Тэнгэрийн нууц номын сан

26-р анги

26-р бүлэг — Гэгээрлийн Зоригийн Сорил

Сонсох

— Жан Сюань, ганцхан өдөр уулзаагүй хооронд чинь зориг чинь нэлээд томорчээ!

Танхимд орж ирсэн Шан Бин эргэн тойрноо гүйлгэн харлаа. Өнөөх “хэрэггүй амьтан” бүр таван сурагчтай болчихсон байхыг хараад харц нь догширч, хүйтнээр ёжлов.

— Ван Ин авхай, Жао Я авхай хоёрыг хуурч, бусдыг ч мэхэлсэн дээрээ Цао Сюн багшийн сурагчийг хүртэл өөр дээрээ татаж авсан байна. Чи хаанаасаа ийм их зориг олчихов оо?

— Шан Бин багш? Цао Сюн багш?

Дайран орж ирсэн хүмүүсийг хараад Жан Сюань хөмсгөө зангидав.

— Би хичээл зааж байна. Хэлэх зүйл байвал хичээл дууссаны дараа ярь.

— Юун хичээл! Шан залуу эзэн өөрийн биеэр хүрээд ирчихээд байхад чи юундаа ингэж ихэмсэг зан гаргаад байгаа юм? Чиний зааснаар бусдын бясалгал буруу эргэхгүй байвал их юм. Бас хичээл заана гэнэ! Суурь юмаа ч мэдэхгүй байж бидний өмнө том хүн болж жүжиглэхээ боль! — гэж Цао Сюн хүйтнээр дооглов.

Хоёр тал нэгэнт ил дайсагналцсан тул дүр эсгэж суух хэрэг Цао Сюнд байсангүй.

— Гар! Та нарыг энд хэн ч урьсангүй! — Жан Сюаний харц хурцдав.

— Одоо хүртэл дүр эсгээд байх уу? Жан Сюань, өөрийгөө хэн гэдгээ мартчихсан юм биш биз? — Шан Бин хүйтнээр инээлээ. — Жао Я, Ван Ин хоёрыг шавиасаа хас. Лю Яныг Цао Сюн багшид буцааж өг. Тэгвэл би өнөөдөр чамд хичээл заалгүй өнгөрч болох юм. Үгүй бол... энэ улирлыг тэргэнцэр дээр өнгөрөөнө гэж мэд!

— Над руу гар хүрэх гэж байгаа юм уу? — Жан Сюань түүн рүү харлаа. — Академийн нутаг дэвсгэрт багш нар хоорондоо зодолдохыг хориглодог. Шан Бин багш энэ дүрмийг мэддэггүй хэрэг үү?

— Академийн дүрэм хүнтэй харьцахад л үйлчилнэ. Өөр хүн байсан бол дүрэм зөрчсөнийхөө үр дагаврыг бодох байлаа. Харин чам шиг хэрэггүй амьтны төлөө энэ академид хэн босож ирнэ гэж? — Шан Бин муу санаагаа нуухыг ч оролдсонгүй.

— Ойлголоо. Өчигдөр би чамд хэдэн үг хэлчихсэн болохоор зориуд надаас өө хайж ирсэн юм байна, тийм үү? Ингэж байгааг чинь Шэнь Би Жу багш мэдвэл дургүйцэнэ гэж айхгүй байна уу? — Жан Сюань үл тоомсорлон хамраараа дуугарлаа.

— Хэхэ, учрыг нь мэдэж л байгаа юм байна. Нэгэнт чамд хичээл заахаар шийдсэн болохоор хов зөөнө гэж айхгүй...

Шан Бин баяртайхан урагш алхах гэтэл хажуугаас ууртай дуу таслав.

— Чи байжээ!

Яо Ханий нүд улайв.

Өчигдөр Жан Сюань Шан Бинийг гомдоосон, хэрэгт Шэнь Би Жу багш ч холбоотойг сая сонсоод, өөрийг нь нүдсэн хүн хэн болохыг ойлгохгүй байвал Яо Хань өөрийгөө ч тэнэг гэж бодох байлаа.

— Юу?

