Тэр шөнө Лу Хай Кун авга ахтайгаа үүр цайтал ярилцав.
Харин би өрөөндөө буцаж, сайтар усанд орлоо. Тэгээд хэдэн өдрийн турш үзээгүй хамгийн тухтай нойроо авсан юм.
Тэгээд дараа нь...
Дараа нь гэх юм болсонгүй.
Маргааш нь Лу Хай Куны авга Лу Лань хааны ордноос илгээсэн түшмэлийг баривчлав.
Тэр хуучин эзэн хааны талд зогсож, урвагчдыг ил тод цээрлүүлж эхлэв. Үүгээр ч зогсохгүй шинэ эзэн хааныг эсэргүүцэн тугаа мандууллаа.
Удалгүй өмнөд нутгийн олон хүн түүнийг дагажээ.
Тэр өдрөөс хойш Лу Хай Кун бүх амьдралаа өшөө авах өдөрт зориулсан мэт болов.
Нас бага атлаа инээмсэглэл нь үгүй болжээ. Өдөржин тулааны урлаг давтаж, эрдэм ном үзнэ. Үлдсэн бүх цагаа авга ахынхаа дэргэд өнгөрүүлдэг болов.
Харин би Лу Лян хотын алдартай нэгэн дарсны газарт бүр дурлачихав.
Дарс зардаг Лань Шян үзэсгэлэнтэй бэлэвсэн бүсгүй байлаа. Түүний гар үнэхээр ид шидтэй мэт. Исгэсэн дарс нь Тэнгэрийн ертөнцөд миний ууж байсан дарснаас ч илүү амттай.
Мэдээж тэр үед би ядуу байсан болохоор Тэнгэрийн ертөнцийн сайн дарсыг авч чаддаггүй байсантай ч холбоотой байж мэднэ.
Өргөөн дэх амьдрал надад таалагддаггүй байлаа. Хаа сайгүй түгшүүртэй, хүн бүр нь хэт болгоомжтой.
Тиймээс сэрсэн даруйдаа дарсны газар руу явна. Тэнд сууж дарс уунгаа бусдын яриаг чагнана.
Хааяа нэлээд халчихвал эзэн Юй Лянь Шянтай сээтэгнэж, наалдан эрхлэхийг ч орхихгүй.
Лань Шян тэгэх бүрд инээгээд:
— Чи эрэгтэй хүн байсан бол ийм садар зан гаргасных чинь төлөө аль хэдийн нэг сайн нүдчихсэн байх байлаа!
Тэгэхэд нь би үргэлж санаа алддаг байв.
— Лань Шян шиг ийм дөлгөөн бүсгүйтэй учрахаа мэдсэн бол эрэгтэй хүн болж дахин төрөхийн тулд бүх хүчээ зориулдаг байж дээ.
Хэрэв би эрэгтэй хүн болж төрсөн бол Ли Тэнгэрийн хаан намайг тэр новшийн Чү Кунтай хүчээр холбож чадахгүй байх байсан.
Би энэ аргыг сэтгэлдээ чимээгүйхэн тэмдэглэж авлаа.
Намайг хорин настай болоход Лу Хай Куны өшөө авах хүсэл өчүүхэн ч буураагүй байв.
Харин умардын цэргийн хүч өдрөөс өдөрт зузаарсаар.
Өргөөнд байх надад улам л хэцүү болж, өдөр бүр гадуур хэссээр нар жаргасны дараа л буцдаг болов.
Тэр өдөр ч мөн адил нар шингэх үед өргөөндөө буцлаа.
Гэвч хаалганы өмнө ирээд би гайхав.
Хаалга өөрөө онцгой зүйлгүй. Харин олон зочин алсаас зорин ирж, бэлэг сэлт барин дотогш орж байлаа.
Тэр дүр зургийг хараад л өнөөдөр жирийн өдөр биш гэдгийг санав.
Лу Хай Куны арван таван насны төрсөн өдөр!
Би хоосон гараа харлаа.
Толгойгоо маажаад хэсэг зогссоноо эргэж, Лань Шяны дарсны газар руу алхав.
Намайг очиход Лань Шян хаалгаа хаах гэж байлаа. Тэр намайг хараад гайхан:
— Яагаад буцаад хүрээд ирэв?
