өдөр Зыхүй буцаж ирэв.

Би агуйн агаар муухай, цээж давчдуулаад байна гэж гомдоллоход тэр бодол нь өөр газар байгаа мэт инээмсэглээд,

— Уучлаарай. Надад зүрх байхгүй болохоор цээж давчдах ямар байдгийг мэдэхгүй юм, — гэв.

— Зүрх?

Би ойлгосонгүй.

— Гэхдээ хүн болгон зүрхтэй биз дээ. Энд байдаг.

Би цээжээ заав.

Үүнийг ч бас Шифү надад зааж өгсөн.

Шифүг бодмогц сэтгэл дахин гуниглав.

— Мм. Мэднэ ээ, — гэж Зыхүй инээмсэглэсээр хэлэв. Харц нь нэг л хол байсан юм. — Надад ч бас өмнө нь байсан. Даанч би нандигнаагүй. Өөр хүнд өгчихсөн.

— Зүрхээ өөр хүнд өгч болдог юм уу?

— Эгэл хүмүүс чадахгүй. Харин чөтгөр, тэнгэрийн төрөлтнүүд чадна.

Зыхүйн инээмсэглэл аажмаар арилж, царай нь хүйтэн болов.

— Зүрхээр маш сайн үрэл хийж болдог юм.

Би цочив.

— Хэн нэгэн чиний зүрхээр үрэл хийчихсэн юм уу?

Зыхүй хэсэг чимээгүй байснаа хүйтнээр инээв.

— Үгүй. Би өөрөө зүрхээ сугалж аваад үрэл болгосон. Тэгээд өөр хүнд өгсөн.

Тэр үүнийг яг л юу ч биш мэт ярив.

Би сонирхсондоо ойртож, цээжийг нь хуруугаараа зөөлөн хатгалаа.

— Тэгэхээр энд чинь хоосон юм уу? Өвддөг үү? Хүйтэн санагддаг уу?

Зыхүй удаан хариулсангүй.

Би толгойгоо өргөвөл тэр намайг ширтэж байлаа.

Нэлээд удсаны эцэст толгойг минь илээд, аргаа барсан мэт инээмсэглэв.

— Тэнэг охин.

Гэнэт Зыхүйн харц өөрчлөгдөв.

Инээмсэглэл нь ч өмнөхтэй адилгүй боллоо.

Яг л тэр өдрийнх шиг.

Тэр намайг чулуун орон дээр дагуулж суулгаад толгойг минь аяархан илэв.

— Амар.

Ганцхан үг.

Гэвч тэр үгийг сонсмогц нүдний өмнө харанхуйлж, таван мэдрэхүй минь бүгд хаагдчих шиг болов.

Хэр удаан өнгөрснийг мэдэхгүй.

Гэтэл нэг мэдэхэд би дахин харж чаддаг болчихсон байлаа.

Агуй хэвээрээ.

Би чулуун орон дээр суусан хэвээр.

Зыхүй ч хажууд минь зогсож байв.

Харин бидний өмнө өөр нэг хүн ирчихсэн байлаа.

Түүнийг хармагцаа бүх бие минь чичрэв.

Би өөрийн мэдэлгүй түүн рүү гүймээр санагдсан ч бие огт хөдөлсөнгүй.

Айж, дуудахыг хүссэн ч уруул ч нээгдэхгүй.

Бие минь яг л үхсэн хүн шиг байлаа.

— Тэнгэрийн од Чү Куныг их удаан хүлээлээ.

Шифү хөмсгөө зангидан над руу ширтэв.

— Чи түүнд юу хийсэн?

— Тэнгэрийн од санаа зовох хэрэггүй. Таван мэдрэхүйг нь түр хаасан. Бие нь зүгээр. Зүгээр л гаднах ертөнцийг мэдэрч чадахгүй байгаа юм.

— Шууд гол зүйлээ хэл.

Шифү над руу харахаа болиод хүйтнээр,

— Миний тэнэг шавийг урхидахын тулд ийм их юм хийлээ. Эцэст нь юу хүсээд байгаа юм? — гэв.

— Хагас бурхны зүрх.

Би цочив.

Зыхүй...

Шифүгийн зүрхийг авахыг хүсэж байна!

— Өө? Жижигхэн чөтгөр атлаа шунал чинь багагүй юм.

Шифү над руу нэг хальт харснаа,

— Би чамд өгнө гэдэгт яагаад ийм итгэлтэй байгаа юм? — гэж асуулаа.