Жан Сюанийг шийтгэх гэж байтал Яо даамал гэнэт хилэгнэснийг хараад Шан Бин гайхан эргэв.

— Хийсэн хэргээ өөрөө мэдэхгүй байгаа юм шиг бүү царайлаад бай!

Шан Бин хариу хэлж амжаагүй байхад Яо Хань архиран дайрч, нударга нь нүүрэнд нь хүчтэй буулаа.

— Юу вэ?!

Шан Биний нүдэнд харанхуйлан, хоёр нүднийх нь эргэн тойрон дорхноо хөхөрчээ. Бие нь ганхсанаа газар унав.

— Намайг ийм болтол нүдчихээд зүгээр өнгөрнө гэж бодоо юу! Хариуг чинь барина аа!

Өчигдрийн зодуурыг санасан Яо Хань огтхон ч гар татсангүй. Шан Биний дээр мордон суугаад нударгаа бороо шиг буулгав.

— Яо даамал...

Бүх зүйл хэт хурдан болж өнгөрсөн тул Ван Тао, Цао Сюн хоёр мэл гайхав.

Үнэндээ тэд ч биш, Жао Я, Ван Ин болон бусад сурагч хүртэл бие бие рүүгээ гайхан харлаа.

Хэдхэн хормын өмнө энэ хүмүүс Жан багшид төвөг удахаар дайран орж ирэхэд шавь нар нь уурлан босох гэж байв. Гэтэл юу ч хийж амжаагүй байхад нөгөө тал өөрсдөө зодолдоод эхэлчих нь тэр.

Энэ чинь юу болоод байна аа?

Ялангуяа Жао Я бүр ч ойлгосонгүй. Тэр Яо ахын занг сайн мэднэ. Нэр хүндтэй, ухаалаг, аливааг дэс дараатай шийддэг хүн. Тийм бишсэн бол эцэг нь түүнд гэрийнхээ даамлын ажлыг хариуцуулахгүй.

Гэтэл өнөөдөр яачихав? Шан Бинийг үгээ ч дуусгаж амжаагүй байхад яагаад дайраад нүдэв?

Юу болж байгааг ойлгож байсан цорын ганц хүн нь Жан Сюань байлаа.

Тэр өчигдөр Шан Бинийг гомдоосноо, бас Шэнь Би Жуг зориуд дурдсан нь Яо Ханьд өчигдрийн халдагчийн хоёр шинжийг сануулах гэсэн хэрэг. Төлөвлөсөн ёсоор нь Яо Хань шууд Шан Бин рүү дайрчээ.

Гэхдээ Яо Ханийг хэт түргэн хөдөллөө гэж буруутгах ч аргагүй. Хэн ч байсан ямар ч шалтгаангүй гэнэт зодуулбал өшөө санах нь гарцаагүй. Тэр дээрээс Яо Хань Байюй хотын нэр нүүрийг төлөөлдөг, өндөр байр суурьтай хүн. Урьд нь ийм доромжлол амсаж үзээгүй. Сүүлийн хоёр өдөр Жан Сюаньд хэдэнтээ уурласан ч Жао Я гар хүрэхийг нь хориглосон учраас бухимдал нь цээжинд нь хуралдсаар байв. Одоо дайснаа олчихсон гэж бодсон хойно яаж тэвчих билээ?

— Яо даамал, та юу хийгээд байгаа юм бэ?! — Нударга бороо шиг нүүрэн дээр нь буухад Шан Бин учраа олохгүй, нүд нь харанхуйлж, бараг цус бөөлжих шахав.

Юу болоод байна аа?

Тэр Яо Ханьтай анх удаа уулзаж байгаа. Урьд нь гомдоож үзээгүй байтал яагаад ингэтлээ балбаад байна?

Хэчнээн бодоод ч хаана нь энэ хүнийг гомдоосноо олж чадсангүй.

— Юу хийж байна гэнэ ээ? Мэдэхгүй царайлахаа боль. Өөрөө сайн мэдэж байгаа биз дээ!

Түг! Түг! Түг!

Яо Ханий нударга завсар чөлөөгүй буусаар байв.

Шан Бин өндөр түвшний багш, Тулаанчийн 5-р дань — Динли буюу Хүч Тогтоох шатанд хүрсэн. Гэвч Тулаанчийн 6-р дань — Писюэ буюу Хийн Цэг Нээх шатны Яо Ханьтай харьцуулахад хүчний зөрүү бий. Яо Ханийг энгийн тулаанд ч дийлэхгүй байж гэнэтийн дайралтад өртсөн тул эхний нударганаас л байдлаа алджээ.

— Яо даамал, тайвшир! Тайвшир! Юм учиртай, тайван ярилцаж болно шүү дээ...

Цао Сюн, Ван Тао хоёр сая нэг ухаан орж, тэр хоёрыг яаран салгав.

Энэ үед Шан Биний царай хавдаж, гахайн толгойноос ялгарах юмгүй болжээ.

— Новш гэж! — Шан Бин уурандаа дэлбэрэх шахав.

Уг нь Жан Сюаньд хичээл заах гэж ирсэн хүн. Гэтэл Байюй хотын Яо даамал гэнэт галзуурч, өөрийг нь нүднэ гэж зүүдэндээ ч бодсонгүй.

Хамгийн хэцүү нь яагаад зодуулснаа огт мэдэхгүй байв.

Өөрөө ярьж байтал нөгөө хүн гэнэт дайрч ирээд балбаж эхэлсэн. Бодох тусам учир нь олдохгүй.

— Та нарын хооронд ямар өш хонзон байгааг мэдэхгүй. Гэхдээ асуудлаа танхимын гадна шийд. Энд зодолдох газар биш. Одоо гарахгүй, хичээлд үргэлжлүүлэн саад болбол Боловсролын төв хороонд мэдэгдэж, хүн дуудна шүү... — гэж Жан Сюань дуугарлаа.

— За... Та нар хүлээж л бай!

Боловсролын төв хороонд мэдэгдэнэ гэхийг сонсоод Шан Бин эргэж, шууд гарч одов.

Одоогийн төрхийг нь бусад багш харвал тэр цаашид хүнтэй яаж нүүр тулна гэж? Ямар ч байсан өөр багш нарт харагдаж болохгүй!

— Шан залуу эзэн... Шан залуу эзэн!

Уг нь Шан залуу эзэн өөрөө ирсэн болохоор Жан Сюань сурагчийг нь шууд буцааж өгнө гэж Цао Сюн боджээ. Ийм юм болно гэж хэн санах вэ. Тэр сандран араас нь гүйв.

Удалгүй хоёул хараанаас алга болов.

— Яо ах аа, та юу хийгээд байгаа юм бэ?

Тэднийг гарсны дараа Жао Я уурласандаа нүүр нь улайсаар Яо Ханьд дөхөж очив.

Урьд нь Яо ах ийм хүн байгаагүй. Сүүлийн үед яагаад улам хэтрээд байгаа юм бол?

— Авхай, би...

Яо Хань юу гэж тайлбарлахаа мэдсэнгүй.

Жан Сюаний дотуур байранд нууцаар очиж хөнгөлөх санаатай байтал Шан Бинд зодуулсан, сая тэрнийхээ өшөөг авлаа гэж хэлэлтэй биш.

— За, би хичээлээ үргэлжлүүлнэ. Бусад хүмүүс одоо гарна уу! — Жан Сюань гараараа дохив.

Яо Хань, Ван Тао, Лю өвгөн гурав хэсэг тээнэгэлзсэн ч дахин танхимаас гарлаа.

...

— Новш! Новш гэж!

Жан Сюаний танхимаас гарсныхаа дараа Шан Бин уурандаа хашхирлаа.

— Тэр Яо Ханийг заавал хариуг нь барина! Жан Сюанийг ч мөн адил. Намайг басамжилж харсан хүн шийтгэлгүй өнгөрөхгүй!

Ахлагчийн ач хүү болсон цагаас амьдрал нь дандаа дардан явжээ. Хэзээ ингэж доромжлуулж байсан билээ?

Тэгээд бүр юунаас болсноо ч мэдэхгүй.

Яриад зогсож байтал нөгөө хүн нь гэнэт дайрч ирээд нүдчихсэн. Бодох тусам ухаанд нь багтахгүй.