Уг нь би нэг шил дарс дүүргүүлээд авч явах гэсэн юм.
Гэвч өнөөдөр Лу Хай Кун надтай сууж хууч хөөрөх завгүй гэдгийг саналаа.
Би олон янзын бодолд дарагдан санаа алдав.
— Миний өөрийн гараар өсгөсөн жаал бусадтайгаа явчихлаа. Хувь тавилан дандаа л надаар тоглох юм даа.
Лань Шян юу ч асуусангүй.
Зүгээр л инээмсэглээд:
— Амьдралын арван зүйлийн найм нь санаснаар болдоггүй юм шүү дээ. Дотогш орох уу?
Би тэр дороо Лянь Шян руу ухасхийн очиж тэвэрлээ.
— Миний бяцхан Лян Шян л намайг хамгийн сайн ойлгох юм! Нэг үнсье!
— Ичгүүргүй амьтан! Орой болчихлоо. Би чамд цай чанаж өгнө. Дахиж дарс уухгүй шүү!
Лянь Шяныг ус буцалгахаар явсан хойгуур би сэмхэн нэг шил дарс хулгайлж авав.
Тэгээд томоор балгалаа.
Тэр балга л хамаг ухааныг минь манаруулчихав.
Лань Шян цайгаа бариад эргэж ирэхэд би хэдийн ширээн дээр тэрийн уначихсан байлаа.
Ухаан бүрэн тасраагүй.
Лань Шян намайг загнаж байгааг сонсож байсан ч бие минь аль хэдийн миний үгэнд орохоо больжээ.
Тэр мөчид ердөө хэдхэн зуун жилийн бясалгалтай байсан ч Үхэшгүйн биеэ үнэхээр саналаа.
Хэзээ ч согтдоггүй бие яг одоо ямар хэрэгтэй байх байсан бол!
Ширээн дээр хэр удаан хэвтсэнээ мэдсэнгүй.
Гэтэл гэнэт сандарсан дуу сонсогдов.
— Юнь Шян!
Би хамаг хүчээ шавхан нэг нүдээ нээлээ.
Лу Хай Кун дарсны газрын хаалгыг түлхэн орж ирээд, над руу яаран алхаж байв.
— Аан?
Ухаан минь манарсан хэвээр ч би хүчээр өндийж суулаа.
— Жаал аа, намайг хайж хүрээд ирэв үү?
Одоо Лу Хай Кун надаас бараг хагас толгой өндөр болжээ.
Тэр над дээр ирэн доош сууснаа асуултыг минь үл тоов. Харин гарыг минь атган хэсэг чимээгүй байлаа.
Сэтгэл нь арай тайвширсны дараа намуухан хэлэв.
— Өнөөдрийн тухай би зөвхөн авгадаа л хэлсэн юм. Тэр олон хүн хүрээд ирнэ гэж бодоогүй. Юнь Шян олон хүнтэй газар дургүйг би мэднэ. Өргөөний харуулууд таныг эргэж ирээгүй гэсэн. Харин хаалганы харуул таныг нэг ирээд, дахиад явчихсан гэж хэлсэн. Би... таныг уурлачихсан юм болов уу гэж...
Нас залуу ч Лу Хай Кун аливаа хэргийг зохицуулахдаа авгаасаа дутахааргүй болсон байлаа.
Гэтэл өнөөдөр хэдхэн үг тайлбарлах гэж хичээхдээ хүртэл өгүүлбэрээ олигтой холбож чадахгүй сандарчээ.
Би инээд алдаад гараа савчив.
— Юундаа ингэж сандарсан юм? Би одоо чамайг зодож ч дийлэхгүй болсон шүү дээ.
Лу Хай Кун хэсэг над руу ширтсэнээ үл ялиг инээв.
— Юнь Шян надад хэзээ ч хатуу ширүүн хандаж байгаагүй.
Тэр үед чи намайг байтугай сүүдрийг минь ч санахгүй байсан биз дээ.
Би энэ сэдвийг цааш үргэлжлүүлсэнгүй.
Халаасаа ухаж үзсэн ч бэлэг болгоод өгчихөөр олигтой юм олдсонгүй.
Эцэст нь уур хүрээд хоёр зоос гаргаж ирэв.
