Өмнө нь Жан Сюань Лю Янд нэг удаа зааж өгсөн ч Лю Ян түүнийг үнэхээр чадвартай гэж боддоггүй байв. Зүгээр л аз таарсан гэж үзэж байлаа.
Эцсийн эцэст нударгын хөдөлгөөнийг нөгөө гараараа хий гэж хэлэхэд ямар их чадвар шаардагдах билээ.
Тиймээс Лю Ян сэтгэлийнхээ гүнд энэ багшийг одоо ч басамжилсаар байв.
— Багш аа!
Өрөөнд орж ирээд Лю Ян гараа атган үл ялиг бөхийсөн ч дууны өнгөнд нь хүндэтгэл төдийлөн мэдрэгдсэнгүй.
— Би чиний тулааны техникээ үзүүлж байхыг өмнө нь харсан.
Түүний үл хүндэтгэсэн өнгийг огт анзаараагүй мэт Жан Сюань үргэлжлүүлэв.
— Дүүлэн Нисэх Цэцгийн Нударгыг анхан түвшинд, Луугийн Инчийн Нударгыг мэргэшсэн түвшинд хүргэсэн байна. Муугүй шүү!
— Юу? Та... намайг Луугийн Инчийн Нударга сурдгийг яаж мэдсэн юм бэ?
Жан Сюанийг үл тоомсорлож суусан Лю Ян энэ үгийг сонсоод цочсондоо ухаан алдах шахав.
Түүний одоогийн хүч сул учраас уг нь бясалгалын аргадаа голлон анхаарах ёстой. Тулааны техник сурлаа ч Дүүлэн Нисэх Цэцгийн Нударга шиг энгийн техникээр хичээллэх нь зөв байв. Харин доод зэрэглэлийн эгэл тулааны техник болох Луугийн Инчийн Нударга түүнээс хавьгүй хүчирхэг.
Илүү хүчтэй болохын тулд Лю Ян энэ нударгын аргыг гэр бүлийнхнээсээ хүртэл нууцаар сурчээ.
Луугийн Инчийн Нударгаа анхан түвшинд хүргэснээс хойш тэр бусдын өмнө нэг ч удаа хэрэглээгүй. Өмнө нь Жан Сюаньд үзүүлсэн техник нь Дүүлэн Нисэх Цэцгийн Нударга байсан. Гэтэл Жан Сюань түүнийг Луугийн Инчийн Нударга сурдгийг төдийгүй бүр мэргэшсэн түвшинд хүрснийг нь ч мэдчихсэн байлаа.
Яаж мэдсэн юм бол?
— Дүүлэн Нисэх Цэцгийн Нударгын чинь хөдөлгөөнд Луугийн Инчийн Нударгын ул мөр байсан юм!
Тэнгэрийн Нууц Номын Сангийн ачаар мэдсэн гэдгээ Жан Сюань яаж хэлэх билээ. Тэр нүд ч цавчилгүй худал хэлэв.
— Тэрнээс хүртэл мэдчихдэг гэж үү...
Лю Ян одоо ч итгэж ядсаар байлаа.
Энэ хоёр техник хоорондоо бараг ямар ч холбоогүй. Тэр өмнө нь Цао Сюн багшийн өмнө Дүүлэн Нисэх Цэцгийн Нударгаа үзүүлж байсан ч Цао Сюн юу ч анзаараагүй. Гэтэл академийн хамгийн муу багш гэгддэг хүн ганц хараад л мэдчихдэг гэж үү?
Үнэхээр боломжтой гэж үү?
Лю Ян дотроо эргэлзсээр байтал өөдөөс нь суух багш дахин ам нээлээ.
— Мэргэшсэн түвшинд хүрсэн болохоор Луугийн Инчийн Нударгын чинь хүч нэлээд сайн. Гэхдээ энэ техникийг хэрэглэх болгонд суганы доогуур өвдөж, мөр хүзүүний уулзвар хавийн Жяньжин хийн цэг загатнадаг уу?
Тайлбар: Жяньжин нь хүзүүний ар талын хажууд, мөрөн дээр байрладаг хийн цэг.
— Энэ... энэ...
Лю Ян хэд алхам ухарч, сүнс харсан мэт айдаст автлаа.
Жан Сюаний хэлсэн зүйл зүгээр нэг зөв байсангүй. Яг таг таарч байв!
Бүр түүний бэлтгэл хийж байхыг нүдээрээ харсан юм шиг.
— Та... яаж мэдсэн юм бэ?
Лю Яны царай цонхийж асуулаа.
— Маш энгийн. Чи өөртөө тохироогүй тулааны техникээр хичээллэж байна! Энэ хэвээр үргэлжлүүлбэл гурван жилийн дотор гарын чинь булчин бүрэн гэмтэнэ гэдгийг би баттай хэлж чадна. Тэр үед үхэшгүй нэгэн ирсэн ч аврахад бэрх болно! Үнэндээ шинж тэмдэг нь аль хэдийн илэрч эхэлсэн. Шөнө унтаж байхад бие чинь хөшиж, хааяа татдаг биз дээ?
— Би...
Лю Ян чичрэв.
Үнэхээр тийм шинж түүнд байсан. Гэхдээ хэт их бэлтгэл хийж ядарснаас болсон гэж бодоод тоогоогүй юм. Луугийн Инчийн Нударгатай холбоотой гэж зүүдэндээ ч төсөөлөөгүй!
— Луугийн Инчийн Нударга биеийг луу мэт үзэж, биеийн инч бүрээс хүч гаргахыг чухалчилдаг техник. Хэрэв чи Тулаанчийн 4-р дань — Пигү буюу Бие Чангалах шатанд хүрч, жинхэнэ хий чинь булчин махыг тэтгэх хэмжээнд очсон бол энэ техникийг бясалгахад ийм сөрөг нөлөө гарахгүй. Харин чи одоо Жүси буюу Хий Хураах шатанд л байна. Бие чинь дэндүү сул! Ийм техникийг хүчээр бясалгах тусам биеэ гэмтээнэ. Цаг өнгөрөх тусам гэмтэл улам хүндэрнэ! Чи солгой биш атлаа зүүн гар чинь баруунаасаа мэдэгдэхүйц хүчтэй байдгийн шалтгаан ч энэ. Луугийн Инчийн Нударгыг баруун гараараа давтсаар байгаад баруун гараа ноцтой гэмтээчихсэн. Одоо зогсохгүй бол бүр тахир дутуу болно!
— Багш аа, намайг авраач...
Лю Янд анх орж ирэх үеийн бардам зангаас юу ч үлдсэнгүй. Өвдөг нь сулран, шууд сөхрөв.
Одоо л тэр Жан Сюань үнэхээр өндөр чадвартай мэргэжилтэн гэдгийг ойлголоо.
Жан Сюаний хэлсэн бүхэн өөрт нь тохиолдож буй зүйлтэй яг таарч байв. Багш нь хэлж өгөөгүй бол Лю Ян эдгээр шинжийг тоохгүй өнгөрөх байсан. Харин одоо бүхнийг учир шалтгаантай нь тодорхой сонсоод, үг бүр нь үнэн гэдгийг ойлгожээ.
Ийм хүний өмнө бардамнах ямар эрх түүнд байх билээ?
Ийм багшийн шавь болсондоо хүртэл гомдож явснаа бодохоор инээдтэй.
Харин одоо л ямар их азтай байснаа ойлгов!
Цао Сюний шавь болохоосоо өмнө Лю Ян академийн хэд хэдэн нэртэй багштай уулзаж, тулааны техникээ үзүүлж байсан. Гэвч нэг нь ч түүнийг Луугийн Инчийн Нударга сурдгийг олж хараагүй. Баруун гар нь гэмтсэнийг мэдэх тухай ярихын ч хэрэггүй.
— Эхлээд Луугийн Инчийн Нударгаар хичээллэхээ зогсоо. Бясалгалын шатаа ахиулахад бүх хүчээ төвлөрүүл. Харин хуримтлагдсан гэмтлийг чинь яаж эмчлэхийг би бодож үзье. За, одоо Жао Яг оруулаад ир!
— За!
Лю Ян яаран толгой дохив. Дахиж олон юм хэлж зүрхлэлгүй шууд гарлаа.
Гадагш алхмагцаа Жэн Ян, Жао Я, Юань Тао гурав түүн рүү ширтэж байв.
— Жан Сюань багшийн шавиас гарчихсан уу? — Юань Тао догдлон асуув.
— Гарах аа? Би яагаад гарах ёстой юм?
Лю Ян гараа савчаад, нүүр нь ч улайхгүй бардам хэллээ.
— Надад нэг өдөр ч болов багшилсан хүн насан турш эцэг мэт! Би, Лю Ян, Жан Сюань багшийн шавиас хэзээ ч гарахгүй. Намайг ямар хүн гэж бодоод байгаа юм? Тэгж амархан урваж шарвадаг хүн шиг харагдаж байна уу? Та нар өдөржин л шавиас гарна гэж бодоод байх юм. Ичихгүй байна уу?
— ...
Жэн Ян, Жао Я, Юань Тао гурав хэлэх үггүй болов.
Ичих нүүргүй. Дэндүү ичих нүүргүй!
Дөнгөж саяхан л Жан Сюаний шавиас заавал гарна гэж зүтгээд байсан хүн нүд ирмэхийн зуур үгээ ингэж эргүүлчихдэг. Ингэтлээ ичих нүүргүй байж болдог юм уу?
...
“Энэ багш... үнэхээр чадвартай бололтой!”
Өрөөнд орсон, гарсан хоёрын хандлага тэнгэр газар шиг өөр болсныг хараад Жао Я ингэж бодон хаалгыг түлхэж оров.
Яо Хань ахынхаа үгийг сонсоод түүний итгэл огт ганхаагүй гэж хэлбэл худал. Гэхдээ Жан Сюань өөрийнх нь хэлэхэд ч ичмээр “өвчнийг” яг таг олж, эмчлэх найдвар өгсөн нь үнэн.
Тиймээс энэ асуудлаа тэр олон хүнд дэлгээд байх боломжгүй.
— Суу!
Жао Я орж ирээд Жан Сюаний өөдөөс суулаа.
— Багш аа, та... миний өвчнийг эмчилж чадна гэсэн...
Жао Ягийн хацар улайлаа.
— Мм. Чиний асуудлыг шийдэх амархан.
Үнэндээ Жао Я огт өвчтэй биш. Харин тоо томшгүй олон эмэгтэйн хүсээд ч олдоггүй Цэвэр Инь Биетэй байв. Түүний биед инь энерги хэт давамгай. Үүнийг зөв чиглүүлж чадвал бясалгал нь асар хурдан ахина.
Харамсалтай нь Байюй хотод үүнийг хэн ч анзаараагүй төдийгүй бүр инь шинжтэй бясалгалын арга сонгон өгчээ.
Энгийн эмэгтэй хүнд бол тэр үнэхээр сайн арга. Харин Цэвэр Инь Биетэй Жао Яд ийм арга бясалгуулах нь асуудлыг нь улам дордуулна.
Түүний биед инь энерги жил ирэх тусам хуримтлагдсаар байв. Багадаа бол бараг мэдэгддэггүй. Харин бие нь өсөж, эмэгтэй хүний онцлог тодрох тусам дотоод хүслээ дарахад улам хэцүү болно. Цагт нь засахгүй энэ хэвээр үргэлжилбэл эцэстээ тачаалдаа бүрэн автаж, хүслээ хэчнээн хангах гэж оролдсон ч цадахгүй хэмжээнд хүрч мэднэ.