— Тэр Яо Хань Жан Сюаний хамсаатан байж таарна! Үгүй бол яагаад Шан залуу эзэн рүү гэнэт дайрах юм? Миний бодлоор Жан Сюань өөрөө тушаасан байх! — гэж Цао Сюн хэлэв.

— Тийм байна. Өөр тайлбар алга! — Шан Бин шууд зөвшөөрлөө.

Тэр Яо Ханийг хэзээ ч гомдоож байгаагүй. Гэтэл нөгөө хүн ямар ч анхааруулгагүй дайрсан нь Жан Сюаньд хичээл заана гэж хэлсэнтэй нь л холбоотой байх ёстой!

Хэсэг хугацааны дараа Шан Бин арай тайвширч, Цао Сюн рүү эргэв.

— Лю Ян Жан Сюаний шавь болохыг үнэхээр хүсээгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?

Өчигдөр явахдаа Лю Ян ямар дургүй царайтай байсныг санасан Цао Сюн итгэлтэй хариулав.

— Баттай! Өөрийн хүсэлтээр шавь болоогүй.

— Сайн байна. Тийм баттай байгаа бол Гэгээрлийн Зоригийн Сорил хийлгэх хүсэлт гарга!

— Гэгээрлийн Зоригийн Сорил гэнэ ээ? Энэ... — Цао Сюний царай хувирав.

Академи нэг сурагчийг булаацалдсан хэд хэдэн багшийн хэнийх нь шавь болохыг тогтоож чадахгүй үед хэрэглэдэг тусгай арга нь Гэгээрлийн Зоригийн Сорил байв. Сурагч Гэгээрлийн Зоригийн Цамхагийн сорилд орно. Цамхаг түүний жинхэнэ бодол, хүсэлтийг ил гаргаж, багшдаа хэр итгэж байгааг хэмжүүрээр харуулдаг.

Хэрэв тухайн сурагч тэр багшийн шавь болохыг үнэхээр хүсээгүй нь тогтоогдвол багш нь шийтгүүлнэ. Харин сорил хүссэн хүн худал мэдүүлсэн нь батлагдвал ижил хэмжээний шийтгэл өөрт нь оногдоно.

Сурагчийг хэнд даатгахыг өөр аргаар шийдэх боломжгүй болсон үед л энэ сорилыг эцсийн арга болгон хэрэглэдэг.

Цао Сюн ийм журам байдгийг мэднэ. Гэхдээ асуудал ийм хэмжээнд хүрээгүй мэт санагдаж байв.

— Яасан? Надад худлаа хэлсэн юм уу? Лю Ян үнэндээ Жан Сюаний шавь болохыг өөрөө хүссэн юм биш биз? — Түүний тээнэгэлзэхийг хараад Шан Биний царай улам барайлаа.

— Үгүй! Тэр лав өөрийн хүсэлтээр ороогүй. Би... одоо очоод хүсэлт гаргана! Жан Сюань хийсэн хэргийнхээ хариуг заавал амсана! — Цао Сюн толгой дохив.

— Тэгвэл хурдлаарай! — Шан Бин сэтгэл хангалуун толгой дохилоо. — Хүсэлт гаргахдаа шийтгэлийг нь хамгийн дээд хэмжээнд тавиарай. Тэгвэл Жан Сюань ёстой хүнд байдалд орно. Бүр академиас хөөгдөж ч мэднэ!

Хүсэлт гаргагч шийтгэлийн хэмжээг өөрөө өсгөж болдог. Бооцоо өндөр байх тусам сорилд ялагдсан талын шийтгэл хүндэрнэ.

— За! — Жан Сюань хөөгдөх дүр зураг Цао Сюний нүдэнд харагдсан мэт догдолж, нүд нь гялалзав.

Тайлбар: Эх хэлний “шаое” нь “залуу эзэн” гэсэн хүндэтгэлийн дуудлага.

26-р анги дууслаа

Алдаа мэдэгдэх

Тэнгэрийн нууц номын сан26-р анги · Унших

Алдааны мэдээлэл илгээхийн тулд бүртгэлээрээ нэвтэрнэ үү.

Нэвтрэх
ӨмнөхДараах