— Итгэлтэй биш. Зүгээр л азаа үзсэн юм. Тэнгэрийн төрөлтнүүдийн хувьд хүний ертөнцөд ирж амьдрах нь нэг удаагийн сорил төдий гэж бодсон. Тэнгэрийн од Чү Куны хувьд энэ амьдрал дараагийн эхлэл рүү хүрэх зам л биз. Одоогийн бие чинь түр зуурын бүрхүүл.

Зыхүй тайван үргэлжлүүлэв.

— Үхэшгүйчүүд амьдрал, үхэлд хүйтэн ханддаг. Гэтэл Тэнгэрийн од энэ тэнэг охинд бусдаас онцгой ханддаг. Тиймээс би мөрий тавьсан. Надад амьдрах ганцхан сар үлдсэн болохоор чамайг гомдоохоос айх зүйл алга. Миний бодсон зөв байж. Шян чамд ингэж хандсан байхад хүртэл чи бидний араас хүрээд ирлээ.

Шифү нүдээ үл ялиг нарийсган ташуураа чанга атгав.

— Намайг энэ тэнэг шавиа үнэхээр эрхэмлэдэг гэж бодоо юу? Алмаар байвал ал. Идмээр байвал ид. Би чам шиг даварсан чулуун чөтгөрийг устгахаар ирсэн юм. Намайг хүртэл тооцоолох гэж оролдох уу? Сүнсийг чинь бутаргасан ч миний уур гарахгүй.

Яагаад ч юм энэ үгийг сонсоод сэтгэл минь түрхэн зуур тайвширлаа.

Гэвч тэр тайвшрал удаан үргэлжилсэнгүй.

Гэнэт бүх биеэр хүйт дааж, могой ороогоод авчихсан мэт санагдав.

Зыхүй инээмсэглэв.

— Миний хүч Тэнгэрийн одын ид шидтэй харьцуулах аргагүй. Намайг алахыг хүсвэл ал. Би яаж ч чадахгүй. Гэхдээ Шян бид хоёр аль хэдийн гэрлэсэн.

Тэр тайван хэлэв.

— Миний цус түүний биед орсон. Бидний амь, сүнс хоорондоо холбогдсон. Нэг нь үхвэл нөгөө нь ч үхнэ. Хэрэв Тэнгэрийн од энэ тэнэг шавиа үнэхээр тоодоггүй бол бид хоёрын сүнсийг хамтад нь бутарга. Дахин төрөл авах ч боломжгүй болно.

— Гэрлэсэн... сүнсээ холбосон... Чи...

Шифү шүдээ зуулаа.

Ташуур атгасан гар нь хүртэл чичирч эхлэв.

Зыхүй араас мөрөн дээр минь гараа тавиад хажууд суув.

— Тэнгэрийн од өөрөө сонго. Өнөөдөр энд намайг алж өшөөгөө авах уу, эсвэл сарын дараа Шян бид хоёрын сүнс бүр мөсөн үгүй болохыг харах уу? Аль нь уурыг чинь тайлах бол?

Шифү чимээгүй болов.

Харц нь шөнийн тэнгэр шиг харанхуй, хүйтэн байлаа.

Гэнэт гар нь хөдөлж, ташуур Зыхүйн нүүрийг хүчтэй шавхуурдав.

Тэр мөчид миний хацар ч бас гал авсан мэт өвдлөө.

Удалгүй нүүрээр минь наалдамхай цус урсаж эхлэв.

Зыхүй инээмсэглэсээр,

— Тэнгэрийн од сая бүх хүчээ ашигласангүй. Итгэхгүй байгаа бол намайг шууд алаад үз. Бид хоёулаа үхэх эсэхийг хараарай, — гэв.

Тэгээд үргэлжлүүлэн,

— Би чулуун сүнс. Хүчээр хийсэн муу аргаар хүссэн зүйлээ авч чаддаггүй. Эхнэр болох ч бай, зүрхээ өгөх ч бай, нөгөө хүн өөрийн хүслээр зөвшөөрөх ёстой. Өчүүхэн төдий албадлага орвол бүх зүйл талаар болж, бүр хүнд хор уршигтай.

Тэр Шифү рүү харав.

— Хагас бурхны зүрх миний алдсан хүчийг буцааж өгнө. Би дахин мөнхийн сүнсний хэмжээнд хүрч чадна. Шян ч бас урт насална. Тэгэхээр биднийг аврах уу, алах уу гэдэг Тэнгэрийн одын гарт байна.

Би Шифү рүү ширтэж байлаа.

