Ван овогт болсон явдлыг Жан Сюань мэдсэнгүй. Хичээлээ тараад Номын Хөмрөгийн Асар руу алхав.
«Бясалгал маань нэлээд ахисан ч тулааны техник зэрэг зүйлсийн талаар гүнзгий мэдлэг алга. Аль болох хурдан судлах хэрэгтэй! Бас 1-р дань, 2-р данийн бясалгалын аргуудыг үзэхгүй бол хичээл заахдаа юу ч мэдэхгүй сууж байгаад баригдана шүү!»
Өнгөрсөн шөнө Жан Сюань дараалан хэд хэдэн шат ахиж, хүч нь асар нэмэгдсэн. Гэвч тулааны техник болон бусад талын мэдлэг нь тун нимгэн хэвээр. Тэр байтугай Тулаанчийн 1-р дань, 2-р данийн бясалгалын аргуудыг ч сайн мэдэхгүй байлаа. Өнөө өглөө Жао Яд заавар өгөхдөө л гэхэд Цэвэр Инь Биеийн асуудлыг нь шийдэхийн тулд ямар бясалгалын арга заахаа мэдээгүй.
Одоо жаахан судалж, дараагийн хичээлдээ бэлдэхэд яг тохирсон үе.
Үгүй бол шавь нар нь юм асуухад хариулж чадахгүй, мэдлэг нимгэн нь илэрнэ.
— Мо ахлагч!
Жан Сюань Номын Хөмрөгийн Асарт дахин ирэхэд Мо ахлагч үүдэндээ суусаар байв.
— Юу хийх гэж ирэв?
Өчигдөр энэ нөхөр мэдэмхийрч харагдах гэж энд ирээд баахан үймүүлсэн тул Мо ахлагч түүнд таагүй ханддаг болсон байлаа. Өнөөдөр дахиад ирснийг нь хараад хөмсгөө зангиджээ.
— Тулааны техникийн номуудыг үзэх гэсэн юм! — Жан Сюань бөхийн хэлэв.
— Бясалгалын түвшин бол хүний хүчний үндэс. Бясалгалын аргаа олигтойхон давтахын оронд бусдын муу жишгийг дагаж, мэдэмхийрч харагдах гэж хөөцөлдөн, хий хоосон зүйлд дурлаж залхуурч явна! Өнөөдөр Номын Хөмрөгийн Асарт орно гэж санасны ч хэрэггүй!
Мо ахлагч гараараа дохин түүнийг хөөв.
Түүний бодлоор Жан Сюань энд ном унших гэж ирээгүй. Харин хэдэн номын онцлох хэсгийг тогтоож аваад, бусдын өмнө их юм мэддэг царайлах гэж л ирсэн.
Шавь заахад хамгийн цээртэй зүйл бол дутуу дулимаг мэдлэг заах. Өөрөө хагас дутуу мэддэг хүн шавиа буруу чиглүүлбэл бясалгал нь хазайхад амархан.
Өчигдөр Жан Сюань энд хоёр удаа ирсэн ч хоёуланд нь номыг зүгээр л хурдхан эргүүлээд өнгөрсөн. Тийм хурдтай байхад номын нэрийг ч тогтоохгүй биз, агуулгыг нь санах тухай бүр ч ярих юм биш. Энэ нь мэдэмхийрч харагдах гэсэн хэрэг биш юм бол өөр юу байх вэ?
Номын Хөмрөгийн Асар бол багш нар судалж, мэдлэгээ тэлдэг газар. Ийм хүнийг яаж дотогш оруулах билээ!
— Би мэдэмхийрч харагдах гэж, хий хоосон юм хөөцөлдөөд байна гэнэ ээ?
Жан Сюань нүдээ анивчин гайхав.
Яагаад ийм үг хэлээд байгааг нь огт ойлгосонгүй.
— Мо ахлагч аа, би үнэхээр сурах гэж ирсэн юм. Үймүүлэх гэсэнгүй...
