Долоон азгүй амьдрал

6-р анги

6-р анги

Сонсох

Шөнө хүйтэн байсан ч хөнжил дулаахан байлаа.

Лу Хай Куны өшиглөлтөд би нойрноосоо сэрэв. Хажууд минь тийчилж буй түүнийг хараад санаа алдлаа.

— Бас л эхэллээ дээ.

Нийслэлээс оргосноос хойш Лу Хай Кун шөнө бүр тайван унтаж чадахаа больсон. Унтаж байхдаа гэнэт тийчилж, хөлөөрөө өшиглөнө. Би хоёр хөлийг нь дарж тогтоогоод, тайвширсны дараа л гараа сулладаг байв.

Дэн буудлын цонхоор сарны гэрэл тусна. Тэр бүдэг гэрэлд Лу Хай Куны дух хүйтэн хөлсөөр бүрхэгдсэнийг олж харлаа.

Энэ жаал өдөр болохоор хүчтэй дүр үзүүлнэ. Харин шөнө болохоор бүхнийг нь илчилчих юм.

Хэчнээн тэвчээртэй царайлавч өөрийнхөө хар дарсан зүүдтэй тэмцэж дийлэхгүй ажээ.

Шөнө үлдсэн хугацаандаа тайван унтахын тулд би түүнийг тэвэрч авлаа. Толгойг нь зөөлөн илээд, бүүвэйн дуу шиг чихэнд нь дахин дахин шивнэнэ.

— Зүгээр ээ. Одоо зүгээр болсон.

Маргааш өглөө нь сэрэхэд Лу Хай Кун миний тэвэрт хэвээрээ байлаа. Тэгээд бүр хэдийн сэрчихсэн, над руу ширтэж суув.

Би эвшээлгэн:

— Яагаад намайг сэрээсэнгүй вэ?

Тэр тайван хариулав.

— Юнь Шян өнгөрсөн шөнө сайн унтаж чадаагүй. Өглөө арай удаан унтаг гэж бодсон юм.

Би амаа ангайсан чигтээ хөшчихөв. Үлдсэн хагас эвшээлт ч гарахаа больчихлоо.

Энэ хүүхэд чинь хүнээс илүү хүн боддог юм биш үү.

Өглөөний хоол авахаар гудамжинд гараад нэгэн лангууны дэргэд зогсов.

— Дөрвөн том мантуу өгөөч.

— За, хоёр зоос.

Худалдагч мантуунуудыг боож надад өгөв. Би мөнгөө гаргаж үзтэл ганц лян мөнгө, гурван зоос л үлджээ.

Миний хуримтлуулсан мөнгө!

Миний хайран мөнгө!

Умард зүг рүү ирэх энэ замд хамаг мөнгө минь далавч ургаад нисчихсэн мэт алга болжээ.

Санахаар л зүрх өвдөөд, өөрийгөө хэд өшиглөмөөр санагдав.

Би чинь үнэхээр Тэргүүн сайдын өргөөн дэх тав тухтай амьдралаа орхиод гарчихсан гэж үү?

Үнэхээр л зүгээр орхиод явчихсан!

Өөрийгөө нэг сайн алгадаад авмаар байлаа.

Шян аа, чи ер нь юуны төлөө ингэв ээ?

Хувиа хичээгээгүйнх үү?

Хайрын төлөө өөрийгөө золиосолсных уу?

Энэ үнэхээр чи мөн үү?

Юунд ингэж эрхэмсэг хүн болох гэж оролдов?

Юунд аврагч болох гэж зүтгэв?

Тэр чинь чиний хийх ёстой ажил мөн үү?

Мөн үү?

Үнэхээр мөн үү?!

Би бодолдоо бүрэн живчихсэн байснаа худалдагчийн дуунаар сая нэг ухаан оров.

— Бүсгүй минь, хоёр зоос шүү.

Би санаа алдаад хоёр зоос гаргаж өгөн, оронд нь дөрвөн мантуу авлаа.

Доош харвал Лу Хай Кун над руу ширтэж байв.

Түүний баруун нүдийг харах төдийд л саяын бодлуудаасаа жаахан ичих шиг болов. Би аргагүй инээмсэглэлээ.

Яалтай билээ. Би чинь угаасаа дэндүү сайхан сэтгэлтэй хүн юм даа.

Лу Хай Кунтай мантуу идэнгээ алхаж явахдаа би асуулаа.

— Жаал аа, бид умардын нутагт бараг хүрчихлээ. Одоо дахиад хэр хол явах юм?

Миний асуултыг сонссон Лу Хай Кун ахиад л гайхаж хоцров.

— Юнь Шян... чи үнэхээр юу ч мэдэхгүй мөртлөө надтай хамт хүрээд ирсэн юм уу?

Би мантууныхаа буланг чимхэн барьж байгаад хариулав.