Жао Яд ийм эвгүй асуудал үүссэний шалтгаан нь энэ байлаа.
— Энэ...
Жао Я балмагдав.
Тэр өөрийгөө Цэвэр Инь Биетэй гэдгээ огт мэддэггүй. Эцэг нь ч мэдэхгүй.
Харин өөрийнх нь бясалгаж буй арга цэвэр инь шинжтэй гэдэг нь үнэн!
Үнэхээр энэ л шалтгаан гэж үү?
— Цагаан Хаш Ариун Бүсгүйн Арга бол муу арга биш. Гэхдээ чамд тохирохгүй. Асуудлыг үндсээр нь шийдэхийг хүсвэл өөр бясалгалын арга сонгох хэрэгтэй!
— Та... намайг Цагаан Хаш Ариун Бүсгүйн Арга бясалгадгийг яаж мэдсэн юм бэ?
Жао Я дахин гайхлаа.
Энэ бол Байюй хотод уламжлагдан ирсэн бясалгалын арга. Бай овгийнхноос өөр мэддэг хүн тун цөөн. Танхимын гадна байгаа Яо Хань хүртэл нарийн учрыг нь сайн мэдэхгүй. Гэтэл Жан Сюань ганцхан хараад л хэлчихлээ.
Итгэхэд үнэхээр бэрх.
— Өвчний чинь учрыг харж чадсан хүн бясалгалын аргыг чинь бас танина биз дээ!
Жан Сюань толгойгоо дөчин таван хэмээр үл ялиг гэдийлгэн, хэр хэмжээг нь таахын аргагүй их мэргэжилтэн мэт дүр үзүүлэв.
— Өөр бясалгалын арга сонговол асуудал шийдэгдэнэ гэж үү? Тэгвэл... би ямар арга бясалгах ёстой вэ?
Жао Я гайхсанаа хүчээр дарж асуулаа.
— Биеийнхээ төрөлхийн боломжийг нээж өгдөг арга хэрэгтэй. Инь энергийг чинь улам хуримтлуулдаг арга биш! Ингэе. Би академийн Номын Хөмрөгийн Асраар орж, чамд тохирох арга байгаа эсэхийг харъя.
— Баярлалаа, багш аа!
Жао Я яаран толгой дохив.
Асуудал нь хараахан шийдэгдээгүй ч ядаж шалтгааныг нь мэддэг боллоо. Дотор нь баяр хөөр оргилов.
Жан Сюань жижиг зүйл гэсэн мэт гараа дохилоо.
— Жэн Яныг оруулаад ир!
Жан Сюань өрөөндөө шавь нартаа нэг нэгээр нь зааж байх зуур танхимын гадна нэг өндөр залуу том том алхсаар хүрч ирэв.
— Лю ах аа, таны хэлсэн үнэн үү?
Өндөр залуу араас нь дагах өвгөнөөс асуулаа.
— Залуу эзэн ээ, үнэн. Залуу авхай Жан Сюанийг багшаа болгосон!
Лю өвгөн яаран толгой дохив.
Жан Сюань энд байсан бол энэ Лю өвгөнийг шууд таних байлаа. Өчигдөр Ван Инийг өөрийнх нь шавиас гаргах гэж ирсэн хүн мөн.
Түүний “залуу эзэн” гэж дуудсан энэ залуу бол Ван Иний ах, Хунтянь академийн суут сурагч, нэгэн ахлагчийн шавь Ван Тао байв!
— Жан Сюань гэнэ ээ? Багшийн мэргэшлийн шалгалтаас тэг авсан тэр багш уу? Тэр миний дүүд хичээл заах ямар эрхтэй юм! Новш гэж! Өнөөдөр тэрэнд дүүг минь хуурсны үнэ ямар байдгийг үзүүлэхгүй бол намайг Ван Тао гэсний хэрэг алга!
Ван Тао танхим руу алхах зуураа ууртайгаар хэлэв.