Нэлээд балбасны эцэст Жан Сюаний уур арай гэж намдав.
Доош харвал зодооны дундуур Яо Ханий баг аль хэдийн уначихсан, нүүр нь цохилтонд хавдаж танигдахын аргагүй болжээ. Одоо төрсөн эх нь харсан ч танихгүй биз.
“Хм...”
Уур нь намдаж, толгой нь сэрүүцмэгц Жан Сюань нөхцөл байдлаа ойлгов.
“Энэ хүн Байюй хотын эзний гэрийн даамал, бас миний шавийн Яо ах нь. Жаахан сургамж өгөхөд яах вэ, харин алж огт болохгүй.”
Ямар ч байсан Яо Хань бол Жао Ягийн Яо ах. Үнэхээр алчихвал саяхан авсан шавь нь түүнийг яаж хүлээж авах билээ?
Тэгвэл эвлэрэх ямар ч боломж үлдэхгүй.
Түүнээс гадна Байюй хот Тяньсюань хаант улсын гурав дахь том хот гэгддэг. Ийм хотын эзэн болсон Жао Ягийн эцэг хүч чадал, нөлөөгөөрөө жирийн хүн биш нь тодорхой. Даамлыг нь алчихвал тэр мөрдөн шалгуулж, эцэст нь өөр дээр нь хүрч ирэхэд ч гайхах зүйлгүй.
Жан Сюань энэ ертөнцөд дөнгөж ирсэн, хөлөө ч бүрэн олж амжаагүй. Одоохондоо хэт олны анхаарал татахгүй байсан нь дээр.
“Намайг сэжиглэхээргүй болгох хэрэгтэй!”
Түүний толгойд нэг санаа зурсхийв.
Яо Ханийг алахгүй л юм бол амьд явуулах хэрэгтэй. Гэтэл Жан Сюанийг дайрах гэж ирээд өөрөө ингэж балбуулсан хүн хамгийн түрүүнд хэнийг сэжиглэх нь ойлгомжтой.
“Аан, зөв! Бурууг тохох яг тохирох хүн байна. Өнөөдөр надтай ирж зууралдаагүй бол би ч түүнийг санахгүй байж!”
Жан Сюаний санаанд өнөөдөр Шэнь Би Жугийн дэргэд зогсоод өөрийг нь байн байн доромжилж байсан Шан Бин орж ирэв.
Тэр чинь Шан Чэнь ахлагчийн ач хүү. Бурууг түүн рүү түлхчихвэл Яо Хань хэчнээн өс санасан ч өшөө авахаасаа өмнө сайн бодно.
Харин үнэхээр өшөө авахаар шийдвэл бүр сайн. Тэр хоёр хоорондоо зууралдаж байг.
Ингэж бодоод Жан Сюань хавдаж гажсан Яо Ханий нүүр рүү ширтэн, зориуд бүдүүн дуугаар хэлэв.
— Би Жан Сюаньтай тооцоотой. Өнөөдөр тэр миний уурыг хүргэсэн болохоор шөнө нэг сайн сургамж өгөхөөр ирсэн юм! Гэтэл чи түүнийг тайган болгочихвол Би... тэр үүнийг миний хийсэн хэрэг гэж сэжиглэнэ. Тэгээд бид хоёрын хооронд үл ойлголцол үүснэ! Өнөөдөр надтай таарсан, дээрээс нь яг цагаа ололгүй хүрээд ирсэн өөрийгөө л буруутга!
— Ммф...
Яо Хань одоо л яагаад ингэж зодуулснаа ойлгов. Хариу баримаар байсан ч ам нь хоёр зайдас шиг хавдчихсан тул үг хэлж чадсангүй.
— Зайл!
Хэлснийг нь ойлгосныг хараад Жан Сюань өөр юм нэмсэнгүй. Босож ирээд өшиглөхөд Яо Хань арав гаруй метр хол шидэгдэв.
“Новш гэж!”
Яо Хань дотроо харааж байсан ч өнөөдөр өөрт нь ямар ч давуу тал байхгүйг ойлгож байлаа. Шүдээ зуун босоод эргэж явлаа.
Гэхдээ өөрийг нь балбасан хүний хоёр гол шинжийг толгойдоо бат суулгаж авав.
Нэгдүгээрт, энэ хүн өнөөдөр Жан Сюаньтай таарч, түүний хэлсэн эсвэл хийсэн зүйлээс болж уурласан.
Хоёрдугаарт, Жан Сюаньтай нэг эмэгтэйн төлөө өрсөлддөг. Тэр эмэгтэйн нэрэнд “Би” гэсэн үе бий.
