— Шан залуу эзэн!
Цао Сюн хүндэтгэлтэй мэндлэв.
— Цао Сюн багш аа, намайг хайсан юм уу? — Шан Бин гайхсан янзтай харлаа.
Хоёулаа академийн багш, байнга тааралддаг ч дотно нөхөрлөсөн хүмүүс биш, танилын төдий харилцаатай байв.
— Тийм ээ. Шан залуу эзнээс нэг зүйл гуйх гэсэн юм... — Цао Сюн хэсэг тээнэгэлзээд ам нээлээ.
— Миний хийж чадах зүйл бол чадлынхаа хэрээр тусална.
Шан Бин бол Шан Чэнь ахлагчийн ач хүү. Өдөр бүр түүнээс тусламж гуйж ирдэг багш цөөнгүй тул ийм явдалд аль хэдийн дасжээ.
— Тэгвэл... Би өчигдөр маш их хичээж байж нэг сурагч авсан юм. Гэтэл өөр нэг багш түүнийг хуурч өөр дээрээ авчихлаа. Шан ахлагч Боловсролын төв хороог хариуцдаг биз дээ? Тэр сурагчийг буцаагаад над дээр шилжүүлж болох болов уу гэж...
Лю Ян бол Цао Сюн маш их хүч гаргаж байж элсүүлсэн хамгийн сайн сурагч нь. Гэтэл өчигдрийн мөрийн улмаас Жан Сюаньд алдчихсан. Буцаж очсоныхоо дараа бодох тусам уур нь хүрч, эцэст нь тэсэлгүй өнөөдөр Шан Бинийг зорьж ирсэн аж.
Шан Биний өвөө Шан Чэнь ахлагч академийн Боловсролын төв хороог тэргүүлдэг. Нэг сурагчийг өөр багш руу шилжүүлэх нь түүнд тийм ч хэцүү ажил биш.
— Буцааж шилжүүлэх үү? — Шан Бин хөмсгөө зангидав. — Хэрэв тэр сурагч өөрийн хүсэлтээр нөгөө багшийн шавь болсон бол жаахан төвөгтэй. Одооны сурагчид ямар болсныг чи мэднэ шүү дээ. Жаахан юманд сэтгэл дундуур болчихвол хааны ордон, Багш нарын холбоонд хүртэл гомдол гаргачихна. Тэгвэл бид...
— Өөрийн хүсэлтээр биш! Үүнийг би баттай хэлж чадна! — Цао Сюн яаран таслав.
— Хүсээгүй байсан ч нөгөө багш нь тавьж явуулахгүй гэвэл бас амаргүй. Академийн дүрэм гэж бий шүү дээ... — Шан Бин гараа дохисноо гэнэт асуув. — Түрүүн чи хуурсан гэсэн үү? Чиний сурагчийг яг аль багш мэхэлж авсан юм?
— Манай академийн өнөөх “хэрэггүй багш” Жан Сюань... — гэж хэлэхдээ Цао Сюн шүдээ зууж, үзэн ядалтаа нууж чадсангүй.
— Жан Сюань гэнэ ээ? Тэр чиний сурагчийг хуурч авсан юм уу?
Энэ нэрийг дахин сонсмогц Шан Биний уур дүрэлзэв.
Өчигдөр энэ нөхөр саад болоогүй бол тэр шүтэж явдаг бүсгүйгээ оройн хоолонд урьж чадах байлаа. Тулаанчийн 3-р данийн түвшинтэй, Багшийн мэргэшлийн шалгалтад тэг авсан нэгэн байж түүний эрх мэдлийг үл тоомсорлосон. Өөрөө үхлээ эрсэн хэрэг!
Өчигдөр Шэнь Би Жу дэргэд нь байсан болохоор хүч хэрэглэж болоогүй. Үгүйсэн бол Жан Сюанийг үхэх сэхэхийн заагт ортол нь нүдчих байсан.
— Тийм ээ! Тийм багшид хэн дуртайдаа шавь орох юм бэ? Тиймээс Шан залуу эзэн Шан ахлагчид ганц үг дуулгаад, миний сурагчийг буцааж өгүүлэхэд туслаач гэж хүссэн юм... — Цао Сюн татгалзчих вий гэсэндээ болгоомжтой хэлэв.
— Өвөөд хэлэх ч хэрэггүй. Үүнийг би одоо өөрөө шийдээд өгье! — Шан Бин сүртэйхэн гараа савлаа.
— Та өөрөө шийдэж өгнө гэж үү?
— Өөр багш байсан бол сурагч шилжүүлэхэд өвөөгийн тусламж хэрэг болох байсан. Харин хэрэггүй амьтан Жан Сюань л биз дээ? Юундаа ингэж төвөг удах юм! Шууд очно. Татгалзвал бясалгалыг нь үгүй хийчихэд л болно!
Шан Бин тоосон шинжгүй хэлэв.
Өөр багштай ингэж харьцаж зүрхлэхгүй ч Багшийн мэргэшлийн шалгалтад тэг авсан хүнтэй тооцоо бодох шиг амархан юм түүнд үгүй.
Жан Сюань өөрөө хүч султайгаас гадна академид түүний талд зогсох хүн бараг байхгүй.
Хамгийн гол нь Шан Бин аль эрт түүнд сайн гэгчийн хичээл зааж, уураа гаргахыг хүсэж байсан ч шалтаг олдохгүй явжээ.
Шалтгаангүй зодвол Шэнь Би Жу мэдээд өөрт нь муугаар бодох нь гарцаагүй.
Харин одоо Жан Сюань өөр багшийн сурагчийг мэхэлж авсан, тэр багш нь өөрөөс нь тусламж гуйж ирсэн байна. Үүнээс илүү сайхан шалтаг гэж хаана байх вэ!
— Энэ... — Шан Бин ийм дуртайяа тусална гэж Цао Сюн төсөөлөөгүй тул хэсэг балмагдав.
— Юун “энэ” вэ? Надтай хамт яв! Чи айж байвал би өөрөө хөдөлнө! — Шан Биний уруулын булан дээш татагдаж, харцанд нь догшин өнгө тодорлоо.
— Тэгвэл Шан залуу эзэнд урьдчилж талархъя! — Цао Сюний нүд гялалзан яаран толгой дохив.
Хоёул Жан Сюаний хичээлийн танхим руу том том алхсаар явлаа.
Удалгүй хаалганы дэргэд бараг бүх биеэрээ боолттой Яо Хань болон Ван овгийн залуу эзэн Ван Тао хоёрыг олж харав.
— Ван Тао, чи өвөөгийнд бэлтгэл хийхгүй энд юу хийж байгаа юм? — Шан Бин хөмсгөө зангидав.
Шан Чэнь ахлагчийн ач хүү ч гэлээ, байр сууриараа Ван Таотой харьцуулахад Шан Бин арай доогуур.
— Шан Бин багш аа! — Ван Тао ёслон мэндлэв. — Дүүг минь хуурч энд хичээлд суулгасан байна. Би буцааж авахаар ирсэн юм...
— Ван Ин авхайг хэлж байна уу? — Шан Биний царай барайж, харц нь хүйт даав. — Жан Сюань үнэхээр даварчээ! Ван авхайг хүртэл мэхэлж зүрхэлдэг. Амьдралаас уйдсан бололтой! Би түүнд хичээл заахгүй бол олны уур ч гарахгүй нь!
— Тийм ээ... — Ван Тао толгой дохив.
Шан Биний нэрийг сонсмогц Яо Хань толгойгоо өргөн залууг анхааралтай ширтлээ. Тэр яг энэ хүний талаар мэдээлэл олж авах арга бодож суусан юм.
— Ван Ин авхайг хуурч шавиа болгосон юм бол шууд орж зогсоохгүй, энд яагаад хүлээгээд байгаа юм? — Шан Бин үл тоомсорлон хамраараа дуугарснаа гайхан асуув.
— Тэр...
Өмнө нь дотогш ороод шидүүлж гарснаа Ван Тао хэлж зүрхэлсэнгүй. Толгойгоо маажин юу гэхээ мэдэхгүй байтал Яо Хань өмнөөс нь хэлэв.
— Академийн дүрмээр хичээл явагдаж байхад танхимд зөвшөөрөлгүй орох хориотой биз дээ? Тиймээс дуусахыг нь хүлээж байна.
— Тийм дүрэм бий...
Шан Бин сая л боолттой Яо Ханийг анзаарав.
— Энэ бол Байюй хотын эзэн Жаогийн гэрийн даамал Яо Хань! — гэж Ван Тао яаран танилцууллаа.
— Аан, Яо даамал юмсанж. Таны нэрийг эртнээс сонссон! — Шан Бин толгой дохив. — Хичээлийн үеэр танхимд дайран орохыг хориглодог нь үнэн. Гэхдээ энэ удаа хамаагүй. Та нар миний араас ор. Өнөөдөр би багш хүний ёс суртахуунгүй, бусдыг мэхэлж явдаг тэр нөхрийг өөрийн гараар цэгцэлнэ!
— Тэгье! — Хэн нэгэн хөдөлнө гэхийг сонсмогц Ван Таогийн нүд гялалзаж, Шан Биний араас дагав.
Яо Хань хэсэг эргэлзсэн ч мөн араас нь орлоо.
...
Хичээлийн танхимд.
— Хунтянийн Есөн Даньт Бясалгалын Арга академийн хамгийн суурь арга боловч өө сэв цөөнгүй. Жишээлбэл...
Таван сурагч Жан Сюаний тайлбарыг анхааралтай сонсон сууна.
Анхны хичээл нь дөнгөж эхэлсэн ч тэд аль хэдийн алмайрчээ. Үг бүр нь оюун ухааныг нь нээж, хүн орхоодойн жимс хүртсэн хүн шиг шимтэн, бүр мансуурсан мэт сонсож байлаа.
Юань Таогоос бусад дөрөв нь бүгд нэр хүндтэй гаралтай. Академид өмнө нь суралцаагүй ч системтэй сургалт авч, олон багшийн хичээл сонсож, бүр Тулаанчийн 5-р, 6-р данийн хүчтэнүүдээр хүртэл заалгаж явсан хүмүүс.
Гэвч ийм хичээлийг тэд урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй.
Жан Сюаний тайлбар эргэлзэж явсан олон зүйлд нь гэнэт хариу өгч, бүхнийг нэг мөр ойлгуулж байв. Бие дэх хий нь хүртэл түүний заасан аргаар өөрөө урсах гээд байгаа юм шиг санагдаж, яг одоо л шат ахих гэж буй мэт мэдрэмж төрнө.
Хичээл нь үнэхээр гайхалтай!
Түүнийг сонсох тусам урьд нь “өндөр түвшний” гэж боддог байсан багш нар Жан Сюаний хажууд бүдгэрч харагдана.
Ялангуяа Жао Ягийн хувьд бүр ч тод байлаа. Хотын эзний охин учраас эцэг нь түүнд бясалгалын аргуудыг байнга тайлбарлаж өгдөг. Өмнө нь Жао Я эцгээ Тяньсюань хаант улсын хамгийн сайн багш гэж боддог байв. Эцгийнх нь хүч чадал ч олонд ил.
Харин Жан Сюань багштай харьцуулсны дараа өөрийгөө худагт суугаа мэлхий байснаа ойлгов. Хоёрыг зэрэгцүүлэн ярих ч аргагүй.
Жан Сюаний тайлбар яг голыг нь олно. Хэчнээн нарийн бясалгалын арга, тулааны техник байсан ч тэр өө сэвийг нь шууд зааж, ганц өгүүлбэрээр хүнийг гүн бодолд автуулчихна.
Заримдаа Жан Сюаний ганцхан тайлбарыг ойлгох гэж тэд нэлээд удна. Арай гэж учрыг нь олоод анзаарахад багш нь аль хэдийн олон зүйл тайлбарлачихсан, өөрсдөө хэд хэдэн чухал хэсгийг алгассан байдаг байлаа.
“Жан багшийн мэдлэг... үнэхээр дэндүү өндөр юм!”
Өөрсдөөс нь нэг их ах биш энэ залуугийн тулааны арга техниктэй холбоотой суурь мэдлэг ямар гүн, мэдлэгийн хүрээ нь ямар өргөн болохыг таван сурагч энэ мөчид л жинхэнээсээ ойлгов.
“Өмнө нь би Жан багшийг аз таарч хүчийг минь гэнэт өсгөчихлөө гэж бодож явжээ. Харин одоо бодоход... ийм мэдлэгтэй хүнд миний хүчийг өсгөх нь өчүүхэн хэрэг байж. Хүчийг минь хоёр дахин нэмэх зуу гаруй арга ч мэддэг байж болох юм...”
Өмнө нь ихэд бардам байсан Лю Ян хүртэл догдлон чичирч байлаа.
“Цао Сюн багштай харьцуулбал... За больё. Хоёрыг харьцуулах ч утгагүй. Түвшин нь тэнгэр газар шиг өөр юм байна! Тэр мөрий тавигдсан нь аз болжээ. Үгүй бол би яаж ийм сайн багштай учрах билээ...”
Таван сурагч догдолсон чигээрээ үг бүрийг нь анхааралтай сонсож, чухал зүйлээс ганцыг ч алдахгүйг хичээнэ.
Шажиг!
Танхимын хаалга түлхэгдэн нээгдэж, хэдэн хүн том том алхсаар орж ирэв.
Тайлбар: Эх хэлний “шаое” нь “залуу эзэн”, “сяожэ” нь “авхай” гэсэн хүндэтгэлийн дуудлага.