— Май. Төрсөн өдрийн мэнд. Өөр юу өгөхөө үнэхээр мэдэхгүй байна.
Лу Хай Кун хоёр зоос руу хараад зүүн нүдээ хэд анивчив.
— Надад өгч байгаа бэлэг үү?
Би тэр дороо сэрэмж аваад мөнгөний уутаа чанга атгалаа.
— Зөвхөн энэ хоёр шүү. Өөр байхгүй.
Тэр хэсэг хөшиж орхив.
Дараа нь хоёр зоосыг алмайран харснаа бага зэрэг гомдсон янзтай:
— Юнь Шян, та үнэхээр харамч юм аа.
Гэсэн ч хэлсэн үгээсээ зөрөлгүй өнөөх хоёр зоосыг дуулгавартайгаар энгэртээ хийлээ.
Би мөр рүү нь нэг хараад:
— Энэ хорвоод үнэгүй юм байдаггүй шүү. Намайг үүрээд харь. Алхмааргүй байна. Үнэхээр их ядарчээ.
Лу Хай Кун мэдээж татгалзсангүй.
Дуулгавартайгаар намайг нуруундаа үүрээд гадагш алхав.
Гэтэл би гэнэт нэг юм саналаа.
— Шян Шян аа! Мөнгө хэрэгтэй бол Умардын хамгаалагч жанжны өргөөнд ирээрэй! Тэнд мөнгө маш их бий шүү!
Дарсны газраас гараад л Лу Хай Кун ганцаараа ирснийг анзаарлаа.
Одоогийнх нь байр суурийг бодвол шөнө ганцаараа гадагш гарах үнэхээр аюултай.
Би толгойгоо мөрөн дээр нь тавиад:
— Юуны өмнө өөрийгөө хамгаалж сур. Тэгээд дараа нь бусдыг бод.
— Би таныг ч бас хамгаалах ёстой.
Лу Хай Кун бага зэрэг бахархсан өнгөөр:
— Би одоо Юнь Шяныг маш сайн хамгаалж чадна.
Би цааш юм хэлсэнгүй.
Буцах замд зөвхөн Лу Хай Куны жигдхэн алхах чимээ сонсогдоно.
Замынхаа талд хүрэх үед тэр гэнэт асуув.
— Юнь Шян... өнөөдөр яагаад... яагаад ийм их дарс уусан юм бэ? Сэтгэл тань тавгүй байсан юм уу?
— Дарс нь амттай байсан. Би сэтгэлээр унаагүй ээ.
Би дахин мөрөн дээр нь налав.
— Зүгээр л амьдралаа жаахан эргэцүүлсэн юм. Цаг хугацаа үнэхээр хурдан юм даа. Өдөр сар нүд ирмэхийн зуур өнгөрчих юм.
Лу Хай Куны алхам гэнэт зогсов.
Би толгойгоо мөрөн дээр нь жаахан хөдөлгөж, унтахад тухтай байрлал оллоо.
— Өнгөрсөн үеэ жаахан бодчихлоо.
Хүний ертөнцийн хүмүүс Тэнгэрийн ертөнцийн амар тайван, жаргалтай өдрүүдэд атаархдаг нь аргагүй юм.
Миний үгийг сонссон Лу Хай Кун хэсэгтээ хөдөлсөнгүй.
Намайг зүүд нойрны заагт орох үед түүний бүдэгхэн дуу сонсогдох шиг болов.
— Уучлаарай, Юнь Шян.
Би зүүдэлсэн үү?
Эсвэл үнэхээр хэн нэгэн сэтгэлдээ гэмшиж байсан уу?
Үүнийг мэдсэнгүй.
Лу Хай Куны төрсөн өдрөөс хойш нөхцөл байдал улам түгшүүртэй болов.
Хааны ордон умардын цэргийн хүч нэмэгдэж байгааг цаашид үл тоож чадахаа больжээ.
Эзэн хаан бүх цэргээ хөдөлгөн умардыг довтлохоор бэлтгэж байгаа гэсэн цуу тархав.
Сүн эцэг нийслэлд хяналтад байсан тул хотоос гарах боломжгүй байлаа.
Лу Хай Кун ч завгүй болсноос би барааг нь ч харахаа больжээ.
Лу Хай Кун намайг юу гэж боддгийг би мэдэхгүй.
