“Намайг алах гэж ирсэн юм уу?”
Хар хувцастан чинжаал гаргахыг хараад Жан Сюань хөмсгөө өргөв.
Аз болж тэр унтаж биш, бясалгаж байжээ. Үгүйсэн бол энэ хүн ингэж чимээгүй дөхөөд ирэхэд амь насаа алдах байсан ч юм билүү?
“Эхлээд хэн болохыг нь тогтооё!”
Ийм шөнийн халдлагыг ганц хүн дур мэдэн хийсэн байх магадлал бага гэдгийг Жан Сюань ойлгож байлаа. Ард нь ямар нэг байгууллага ч байж мэднэ. Өөрийг нь алахаар ирсэн хүний хэн болохыг, хэний заавраар хөдөлж байгааг олж чадахгүй бол энэ хүнийг устгалаа ч дараагийн алуурчин ирэх эрсдэлтэй. Цаадахыг нь ухаж олохгүй бол цаашдаа тайван унтах тухай бодох ч хэрэггүй.
— Хэн бэ?
Нөгөө хүнийг яаж барьж аваад ард нь байгаа хүмүүсийг хэлүүлэх вэ гэж бодож байтал намхан дуу сонсогдов. Хэзээ дөхөж ирснийг нь анзаарсангүй, чинжаал атгасан хар хувцастан аль хэдийн тун ойрхон зогсож байлаа.
Жан Сюань урьд нь хэнийг ч мөрдөж үзээгүй. Нөгөө хүн чинжаал гаргахыг хараад хоромхон зуур сандарснаас амьсгалаа алдчихаж. Тэгээд л баригджээ.
— Би...
Ингэж хурдан мэдэгдчихсэндээ хөмсгөө зангидаад шууд дайрч тулалдах гэж байтал толгойд нь гэнэт нэг санаа орж ирэв.
— Би Жан Сюань гэдэг тэр хэрэггүй багшийг алахаар ирсэн юм! Харин чи хэн бэ?
Танигдахгүйн тулд хоолойгоо зориуд өөрчлөн хэллээ.
Нөгөө хүн өөрийг нь алахаар ирсэн юм чинь ижил зорилготой мэт жүжиглэвэл төөрөгдүүлж чадна.
— Чи бас түүнийг алахаар ирсэн юм уу?
Хар хувцастан гайхав. Гэхдээ Жан Сюань нүүрээ халхалж, сэм гэтэж явааг харахад үгэнд нь бага зэрэг итгэхээс өөр аргагүй байлаа.
— Тийм. Академийн хамгийн муу багшийг зүгээр орхивол сурагчдыг л хорлоно! — Өөрийгөө ингэж муулахад Жан Сюаний нүүр халуу оргижээ.
— Тэгвэл чи хий. Би харуулд гаръя! — гэж хар хувцастан хэлэв.
— Юу гэнэ ээ?
Жан Сюань учрыг нь олохгүй гайхсанаа ажлыг буцаагаад түүнд тохохоор оролдов.
— Чи хийсэн нь дээр байлгүй. Ямартай ч бидний зорилго адил юм байна. Хэн хийсэн нь ямар ялгаатай юм?
— Үнэндээ би түүнийг алах санаагүй. Зүгээр л шийтгэх гэж ирсэн юм. Гэхдээ үхчихвэл бүр сайн! — гэж хар хувцастан түүнийг шавдуулав.
— Шийтгэнэ ээ?
Жан Сюань бүр гайхав. Шийтгэх л юм бол яагаад чинжаал барьчихсан байдаг билээ?
— Яаж шийтгэх гэсэн юм?
— Хм! Манай залуу авхайд хүндэтгэлгүй зүйл хийж зүрхэлсэн нөхөр. Тэр юмыг нь огтолж аваад тайган болгоно!
Хар хувцастны дарагдсан хоолойноос уур хилэн буцалж байлаа.
— ...
Энэ үгийг сонсмогц Жан Сюаний цавь орчмоор хүйт дааж, өөрийн мэдэлгүй чичрэв.
“Яана аа! Өнөө орой тайван унтаж байсан бол маргаашаас хааны ордонд ажиллахад яг тохирох хүн болчих байж шүү дээ!