Айдас зүрхийг минь шахна.

Гэнэт Шифү инээмсэглэв.

Миний амьсгал хүртэл тасалдах шиг болов.

— Сайн байна. Тэгвэл энэ асуудлыг би өөрийнхөөрөө шийдье.

Шифү тогоочийн хэрэглэдэгтэй төстэй, арван ям орчим урт хутга гаргаж ирэв.

Тэгээд...

Өөрийнхөө цээж рүү шууд дүрлээ.

Шифүгийн царай тэр дороо цайв.

Гэвч өвдөж байгаа шинжгүйгээр хутгаа цээж дагуулан доош татлаа.

Мах зүсэгдэх чимээ хүртэл сонсогдов.

Би айсандаа бараг галзуурах шахав.

Мөрөн дээр минь байсан Зыхүйн гар ч үл ялиг хөшлөө.

Тэр ч ийм зүйл болно гэж бодоогүй бололтой.

Шифү юу ч болоогүй мэт,

— Чулуун чөтгөр минь, намайг чиний урхинд орлоо гэж бодож байна уу? — гэв.

Бугуйгаа хөдөлгөх бүрд царай нь улам цайна.

Гэхдээ төрх нь өөрчлөгдсөнгүй.

Зөвхөн духан дээр нь хөлс бөмбөрнө.

— Аз чинь сайн байж таарлаа. Миний хүч сул өдөртэй таарсан юм. Дараа дахин надтай таарвал...

Шифү хүйтнээр инээв.

— Үхсэнээс дор амьдрал гэж ямар байдгийг үзүүлнэ.

Дараа гэж...

Ямар дараа?

Толгой дотор минь газар хөдлөх шиг болж байлаа.

Би хашхирахыг хүссэн ч биеэ хөдөлгөж чадахгүй хэвээр.

Шифү хутгаа эргүүлэв.

Цагаан хувцас нь агшин зуур цусанд будагдлаа.

Би бүр цээжин доторх зүрхний нь цохилтыг сонсож байгаа мэт болов.

Хар дарж сэрээд Шифүгийн ор руу гүйдэг байсан үе санаанд орлоо.

Тэр намайг тэвэрч аваад,

“Би энд байна. Чамайг хэн ч дээрэлхэж зүрхлэхгүй.”

гэдэг байсан.

Тэр үед түүний намуухан, дулаахан дууг сонсоход бүх айдас арилдаг байлаа.

Шифү...

Шифү хажуу тийш эргэн, бага зэрэг бөхийв.

Тэвчиж чадаагүй мэт нэг сулхан дуу гараад, цус газарт цацрав.

Удалгүй тэр гартаа улаан зүйл барьчихсан байлаа.

Тэгээд үнэ цэнгүй чулуу мэт дээш шидээд буцаан барив.

— Май... Энэ бол чамд өгч байгаа миний шагнал.

Мөрөн дээр минь байсан Зыхүйн гар холдов.

Би нүдээ ч хөдөлгөж чадахгүй, Шифүг л ширтэнэ.

Шифү ч над руу харж байлаа.

Царай нь цаас шиг цагаан.

Тэр уруулаа үл ялиг хөдөлгөн,

— Өнөөдрийн болсон зүйлийг түүнд хэлж болохгүй. Миний тухай ч юу ч битгий ярь. Энэ охин дэндүү тэнэг. Хэд хэд худлаа хэлчихвэл мартчихна, — гэв.

Шифү...

Би мартахгүй.

Зыхүй,

— Нэг тэнэг охины төлөө бүтэн нэг амьдралаа өгчихөөд, хийсэн зүйлээ нь өөрт нь мэдэгдэхийг ч хүсэхгүй байна гэж үү? Хохирч байна гэж бодохгүй байна уу? — гэв.

— Хмф... Чамд хамаагүй.

Шифү цээжээ дарж, хүйтнээр инээмсэглэв.

— Харин чи түүнийг урт насалж, сайхан амьдруулж чадахгүй бол чамайг зовоох боломж надад олон гарна шүү.

Ингэж хэлээд тэр эргэв.

Агуйн хананд түшин, нуруугаа хүчээр цэхэллээ.

Алхах нь хүртэл хэцүү байгаа нь харагдавч тэр юу ч болоогүй мэт тайван явсаар холдов.

Миний цээж ч бас хоосорчихсон мэт санагдав.

Юу ч бодож чадахгүй байлаа.

Ганцхан зүйл л ойлгомжтой байсан.