Бас би өөрөө түүнийг яг юу гэж боддогоо ч мэддэггүй байв.
Миний хувьд Лу Хай Кун үргэлж бодит бус нэгэн мэт санагддаг байлаа.
Тэр бол ердөө Чү Куны Хүний ертөнцөд түр саатсан нэгэн амьдрал.
Дараагийн удаа Мартахуйн шөлийг уусны дараа Лу Хай Кун гэх хүн энэ хорвоод дахин хэзээ ч оршихгүй.
Би өдөр бүр Лань Шяныхд улам удаан суудаг болов.
Үргэлж хагас согтуу болтлоо дарс ууж байгаад л өргөөндөө харьж унтана.
Анхны цас орсон өдөр ч би урьдын адил дарсны газар очив.
Гэхдээ тэр өдөр нэг л зүйл өөр байлаа.
Би юу ч гэж гуйсан Лань Шян надад дарс өгөхгүй гүрийв.
Үнэхээр дургүй хүрсэн тул халаасанд байсан бүх мөнгөө ширээн дээр асгаад хашхирлаа.
— Надад мөнгө байна! Хар даа, мөнгөтэй байгаа биз дээ! Дарс өг!
Лань Шян тайвнаар:
— Дарс уух гээд байгаа юм уу? Тэгвэл зооринд ороод өөрөө аваад ир.
Би ганц ч хором эргэлзсэнгүй.
Тэр дороо босож, мөнгөө халаасандаа буцаан хийгээд арын хашаагаар дамжин газар доорх зоорь руу шууд явлаа.
Зооринд хөл тавих төдийд аварга том гар намайг шүүрэн татаж, амыг минь таглав.
Бүдүүн эрийн сөөнгөдүү хоолой чихний дэргэд сонсогдов.
— Дуу гаргаж болохгүй.
Яг л намайг аль хэдийн хашхирчихсан мэт сүртэй сануулж байна.
Би нүдээ хэд анивчин, эсэргүүцэхгүй гэдгээ илэрхийллээ.
Намайг дуулгавартай байгааг хараад тэр гараа авч, өвдөг сөхрөн толгой бөхийлгөв.
— Авхай, бүдүүлэг авирласныг минь өршөөнө үү.
Намайг “авхай” гэж дуудмагц бүхнийг ойлгов.
Сүн эцэг явуулжээ.
Хар хувцастай эрийн цаана нэгэн эрдэмтэн зогсож байлаа.
Умардын энэ хүйтэнд хүртэл гартаа дэвүүр барьчихсан байх юм.
— Өө, та хоёр байсан юм уу. Эрдэмтэн Чин Шань, Хэй Ү. Сайн сууцгааж байв уу?
Нэг нь тулааны хүч, нөгөө нь ухаан.
Энэ хоёр Сүн эцгийн төлөө олон жил ажилласан хүмүүс.
Хэй Ү гардан хийх ажлыг хариуцдаг.
Харин хар зүрхтэй эрдэмтэн Чин Шань Сүн эцэгт улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулах арга ухаан заадаг байлаа.
Таван жилийн өмнө Лу Хай Куны гэр бүлийг сүйрүүлэхэд ч тэр багагүй үүрэг гүйцэтгэсэн.
Өнөөдөр энэ хоёр умардын нутагт өөрсдөө хүрээд ирсэн нь аав намайг заавал буцаахаар шийдсэний шинж байв.
Үнэхээр ч Чин Шань дэвүүрээ аяархан сэвэн хэллээ.
— Авхай биднийг одоо хүртэл санаж байгаа нь нэр төрийн хэрэг. Өнөөдөр бид Тэргүүн сайдын үгийг уламжлахаар ирлээ.
Би тэр даруй хоёр чихээ таглаад нуруугаа харуулав.
— Битгий хэл. Би сонсмооргүй байна.
Хэй Ү босож ирээд мөрнөөс минь барив.
Чин Шань инээмсэглэн:
— Тэргүүн сайд таныг хангалттай тоглолоо, одоо гэртээ харих цаг болсон гэж хэлсэн. Эзэн хаан танд сүй тавьсан. Гуравдугаар хунтайжтай.
Сонсохыг хүсээгүй ч өнөөх үгс чихэнд минь яах аргагүй хүрлээ.
Би ганхан эргэж, тэр хоёр руу ширтэв.
— Шинэ эзэн хаан сууснаас хойш гурав дахь хүү нь амьд байгаа юм уу? Тэр чинь мунхаг нэгэн биш бил үү?! Аав намайг түүнтэй гэрлүүлэх гээд байгаа юм уу? Тэгээд би Лу Хай Кунтай аль хэдийн сүйтэй биш гэж үү?
Би толгой сэгсрэв.
— Аав... аав намайг хайрлахаа больчихож.
Хэй Ү мөрнөөс минь гараа авч:
— Авхай, үгээ цэгнэнэ үү.
Эрдэмтэн Чин Шань санаа алдлаа.
— Авхай маш удаан хугацаанд гэрээсээ хол байсан болохоор Тэргүүн сайдын нөхцөл байдлыг мэдэхгүй байна. Таныг явснаас хойш эзэн хаан Тэргүүн сайдыг хэд хэдэн удаа байцаасан.
— Одоо дайн тулааны цаг. Нийслэлийн эрх мэдлийг Тэргүүн сайдын гарт үлдээхээс өөр арга эзэн хаанд байхгүй. Гэхдээ таны явдлаас болж эзэн хаан аль хэдийн түүнийг сэжиглэж эхэлсэн.
Чин Шань дэвүүрээ хумин үргэлжлүүлэв.
— Өчүүхэн ч сэжигтэй зүйл олдвол Тэргүүн сайдын хувь тавилан жанжныхаас ялгаагүй болно. Авхай та түүний охин. Эцгийнхээ нөхцөл байдлыг ч бодох хэрэгтэй. Нийслэлд буцаж, гуравдугаар хунтайжтай гэрлэвэл...
— Болно. Цааш нь битгий ярь.
Би ууртайгаар үсээ маажлаа.
— Надад хэд хоног бодох хугацаа өг.
Хэй Ү тэвчээргүйхэн хөмсгөө зангидлаа.
— Бидэнд хойшлуулах хугацаа алга.
Угаасаа сэтгэл тавгүй байсан надад энэ үг бүр ч уур хүргэв.
— Хэрэв өнөөдөр намайг хүчээр аваад явбал аавд очоод та хоёрыг өдөр бүр намайг тамласан, доромжилсон, зодсон гэж хэлнэ шүү! Би амьд байгаа цагтаа та хоёрыг нэг ч өдөр тайван амьдруулахгүй!
Хэй Үгийн царай тэр дороо цонхийв.
Миний “үймээн таригч чөтгөр” гэсэн хоч бас хэрэгтэй юм байна шүү.
Эрдэмтэн Чин Шань инээмсэглэв.
— Авхай уурлах хэрэггүй. Бид таныг хүчлэх бодолгүй. Харин бидний хэлсэн үгийг сайтар тунгааж үзнэ үү.
Тэр хэсэг азнаад:
— Юу ч болсон Тэргүүн сайд таныг үргэлж хамгаалж, түшиж ирсэн эцэг тань шүү дээ.
Энэ үг яг л мөс чанарыг минь хатгах мэт болов.
Сүн эцэг бусдад олон муу зүйл хийсэн нь үнэн.
Гэхдээ надад хэзээ ч муу хандаж байгаагүй.
Би уруулаа жимийгээд тэвчээр алдсан өнгөөр:
— Гурав хоногийн дараа, хэрэв та нартай явъя гэж шийдвэл өмнөд хаалган дээр хүлээж байна. Хэрэв намайг байхгүй бол цааш хүлээх хэрэггүй. Буцаад аавд намайг ачлалгүй охин гэж хэлээрэй.
Хэй Ү юм хэлэхээр завдсан ч Чин Шань түүнийг хориглов.
Тэгээд инээмсэглэн:
— Гурав хоногийн дараа бид Авхайг өмнөд хаалган дээр хүлээж байя.
Би зоориноос гарч ирээд гэмшил дүүрэн царайтай Лань Шянтай таарав.
Би түүнд:
— Чи аавын хүсэлтээр намайг харж байсан. Бас аавын төлөө энэ бүхнийг надаас нуусан. Гэхдээ энэ олон жилийн турш намайг үнэхээр халамжилсан шүү дээ. Өөрийгөө буруутгах хэрэггүй.