— Тийм ээ. Би чинь тун гэнэн, юу ч ойлгодоггүй хүн шүү дээ. Юу ч мэдэхгүй. Чамд намайг дагуулж явах хэцүү л байсан байх. Гэхдээ замын үзэмж муугүй юм билээ. Чамайг хүргэж өгчихөөд би өөрөө явчихна аа.

Мэдээж би ёжилж хэлсэн юм.

Гэтэл Лу Хай Кун дэндүү бага байлаа.

Миний үгийг сонссон даруйдаа сандарч, гараас минь шүүрэн авав. Хуруугаа чанга атгуулан над руу ширтэнэ.

Уруул нь үл ялиг чичирч байсан ч ганц ч үг гаргаж чадсангүй.

Яг л тэр шөнө нохойн нүхэнд хавчуулагдан, хаашаа ч хөдөлж чадахгүй болсон үеийнх нь төрх.

Одоохондоо би Лу Хай Куны сэтгэлд ямар байр суурь эзэлдгээ мэдэхгүй байв.

Гэхдээ нэг зүйлийг ойлголоо.

Энэ жаалын сэтгэл замын турш харагдаж байсан шигээ огтхон ч тайван биш ажээ.

Зөвхөн эмзэг газрыг нь олж, тохирох хэдхэн үг хэлэхэд л хүчтэй, тайван дүр нь тэр дороо нуран унах юм байна.

Миний уурласандаа хэлсэн үг түүнд арай хэтэрчээ.

Би хэсэг түүнийг харснаа нөгөө гараараа толгойг нь илэв.

— Тоглосон юм аа. Умардын нутаг дэндүү хол байна. Би ганцаараа буцахаас айна шүү дээ.

Гарыг минь үхтэл атгаж байсан хуруунууд нь сая нэг сулрав.

Сэтгэл доторх сандралаа хүчээр дарсан Лу Хай Кун:

— Би Юнь Шянд гомдоогүй. Зүгээр л... Юнь Шян нэг зүйлийг мэдэх хэрэгтэй гэж бодсон юм. Би...

Цааш нь яаж тайлбарлахаа тэр мэдсэнгүй.

Чих нь унжиж, бүрэн бууж өгсөн мэт царай гаргаад над руу наалдав. Дараа нь гараа сунган, живж буй хүн хөвдөг модноос зуурч байгаа мэт намайг чанга тэвэрлээ.

— Хожим би заавал Юнь Шянтай хамт гэртээ харина. Тэгвэл Юнь Шян дахиж айх хэрэггүй болно.

Тэнэг жаал аа.

Би Тэнгэрийн ертөнцөөс Үхэгсдийн ертөнц рүү, тэндээс Хүний ертөнцөд хүртэл ирчихсэн хүн.

Юунаас ч айж байгаагүй.

Ийм жаахан замаас айх уу?

Энэ хүүхэд үнэхээр хууртахдаа амархан юм.

Би Лу Хай Куныг өөрөөсөө салгав.

— Мантуу идсэн гараараа над руу битгий наалдаад бай. Ам чинь тос болчихсон байна. Хувцсыг минь завааруулчихна шүү. Умардын нутаг хүйтэн, хувцас ч үнэтэй. Бохирдвол солих хувцсаа хаанаас авах юм?

Намайг тэвэрсэн жижигхэн гар агшин зуур хөшив.

Гэвч тэр салсангүй. Харин ч нүүрээ хувцсанд минь улам шигтгэж, бүдэгхэн дуугаар:

— Болно оо... Юнь Шян удахгүй зовох зүйлгүй амьдарна. Ингэж хэсүүчилж явах хэрэггүй болно. Тун удахгүй.

Түүний үгийг сонсоод сэтгэл нэг л хачин болов.

Уг нь би өмнө нь яг тийм амьдралаар амьдарч байсан юм шүү дээ!

Гурав хоногийн дараа бид хилийн нутгийн хамгийн том хот болох Лу Лян хотод хүрэв.

Энэ хот мөн улсын хамгийн том цэргийн түшиц газруудын нэг байлаа.

Хотод орсныхоо дараа би дэн буудал хайхаар завдаж байтал Лу Хай Кун гараас татав.

Зам зуур тэр хүмүүсээс байн байн чиг асууж явсан бөгөөд эцэст нь бид хотыг хамгаалагч жанжны өргөөний өмнө ирлээ.

Би түүнийг чанга барьж аваад:

— Чи арай энд хүртэл алхаж ирчихээд өөрийгөө тушаах гэж байгаа юм биш биз дээ?! Хааны ордны хүмүүсийн гарт өөрөө оръё гэж үү? Амьд явах хүсэлгүй болчихсон юм уу?!

Лу Хай Кун арга нь барагдсан янзтай хариулав.