Би Шифүгийн хажууд байх ёстой.

Юу болсон ч.

Бидний хооронд ямар их цусан өшөө байсан ч.

Урьдын адил номынх нь хуудсыг эргүүлж, сэвүүрдэж, орыг нь хурааж, хувцсыг нь угааж өгөх ёстой.

Шифү явснаас хойш хэр удсаныг мэдэхгүй.

Гэнэт толгой дээр бүлээн гар хүрэв.

Зыхүй намайг илээд,

— Суллагд, — гэж хэллээ.

Бүх бие минь гэнэт сулран, яс хүртэл агаар орсон мэт хөнгөрөв.

Бие салганасаар дахин хөдөлж эхэллээ.

Би газар тогтсон их цусыг харав.

Хамар шархирч, нулимс асгарлаа.

— Шян?

Зыхүй гайхав.

— Чи үнэхээр...

Тэгээд ямар нэг зүйлийг ойлгосон мэт толгой дохилоо.

— Чи түүнтэй олон жил хамт байсан. Ямар нэг арга сурсан бололтой. Тийм болохоор дурсамжийг чинь дарсан лацыг эвдэж чаджээ.

Зыхүй гараа сунган намайг босгов.

— Энэ амьдралд хэт зууралдах хэрэггүй. Шифү чинь жирийн хүн биш...

Би түүнийг түлхээд гараас нь шүүрэн авч хамаг хүчээрээ хазлаа.

Ясыг нь хүртэл бут хазчихмаар санагдаж байв.

— Шифүгийн зүрхийг буцааж өг! Буцаагаад өг!

Би энэ үгийг дахин дахин хэллээ.

Аманд Зыхүйн цус, өөрийн нулимсны давслаг амт холилдоно.

Зыхүй намайг түлхсэнгүй.

Зөвхөн намуухан,

— Тэр хол явж чадаагүй байх. Жаахан хүлээгээд хамт очиж оршуулъя, — гэв.

Түүний бүлээн цус хоолой даган урсав.

Сүүлийн хэдэн өдөр хөшчихсөн мэт байсан бие минь тэр дороо сэргэх шиг болов.

Шифү...

Шифү...

Зыхүйн ярьсан зүйлсийг би ойлгохгүй.

Хагас бурхны зүрх гэж юу юм?

Цусан өшөө гэж юу юм?

Надад одоо хамаагүй.

Би ганцхан зүйлийг мэдэж байлаа.

Шифү одоо ганцаараа байгаа.

Цээж нь хоосон.

Ийм их цус алдчихсан.

Тэгээд хажууд нь асрах хүн ч байхгүй.

Би Зыхүйг дахиж тоосонгүй.

Шууд босож агуйгаас гүйлээ.

Олон өдөр бараг хөдөлөөгүй болохоор толгой бага зэрэг эргэнэ.

Гадагш гарч байж л энэ агуй хад асгаар хүрээлэгдсэн чулуун толгодын дунд байдгийг мэдэв.

Дээш гарах ганцхан замтай.

Тэр зам дагуу тод улаан цус дусалжээ.

Би цусны мөрийг даган гүйж,

— Шифү! Шифү! — гэж дуудсаар байлаа.

Эзгүй уулын салхи исгэрнэ.

Булан тойрон толгодын оройд гарахад Шифү тэнд хэвтэж байв.

Эргэн тойрон нь цус.

Цээж минь тэр дороо зангирч, дахиж тайлагдахгүй юм шиг болов.

Хоолой битүүрч, дуу ч гарч чадсангүй.

Би өмнө нь өвдөглөн суугаад арай ядан,

— Шифү... — гэж мэгшив.

Толгойг нь өргөн өвөр дээрээ тавилаа.

Хурууны үзүүрт нь хүрэхэд бие нь маш хүйтэн байв.

Шифү үргэлж бүхнийг ялж чаддаг баатар шиг хүчтэй байсан.

Гэтэл яагаад одоо ийм цонхийж, сул дорой болчихов?

Шифүгийн аниатай зовхи үл ялиг хөдөлснөө нээгдэв.

Нүдэнд нь миний ойлгохгүй сандрал гялсхийлээ.

Тэгээд санаа алдан,

— Тэнэг... — гэж шивнэв.

— Би тэнэг!

Би яаран,

— Бүгд надаас болсон... Бүгд миний буруу... — гэж давтан хэллээ.

— Тэнэг шавь... Нус чинь нүүрэн дээр минь дусаад байна. Бохир, муухай юм...