Энэ хоёр шинж байхад өөрийг нь хэн зодсоныг олоход хэцүү биш.
Яо Хань бараа тасартал холдсоны дараа Жан Сюань сая нэг тайвширч, хувцасныхаа тоосыг гөвөөд дотуур байр руугаа буцав.
Өнөөдрийн явдал түүнд багагүй сануулга боллоо. Хэрэв шөнөжин бясалгаагүй байсан бол юу болох байсныг хэлэхэд бэрх.
Ямартай ч энэ удаагийн аюул түр өнгөрөв.
“Энэ ертөнцөд амьд үлдэхийн гол түлхүүр нь... хүч!”
Өрөөндөө ирж орон дээрээ суусан Жан Сюань өөртөө бувтнав.
Өнөөдөр бясалгал нь огцом ахиагүй байсан бол Яо Ханий сул талыг мэдсэн ч дийлэхгүй байлаа. Эцэст нь өөрөө л хохирох байсан.
Тиймээс одоо хийх хамгийн чухал зүйл нь хүчээ аль болох хурдан нэмэх.
Хүчтэй болох тусам сайн!
Элдвийг бодсоор Жан Сюань аажмаар нойронд автлаа.
Маргааш өглөө нь тэнгэр цаймагц сэрэв. Хоёрхон цаг унтсан, дээрээс нь шөнөжин шахуу бясалгасан атлаа бие нь хөнгөн, өчүүхэн ч ядарсангүй.
— Хичээлээ эхлэх цаг болж!
Хувцсаа өмсөөд хичээлийн танхим руугаа хурдан алхав.
Удалгүй танхимдаа хүрч, хаалгаа нээтэл нэг бүдүүн залуу урамтай угтлаа.
— Жан багш аа, та ирэв үү! Хараач, би өрөөг аль хэдийн цэвэрлэчихсэн!
Өчигдөр хамгийн сүүлд элсүүлсэн шавь Юань Тао байв.
Өчигдөр өөрийг нь хүртэл сүрдүүлж байсан энэ нөхөр хамгийн түрүүнд ирээд, танхимыг гялалзтал цэвэрлэчихсэн байна гэж Жан Сюань санасангүй.
— Муугүй! — хэмээн сайшаан толгой дохив.
— Хэ хэ, багш намайг муугүй гэлээ шүү! Тэгвэл хөдөлмөрийг минь жаахан шагнаж болохгүй юу? Жишээ нь тулааны техник, бясалгалын арга энэ тэрээс... гурав тавыг нь л дур мэдэн өгчихөд болно!
Багшийнхаа магтаалыг сонсоод Юань Таогийн нүүрэнд өргөн инээмсэглэл тодров.
Өчүүхэн зай өгвөл улам давардаг нөхөр ажээ.
— Эхлээд хажууд хүлээ. Бусад нь ирэхээр хичээлээ эхэлье!
Жан Сюань гараараа дохив.
Хамгийн түрүүнд Юань Тао ирсэн бол, санаанд оромгүй нь хоёр дахь хүн нь мөрийнд ялж авсан Лю Ян байлаа.
Гэхдээ Лю Яны хандлага бүдүүн залуугийнхаас тэс өөр. Нүүрэнд нь дургүйцэл тодорч, Жан Сюань руу үл тоосон харцаар ширтэнэ.
Түүний бодлоор Жан Сюань мөрийд азаар л ялсан. Өөр шиг нь авьяастай сурагч ийм муу нэртэй багшийн шавь болно гэдэг жинхэнэ тамлал байв.
Гурав дахь нь жадны урлагт дуртай Жэн Ян.
Жан Сюань түүний жадны алдааг зааж өгсний дараа хүч нь хоёр дахинаас ч илүү өссөн. Тиймээс Жэн Ян багшдаа үнэхээр итгэдэг болсон бөгөөд одоогийн шавь нараас өөрийн хүслээр Жан Сюанийг сонгосон цорын ганц хүн байлаа.
Дөрөв дэх нь Ван Ин байв. Ичимхий охин танхимд ороод бусад сурагчдыг харангуутаа нүүр нь улайж, шуудхан нэг буланд очлоо.
...
“Өнөөдөр л миний биеийн асуудлыг шийдэж чадах эсэх нь тодорхой болно...”
Жао Я нүдээ нээлээ.
Өчигдөр академийн хамгийн муу нэртэй багш түүний асуудлыг шийдэж чадна гэж хэлсэн. Дотуур байрандаа буцсанаас хойш Жао Я итгэх, эргэлзэхийн хооронд шөнөжин хөрвөөж, их оройтож байж унтжээ.