— Юнь Шян, миний авга энд амьдардаг.

Өө, төрөл саднаасаа тусламж хүсэх гэж ирсэн юм байна.

Гэхдээ энэ хамаатан нь жирийн хүн биш бололтой.

Бүх умардын нутгийг хамгаалан суудаг цорын ганц жанжин гэдэг нь баруун хойд нутгийн энэ их газрыг бүхэлд нь хариуцдаг гэсэн үг.

Цаашдын амьдрал маань нэг юм баталгаатай боллоо гэж бодох төдийд миний сэтгэл сэргээд ирэв.

Толгойгоо өндөр өргөн хаалга руу шууд алхахад Лу Хай Кун намайг татаж ч чадсангүй. Тэр цээж хавиараа ямар нэг зүйл тэмтэрч эхлэв.

Харин би Тэргүүн сайдын эрх охин байсан үеийнхээ төрхөөр хаалганы өмнө зогсоод:

— Хөөе! Танай хамгаалагч жанжныг гараад ир гэж хэл!

Хоёр харуул над руу нэг хараад л өнгөрөв.

Тэгээд яг хоёр чулуун хөшөө шиг хөдөлгөөнгүй зогсон, намайг үл тоолоо.

Би хөмсгөө өргөв.

Лу Хай Куны авга чинь бас ч гэж чадалтай хүн юм. Хоёр харуулаа тун сайн сургасан байна.

Би ахиад юм хэлэх гэж байтал Лу Хай Кун ханцуйнаас татав.

Тэр цээжнээсээ ногоон даавуу гаргаж ирээд хуулж автал дотроос нь алт гялсхийн, нүд гялбав.

Дараа нь Лу Хай Куны тайван, тогтуун дуу сонсогдов.

— Их жанжны цэргийн жанжны тэмдэг энд байна. Энэ тэмдгийг харсан нь эзнийг нь харсантай адил. Танай хамгаалагч жанжинтай уулзъя.

Би Лу Хай Кун руу эргэж харав.

Жаал аа!

Чи шөнө бүр унтахдаа гараа цээжин дээрээ тавьж унтаад байдгийн учир энэ байсан юм уу?!

Ийм чухал зүйл нууж яваагаа надад огт хэлээгүй байна шүү дээ!

Яагаад?

Ядуурсандаа би ухаан алдаж, энэ алтан тэмдгийг чинь аваад барьцаанд тавьчихна гэж айсан юм болов уу?

Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Нас бага ч энэ хүүхэд хүнийг танихдаа тун сайн ажээ.

Алтан тэмдгийг харсан даруйд хоёр харуулын царай хувьсхийв.

Тэд бие бие рүүгээ нэг харахад нэг нь өргөө рүү яаран орлоо. Нөгөө нь бөхийж:

— Доод албат жанжинд мэндчилж байна. Танихгүй мунхагласныг минь өршөөнө үү.

— Хамгаалагч жанжин өргөөндөө байгаа юу?

— Аль хэдийн мэдээ хүргэсэн.

Бид энд дахиад хэр удаан зогсох бол гэж би бодож амжаагүй байтал дотроос хурдан алхах чимээ сонсогдов.

Амьсгаагаар нь сонсоход саяхан бэлтгэл хийж байсан бололтой.

Дотогш орсон харуул эргэж гарч ирэв. Түүний араас хуяг дуулга өмссөн нэгэн эр алхаж байлаа.

Царайлаг юм.

Залуу үеийн Лу Хай Куны эцгийг харж байгаа мэт бага зэрэг төстэй.

Энэ хүн л Лу Хай Куны авга байх.

Тэр гартаа сэлмээ барьсан хэвээр, толгойдоо дуулгатай байв. Хөлс нь тоостой холилджээ.

Бэлтгэл хийж байснаа мэдээ сонсоод шууд яаран гарч ирсэн бололтой.

Лу Хай Кун хуягт эр рүү ширтэв.

Харцанд нь үгээр хэлэхийн аргагүй олон мэдрэмж хуралджээ.

Би ойлгосонгүй.

Төрөл садандаа хоргодохоор ирсэн юм бол уулзсан даруйдаа гүйж очоод бие биеэ чанга тэвэрмээр юм биш үү?

Гэтэл хэн ч хөдөлсөнгүй.

Удаан хугацаанд нам гүм үргэлжилсний эцэст авга нь түрүүлж ам нээв.

— Лу Хай Кун.

Дуу нь гүн байлаа.

Нийслэлийн эрчүүдээс сонсож байгаагүй өнгөтэй. Нас бие гүйцсэн эрийн нам, бат хоолой боловч сөөнгө биш.

Сонсох төдийд л эр хүний сүр жавхаа мэдрэгдэж, нүд чих минь хүртэл сэргэх шиг.

— Авга аа.

Лу Хай Кун ганцхан үг хэлэв.

Гэнэт ханцуй минь татагдахыг мэдэрлээ.

Доош харвал Лу Хай Кун миний ханцуйг тас атгачихсан байв.

Тэр дэндүү их сандарсан тул хөдлөх ч зүрхгүй байгаа мэт.

Би нөхцөл байдлыг нухацтай бодож үзлээ.

Биднийг нийслэлээс оргосон тухай мэдээ өдийд умардын нутагт аль хэдийн хүрсэн нь гарцаагүй.

Хааны ордон биднийг ил тод эрээгүй ч нууцаар эрэн сурвалжилж байгаа нь лавтай.

Ялангуяа энэ умардын хил дээр.

Лу Хай Куныг эцэст нь энд ирнэ гэдгийг тэд таамагласан л байж таарна.

Лу Хай Кун ч өөрийн нөхцөл байдлыг мэдэж байсан.

Гэхдээ ирэхгүй байж чадаагүй.

Учир нь түүнд очих өөр газар байгаагүй.

Одоо тэр амьдралдаа огт уулзаж байгаагүй авгынхаа өмнө зогсож байна.

Нөгөө хүн нь ямар хүн болохыг тэр огт мэдэхгүй.

Гэсэн ч өөрийн хувь заяаг энэ хүний гарт даатгахаас өөр аргагүй.

Авга нь ердөө л “барь” гэж нэг үг хэлэхэд бид хоёр нийслэл рүү буцаагдан хүргэгдэхийг хүлээхээс өөр юу ч хийж чадахгүй.

Лу Хай Кун амь, үхлээ дэнчин тавьжээ.

Амьд үлдэх өчүүхэн найдварын төлөө өөрийн амийг мөрийдсөн хэрэг.

Зүрхэнд минь ахиад л учир нь үл ойлгогдох тавгүй мэдрэмж төрөв.

Амьдрах уу, үхэх үү гэдэг сонголтын өмнө энэ жаал амьд үлдэх ганцхан боломжийг эрж байна.

Маргааштай золгохын тулд өөрт байсан бүх найдвар, бүх зоригийг нэг дор гарган тавьжээ.

Би түүний зангидсан жижигхэн нударгыг атгав.

Тэгээд бид хоёр юу ч хэлэлгүй өмнөх эр рүү хамтдаа ширтлээ.

Авга нь удаан харснаа хэлэв.

— Сэтгэлдээ тэнгис багтааж, харцаараа тэнгэрийг тольдох... Ах минь чамд үнэхээр сайхан нэр өгчээ.

Тэгээд тэр инээмсэглэн шатаар бууж ирлээ.

Нэг гараараа Лу Хай Куныг тэвэрч аваад нурууг нь нижигнэтэл хэд алгадав.

— Сайн хүү. Урт замд их ядарсан биз дээ.

Түүний тэр хоёр алгадаан яг миний зүрхэн дээр буусан мэт санагдав.

Ийм хүчтэй алгадаад байвал Лу Хай Кун цусаар бөөлжчих вий гэж хүртэл айлаа.

Туранхай Лу Хай Кун руу харвал нүд нь аль хэдийн улайж, нулимс дүүрчээ.

Гэвч тэр уйлахгүй гэж тэсэж байв.

Шүдээ зуун:

— Ядраагүй... Зүгээр л аав... аав, ээж хоёр...

Авга нь толгойг нь илэв.

— Би мэднэ ээ.

Лу Хай Кун нүдээ анив.

Тэгэхэд л нүдэнд нь тогтож байсан нулимс эцэстээ хацрыг нь даган урслаа.

Тэр явдал болсноос хойш Лу Хай Кун бусдын өмнө анх удаа уйлж байгаа нь энэ байв.

Харин тэр мөчид миний сэтгэлд тайлбарлахад бэрх нэгэн хоосрол төрлөө.

Түүнд түшиж тулах өөр хүн олдсонд биш.

Харин би нэг зүйлийг гэнэт ойлгосон юм.

Сүн эцэг жанжны гэр бүлийг бүхэлд нь галд шатааснаас хойш Лу Хай Кун Сүн Юнь Шянд бага насных шигээ дахин хэзээ ч хандаж чадахгүй.

Урьдынх шигээ ямар ч тээнэгэлзээгүй, цэвэр сэтгэлээр Сүн Юнь Шянд итгэж чадахгүй.

Надад түшиглэсэн сэтгэл байж болно.

Хүндлэл ч байж болно.

Бүр хайр ч байж мэднэ.

Гэхдээ бидний дунд нэгэнт ан цав үүсжээ.

Энэ хүүхэд хүчтэй.

Гэхдээ бас эмзэг.

Ухаалаг атлаа дэндүү мэдрэмтгий нэгэн байлаа.

6-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Долоон азгүй амьдрал6-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах