Тяньсюань хот бол Тяньсюань хаант улсын нийслэл. Хотын дөрвөн том овгийн нэг болж чадсан Ван овгийн хүч нөлөөг дутуу үнэлэх аргагүй.
Ийм хүчирхэг овгийн нэр хүндийг Хунтянь академийн захирал хүртэл бодолцоно. Гэтэл Ван Ин өчнөөн багшаас Багшийн мэргэшлийн шалгалтаас тэг авсан хүнийг сонгож багшаа болгожээ.
Энэ бол доромжлол!
Асар том доромжлол!
Бусад хүн Жан Сюаний талаар сайн мэдэхгүй байж болох ч академийн сурагч Ван Тао түүний тухай олон зүйл сонссон. Жан Сюань нэг удаа сурагчдаа буруу зааж, бясалгалыг нь хяналтаас гаргаснаар багш нарын нэр хүндийг гутааж байсан гэдэг.
Тиймээс хамт суралцагчид нь цай ууж, хоол идэхдээ Жан Сюанийг байнга ярьж, шоолж инээлддэг байв. Гэтэл өөрийнх нь дүү яг тэр хүнийг багшаа болгоно гэж Ван Тао зүүдэндээ ч төсөөлөөгүй.
Үүнийг бусад сурагч мэдчихвэл өөрөө элэг доог болох биш үү?
Бодох тусам уур нь хүрч, Ван Тао танхимын үүд рүү алхав. Тэгтэл бараг занданшуулсан хүн шиг бүх биеэ боолгочихсон Яо Хань харагдлаа.
— Өө, Ван Тао залуу эзэн байна шүү дээ!
Байюй хотын эзний өргөөний даамал Яо Хань олон хүчирхэг талын хүмүүстэй харилцаж явсан. Ван Тао авьяастай суутан төдийгүй Ван овгийн тэргүүний хүү учраас түүнийг таних нь мэдээж.
— Та чинь...
Ван Тао түүн рүү хараад хөмсгөө өргөв.
Яо Хань аймшигтай зодуулснаас хуучин төрхийн нь ул мөр бараг үлдээгүй байлаа. Жао Я хүртэл танихад бэрх болсон байхад Ван Тао яаж шууд таних билээ.
— Би Байюй хотын Яо Хань байна.
— Өө, Яо даамал байсан юм уу. Та яагаад...
Ван Тао гайхав.
— Бэлтгэл хийж байгаад санамсаргүй гэмтчихсэн юм...
Яо Хань эвгүйрхэн тайлбарлачхаад сэдвээ хурдан өөрчлөв.
— Харин Ван Тао залуу эзэн энд ямар хэргээр ирэв?
— Миний дүү Жан Сюанийг багшаа болгосон байна. Дүүгээ буцааж аваад, тэр даварсан багшид хичээл заахаар ирлээ!
Ван Тао уураа огт нуусангүй.
— Юу? Таны дүү гэхээр Ван Ин авхай юу?
Тайлбар: “Сяожэ” гэдэг нь залуу эмэгтэйд хүндэтгэлтэйгээр хандсан “авхай” гэсэн утгатай.
Яо Хань танхимд орсныхоо дараахан хөөгдөж гарсан. Тэгээд ч бүх анхаарал нь Жан Сюань дээр байсан тул Ван Инийг анзаараагүй ажээ.
Ван Тао толгой дохив.
— Ван Ин авхайн авьяас таныхаас огт дутахгүй гэж сонссон. Яагаад ийм хүнийг сонгосон юм бол?
Яо Хань гайхав.
— Манай дүү гаднын хүмүүстэй бараг харьцаж үзээгүй, гэнэн цайлган зантай. Тэр нөхөр үгээр хүний толгой эргүүлэхдээ сайн болохоор юу гэж бурсан юм бүү мэд. Дүү минь хэлсэн утгагүй үгэнд нь үнэхээр итгэчихсэн байна!
Лю өвгөний ярьсныг санахад Ван Таогийн уур дахин дүрэлзэв.
— Ямар олиггүй амьтан бэ! Багш нарын дундах гай, жинхэнэ шаар байна!
Өөрийнх нь залуу авхай хүртэл Жан Сюаньд хууртсаныг санасан Яо Хань шүдээ зуув.
— Ван Тао залуу эзэн ээ, та тэр нөхөрт заавал хичээл заагаад өгөөрэй!
— Мм!
Ван Тао толгой дохисноо Яо Ханийг сэжиглэн харав.
— Харин Яо даамал та энд яагаад байгаа юм?
— Яриад яах вэ. Ярих тусам л уур хүрнэ. Манай залуу авхай бас Жан Сюаний худал үгэнд хууртаж, түүнийг багшаа болгочихсон!
Яо Хань ууртайгаар хамраараа дуугарав.
— Жао Я авхайг хэлж байна уу?
Ван Тао балмагдав.
— Тийм!
— Тэгвэл та яагаад дотогш ороод тэр хоёр нүүртний үнэн төрхийг илчлээгүй юм? Яагаад үүдэнд нь хүлээгээд байгаа юм бэ?
— Уг нь ороод илчлэх гэсэн чинь манай залуу авхай уурлачихсан. Аргагүйдээ энд хүлээж байна. Харин Ван Тао залуу эзэн яг цагтаа ирлээ. Та одоо дотогш орж, тэр ичих нүүргүй нөхөрт хичээл заагаад, муу санааг нь ил болгочихвол манай залуу авхай жинхэнэ төрхийг нь ойлгоно!
— Санаа зоволтгүй. Би тэр луйварчны багийг яг одоо хуулна. Ичих нүүргүй тэр амьтны үнэн төрхийг бүгдэд харуулъя!
Ван Тао шүдээ зуун толгой дохиод, хаалгыг өшиглөн онгойлгож том том алхсаар дотогш орлоо.
...
Энэ хооронд Жан Сюань таван шавийнхаа асуудлыг нэг бүрчлэн үзэж дууссан байв.
Жэн Яны жадны урлагт цөөнгүй өө сэв байлаа. Жан Сюань заримыг нь тайлбарлан засаж өгөхөд Жэн Яны хүч дахин мэдэгдэхүйц өсөж, тэр баярласандаа хөл газар хүрэхгүй шахав.
Харин Юань Тао өмнө нь олигтой бясалгалын арга ч, тулааны техник ч сурч байгаагүй. Жан Сюань академийн суурь арга болох Хунтянийн Есөн Даньт Бясалгалын Аргын 1-р данийн хэсгийг гаргаж ирээд бага зэрэг өөрчлөн түүнд өгчээ.
Тэр их зүйл өөрчлөөгүй тул өөрийнх нь бясалгаж буй Тэнгэрийн Замын Дээд Бясалгалын Аргатай харьцуулахад хол зөрүүтэй хэвээр. Гэсэн ч анхны Хунтянийн Есөн Даньт Бясалгалын Аргаас хэд дахин үр дүнтэй байлаа. Юань Тао ганц хараад л баярласандаа үсрэх шахаж, жинхэнэ чадвартай багшийг сонгосноо ойлгов.
— За, та нарын асуудлыг ерөнхийд нь бүгдийг үзлээ. Цаашдаа бэлтгэлээ тууштай хийж...
Жан Сюань таван шавиа танхимд цуглуулж, цааш яахыг нь тайлбарлаж байтал хаалга тасхийн өшиглөгдөв. Дараахан нь ууртай архирах дуу танхимд цуурайтлаа.
— Жан Сюань! Миний дүү болон Жао Я авхайг шавиасаа яг одоо хас! Үгүй бол чамайг зүгээр өнгөрөөхгүй!
Ван Тао дайран орж ирээд Жан Сюаний өмнө ууртай зогсов. Нүд нь час улайж, хүн алахад ч бэлэн мэт харагдана.
— Ах аа...
Ахыгаа ийм байдалтай хараад Ван Ин цочин, яаран урагшлав.
— Чи оролцох хэрэггүй!
Ван Тао дүүгээ арагш түлхээд Жан Сюань руу хүйтнээр ширтэв.
— Жан Сюань, бусдыг утгагүй үгээрээ хуурдаг чинь ч яах вэ. Харин миний дүүг хүртэл худал үгээр урхидаж зүрхэлдэг чинь үхлээ эрсэн хэрэг! Би чамд арван секунд өгье. Миний дүү, Жао Я авхай хоёрыг одоо шавиасаа хасвал энэ удаа өнгөрөөж болно. Үгүй бол багш хүн гэж бодоод гараа татна гэж бүү найд!
Вүүм!
Ван Тао хамаг хүчээ дэлгэхэд хүчирхэг сүр нь танхимыг дарав.
Тэр Тулаанчийн 4-р дань — Пигү буюу Бие Чангалах шатанд хүрчээ!
Нэгэн ахлагчийн шавь болж чадсан нь аргагүй. Хүч нь академийн жирийн багшаас огт дутахгүй.
— Би хичээл зааж байна. Гар.
Жан Сюань түүн рүү тайван харав.
— Хичээл заана аа? Чиний хэмжээнд юу зааж чадах юм!
Ван Тао хүйтнээр дооглов.
— Гар гэнэ ээ? Намайг хөөнө гэж үү? Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм? Чамайг багш гэж дуудаж байгаа нь наад захын хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг. Өөрийгөө ямар хүн гэдгээ мэддэггүй юм уу? Жинхэнэ Хийн шатнаасаа ч гараагүй доод эрэмбийн багш байж миний өмнө их хүн болж жүжиглэх хэрэггүй. Би өнөөдөр чамайг зодлоо гэхэд ахлагч нар хамгийн ихдээ л хэдэн үг хэлж зэмлэнэ. Чи намайг яаж ч чадахгүй!
Түүний хэлсэн оргүй үг биш. Академийн ахлагчдын шавь нараас жирийн багш нараас ч хүчтэй, байр суурь өндөр хүн цөөнгүй. Тэд багштай зөрчилдлөө гэхэд хамгийн ихдээ багахан зэмлүүлээд өнгөрнө. Хүнд шийтгэл бараг авдаггүй.
— Ах аа...
Ван Иний царай цайв.
Өөрийн багш хэр чадвартайг тэр маш сайн мэднэ. Тяньсюань хаант улсын нэртэй эмч нар юу ч хийж чадаагүй асуудлыг нь Жан Сюань хялбархан шийдсэн. Ийм хүн чадваргүй байж яах билээ?
Яаруу ахыгаа болиулах гэж завдтал Жан Сюаний царай барайн, харц нь хурцдав.
— Зайл!
— Намайг... зайл гэнэ ээ?
Энэ бүтэлгүй багш өөрт нь ингэж хэлнэ гэж Ван Тао төсөөлсөнгүй. Үргэлжлүүлэн хараах гэж байтал Жан Сюаний хүйтэн харцтай тулгарлаа.
Тэр харцыг харах мөчид Ван Таогийн бүх бие чичрэв. Барын хараанд өртсөн туулай шиг сүр хүчний дарамтад автаж, хэд алхам ухраад хөл нь хүртэл салганалаа.
Ийм хурц сүр хүчийг тэр зөвхөн өөрийн багшаас л мэдэрч байсан. Тэгвэл академийн хамгийн муу багш, Тулаанчийн 3-р дань — Жинхэнэ Хийн шаттай гэх энэ хүнээс яаж ийм сүр хүч гарч байна вэ?
Хэдэн хором өнгөрсний дараа Ван Тао арайхийн ухаан сэхэв. Царай нь барайн, нүд нь улайлаа.
Түүний бодлоор Жан Сюань багш нэртэй ч үнэндээ бүтэлгүй амьтан. Гэтэл ийм хүн өөр рүү нь хашхирч, бүр айлгаад ухраачихлаа. Энэ явдал бусдын чихэнд хүрвэл тэр яаж хүний нүүр харах юм? Нэр хүнд нь юу болох вэ?
— Үхлээ эрж байна!
Шившиг болсондоо дүрэлзсэн Ван Тао архираад, бугуйгаа огцом хөдөлгөхөд бүсэн дэх сэлэм нь хуйнаасаа сугарлаа.
Шүү!
Сэлэм цахилгаан мэт хатгав.
Па! Па! Па!
Тулаанчийн 4-р дань — Бие Чангалах шатанд хүрсэн хүн таван зуун килограммаас давсан хүчтэй байдаг. Сэлэм Жан Сюаньд хүрэхээс ч өмнө ир нь агаарыг зүсэн исгэрч, зогсоохын аргагүй сүртэй дайралт мэт санагдав.
— Жан багш аа...
Ахынхаа сэлэм ийм хурдтай ирж байгааг хараад Ван Иний нүүр цав цагаан болов.
Жан Сюаний заавар ямар гайхалтайг мэддэг ч багш нь Тулаанчийн 3-р даньтай гэж тэр бодсоор байсан. Ахтай нь тулалдах хүчний хувьд хол зөрүүтэй!
Энэ цохилтоос бултаж амжихгүй. Гарцаагүй шархдана!
Ван Ин айсандаа дуу алдаж, нүдээ тас анив.
— Яаж... яаж ийм байж болох вэ?
Жан Сюань багш нь шархдах нь гэж бодож байтал Жао Я болон бусдын итгэж ядсан дуу сонсогдов. Ван Ин нүдээ яаран нээж хараад, харсан зүйлдээ хөдөлж ч чадсангүй.
Ахынх нь асар хүчтэй сэлэм агаарт хөдөлгөөнгүй тогтжээ.
Түүнийг зогсоосон зүйл нь Жан Сюань багшийн сулхан харагдах хоёрхон хуруу байлаа.
Тийм аймшигтай сэлмийг ердөө... хоёр хуруугаараа хавчиж зогсоочихсон гэж үү!