— За, өнөөдрийн хичээлийг энд хүргээд дуусгая. Буцаж очоод өнөөдөр ярьсан зүйлсийг сайн тунгааж ойлгоорой. Ойлгохгүй зүйл гарвал над дээр ирээд асууж болно!
Жан Сюань гараараа дохив.
— За, багш аа! — Таван сурагч нэгэн зэрэг хариулаад танхимаас гарлаа.
Хичээл удаан үргэлжлээгүй, дээрээс нь хоёр ч удаа хүмүүс дайран орж ирж төвөг удсан. Гэсэн ч тавуулаа маш их зүйл сурчээ. Өнөөдөр заасныг үргэлжлүүлэн тунгааж, бүрэн өөрийн болгож чадвал бясалгал нь асар хурдан ахих нь дамжиггүй.
Таван сурагч баяр хөөртэй гарч ирэв. Ван Ин хаалгаар гарангуут ах Ван Тао нь барьж авлаа.
— Явъя. Овог руугаа буцна!
— Овог руугаа юу? Ах аа, яагаад... — Ван Ин гайхав.
— Хм! Ахынхаа үгийг сонсолгүй академийн хамгийн муу багшийг сонгочхоод бас асууж байна уу? Би энэ тухай аавд хэлсэн. Аав чамтай өөрөө ярилцана гэсэн! — Ван Тао хамраараа дуугарлаа.
Эхний удаа танхимд ороод шидүүлж гарсан. Хоёр дахь удаа ч юу ч бүтээлгүй буцсан. Дүүгийнхээ байдлыг харахад бодлыг нь өөрчилж чадахгүйгээ ойлгосон Ван Тао Лю өвгөнийг овог руугаа буцааж, болсон явдлыг мэдэгдүүлжээ.
Тэр эцгээрээ Ван Инийг ятгуулахаар шийдсэн байв.
Ван Ин цайлган, зөөлөн зантай ч эцгийнхээ үгийг ихэд сонсдог.
— Аав... — Ван Иний царайд айдас тодров.
Тэдний эцэг бол Ван овгийн одоогийн тэргүүн Ван Хун!
Ван Хун маш хатуу хүн, бараг инээдэггүй. Хүүхдүүд нь хүртэл түүний өмнө бэргэдэг.
— Жан Сюань багш та нарын ярьдаг шиг хүн биш ээ. Хичээлээ үнэхээр сайн заадаг...
Ван Ин эсэргүүцэн хэлэхийг оролдов.
— Хм, тэр үгээ аавд өөрт нь хэлээд итгэх эсэхийг нь үзээрэй! — Ван Тао гараа савчин, өөр юм ярилгүй дүүгээ дагуулан академиас гарлаа.
Хунтянь академи, Ван овгийн өргөө хоёулаа Тяньсюань хотод байдаг тул хоорондоо холгүй. Төд удалгүй ах дүү хоёр хүрч ирээд, Ван Тао дүүгээ эцгийнхээ бичгийн өрөө рүү дагуулан орлоо.
— Ор!
Өрөөнөөс овгийн тэргүүн Ван Хуны хүйтэн, хатуу дуу сонсогдов.
— За...
Тэр дууг сонсоод Ван Ин айсандаа чичирч, шүдээ зуун ахынхаа араас орлоо.
Бичгийн өрөөний голд Ван Хун сууж, араар нь овгийн нөлөө бүхий хэдэн ахлагч байрлажээ. Хажуу талд бас нэг залуу сууж байв.
Ван Ин түүнийг танина. Тэр бол Хоёрдугаар ахлагчийн ач хүү Ван Янь.
Ван Янь Ван Интэй нэг өдөр Хунтянь академид элссэн. Гэвч Ван Янь нэрт багш Лу Сюний шавь болж чадсан бол Ван Ин академийн хамгийн муу нэр хүндтэй Жан Сюанийг багшаа болгожээ...
— Аав аа!
Өрөөний хүнд уур амьсгалд Ван Ин амьсгалаа ч чанга авч зүрхлэхгүй байлаа.
— Өвдөг сөгд!
Ван Хуны царай барайв.
Бясалгалын замд багш ямар чухал болохыг тэр сайн мэднэ. Академид орохынх нь өмнө Лу Сюнь багшийг сонго гэж охиндоо дахин дахин захисан. Гэтэл энэ охин...
Өөр хэнийг ч сонгож болох байтал яагаад заавал академийн хамгийн мууг нь сонгох ёстой гэж?
Энэ мэдээг сонсоод Ван Хун уурандаа үхэх шахжээ.
Түн!