Шифү гараа өргөх гэж оролдсон ч талдаа хүрээд хүч нь барагдан буцаан уналаа.

Би гараас нь атгаж, нүүрээ наан уйлав.

Шифү санаа алдав.

— Арван жилийн өмнө Ян гэр бүлийг хядуулах нь миний санаа байгаагүй. Гэхдээ гуч гаруй хүний амь Шэнлин урсгалын гарт үрэгдсэн нь үнэн. Намайг буруутгамаар байвал буруутга.

— Би буруутгахгүй.

Би толгой сэгсэрлээ.

— Шифүг буруутгахгүй. Би Шифүтэй хамт Фэнсюэшань харш руу буцна. Номын хуудсыг чинь эргүүлж өгнө. Сэвүүрдэнэ. Хөл, нурууг чинь барина. Би... би дахиж хэзээ ч нөхөр хүсэхгүй. Надад зөвхөн Шифү хэрэгтэй. Хоёулаа буцъя. Гэртээ харья.

— Сонин юм даа...

Шифү тэнгэрийг нэвт харж байгаа мэт тайван харагдав.

Дуу нь улам сулрав.

— Би тэр чөтгөрийн урхинд ороогүй... Чамд ч ялагдаагүй...

Шифү шүдээ зуун,

— Зүгээр л хувь тавиланг ялж чадсангүй.

Тэр хэсэг амьсгаадав.

— Ялж чадахгүй юм бол... больё доо. Чи намайг аварсан. Би чамайг аварлаа. Өмнөх амьдрал... энэ амьдрал... бид...

Шифү үнэхээр ядарсан бололтой.

Нүдээ аажуухан аниад,

— Тооцоо тэнцлээ, — гэж шивнэв.

— Буцъя... Хоёулаа буцъя...

Надад үүнээс өөр хэлэх үг олдсонгүй.

Салхи бидний эргэн тойронд исгэрнэ.

Шифүгийн зүрхийг сугалчихсан төдийгүй минийхийг ч хамт авчихсан мэт санагдав.

Дотор минь тэр чигтээ хоосорчээ.

— Шян.

Хэр удаан Шифүг тэврэн сууснаа мэдэхгүй.

Гэнэт чанга дуу сонсогдов.

Зыхүй байлаа.

Тэр надаас хоёрхон алхмын зайд зогсоод аяархан,

— Би түүний хүслийг биелүүлнэ. Цаашдаа Шифүгийн чинь оронд чамайг асарна. Түүний чамд ханддаг байсан шиг хандана. Битгий ингэж гунигла, — гэв.

Би манарсан мэт түүн рүү харлаа.

Дараа нь Шифүгийн хоосорсон цээжинд гараа хүргэв.

Толгойд ганцхан бодол эргэлдэнэ.

Шифү сайн хүн биш байж болно.

Гэхдээ тэр надад сайн байсан.

Энэ ертөнцөд түүнтэй адил хүн байхгүй.

Дахиж хэн ч миний Шифү болж чадахгүй.

Дахиж хэн ч гараас минь атгаад Фэнсюэшань харш руу дагуулж явахгүй.

Би буцаж чадахгүй болсон...

Би Шифүгийн биеийг улам чанга тэврээд хэдэн алхам ухрав.

Уулын салхи чихэнд исгэрнэ.

Тэнгэр надаас улам холдон одно.

Бүх зүйл бүдгэрч байлаа.

Зөвхөн Шифүгийн хүйтэн бие л миний хажууд байв.

Би түүнийг хүлээнэ.

Үргэлж хүлээнэ.

Хэзээ нэгэн өдөр...

Нартай нэгэн үдээс хойш утлагын утаа намуухан суунаглах тэр мөчид түүний дууг дахин сонстол хүлээнэ.

“Шяо Шян Зы, нааш ир.”

Би нүдээ анилаа.

Ертөнц нам гүм болов.

Сүнс хураагчид намайг гинжлэв.

Би алхам алхмаар Үхэгсдийн ертөнц рүү чиглэх замаар алхлаа.

Алхам бүртэй хамт дурсамжууд минь эргэн ирэв.

Тэнгэрийн орон.

Үхэгсдийн ертөнц.

Юэ Лаогийн сүм.

Гүүр.

Мартагнуулах шөл...

Хэ хэ хэ...

Чү Кун...

Чи энэ удаа ёстой баллаж орхилоо!

Үнэхээр баллаж орхилоо!

18-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Долоон азгүй амьдрал18-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах