Тэнгэрийн нууц номын сан

12-р анги

12-р бүлэг — Хааны Удмын Цус

Сонсох

Нэг цагийн дараа Жан Сюань Хангамжийн хэлтсээс гарч ирэхдээ нүд нь баяр хөөрөөр гялалзаж байлаа.

Өмнөх Жан Сюань байсан бол өнөөдөр гарцаагүй энэ хэдэд дээрэлхүүлэх байв. Харин Тэнгэрийн Нууц Номын Сантай болсноор түүний амьдрал огт өөр чиглэл рүү эргэжээ.

“Өөр ертөнцөд ирсэн минь ч аз болсон юм байна! Миний хүсэж байсан амьдрал чинь ийм сонирхолтой байх ёстой шүү дээ!”

Жан Сюань нударгаа атган уртаар амьсгаа авав.

Өмнөх амьдралдаа тэр жирийн нэг номын санч байлаа. Номын сан, гэр хоёрын хооронд л өдөр хоног өнгөрнө. Тэр амьдралаа үргэлжлүүлсэн бол сар бүр цалингаа аваад л, ямар ч зорилгогүй хэвээр наслах байсан биз.

Харин энд бүх зүйл өөр.

Тэнгэрийн Нууц Номын Сан гэх ер бусын чадвар түүнд бий. Магадгүй тэр улам хол явж, улам хүчирхэг болж, цоо шинэ, сонирхолтой амьдралаар амьдарч чадна!

Ингээд Жан Сюань энэ ертөнцийг жинхэнээсээ өөрийн амьдрал хэмээн хүлээн авчээ. Төрсөн нутаг, энэ ертөнц хоёрын дунд эргэлзэн тээнэгэлзэх сэтгэл нь ч арилсан байв.

— Намайг битгий барь! Үхүүлээд өг! Би үхмээр байна аа...

Түүнийг дотроо баярлаж байтал холгүйхэнээс чих хагалам орилоон сонсогдов. Галзуурсан бух хүрхрэх шиг тэр дууг сонсоход л өрөвдмөөр.

Жан Сюань эргэж харвал нэг бүдүүн залуу академийн хиймэл нуур руу үсрээд амиа хорлоно хэмээн орилж байлаа.

Гэвч араас нь хэн ч барихгүй. Өөрөө ч амандаа тасралтгүй орилохоос биш нуур руу алхсангүй.

Гэнэт мань бүдүүн хажуугийн нэг сурагчийн гарыг шүүрэн авч, өөрийнхөө биед наагаад, өнөөх сурагч өөрийг нь хүчээр барьж байгаа мэт болголоо. Тэгээд ахин орилов.

— Битгий бариач! Үхүүлээд өг! Би амьдрахыг хүсэхгүй байна аа...

— ...

Эргэн тойрны хүмүүс хэлэх үггүй болов.

“Ямар ичих нүүргүй нөхөр вэ!”

Жан Сюань толгой сэгсрэв.

Үнэндээ үхэх ямар ч бодолгүй атлаа хэн нэгэн амиа хорлохоос нь хүчээр болиулж байгаа дүр үзүүлнэ.

Ичих нүүр гэж үнэхээр алга!

Энэ хүн үхэхгүй нь тодорхой тул Жан Сюань цааш тоосонгүй, өөрийн танхим руу алхлаа.

Гэтэл хэд алхаж амжаагүй байхад өнөөх орилоон хурдацтай ойртов. Газар хүртэл донслох шиг болсноо хоёр бүдүүн гар гэнэт хөлийг нь тэврээд авлаа.

— Багш аа, гуйя! Намайг шавиа болгооч! Бүгд намайг тарган гээд голж, авахгүй байна...

Бүдүүн залуу мэлмэрүүлэн уйлав.

— Тавь!

Жан Сюань бүр хэлэх үггүй болов.

Энэ ямар хачин хүн бэ?

Багш хармагцаа гүйж ирээд шавиа болго гэж хөлнөөс нь зуурдаг хүнийг Жан Сюань амьдралдаа анх удаа харж байлаа.

— Багш аа, намайг шавиа болгох хүртэл тавихгүй! Өнөөдөр би арав гаруй багш дээр очсон ч нэг нь ч намайг аваагүй. Багш аа, намайг ийм өрөвдөлтэй байгааг бодоод шавиа болгооч!