Ван Ин айсандаа чичирсээр өвдөг сөхрөв.
— Алдаагаа ойлгов уу? — Ван Хун хүйтнээр асуулаа.
— Би...
— Хм! Хэнийг багшаа болгох нь хүний өөрийн сонголт болохоор би өмнө нь их юм хэлээгүй. Гэхдээ тэр Жан Сюань ямар түвшний багш болохыг чи мэдэхгүй гэж үү? Багшийн мэргэшлийн шалгалтад хамгийн муу дүн авч, бүр нэг сурагчийн бясалгалыг хяналтаас гаргасан хүн. Тийм хүн чамд багшлах эрхтэй юу? — Ван Хун хатуу өнгөөр үргэлжлүүлэв. — Чи нөхцөл байдлыг мэдэлгүй хууртсан бол би өнгөрөөж болох байлаа. Гэтэл ахынхаа үгийг яагаад сонсоогүй юм? Ах чинь шавиасаа гар гэж хэлэхэд нь эсэргүүцсэн гэж сонслоо. Чи ер нь юу хийх гээд байгаа юм?
Ван Хуны дуу улам чангарсаар, эцэст нь бичгийн өрөө хүртэл чичирч дуугарав.
— Би... — Эцгийнхээ зэмлэлийг сонсоод Ван Иний нүүр улайлаа. Гэсэн ч шүдээ зуугаад зориг гарган хэлэв. — Аав аа, Жан Сюань багш цуу ярианд гардаг шигээ муу хүн биш. Тэр үнэхээр чадварлаг багш. Зүгээр л өөрийгөө гайхуулдаггүй юм. Би түүний шавь хэвээр үлдэнэ. Шавиасаа гарахгүй!
Ганцхан удаагийн хичээлээс асар их зүйл сурсан Ван Ин Жан Сюаний шавь болсон нь өөрт нь олдсон том боломж гэдгийг ойлгожээ. Ийм боломжийг алдвал насан туршдаа харамсана.
— Чадварлаг багш гэнэ ээ? Хаха! Багшийн мэргэшлийн шалгалтад тэг авсан хүн үү?
— Ван Ин, овгийн тэргүүний үгийг сонс. Тэр Жан Сюаньд битгий хуурт!
— Ван Янийг хар. Ганцхан хичээлд суугаад хүч нь дөчин хувиар нэмэгдсэн. Лу Сюнь багшийн заах чадвар академийн оргилд тооцогдох нь аргагүй!
Бусад ахлагч Ван Иний үгийг сонсоод инээлдэн толгой сэгсрэв.
Тяньсюань хотод Жан Сюаний муу нэрийг сонсоогүй хүн бараг байхгүй. Гэтэл түүнийг чадварлаг багш гэнэ. Хошигнож байгаа юм уу?
— Чи... — Охиныхоо үгийг сонсоод Ван Хун уурлав. — Юу ч гэж хэлсэн өнөөдөр тэр хүний шавиасаа гар! Үгүй бол энэ гэрийн босгоор дахиж алхана гэж бүү бод!
— Би зөвшөөрөхгүй! — Ван Ин зөөлөн харагддаг ч зөрүүд талтай. Тэр босож ирээд гомдолтой хэлэв. — Та нар Жан Сюань багшийн хичээлийг нэг ч удаа сонсоогүй байж ямар эрхээр муу гэж байгаа юм? Ямар эрхээр намайг шавиасаа гарахыг хүчээр тулгаж байгаа юм?
— Бид хичээлийг нь сонсоогүй байж болно. Гэхдээ түүний нэр хүнд, Багшийн мэргэшлийн шалгалтын дүн хоёрыг хуурамчаар зохиосон гэж бодоо юу? — нэг ахлагч хариулав.
— Ван Ин авхай, зөрүүдлэхээ боль. Түүний хичээл сайн мууг батлах өчнөөн сурагч бий. Ганцхан чи бусдаас ухаантай гэж бодож байна уу? — өөр нэг ахлагч нэмэв.
— Багшийн мэргэшлийн шалгалтын дүн нь үнэн худлыг би мэдэхгүй. Харин тэр миний хөлийг эмчилж, бясалгалд минь заавар өгсөн. Одоо би өмнөхөөсөө хоёр дахин их хүч гаргаж чадна! — гэж Ван Ин мэдэгдлээ.
— Хөлийг чинь эмчилсэн гэнэ ээ? Битгий инээд хүргэ!
— Юань Юй эмч хүртэл хөлийг чинь эмчилж чадаагүй. Гэтэл Багшийн мэргэшлийн шалгалтад тэг авсан хүн эдгээсэн гэж үү?
— Ван Ин авхай, түүний өмнөөс худлаа хэлэх гэж байгаа юм бол ядаж итгэмээр зүйл зохиогооч...
Ван Иний хөлний гэмтлийг овгийнхон бүгд мэднэ. Түүний үгийг сонсоод хэдэн ахлагч хүйтнээр дооглов.
— Итгэхгүй байгаа бол би өөрөө үзүүлье!
Ахлагчдын үл итгэсэн царайг хараад Ван Ин маргалдсангүй. Хүч Хэмжих Чулуун Багана руу очоод нэг өшиглөв.
Түг!
Чулуун багана доргиж, тоо гарч ирлээ.
205!
— Юу?!
Үүнийг хараад Ван Хуны хүүхэн хараа өөрийн эрхгүй агшив.
Түрүүн Ван Инийг зэмлэж байсан ахлагчдын уруул хүртэл гайхсандаа салганав.
Энд байсан ахлагчид Ван Иний хөлний гэмтлийг өмнө нь тусгайлан шалгаж, эмчлэх боломжгүй гэж дүгнэсэн хүмүүс. Тэр хөлөөр хүч гаргах боломжгүй, хэвийн алхаж байгаа нь л их аз гэж боддог байжээ.
Гэтэл тэр хөлөөр 205 килограммын хүч гаргалаа гэж үү?
Яаж... Яаж ийм байж болох вэ?
Өшиглөснийхөө дараа Ван Ин зогссонгүй. Эргэж, чулуун баганыг нударгаараа цохив.
Вүүүн!
Баганан дээр дахин тоо гарлаа.
120!
Нударганы хүч нь 120 килограмм!
— Чи... одоо хүртэл Хий Хураах шатны эхэн үедээ байгаа биз дээ? Өчигдөр гарахдаа дөнгөж 53 килограмм цохидог байсан. Яаж гэнэт... 120 килограмм болчихов оо? — Ван Хун огцом босож, догдолсондоо хоолой нь чичирлээ.
Тулаанчийн 1-р дань — Жүси буюу Хий Хураах шатанд бясалгагч төрөлхийн амьсгалаа ашиглаж сурч, агаарт буй сүнслэг энергийг мэдэрч эхэлдэг. Мөн биеийнхээ доторх байдлыг мэдэрч, сүнслэг энергийн урсгалыг бодлоороо удирдах чадвартай болно.
Энэ шатанд эхэн үе нь 50 килограмм, дунд үе нь 70 килограмм, ахисан үе нь 90 килограмм, оргил үе нь 110 килограмм орчим хүчтэй.
Эдгээр тоо нь тухайн бясалгагчийн биеийн хүчээр даах жингийн ерөнхий хэмжээ. Нударгаар гаргах хүч нь үүнээс бага зэрэг их, бага байх нь хэвийн.
Ийм түвшинд хүчээ хорь, гучин хувиар өсгөж чадвал аль хэдийн гайхалтайд тооцогдоно. Лу Сюнь шиг нэрт багш хүртэл богино хугацаанд дөчин хувийн ахиц л гаргаж чаддаг!
Гэтэл Ван Ин шат ахиагүй, Хий Хураах шатны эхэн үедээ хэвээр мөртлөө 120 килограмм цохиж байна. Энэ нь Хий Хураах шатны оргил үеийн хүнээс ч хүчтэй гэсэн үг!
Өмнөхөөсөө хоёр дахин илүү болсон байна. Ийм өсөлт дэндүү аймшигтай!
— Жан Сюань багшийн зааврын ачаар л ийм болсон! — Ван Ин баганаас холдон тайван хэлэв.
— Ердөө хэдхэн заавар өгөөд ийм их өсгөсөн гэж үү? Дээрээс нь... хөлийг чинь ч эмчилсэн?
Ван Хун итгэж ядан хэдхэн алхамд охиныхоо дэргэд хүрэв. Нэг хараад л охиных нь хөл үнэхээр эдгэрснийг ойлголоо.
Академийн хамгийн муу багш гэгддэг хүн Юань Юй эмчийн ч эмчилж чадаагүй гэмтлийг эдгээснээс гадна хэдхэн заавраар хүчийг нь асар их өсгөжээ.
Энэ үнэн гэж үү?
— Өнөөдрийн хичээлээр юу ярьсныг жаахан хэлээд өгөөч. Тэр юу заасан юм? — Хэсэг алмайрсны дараа Ван Хун тэсэлгүй асуулаа.
— За. Өнөөдөр Жан багш бясалгалын аргын талаар ярьсан. Гэхдээ хэлсэн зүйл нь хэт гүнзгий байсан болохоор би аравны нэгийг нь ч бүрэн тогтоож чадаагүй. Миний санаж байгаагаар бол...
Ван Ин хэсэг бодсоноо санаж буй бүхнээ ярьж эхлэв.
— Амьсгалаа хурааж, тэжээнэ гэж... Жирийн нэг Хий Хураах шатны ард хүртэл ийм гүн онол байдаг гэж үү!
— Энэ... үнэхээр гайхалтай! Тэр үед би ийм хичээл сонссон бол өнөөдөр нэг шатандаа гацаж, урагшилж чадахгүй суухгүй байсан юм!
— Энэ чинь жинхэнэ мэргүүний сургааль байна. Нүд минь нээгдлээ...
Ван Ин хэдхэн өгүүлбэр давтан хэлэхэд л овгийн тэргүүн болон ахлагчид мансуурсан мэт шимтэн сонсож, бараг галзуурах шахав.
Нэр хүндтэй овгийн тэргүүн, ахлагч болсон хүмүүсийн бясалгалын түвшин мэдээж доогуур биш. Эндхийн хамгийн сул нь ч Тулаанчийн 6-р дань — Писюэ буюу Хийн Цэг Нээх шатны хүчтэн.
Олон жил бясалгасан тэд бясалгалын мөн чанарыг илүү гүн ойлгодог, мэдлэг туршлага ч арвин.
Ван Ин үгсийн цаадах нарийн онолыг бүрэн ойлголгүй цээжилснээ л давтан хэлж байсан ч тэдний чихэнд энэ нь тэнгэрээс буусан сургааль шиг сонсогдов. Урьд нь учрыг нь олж чадалгүй удсан олон зүйл хормын дотор тайлагдаж, ухаан санаа нь цэлмэх шиг болов.
— Тэр... үнэхээр агуу багш юм байна... Үгүй ээ, жирийн агуу багш ч ийм гүн, нууцлаг онолыг ингэж тайлбарлаж чадахгүй! — Ван Хуны нүд гялалзаж, догдолсондоо амьсгал нь түргэсэв.
— Аав аа? Аав аа?
Эцэг нь бүр хэт автаж байгааг хараад Ван Ин яаран дуудав.
— Аан? Ин минь, ямар ч байсан Жан багшийн шавиасаа гарч болохгүй шүү! Сайн хичээллэж, хэлсэн болгоныг нь анхааралтай сур! — Ван Хун гэнэт ухаан орсон мэт охин руугаа туйлын нухацтай харлаа.
— Гэхдээ аав аа, та саяхан...
Үргэлж хуучинсаг, шийдвэрээ амархан өөрчилдөггүй эцэг нь ингэж хурдан эргэнэ гэж Ван Ин төсөөлсөнгүй. Тэр дороо юу хэлэхээ ч мэдэхгүй болов.
— Аав нь Жан багшийг ийм мундаг гэж мэдсэнгүй шүү дээ! Өө, тийм...
Ван Хуны царайд догдлол, хүлээлт зэрэг тодров.
— Ин минь, Жан багшаасаа асуугаад өгч болох уу... Тэр одоо дахиад сурагч авч байгаа болов уу? Ван Янь, Тао хоёрыг ч шавь болгож өгвөл... Үнэндээ би өөрөө ч шавь нь болсон ч яах вэ дээ...
— Овгийн тэргүүн байж академийн доод түвшний багшийн шавь болно гэж яаж болох вэ? Энэ мэдээ тарвал Ван овог Тяньсюань хотод нэр нүүрээ яаж авч явах юм!
Ван Хуны үг дуусахаас өмнө нэг ахлагч түүнийг ширүүхэн таслав. Тэгснээ Ван Ин рүү эргэж, нүүр дүүрэн инээмсэглэв.
— Харин би бол жирийн нэг ахлагч. Ван овгийн нэр нүүрийг төлөөлөхгүй. Хэрэв ахлагч гэдэг албан тушаал маань бас асуудал бол огцорчихож ч чадна. Тэгэхээр... Жан багшаас намайг шавиа болгож авах эсэхийг нь асуугаад өгч болох уу?
Ван Тао, Ван Ин, Ван Янь гурав үг хэлэх ч чадсангүй.
Ван Хун ч мөн адил.
Тайлбар: Эх хэлэнд хүний нэрийн ард “-эр” авиа залгаж дуудах нь хүүхэд, дүү болон ойрын хүнийг энхрийлэн дууддаг хэлбэр.