Тэр өдөр би өргөөндөө урьдынхаас эрт буцав.
Харуулууд намайг хараад жаахан гайхлаа.
Харин Лу Хай Кунтай уулзъя гэж хэлэхэд бүр ч их гайхав.
Аргагүй дээ.
Би хэзээ ч өөрөө түрүүлж хэн нэгнийг хайж очиж байгаагүй.
Гайхсан ч тэд Лу Хай Куны хаана байгааг надад хэлсэнгүй.
Би дотроо түүнийг ямар нэгэн чухал хэрэг хийж байгаа байх гэж бодов.
Гэтэл танхимын ойролцоо очиход Лу Ланийн цээлхэн инээд сонсогдлоо.
— Хай Кун, миний өргөмөл охиныг харсан уу? Ухаантайгаас гадна тулааны урлагт ч чадварлаг. Чамтай тун тохирохгүй гэж үү? Тэргүүн сайдын тэр охинтой харьцуулахад хамаагүй дээр биш үү?
Лу Лань ингэж асуух үед өнөөх “өргөмөл охин” нь энд байгаагүй нь мэдээж.
Тэр хоёр яриандаа хэт автсан тул намайг ч анзаарсангүй.
Би танхимын гадна чимээгүй зогсов.
Доорх чулуун шалыг ширтэн удаан хүлээсэн ч Лу Хай Куны хариу ер сонсогдсонгүй.
Тайлбарлаж мэдэхгүй нэгэн мэдрэмж зүрхэнд гэнэт оргилов.
Анх эргээд явчихъя гэж бодож байсан ч хөл минь хөдөлсөнгүй.
Би уруулаа цорвойлгон, хамраараа нэг дуугарч байгаад босго алхлаа.
— Хөөх, хоёр эмэгтэйн хэн нь дээр вэ гэж эзгүйд нь ингэж ярилцах чинь шударга биш шүү. Өнөөх “өргөмөл охиноо” энд авчраад надтай зэрэгцүүлж зогсоогоод үз л дээ. Тэгээд хэнийх нь юу илүүг ил тод харьцуулъя. Тэгвэл шударга биз дээ?
Лу Хай Кун цочив.
Тэр гайхан толгой эргүүллээ.
— Юнь Шян...
Саяын удаан дуугүй байсныг нь санах төдийд уур минь гэнэт дүрэлзэв.
Очоод нэг сайн цохиод авмаар санагдсан ч саарал болсон баруун нүдийг нь хараад гар хүрч чадсангүй.
Тиймээс оронд нь газар хэд хүчтэй дэвслээ.
— Дуугүй бай! Чи намайг тэр эмэгтэйгээс дор гэж хэлэх гээд байгаа юм уу?!
Уур минь улам оргилж, би чангаар хашхирлаа.
— Ач санахаа мэддэггүй амьтан! Надаас хол бай! Дахиж нүдэнд минь битгий үзэгд!
Лу Хай Куны нүүрнээс бүх өнгө тэр дороо ариллаа.
Тэр мөчид л би юу хэлчихсэнээ ойлгов.
Сэтгэлийг нь хутгаар зүсэхээс дутахгүй үг байжээ.
Би яаран амаа тагласан ч аль хэдийн оройтсон байв.
Лу Хай Куны цонхийсон царай, уй гашуугаар дүүрсэн харцыг харахад зүрхэнд минь тэсэхийн аргагүй тавгүй мэдрэмж төрөв.
Гэхдээ яагаад ч юм “уучлаарай” гэсэн ганцхан үгийг хэлж чадсангүй.
Эцэст нь би өөрийгөө хоёр алгадаж, үсээ зулгаан:
— Ий-ий-я-я-я!
гэж орилоод гүйн гарлаа.
Яг галзуурсан хүн шиг...
[Сэтгэгдэл]
Энэ бүлэг дээр би Шяо Шян Зыд үнэхээр дургүй хүрлээ.
Лу Хай Куны баруун нүд аль хэдийн гэмтчихсэн шүү дээ. Тэгээд яаж түүнд ийм шархлуулах үг хэлж чаддаг байна аа?
Хөөрхий Лу Хай Кун минь дотроо ямар их өвдөж байгаа бол.