Учрыг тайлбарлах гэтэл араас нь тов тод алхаа сонсогдож, намуухан эмэгтэй дуу гарлаа.
— Мо ахлагч аа, би хэдэн ном авахаар оръё!
Эргэж харвал өчигдөр таарсан үзэсгэлэнт багш Шэнь Би Жу байв.
Өнөөдөр Шэнь Би Жу цайвар нил ягаан хувцас өмсжээ. Нарийхан бие, төгс галбир, өө сэвгүй царай нь түүнийг үзэсгэлэнтэй атлаа цэвэр эрхэмсэг харагдуулна.
— Өө, Шэнь багш уу. Ороорой! — Мо ахлагч түүнийг хараад өчүүхэн ч хориглосонгүй.
Шэнь Би Жу зөвхөн үзэсгэлэнтэй биш, багш нарын дунд нэртэй суут нэгэн. Дөнгөж хорин настай атлаа Тулаанчийн 5-р дань — Динли буюу Хүч Тогтоох шатны оргил үед хүрч, Писюэ буюу Хийн Цэг Нээх шатанд ороход ганцхан алхам дутуу байлаа.
— Баярлалаа, Мо ахлагч аа!
Тэр эелдгээр толгой дохиод эргэхдээ хажууд зогсох Жан Сюанийг анзааран үл ялиг гайхав.
Өмнө нь Жан Сюань түүнд хайраа илэрхийлж байгаагүй ч Шэнь Би Жуг харах бүрдээ улайж, өмнө нь очихоороо эмэгтэй хүүхэд шиг ичингүйрээд үг ч хэлж чаддаггүй байв. Хэчнээн мэдрэмжгүй хүн ч цаана нь учир байгааг төвөггүй ойлгоно.
Энэ удаа ч тийм байна гэж боджээ. Гэтэл Жан Сюань түүн рүү ганц хараад л харцаа буруулав. Өмнө нь байдаг байсан бишрэл нь алга болжээ. Булгийн ус шиг тунгалаг харцанд нь түүний гоо үзэсгэлэнд татагдсан шинж өчүүхэн ч байсангүй.
Хамгийн гол нь Жан Сюаний хүч тийм ч өндөр биш, Багшийн мэргэшлийн шалгалтад ч муу дүн авсан. Тиймээс бусад багштай таарах бүрдээ өөрийгөө дорд үзэж, итгэлгүй харагддаг байлаа. Харин одоо зүгээр зогсож байгаа төрхөөс нь хүртэл тайван, өөртөө итгэлтэй сүр мэдрэгдэнэ. Өмнөх хүнээсээ тэс өөр болжээ.
Өчигдөр таарахдаа бүр Шан Бинтэй нүүр тулан маргахаас ч айгаагүйг санахад Шэнь Би Жу бүр ч гайхав. Өөртөө итгэлгүй, эв хавгүй тэр залуу хэзээнээс ингэтлээ өөрчлөгдөв?
Шэнь Би Жу юу бодож байгааг Жан Сюань мэдсэнгүй. Тэр аргаа барсан янзтай гараа дэлгэн:
— Мо ахлагч аа, би ч бас ном үзэх гэж ирсэн. Түүнийг оруулчхаад намайг яагаад оруулахгүй байгаа юм бэ?
Хоёулаа адилхан багш байтал ном үзэх эрх дээр хүртэл ялгаварлуулна гэж. Ямар азгүй юм бэ!
— Шэнь багш дотогш орж суралцах гэж байна. Харин чи юу хийх гэж ордгоо өөрөө хамгийн сайн мэдэж байгаа биз дээ! Заавал надаар хэлүүлэх гээ юу? — Мо ахлагч үл тоомсорлон хамраараа дуугарав.
