Авхай нь Жан Сюанийг багшаа болгосныг сонссон Яо Хань уурлан яаран ирсэн болохоос Жан Сюань хэдийн хэдэн шавь элсүүлснийг огт мэдээгүй байв.
Дөнгөж сая л Жао Ягаас өөр хоёр дахь сурагч олж чадахгүй гэж ам бардам хэлчихээд, дараагийн мөчид Ван Ин тэргүүтэй хэдэн шавийг нь харчихлаа. Олны өмнө хариугаа бариулчих шиг болж, Яо Ханий царай тэр дороо барайв.
— Багш аа!
Жао Я ч нүүр нь халуу оргиж, газар доогуур орчихмоор санагдав.
— Чи зүгээр байгаа юм уу?
Хэсэг балмагдсаны эцэст Яо Хань ухаан орж, Жан Сюань руу эргэлзэн ширтлээ.
Өчигдөр өөрийг нь балбасан тэр багтай этгээд үнэхээр харгис байсан. Яо Хань Жан Сюанийг гахайн толгой шиг болтлоо зодуулсан, үгүйдээ л тахир дутуу болсон байх гэж бодож байв. Гэтэл яагаад... өөдөөс нь зүв зүгээр зогсож байдаг билээ? Бүр арьсанд нь ганц зураас ч алга.
Үнэндээ Жан Сюаний багшлах чадварыг шалгана гэдэг нь шалтаг төдий. Яо Хань түүнийг өчигдрийн нууцлаг этгээдэд балбуулсны дараах өрөвдөлтэй төрхийг харахыг илүү хүсэж байлаа.
Гэтэл Тулаанчийн 6-р дань — Писюэ буюу Хийн Цэг Нээх шатны хүчтэн өөрөө дайрахаар очоод зодуулчихсан байхад, дайруулах ёстой хүн нь өчүүхэн ч шархдаагүй байна. Яо Хань ямар их хохирсноо бодох тусам хүлээн зөвшөөрч чадсангүй.
— Би яагаад зүгээр байж болохгүй гэж?
Яо Хань юу бодож байгааг Жан Сюань мэдэж байсан ч юу ч болоогүй мэт хариулаад Жао Я руу харав.
— Энэ тахир дутуу хүн чинь...?
— Тахир дутуу гэнэ ээ?
Жао Ягийн царай сонин болов. Ам нээж амжаагүй байхад Яо Хань таслан хашхирав.
— Чи өөрөө тахир дутуу! Би Байюй хотын эзний өргөөний даамал Яо Хань байна!
Цус нулимчихгүйг хичээн уураа барьсан Яо Хань хөмсгөө зангидан, ханцуйгаа огцом сэгсрэв.
— Өө, тахир дутуу юм бол энд тэнд ингэж яваад хэрэггүй дээ. Энд үхчихвэл би тайлбар тавихад төвөгтэй болно!
Түүний хэлснийг огт сонсоогүй мэт Жан Сюань хаалга руу дохив.
— Зочноо гаргаад хаалгаа хаа!
— Чи...
Яо Хань нударгаа тас атгаж, газар дээрээ дэлбэрэх шахав.
Тэр хэн билээ?
Байюй хотын эзний өргөөний даамал. Эрх мэдэл багагүй. Хунтянь академид ирэхэд нь Боловсролын төв хорооны удирдах хүмүүс хүртэл хүндэтгэн харьцдаг. Гэтэл Жан Сюань шиг жирийн багш түүнийг тахир дутуу гэж дуудан, бүр хөөж гаргах гэж байна!
Яаж уурлахгүй байх билээ?
— Би чамайг эд нарт юу заадгийг өөрийн нүдээр харна!
Яо Хань хоёр гараа ардаа авч, сүртэйхэн цэх зогсов.
— Өө, явах ёстойгоо мэдэж байгаа юм бол хурдал. Хичээл заахад нам гүм орчин хэрэгтэй. Манай танхимд хаа хамаагүй муур нохой оруулаад байдаггүй юм!
Жан Сюань түүнтэй огт өөр яриа өрнүүлж байгаа мэт, хэлсэн үгийг нь ахин үл тоон хаалга руу дохив.
— Чи... хэнийг муур нохой гээд байна аа?
Яо Хань уурласандаа чичирч, шархнаас нь дахин цус шүүрэв.
— Намайг ганц алганы цохилтоор чамайг алж чадахгүй гэж бодоо юу...
— Жао Я, түүнийг гаргачих. Тэгээд би чиний асуудлыг шийдэж өгье!
Жан Сюань түүнтэй маргалдах ч хүсэлгүй Жао Яд дохив.
— Яо ах аа, та... түр гараад хүлээж байгаач! Би хичээлээ эхлэх гэж байна!
Багш нь өөрийнх нь асуудлыг шийдэж өгнө гэхийг сонсоод Жао Ягийн нүд гэрэлтэв.
— Би явахгүй! Энэ нөхөр хэнийг хэлээд байгаагаа тодорхой тайлбарлаг! Би Яо Хань, Тулаанчийн 6-р дань — Хийн Цэг Нээх шатны хүчтэн. Хаана ч очсон хүмүүс намайг хүндэлдэг. Намайг хэн тахир дутуу гэж хэлж, бүр хөөж гаргах зүрхтэй юм...
Пүн!
Үгээ дуусгаж амжаагүй байхад Жао Я түүнийг түлхээд гаргачихав. Дараагийн мөчид өмнө нь харанхуй болж, хаалга тасхийн хаагдлаа. Яо Хань хурдан бултаагүй бол хаалганд нүүрээ цохиулах байв.
— Авхай минь...
Гадаа үлдсэн Яо Ханий хөмсөг зангирч, нүүр нь татвалзав.
Жан Сюань өөрөө хөөсөн бол тэр яаж ийгээд хариу барих байлаа. Харин өөрийнх нь авхай гаргаж хаясан болохоор зодуулаад үхсэн ч Жао Яд гар хүрч чадахгүй.
Ингээд хуримтлагдсан бүх уураа Жан Сюань руу чиглүүлэв.
Энэ нөхөр авхайг нь ингэтлээ итгүүлчих ямар чадвартайг Яо Хань ерөөсөө ойлгосонгүй.
— Яо ах аа, гадаа жаахан хүлээгээрэй. Бид хичээлээ эхэллээ!
Жао Я өөрийнхөө асуудлыг хэнд ч мэдэгдэхийг хүсдэггүй. Ялангуяа Яо ахад бүр ч хэлж болохгүй. Одоо багш нь түүнийг эмчлэх гэж байгаа тул Яо Ханийг гаргахаас өөр аргагүй байлаа.
— За, авхай минь. Би гадаа хүлээе. Ямар нэг юм болбол дуудаарай. Би тэр дороо орж ирнэ!
Жао Ягийн шийдсэнийг хараад Яо Хань дотогш орж чадахгүйгээ ойлгов. Уур нь хоолойд тулсан ч шүдээ зуун тэвчихээс өөр замгүй.
Яо Хань гарсны дараа танхимд Жан Сюань болон шинэхэн таван шавь нь үлдлээ.
Жан Сюань тэднийг нэг тойруулан хараад,
— Нэгэнт та нар намайг багшаа гэж хүлээн зөвшөөрсөн бол одооноос нэг багшийн шавь нар. Бие биедээ тусалж, багшийнхаа нэрийг бүү гутаагаарай! — гэв.
— Нэр хүнд гэнэ ээ?
Таван сурагч бие бие рүүгээ харав.
“Багш аа... танд гутаах нэр хүнд байгаа юм уу?
Ханиалгаад ч яах вэ. Байхгүй юмыг бид яаж гутаах билээ...”
Жан Сюань тэдний царайг анзаарсан шинжгүй, багш хүний төрхөөр үргэлжлүүлэв.
— Миний заах арга бусад багшаас жаахан өөр. Би хүн бүрийн онцлогт тохируулж заахыг чухалчилдаг. Та бүхэнд өгөх заавар ч өөр өөр байна. Тиймээс хоорондоо харьцуулах хэрэггүй! Одоо би хажуугийн жижиг өрөөнд орно. Нэрийг чинь дуудмагц нэг нэгээрээ ороод ир!
Жан Сюаний танхим зуу орчим ам метр талбайтай, тийм ч том биш. Гэхдээ дотроо тусгаарласан жижиг өрөөтэй бөгөөд багш тэнд сурагчдаа ганцаарчлан зааж чиглүүлэх боломжтой.
Энэ тавын нөхцөл өөр өөр. Бүгдийг нь нэг дор нийлүүлээд заавал төвөгтэйгээс гадна үр дүн муутай.
— Ван Ин, чи миний хамгийн анхны шавь. Эхлээд чи ор!
Жан Сюань түрүүлэн жижиг өрөө рүү алхлаа.
— За, багш аа!
Дуулгавартай Ван Ин эсэргүүцэж зүрхэлсэнгүй, араас нь дагав.
...
Ван Ин бага зэрэг харамсаж байлаа.
Өчигдөр замаа ололгүй төөрөөд, зүгээр л чиг асуухаар орж ирсэн. Гэтэл яаж ийгээд энэ багшид хууртаж шавь нь болчихсон.
Анхандаа учрыг нь сайн ойлгоогүй ч эргээд бодоход энэ багш үнэхээр чадвартай хүн шиг огт санагдахгүй.
Бусад багш түүний нударгын хөдөлгөөнийг ганц хараад л хөлний асуудлыг нь олж чадсан. Харин энэ хүн эхэндээ гэмтлийг нь ч анзаараагүй мөртлөө хөлийг нь эмчилж чадна гэж сүржин амласан...
Энэ гэмтлийн төлөө эцэг нь хаант улсын алдартай эмч нарыг бараг бүгдийг урьж үзүүлсэн ч хэн нь ч тус болж чадаагүй. Тэгэхэд өөдөөс нь суух энэ хүн эмчилнэ гэж хэлсэн.
Луйвар биш юм бол өөр юу байх билээ?
Дээрээс нь Лю багш түүнд энэ хүний тухай олон зүйл ярьсан.
Тэгээд л Ван Ин Жан Сюаний “сүр жавхлант” түүхийг мэдэж авчээ. Багшийн мэргэшлийн шалгалтаас тэг авсан анхны хүн, бас бүх багш дундаа хамгийн сул...
“Би яахаараа ингэж азгүйтэж, энэ хүнд хууртаад үгэнд нь итгэчихэв дээ!”
“Ах гадаа муу хүн олон байдаг гэж хэлээд байсан нь аргагүй юм байна...”
Ах нь гадаа танихгүй хүнд амархан итгэж болохгүй гэж хэлэхэд Ван Ин нэг их тоодоггүй байжээ. Харин одоо багшаа харах бүрд хууртсан санагдаж, үнэхээр гомдолтой байлаа.
“Хичээлээс нь гаръя. Ихдээ л жаахан загнуулна биз. Дараа нь ахаасаа өөр багш олж өгөхийг гуйчихаж болно...”
Ингэж бодож байтал танил хоолой сонсогдов.
— Тулааны техникээ дахин нэг үзүүл!
Жан Сюань өрөөний голд тайван суун түүн рүү харж байлаа.
Өмнө нь Ван Инийг аргалж шавиа болгож байх үед Тэнгэрийн Нууц Номын Сан хараахан идэвхжээгүй байсан. Тиймээс Жан Сюань түүний ямар өө сэвтэйг одоо хүртэл мэдэхгүй.
— За!
Хичээлээс нь гарах тухай бодож байсан ч Ван Ин хэсэг эргэлзээд толгой дохив. Нударгаа хөдөлгөхөд салхи исгэрч, удалгүй бүх дарааллаа дуусгалаа.
— Мм.
Жан Сюань толгой дохив.
Ван Ин жаахан гэнэн талтай ч нударгын техник нь цэгцтэй, муугүй.
— Багш аа, үнэндээ би...
Ван Ин хичээлээс нь гарах бодлоо хэлэхээр шийдэж, арай гэж ам нээтэл өөдөөс нь Жан Сюань түрүүлж дуугарав.
— Миний таамаг зөв бол чиний хөл хоёр жилийн өмнө хэн нэгэнтэй тулалдаж байхдаа цохиулж гэмтсэн байх!
— Та... яаж мэдсэн юм бэ?
Ван Ин цочиж, хэлэх гэсэн үг нь тэр дороо тасрав. Том хар нүд нь бүр бүлтийжээ.
Өчигдөр тэр зөвхөн хөлөө гэмтсэн гэж хэлсэн болохоос яаж гэмтсэнээ огт дурдаагүй. Гэтэл Жан Сюань хэн нэгний цохилтоос болсон гэдгийг төдийгүй, бүр хоёр жилийн өмнөх гэдгийг хүртэл яг хэлчихлээ.
Яаж гайхахгүй байх билээ?
— Хүний хөлөнд хүч, хурд, шаламгай байдлыг тус тус хариуцдаг гурван хийн цэг байдаг. Чи хүнтэй тулалдаж байхдаа хүчийг хариуцдаг хийн цэгээ санамсаргүй цохиулсан байна. Тэр цэг хаагдсанаар цусны урсгал чинь урвуу эргэж, жирийн хүн шиг хүчээ бүрэн гаргаж чадахаа больжээ!
Жан Сюань тайван хэлэв.
— Энэ...
Ван Иний бие үл ялиг чичирч, нүүр нь бүхэлдээ улайв.
Түүний хөлийг эмчлүүлэхээр эцэг нь хаант улсын нэртэй эмч нарыг бүгдийг шахуу урьсан бөгөөд тэдний дунд алдарт Юань Юй эмч хүртэл байжээ.
Юань Юй эмч ч үүнтэй төстэй зүйл хэлсэн. Гэхдээ хүчийг хариуцдаг тэр хийн цэг яг хаана байгааг тогтоож чадаагүй учраас эмчлэх арга олдоогүй.
Хэрэв бүрэн эмчлүүлэхийг хүсвэл дээд чанарын жинхэнэ хийтэй Тулаанчийн 8-р дань — Зунши буюу Их Мастерын шатны хүчтэн урьж эмчлүүлэхээс өөр замгүй. Үгүй бол амжилт олох боломжгүй гэжээ.
Анх Ван Ин хөлийг нь эмчилж чадна гэсэн энэ багшийг зүгээр л өөрийн шавь болгохын тулд хуурч байна гэж бодсон.
Гэтэл Юань Юй эмчийн хэлсэнтэй яг ижил дүгнэлтийг хэлчихнэ гэж хэн санах билээ?
— Багш аа, та... та намайг эмчилж үнэхээр чадах юм уу?
Ван Ин тэсэлгүй асуулаа.
— Жижиг асуудал.
Жан Сюань юу ч биш гэсэн мэт хариулав.
— Жижиг асуудал гэнэ ээ?
Ван Иний нүд томорч, амьсгаа нь хурдаслаа.