Новш гэж!
Чи ер нь хэн юм бэ? Яахаараа ийм харгис байдаг байна аа!
Манай залуу авхайд хүндэтгэлгүй хандсан гэнэ ээ?”
Жан Сюань өмнөх биеийн эзний дурсамж болон өөрөө ирснээс хойших бүхнийг нэгжиж үзэв. Гэвч ямар нэг залуу авхайтай бие махбодын харилцаанд орсон дурсамж огт байсангүй.
— Жан Сюань гэдэг хүнийг багшлах чадваргүй гэж л сонсож байсан. Эмэгтэй хүн дээрэлхдэг гэж хэзээ ч дуулаагүй юм байна. Юу болсон юм бэ? — гэж Жан Сюань тэсэлгүй асуув.
— Хм! Тэр бол хүний арьс нөмөрсөн адгуус! Юун багш, араатан! Манай залуу авхайг... За больё. Бодох тусам уур хүрээд байна!
Хар хувцастны нам дуунаас ч уур хилэн нь мэдрэгдэнэ.
— ...
Жан Сюаний нүдэнд од гялалзах шиг болов.
“Тэгээд яг юу болсон юм бэ? Юу ч хэлэлгүй намайг араатан, адгуус гээд байх юм! Би танай залуу авхайд чинь юу хийсэн юм? Тэгээд тэр залуу авхай чинь ер нь хэн юм бэ? Царайлаг бол бас яая гэхсэн. Муухай хүн байвал хийгээгүй хэргийнхээ нэрийг ингэж зүүх бүр хохиролтой биз дээ!”
— Харин чи яагаад түүнийг алах гэсэн юм?
Нэлээд муулж аваад хар хувцастан эргүүлэн асуув.
— Би юу?
Өөрөөс нь ингэж асууна гэж бодоогүй Жан Сюань хэсэг гацсанаа шүдээ зууж,
— Би... тэр эмэгтэйчүүдийг дээрэлхэж явдгийг нь тэвчиж чаддаггүй юм! — гэв.
— Түүнийг эмэгтэйчүүд дээрэлхдэгийг чи мэддэг юм уу? Хэнийг дээрэлхсэн гэж? — Хар хувцастан цочив.
— Тэр... — Жан Сюань хамраараа дуугарав. — Чиний асуултад би заавал хариулах албагүй!
— Тэр ч үнэн. Нэгэнт зорилго маань адил юм чинь чи түрүүл! — Нөгөө хүн эргэлзсэн хэвээр байсан ч цааш шалгаалгүй гараараа дохив.
— Чи түрүүлсэн нь дээр! Би эхэлж хөдөлбөл чамайг тайган болгож амжаагүй байхад чинь тэр үхчихнэ. Эхлээд чи юмыг нь огтол. Дараа нь би алъя! — гэж Жан Сюань хариулав.
— Энэ...
Хар хувцастан эргэлзэж, Жан Сюань руу сэжигтэй харав.
Түүнд сэжиг төрж эхэлжээ.
Яаж ийм давхцал байх билээ? Өөрөө Жан Сюанийг тайган болгохоор ирсэн яг тэр шөнө өөр нэг хүн түүнийг алахаар ирдэг гэж үү? Өмнөх хүн нь хэр хүчтэйг мэдэхгүй байсан тул болгоомжилж байгаагаас биш, аль хэдийн цохиж унагаад байцаах байлаа.
— Яав? Надад итгэхгүй байгаа юм уу? Түүнийг алах санаагүй байсан бол шөнө дөлөөр энд ингэж сэм ирэх хэрэг надад юу байх вэ? — Нөгөө хүний сэжгийг анзаарсан Жан Сюань яаран тайлбарлав.
— Мм!
Үгийг нь сонссон хар хувцастан хэсэг эргэлзсэнээ толгой дохилоо.
Нээрэн л шөнө орой болсон байна. Энэ багтай хүн Жан Сюанийг алах гэж ирээгүй юм бол энд өөр юу хийж явах билээ?
— Чамд итгэхгүй байгаа юм биш. Нэгэнт зорилго ижил юм чинь хамт оръё! — гэж хар хувцастан хэсэг бодсоны эцэст хэлэв.
Тэр багтай эрээс бүрэн сэжгээ тайлаагүй хэвээр байлаа.
— Чи арай дэндүү болгоомжтой юм. Тайван бай, надад ч хүний наад захын зарчим бий. Гэхдээ нэгэнт итгэхгүй байгаа бол... — Жан Сюань маргалдсангүй. Гараараа дохин, — Хамт оръё! — гэв.
Тэгээд шууд урагш ухасхийлээ.
“Тулаанчийн 5-р данийн оргил үе?”
Хөдөлгөөнийг нь хараад хар хувцастан Жан Сюаний бясалгалын түвшнийг тэр дор нь танив. Өөрөө хөнгөн хөлийн техник ашиглан араас нь ойрхон дагалаа.
Хар хувцастан араас нь хөдөлснийг мэдмэгц Жан Сюань огцом эргэн түүн рүү харав.
Бүүм!
Тэнгэрийн Нууц Номын Сан доргиж, нэг ном бий боллоо.
Нөгөө хүний араас нь дагахдаа хэрэглэсэн хөнгөн хөлийн хөдөлгөөн бол тулааны техник. Хэн нэгэн ямар нэг арга техник ашиглавал Тэнгэрийн Нууц Номын Сан түүний өө сэвийг бүртгэн ном үүсгэдэг. Ингэснээр гарал угсаа, мэдээлэл нь ч ил болно.
Жан Сюань ном руу харав.
Хавтсан дээр ердөө хоёр үг байлаа.
“Яо Хань.”
“Энэ нэр их танил сонсогдох юм. Хаана сонслоо?”
Хавтсыг хэсэг ширтсэний дараа Жан Сюань эхний хуудсыг нээлээ.
“Яо Хань. Байюй хотын эзний өргөөний даамал. Тулаанчийн 6-р дань — Писюэ буюу Хийн Цэг Нээх шатны эхэн үе. Найман хийн цэг нээсэн.”
...
— Энэ хүн байсан юм уу?
“Байюй хот” гэсэн үгийг хараад Жан Сюань тэр даруй хэн болохыг нь санав.
Жао Яг шавиа болгосны дараа хүрч ирээд өөрийг нь сүрдүүлсэн Байюй хотын тэр даамал биш үү?
Дуу нь, нэр нь танил санагдсан нь аргагүй байж!
Гэхдээ...
Тэгвэл түүний хэлээд байгаа “залуу авхай” нь Жао Я гэсэн үг... Би тэр охинд яг юу хийсэн болоод чи ингэж холоос намайг тайган болгохоор ирдэг байна аа?
“Хийгээгүй хэрэг тохож гүтгэдэг байна аа... Надаас хүчтэй байсан ч хамаагүй. Өнөөдөр чамд нэг сургамж өгнө!”
Бодох тусам Жан Сюаний уур хүрэв.
Өмнөх Жан Сюаний хийсэн хэрэг байсан бол түүний биеийг авсан хүний хувьд хэчнээн гомдолтой байсан ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэтэл гол нь... тэр үнэхээр юу ч хийгээгүй! Яо Хань гэмгүй хүнд ийм хэрэг тохож байгаа нь арай дэндүү.
Ингэж бодсоор номын мэдээллийг үргэлжлүүлэн уншив.
“Бясалгалын арга: Цагаан Хаш Эргэлтийн Арга.”
“Тулааны техник: Нууцлаг Дүрсний Алга — мэргэшсэн түвшин. Нууцлаг Дүрсний Нударга — мэргэшсэн түвшин...”
“Өө сэв: Нийт арван зургаа. Нэгдүгээрт: Амин цэг нь өгзөг хэсэгт байрладаг бөгөөд хэрэглэдэг аргууд нь тэр цэг рүү чиглэсэн дайралтыг хамгаалж чаддаггүй... Хоёрдугаарт... Гуравдугаарт...”
Өмнөхийн адил энэ хүний бүх сул тал номонд нэг бүрчлэн бичигджээ.
Найман хийн цэг нээсэн гэдэг нь одоогоор арван хоёр дин хүчтэй гэсэн үг. Жан Сюань шууд хүчээр тулбал ялах боломжгүй.
Гэхдээ...
“Хийн Цэг Нээх шатанд байвал яадаг юм? Арван хоёр дин хүчтэй бол бас яадаг юм? Өнөөдөр чамд сургамж өгөхгүй бол намайг Жан Сюань гэсний хэрэг юу байна!”
Шурр!
Жан Сюань гэнэт зогсов.
— Яасан?
Түүнийг гэнэт зогсоход хар хувцастан гайхан асуулаа.
— Хөөе, нисдэг таваг!
Жан Сюань хайш яйш нэг тийш заав.
— Нисдэг таваг? Тэр чинь юу юм?
Хар хувцастан гайхан шууд эргэж харлаа. Тэгэхдээ өгзөг хэсэгт байх амин цэгээ Жан Сюаньд яг ил гаргав.
Яо Хань бүр учрыг нь ойлгосонгүй. Эрвээхэй, тулган шаардлага, тагнуулыг бол мэднэ. Харин “нисдэг таваг” гэж яг юу байдаг билээ?
— Аваад үз!
Жан Сюань яг энэ мөчийг хүлээж байлаа. Өчүүхэн ч эргэлзэлгүй бүх уураа шингээсэн өшиглөлтийг Яо Ханий өгзөг рүү тавив.
Пүн!
Яо Хань хариу үйлдэл үзүүлж амжаагүй байхад амин цэг нь яг оногдов. Бие нь урагш шидэгдэн нисэж, холгүй байсан том чулууг толгойгоороо мөргөн унав. Духны шархнаас нь цус урслаа.
“Намайг тайган болгохоор ирсэн юм чинь би чамайг одоо тайган болгочих уу?”
Бодох тусам уур нь улам хүрч, Жан Сюань ухасхийн очоод Яо Ханий дээр мордон сууж, нүүр рүү нь хэд хэдэн удаа нударгалав.
Хийн Цэг Нээх шатны хүчтэн ч бай, арван хоёр дин хүчтэй ч бай ямар хамаатай юм? Амин цэгийг нь мэдэж, сул талыг нь ашиглаад санаандгүй дайрч чадвал амь насаа ч алдаж мэднэ!
— Чи...
Жан Сюанийг хамтран ажиллах хүн гэж бодож явсан Яо Хань гэнэт өөр рүү нь ингэж улайран дайрна гэж зүүдлээгүй. Хамгийн муу нь амин цэгээ өшиглүүлчихсэн тул бүх бие нь хөшиж, хариу барихыг хүссэн ч хөдөлж чадсангүй. Уурссандаа бие нь салганан чичирнэ.
“Бид Жан Сюанийг хамт янзална гэж тохирсон биз дээ?
Энэ чинь одоо юу вэ!
Итгэлцэл чинь хаана байна?
Хүний наад захын зарчим чинь хаачив?
Тэгээд ч чи Тулаанчийн 5-р дань — Хүч Тогтоох шатны оргилын хүчтэн. Хүчтэн л юм бол тулалдахдаа ядаж жаахан сүр жавхлан гаргаач. Худал хэлж анхаарал сарниулчихаад гэнэдүүлэн өшиглөж, дээрээс нь мордож суугаад нүүр нүдгүй балбах гэж...
Тулааны техник чинь хаана байна?
Нүүдэл солилцох чинь хаана байна?
Бясалгалын арга чинь хаана байна?
Гудамжны танхайчууд ч ингэж зодолдохгүй шүү...”
Нүүр нь давалгаа давалгаагаар өвдөж, Яо Хань галзуурах шахав.
Эцэст нь тэр багтай этгээдэд мэхлүүлснээ ойлголоо.
Тэгэхдээ бүр хамгийн муухайгаар мэхлүүлжээ.
Тайлбар: Эх хэлний үгийн наадмаар эрвээхэй, тулган шаардлага, тагнуул, нисдэг таваг гэсэн үгс ижил “дие” авиатай төгсдөг. Тиймээс Яо Хань “нисдэг таваг” гэдгийг сонсоод хэсэг будилдаг.