Бүдүүн залуугийн нулимс, нус зэрэг гоожиж, дуу нь тийм өрөвдөлтэй сонсогдсон тул хажуугаар харж байсан хүмүүс хүртэл түүнийг өрөвдөж эхлэв.

Сурагчдын шалгалтын үр дүн багшийн үнэлгээнд ч нөлөөлдөг. Ийм том биетэй хүн тулалдахдаа хөдөлгөөн, шаламгай байдлаар асуудалтай байх нь элбэг. Тиймээс нэр хүндтэй багш нарын ихэнх нь түүнийг авахыг хүсээгүй ажээ.

— Намайг шавиа болго гэж байгаа бол ядаж юу чаддагаа үзүүлэх хэрэгтэй биз дээ. Хөл тэврээд хэвтлээ гээд юу өөрчлөгдөх юм?

Жан Сюань хэлэв.

Түүнд Тэнгэрийн Нууц Номын Сан байгаа тул цаашид шавь олоход тийм хэцүү биш. Хэрэв энэ залуу үнэхээр авьяасгүй бол зүгээр л тоо нэмэх гэж авах шаардлагагүй.

— Багш аа, намайг шавиа болго л доо. Би үнэндээ чадвартай шүү...

Бүдүүн залуу толгой өргөн эргэлзсэн янзтай хараад, гараа дурамжхан суллав.

— Чадвартай эсэхийг чинь хараад л мэднэ. Ингэж яриад нэмэргүй!

Одоо ч хөлийг нь бүрэн тавих дургүй байгааг хараад Жан Сюань түүнийг цааш түлхэн холдуулав.

Энэ чинь юу вэ дээ?

Эмэгтэй сурагч хөлөөс нь тэвэрсэн бол бас яая гэхсэн. Гэтэл эрэгтэй, дээрээс нь ийм бүдүүн залуу...

Бодоход л бие нь арзайв.

— За! Тэгвэл юу чаддагаа үзүүлье!

Бүдүүн залуу огт гомдсонгүй. Босож эргэн тойрноо харснаа холгүй байсан хэдэн бетон тоосгыг зөөж ирэв.

Нэгийг нь хоёр гараараа өргөөд толгойгоороо хүчтэй мөргөлөө.

Пүн!

Бетон тоосго бут үсрэв.

Дараа нь хэд хэдэн тоосгыг тохой, хөлөөрөө цохин хагаллаа. Нэг ч үлдсэнгүй, бүгд бутрав.

Харахад махлаг биетэй ч энэ залуу биеэ хатуу биетэд цохиж хатуужуулдаг тулааны бэлтгэлд гаршсан байжээ.

Харин Жан Сюань түүний үзүүлбэрийг биш, оюун санаанд нь автоматаар бий болсон номыг уншиж байлаа.

Бие хатуужуулах ийм бэлтгэл ч тулааны урлагийн нэг төрөл. Бүдүүн залуу чадвараа үзүүлмэгц Тэнгэрийн Нууц Номын Сан түүний мэдээллийг цуглуулан ном болгожээ.

“Юань Тао. Дихуан хотын бие даасан бясалгагч. Тулаанчийн 1-р дань — Жүси буюу Хий Хураах шатны дунд үе.”

...

“Өө сэв: Нийт арван найм.”

“Нэгдүгээрт: Түүний биед байгаа Эртний Хааны Удмын Цус одоо хүртэл сэрээгүй.”

“Хоёрдугаарт: Суурь нь хэт сул. Бясалгаж буй тулааны урлаг нь...”

— Хааны Удмын Цус гэж үү?

Номон дээрх мэдээллийг хараад Жан Сюань гайхав.

Өмнөх биеийн эзний дурсамжтай нэгдсэн учраас энэ ертөнцөд хүний удмын цус болон төрөлхийн бие ямар чухал болохыг тэр мэднэ.

Эдгээрийн аль нэгийг эзэмшсэн хүн тохирох аргаар чадвараа нээж чадвал бясалгал нь асар хурдтай ахиж, хүч чадал нь ч огцом өсдөг.

Төрөлхийн бие олон янз.

Цэвэр Инь Бие, Цэвэр Ян Бие, Өө Сэвгүй Бие, Алтан Бие...

Удмын цус ч мөн адил олон төрөлтэй. Эртний Удмын Цус, Шинэ Удмын Цус, өвлөгдөн дамжсан болон хувьсан өөрчлөгдсөн төрөл ч бий.

Ийм онцгой шинж илэрсэн хүн бүрийг багш нар булаацалдан авахыг хүсдэг.

Бүдүүн залуугийн Хааны Удмын Цус бол Эртний Удмын Цусны нэг.

Ийм удмын цустай хүн бясалгалынхаа оргилд хүрвэл бие нь халдашгүй бат болж, хорвоогийн ямар ч эд зүйл хамгаалалтыг нь нэвтэлж чадахгүй гэж ярьдаг. Хамгаалалтын төрөлд багтах удмын цуснуудаас хамгийн хүчирхэг хэдийн нэг ажээ.

Гэтэл ийм эгэл харагдах, махлаг, ичих нүүргүй залууд Эртний Удмын Цус байдаг гэж үү?

“Эртний Удмын Цус нь одоо болтол сэрээгүй байна. Өөрөө ч үүнийгээ мэддэггүй бололтой.”

Жан Сюаний харц сэргэв.

Бүх төрлийн удмын цуснаас Эртний Удмын Цус нэн хүчирхэгт тооцогдоно.

Юань Тао арав гаруй багш дээр очоод нэгэнд нь ч тэнцээгүй нь тэд ийм удмын цус таних чадваргүйдээ биш. Харин удмын цус нь огт сэрээгүй учраас бусдын нүдэнд жирийн хүнээс ялгарах зүйл байгаагүй хэрэг.

Өөр хүн байтугай Юань Тао өөрөө ч үүнийгээ мэдэхгүй биз.

Гэхдээ өөрөө мэддэггүй ч энэ чадварын суурь түүнд аль хэдийн бий. Тиймээс хамгаалалтын чадвар нь жирийн хүнээс хавьгүй сайн бөгөөд биеэ цохиулж хатуужуулдаг ийм төрлийн тулааны урлагийг сонгосон нь ч үүнтэй холбоотой.

“Энэ залууг заавал шавиа болгоно!”

Жан Сюаний нүд гэрэлтэв.

Хэдэн жил өнгөрсөн ч Хунтянь академид Эртний Удмын Цустай ганц ч сурагч гарч ирэхгүй байх үе бий.

Ийм ховор авьяастан өөрөө хүрээд ирчихээд байхад яаж алдах билээ?

— Муугүй. Чамайг шавиа болгоё. Нааш ирээд багшаа хүлээн зөвшөөр!

Жан Сюань доторх баяраа дарж, тайван царайгаар нэг таних пайз шидэж өгөв.

— Багш аа, үнэхээр намайг авах юм уу? Ямар сайхан юм бэ...

Өдөржин олон удаа голуулсан болохоор сэтгэлээр нэлээд унасан бололтой. Эцэст нь нэг багш өөрийг нь авахаар болсныг сонсоод Юань Тао хөөрсөндөө юу ч бодолгүй хуруугаа зүсэж, таних пайзан дээр нэг дусал цус дусаав.

— Багш ямар байна, шавь нь ч тийм л байдаг юм байна. Багш нь хог бол шавь нь ч бас хог!

Яг энэ мөчид хүйтэн ёжлол сонсогдов.

Жан Сюань эргэж харвал нэгэн бардам, хүйтэн төрхтэй залуу тэдний зүг алхаж байлаа.

Залуугийн хажууд үзэсгэлэнтэй эмэгтэй багш явна. Хар торгон үс нь мөр даван намирч, цайвар толигор арьс, харсан хүний харцыг татах тунгалаг нүд нь онцгой үзэсгэлэнтэй харагдана.

“Шан Бин? Шэнь Би Жу?”

Тэр хоёрыг хармагц Жан Сюаний толгойд нэр нь шууд орж ирэв.

Хунтянь академид Шэнь Би Жуг мэдэхгүй хүн бараг байхгүй.

Тэр онцгой овог гаралтай хүн биш ч академийн нийтээр хүлээн зөвшөөрсөн үзэсгэлэнт багш. Гадаад төрхөөрөө сургуулийн хамгийн сайхан охидыг ч бүдгэрүүлэхээр.

Зөвхөн царайлаг байсан бол бас яах вэ.

Хамгийн гол нь багшлах чадвар ч өндөр.

Академид ирээд жил ч болоогүй атлаа аль хэдийн хамгийн алдартай багш нарын нэг болжээ.

Эрхэмсэг, дэгжин, үзэсгэлэнтэй, ухаалаг тул цөөнгүй эрэгтэй багш түүнийг улайран эргүүлнэ.

Өмнөх Жан Сюань ч тэдний нэг байв.

Даанч өмнөх Жан Сюань дэндүү бүтэлгүй. Бясалгал сул төдийгүй бүх шалгалтын хамгийн сүүлд орно. Өөртөө итгэлгүй болохоороо сэтгэлтэй байсан ч зүрхнийхээ шүтээнтэй бараг ярьж ч үзээгүй, араас нь хөөцөлдөх тухай бүр ярих ч хэрэггүй.

Харин энэ залууг Шан Бин гэдэг. Академийн ахлагч Шаны ач бөгөөд өөрөө ч Шэнь Би Жугийн араас хөөцөлддөг хүмүүсийн нэг.

Тэр өөрийн байр суурийг ашиглан бусад өрсөлдөгчөө дарамталдаг байв.

Жан Сюань Шэнь Би Жуд сэтгэлтэй гэдгийг хаанаас ч юм сонссоноос хойш таарах бүрдээ доромжилж, заримдаа бүр гар хүрдэг байжээ.

Гэсэн ч Шэнь Би Жу Шан Бинийг онцгойлон сонирхдоггүй. Тэр хэнд ч сэтгэлгүй мэт бүгдэд нь хүйтэн ханддаг тул Шан Бин хэчнээн хичээгээд ч арга мухарддаг байлаа.

— Хэнийг хог гээд байгаа юм?

Шан Биний ил цагаан доромжлолыг сонссон ч Жан Сюань уурласангүй. Эргэж хараад тайван асуув.

— Хог чамайг доромжилж байна!

Шан Бин үл тоомсорлон инээв.

— Өө, тийм үү? “Хог” намайг доромжилж байгаа юм байна. Ямар өмхий юм бэ, пөөх!

Жан Сюань хамрынхаа өмнө гараа сэвж, жигшсэн дүр үзүүллээ.

— Чи...!

Шан Бин сая л өөрийгөө хууртсанаа ойлгов.

Академийн хамгийн муу багшид ингэж дооглуулсандаа нүүр нь тэр дороо улайлаа.

Тайлбар: “Хааны Удмын Цус” гэсэн нэршил нь эхийн 龙犀血脉 буюу Лунси Удмын Цус гэсэн ойлголттой холбогдоно. Эртний Хятадад хүний нүүр царай, төрхийг ажиглан ирээдүй хувь тавиланг нь шинждэг ойлголт байсан бөгөөд эрхэм язгуур, дээд хувь тавиланг илтгэнэ гэж үздэг төрхийн нэгийг Лунси төрх хэмээн нэрлэж, хаан хүний төрхтэй холбон тайлбарладаг байжээ.

Тайлбар: Юань Таогийн хийж буй бие хатуужуулах бэлтгэлийг хятадаар Хөнлянь гэдэг бөгөөд үгчилбэл хүчээр хатуужуулан бэлтгэх гэсэн утгатай. Байду дээрх тайлбараар Хятадын тулааны урлагийн бэлтгэлийг Вэньлянь, Үлянь, Хөнлянь гэсэн гурван үндсэн арга замаар ангилдаг бөгөөд эдгээр нь тулаанчийг өөр өөр оргилд хүргэдэг. Хөнлянь нь биеийн хэсгүүдээ хатуу биетэд дахин дахин цохиж, мөргүүлэн хатуужуулах арга. Өнөө үед ч Төмөр Толгойн Ур Чадвар зэрэг зарим бэлтгэлд үүнийг ашигладаг бөгөөд багаас нь толгойгоо хатуу биетэд цохиж хатуужуулах жишээ бий.

12-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Тэнгэрийн нууц номын сан12-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах