Хөл нь гэмтсэн ч жирийн үед алхахад асуудалгүй. Харин бэлтгэл хийх бүрд асар их хүндрэлтэй байлаа. Яг л хор ясанд нь шингэчихсэн мэт. Сүүлийн хагас жилийн турш Ван Ин нэг ч өдрийг сэтгэл амар өнгөрүүлээгүй.
Тиймээс ч танихгүй хүнээс эмээдэг, дуу цөөнтэй өнөөгийн Ван Ин бий болжээ.
Энэ гэмтэл насан туршид нь үлдэнэ гэж аль хэдийн бодож явсан. Гэтэл хүн бүрийн хэрэггүй гэж голдог Жан Сюань багш “Жижиг асуудал” гэж хэлнэ чинээ санасангүй.
Чихэндээ ч итгэсэнгүй.
Хэдхэн мөчийн өмнө байсан бол Жан Сюанийг зүгээр л сүржигнэж байна гэж бодох байв. Харин гэмтлийнх нь шалтгааныг яг таг хэлснээс хойш Ван Иний дотор найдвар төрж эхэлжээ.
— Чамайг ганцааранг чинь энд оруулсан шалтгаан бол хөлийг чинь эмчлэх гэсэн юм. За, бүх биеэ сулла!
Жан Сюань өрөөнөөс дунд зэргийн хаш хайрцаг авч, зөөлөн нээлээ. Дотор нь янз бүрийн урттай олон мөнгөн зүү эгнэн хэвтэнэ.
Тулааны урлагаар хичээллэх явцад бэртэж гэмтэх нь элбэг. Тиймээс академи анги танхим болгонд ийм зүүний иж бүрдэл бэлдсэн байдаг. Гэмтсэн хүний цусны эргэлтийг сайжруулж, өвдөлтийг нь түр намдаахад хэрэглэнэ.
— За, багш аа!
Залуугийн хоолой баттай, өөртөө итгэлтэй атлаа өчүүхэн ч онгироо өнгөгүй байлаа. Түүнийг сонссон Ван Ин яагаад ч юм өөдөөс нь суух хүнд дотроосоо итгэж, чангарсан биеэ суллав.
Шурр!
Жан Сюань суудлаасаа ч хөдөлсөнгүй. Нэг мөнгөн зүү авч хуруугаараа тоншиход жинхэнэ хий шингэсэн зүү сум мэт нисэн очиж Ван Иний хөлөнд зоогдов.
“Энэ чинь... Сэвэлзүүр Зүүний Арга?”
Ван Иний нүд томорч, нарийхан бие нь дахин чичирлээ.
Сэвэлзүүр Зүүний Арга гэдэг нь бясалгагч өөрийн хүчийг нарийн хянаж, мөнгөн зүүний нисэх замыг удирдан өвчтөний биед гараараа хүрэлгүйгээр зөв хийн цэгт хатгах арга.
Ингэснээр эрэгтэй эмч эмэгтэй өвчтөнд ойртож хүрэлгүй зүү тавьж чадна. Хоёр талд эвгүй байдал үүсэхээс ч сэргийлдэг.
Харахад энгийн мэт боловч энэ арга үнэндээ туйлын хэцүү.
Юуны өмнө хүн өөрийн хүчийг төгс хянах ёстой. Өчүүхэн төдий зөрвөл зүү буруу тусах магадлал өндөр. Дээрээс нь хараа маш хурц байх шаардлагатай. Хувцасны цаанаас хийн цэгийн яг байршлыг танина гэдэг амаргүй. Нэг л цэгийг буруу олбол ямар ч асуудал гарч мэднэ.
Юань Юй эмч нэг удаа Сэвэлзүүр Зүүний Аргыг хэрэглэхийн тулд дор хаяж Тулаанчийн 5-р дань — Динли буюу Хүч Тогтоох шатанд хүрсэн байх хэрэгтэй гэж хэлж байжээ.
Тэгвэл академийн хамгийн хэрэггүй багш гэгддэг энэ хүн тийм түвшинд хүрчихсэн гэж үү?
Боломжгүй!
Хүч Тогтоох шатанд хүрсэн хүн болгон академид нэртэй. Жишээлбэл алдарт Лу Сюнь багш.
Харин Лю багшийн хэлснээр Жан Сюань ердөө Тулаанчийн 3-р дань — Жинхэнэ Хийн шатанд байгаа. Хүч Тогтоох шат хүртэл түүнд бүтэн хоёр том шат үлдсэн!
Жинхэнэ Хийн шатны хүн Сэвэлзүүр Зүүний Аргыг хэрэглэж чадна гэж үү?
Ван Ин итгэж чадсангүй.
Шурр! Шурр! Шурр! Шурр!
Түүнийг гайхширч суух зуур Жан Сюань ахиад хэдэн мөнгөн зүү хуруугаараа тоншин илгээв.
Зөөлөн салхи сэвэлзэх мэт дуу гарч, мөнгөн зүүнүүд Ван Иний хөлөнд бүгд яг ижил гүнд шигдлээ.
Энэ нь Жан Сюань хүчээ хянах чадвараа маш өндөр түвшинд хүргэснийг харуулж байв.
Мөнгөн зүүнүүд маханд нь орсны дараа Ван Ин багш нь яг яаж эмчлэх гэж байгааг асуух гэтэл Жан Сюань зүүний үзүүрүүдээр гараа хөнгөхөн гүйлгэв.
Зүүнд шингээсэн жинхэнэ хий тэр даруй хөдөлж, Ван Иний биед нэвтрэн орлоо.
— Аа...
Жинхэнэ хий биед нь ороход хөлөөр нь жирвэгнэх мэдрэмж тархав. Өмнө нь хаагдсан хийн цэг нь тэр хүчний түрэлтээр тэр дороо нээгдлээ.
“Энэ... энэ... дээд чанарын жинхэнэ хий байна!”
Жирвэгнэх мэдрэмж бүх биеэр тархахад Ван Ин өөрийн дотор урсаж буй жинхэнэ хийг тодорхой мэдэрч чадлаа.
Ус шиг тунгалаг. Өчүүхэн ч хольцгүй.
Энэ бол зөвхөн дээд чанарын жинхэнэ хийд байдаг шинж!
“Дээд чанарын жинхэнэ хий гэж үү?”
Ийм хий зөвхөн Бурхны эсвэл Гэгээнтний зэрэглэлийн бясалгалын аргаас бий болдог.
Тяньсюань хаант улс даяар дээд чанарын жинхэнэ хий бясалгасан хүн бий гэж Ван Ин сонсож ч байгаагүй. Гэтэл академийн хамгийн муу багшид ийм хий байдаг гэж үү?
“Би андуураад байгаа юм биш биз?”
— Боллоо!
Ван Ин гайхшралаасаа гарч амжаагүй байхад бүх бие нь суларч, хүч нь тавирав. Тэр үед мөнгөн зүүнүүдийг Жан Сюань хэдийн буцаан авсан байлаа.
Удалгүй хөлөнд нь урьд хэзээ ч мэдэрч байгаагүй хөнгөн, таатай мэдрэмж төрөв.
Гэмтсэнээсээ хойш хэвийн алхаж чаддаг байсан ч хөл нь байнга гипсдүүлчихсэн мэт хөшүүн санагддаг байжээ.
Харин одоо тэр хөшүүн байдал ор мөргүй арилж, таатай мэдрэмж давалгаа мэт тархана. Хөлийг нь хүлж байсан үл үзэгдэх гинж тасарчихсан юм шиг, урьд байгаагүй хөнгөн шаламгай болжээ.
— Миний хөл...
Ван Ин жаахан гэнэн байж болох ч ийм өөрчлөлтийг ойлгохгүй хүн биш.
Хөлнийх нь гэмтэл... үнэхээр эдгэчихжээ!
— Багш аа, баяр...
Өвдөг нь сулран Ван Ин газар сөхрөв. Нүд нь тэр дороо улайлаа.
Энэ өдрийг тэр дэндүү удаан хүлээсэн.
Нэгэнтээ бүр найдвараа алдчихсан байсан. Зүүдэндээ ч академийн хамгийн муу багш гэгддэг хүн олон жил зовоосон энэ хүнд гэмтлийг нь ингэж амархан эмчилнэ гэж төсөөлөөгүй.
“Үнэндээ... багш үнэхээр чадвартай хүн юм байна. Зүгээр л өөрийгөө гайхуулдаггүй байж...”
Ван Иний толгойд ийм бодол төрөв.
Хэрэв Жан Сюань зориуд даруухан явдаг хүн бишсэн бол, хичээл заах чадварыг нь түр орхиод зөвхөн Ван Иний хөлийг эмчилсэн энэ чадвараараа ч академид нэрээ дуурсгаж чадна.
Тэгвэл яаж Багшийн мэргэшлийн шалгалтад хамгийн сүүлд орох билээ?
Ингэж бодох тусам Ван Ин Жан Сюанийг сэтгэлээсээ багшаа хэмээн хүлээн зөвшөөрөв.
Хичээлээс нь гарах тухай бодол бүрэн арилжээ.
— За, хөл чинь эдгэчихлээ. Гарч бэлтгэлээ сайн хий. Өөр асуудал гарвал дараа над дээр ирээрэй!
Жан Сюань гараараа дохисноо нэмж хэлэв.
— Тэгээд Лю Яныг дуудаад оруулаарай!
— За, багш аа!
Ван Ин баяртайгаар хариулаад өрөөнөөс гарлаа.
...
— Би дараа нь энэ багшийн хичээлээс гарна. Та нараас надтай хамт гарах хүн байна уу?
Танхимд Лю Ян, Жэн Ян, Жао Я, Юань Тао дөрөв хоорондоо танилцсаны дараа Лю Ян ийн хэлэв.
Үнэндээ түүний дотор үнэхээр гомдолтой байлаа.
Элсэлтийн шалгалтад эхний зууд багтсан тул түүнийг авахыг хүссэн сайн багш олон байсан. Гэтэл хоёр багшийн хоорондын нэг мөрийнөөс болж академийн хамгийн муу багшид “ялагдаад” ирчихжээ.
Бодох тусам шударга бус санагдаж, галзуурах шахна.
“Өнөөдөр ямар ч байсан энэ багшийн хичээлээс гарна. Академиас бүр гарах хэрэг гарсан ч хамаагүй...
Намайг хэн ч зогсоож чадахгүй!”
— Би... бас гармаар байна. Гэхдээ Жан Сюань багш уурлачихвал юу хийхийг нь хэлж мэдэхгүй шүү дээ!
Юань Тао тэсэлгүй хэлэв.
— Уурлана гэнэ ээ? Хм, уурлавал яадаг юм? Надад юу хийж чадах вэ? Буруу заалгаж байгаад бясалгалын хяналтаа алдахыг би хүсэхгүй байна!
Лю Ян үл тоомсорлон хамраараа дуугарав.
— Бясалгалын хяналтаа алдах аа?
Жэн Ян эргэлзэн харлаа.
Тэр зөвхөн Жан Сюань Багшийн мэргэшлийн шалгалтаар хамгийн муу оноо авч, хамгийн сүүлд орсныг л мэднэ. Өмнө нь түүний заавраас болж нэг сурагч бясалгалын хяналтаа алдсан тухай огт сонсоогүй ажээ.
— Тийм ээ! Итгэхгүй байвал хүлээгээд хар! Ван Ин одоо гарч ирэхдээ лав царай нь авах юмгүй болсон байна. Хууртсанаа ойлгоно! Жан Сюань багшийн заах чадвар ямар байдгийг би аль эрт сонссон. Хэрэв үнэхээр зөв зааж чаддаг байсан бол яаж бусад багшийн жигшил зэвүүцэл болж, ийм байдалд хүрэх юм бэ...
Шажиг!
Яг ярьж байтал хаалга нээгдэж, Ван Ин нүүр дүүрэн баяртай гарч ирэв.
— Мм?
Лю Ян мэл гайхав.
Царай нь баргар гарч ирнэ гэж бодсон атал Ван Ин эсрэгээрээ аз жаргалтай инээмсэглэж байлаа.
Бусад хэд ч гайхаж хоцров.
Энэ баяр хөөр нь дүр эсгэсэн зүйл биш, сэтгэлээс нь гарч байгаа нь тодорхой.
Ингэтлээ баярлаж байгаа юм чинь багшаасаа асар их зүйл олж авсан байж таарна.
“Ийм муу нэртэй багш үнэхээр зөв зааж чаддаг юм гэж үү?
Ганцхан удаа заагаад сурагчаа эрдэнэс олчихсон мэт баярлуулна гэдэг... алдарт Лу Сюнь багш хүртэл ингэж чадахгүй байх!”
— Лю Ян, багш чамайг ороорой гэсэн!
Бусад нь юу бодож байгааг анзаараагүй Ван Ин түүнд хэлчихээд нэг буланд очиж бэлтгэлээ эхлүүлэв.
— Би юу?
Лю Ян шүдээ зуулаа.
“Ямар заавар өгөхийг чинь харъя! Хэрэв надад хэрэг болох зүйл хэлж чадахгүй бол би хичээлээс чинь гарна!”
Дотроо ийн шийдээд Лю Ян жижиг өрөө рүү алхав.