Жан Сюань үнэн хэлсэн үү, худал хэлсэн үү гэдэг өнөөдөр ямар ч байсан тодорхой болно!
Ингэж бодоод амаа зайлж, хувцсаа өмсөн өрөөнөөсөө яаран гарлаа.
Байюй хотын эзний охин, дээрээс нь элсэлтийн шалгалтын эхний аравт орсон тул Жао Я бусад сурагч шиг нийтийн дотуур байранд суудаггүй, тусдаа байртай. Тэнд хэд хэдэн өрөө байдгийн нэгэнд даамал Яо ах нь байрлажээ.
— Яо ах аа, би хичээлдээ явлаа!
Өрөөнөөс нь ямар ч чимээ сонсогдохгүй тул Жао Я цааш явахаар завдав.
— Авхай минь, түр хүлээгээрэй. Би хамт явъя!
Дотроос дуу гарч, хаалга нээгдэн Яо Хань гарч ирэв.
Нүүрийг нь харсан Жао Я цочин зог туслаа.
— Яо ах аа, та... яачихсан юм бэ?
Яо Ханий нүүр хавдаж, хоёр нүднийх нь эргэн тойрон хөхөрчээ. Ганцхан шөнийн дотор урьдын сүр жавхлантай төрх нь ор мөргүй алга болсон байв. Танил хоолойг нь сонсоогүй бол Жао Я түүнийг таних ч үгүй байлаа.
— Өө, өчигдөр бэлтгэлдээ хэт улайраад байж байгаад санамсаргүй өөрийгөө цохичихсон юм!
Яо Хань тайлбарлав.
— ...
Бэлтгэл хийж байгаад хүн өөрийгөө ингэж балбана гэж үү?
Үүнээс муу шалтаг бодож олно гэдэг ч хэцүү байх.
— Яо ах аа, яг юу болсон юм бэ? Хэн ингэв? Үгүй ээ, би аавд хэлнэ!
Жао Я уурлан дуу алдав.
— Авхай минь, энэ асуудалд оролцох хэрэггүй. Би өөрөө шийдчихнэ! Та эхлээд хичээлдээ яв. Харин би таны сонгосон багшийг ямар хүн болохыг өөрийн нүдээр үзмээр байна. Хэрэв үнэхээр цуу ярианд гардаг шигээ чадваргүй нөхөр байвал хотын эзэнд тэр даруй мэдэгдэж, Хунтянь академиар танд өөр багш олгуулна!
Яо Хань сүртэйхэн гараа дохисон ч хөдөлгөөн нь хэт томдож, шарх нь татсанд нуруугаар нь хүйтэн хөлс цутгав.
— За даа!
Яо ах нь өөрийг нь оролцуулахгүй гэж хатуу шийдсэнийг хараад Жао Я дахиж асуусангүй. Тэгээд хоёул Жан Сюаний хичээлийн танхим руу алхав.
— Яо ах аа, ийм хүнд шархтай байж буцаж амарсан нь дээр биш үү? Би хичээлдээ ганцаараа явж чадна. Заавал хүргэж өгөх хэрэггүй шүү дээ!
Хэсэг алхсаны дараа Яо Ханий бүх бие салганан, хөлсөндөө норсныг Жао Я анзаараад тэсэлгүй хэлэв.
Өчигдөр Жан Сюань өчүүхэн ч хүчээ таталгүй балбасан. Эм түрхэж, хэдэн цаг амарсан ч шарх нь хүнд хэвээр. Одоо алхаж яваа нь хүртэл гайхмаар хэрэг.
— Авхай минь, биднийг гарахад хотын эзэн танд сайн багш олж өгөхийг надад даалгасан. Гэтэл та заавал ийм хүнийг сонгочихлоо. Би хожим хотын эзний нүүрийг яаж харах юм бэ! — Яо Хань хэлэв. — Ямар ч байсан өнөөдөр би тэр нөхрийн жинхэнэ төрхийг таны өмнө илчилж, луйварчин гэдгийг нь батална! Манай гэнэн цайлган авхай л түүний арганд орсон. Тийм чадвартай хүн өөр нэг ч сурагч элсүүлж чадахгүй. Танхимд нь өөр сурагч байхгүйг өөрийн нүдээр хармагцаа та...
Шажиг!
Хичээлийн танхимын хаалга нээгдэж, доторх байдал ил болов.
Танхимд Жан Сюань болон шинээр элсүүлсэн дөрвөн шавь нь сууж байлаа.