— Дотор чинь ном л байгаа биз дээ. Би өөр юу хийх юм? Мэдээж ном уншиж, мэдлэгээ тэлэх гэж орно! — Жан Сюань гашуухан инээгээд толгой сэгсрэв.
— Мэдлэгээ тэлэх гэнэ ээ? Хм!
Мо ахлагчийн дургүй улам хүрэв.
Номоо олигтой унших гэж нэг ч удаа тогтохгүй, тасралтгүй эргүүлчхээд үүнийгээ суралцаж байна гэж нэрлэх үү? Доторх бясалгалын арга бүр үнэлж баршгүй. Баахан номыг тэмдэглэл ч хийхгүй, гүйлгээд өнгөрөх төдийд мэдлэг нь огцом өснө гэж бодоо юу? Хэн ингэж суралцдаг юм!
— Мо ахлагч аа!
Жан Сюань дахин тайлбарлах гэтэл Шэнь Би Жу үл мэдэг инээмсэглэв. Түүний инээмсэглэл цэцэг дэлгэрэх шиг үзэсгэлэнтэй.
— Жан багш үнэхээр сурах гэж ирсэн ч юм билүү. Оруулчихгүй юу? Ингээд үүдэнд нь хорьчихвол бусад багш хараад эвгүй сэтгэгдэл төрнө шүү дээ.
— За яах вэ! Шэнь багш чиний өмнөөс хэлсэн болохоор энэ удаа оруулъя. Гэхдээ урьдчилж хэлье. Ном үзэх гэж байгаа бол олигтойхон үз. Дотор нааш цааш холхиж, жүжиг тавьж байхыг чинь харвал яаж шийтгэхийг минь хараарай!
Мо ахлагч гараараа дохив.
— Баярлалаа!
Жан Сюань толгой дохиод, тусалсанд нь талархан Шэнь Би Жу руу гараа атган ёслоод шууд Номын Хөмрөгийн Асар руу орлоо.
— Өө?
Өөрийг нь тусалсан болохоор Жан Сюань энэ боломжийг ашиглан яриа өдөх байх гэж Шэнь Би Жу бодож байв. Гэтэл тэр юу ч хэлэлгүй эргээд явчихад бага зэрэг гайхжээ.
Гэхдээ төдийлөн тоосонгүй. Жан Сюаньд тусалсан нь зүгээр л тухайн агшны санаа байсан бөгөөд өөр ямар ч шалтгаан, санаа агуулаагүй. Нөгөө хүн ярихыг хүсэхгүй байгаа бол түүнд ч амар. Тэгээд араас нь Номын Хөмрөгийн Асарт орлоо.
«Энд орох гэж ийм их юм болдог юм байх даа. Дараагийн удаа оруулна гэж бараг байхгүй биз!»
Номын тавиуруудын өмнө ирсэн Жан Сюань шууд ном эргүүлж эхэлсэнгүй. Харин толгойгоо маажив.
Мо ахлагч яагаад өөрийг нь хорьсныг мэдэхгүй ч академийн хамгийн муу багш гэсэн нэртэй нь холбоотой гэдэгт эргэлзсэнгүй.
Энэ нэр хаана ч очсон гай болно. Сурагч элсүүлэхэд л хэцүү биш, хамт ажилладаг багш нар нь хүртэл дээрэлхэнэ. Энэ удаа Шэнь Би Жугийн ганц үгийн ачаар орж чадлаа. Харин дараагийн удаа яах вэ?
«Угаасаа энэ Номын Хөмрөгийн Асар тийм ч том биш. Хурдхан хөдөлбөл өнөөдөртөө бүх номыг нь гүйлгээд амжих ч юм билүү! Тэгвэл дараа дахиж энд орох шаардлагагүй!»
Толгойд нь гэнэт ийм санаа орж ирэв.
Мо ахлагч түүнийг хорихоор шийдсэн юм бол дахин ирэх хэрэггүй болтол нь нэг мөр хийчихэд л болно.
Энд хэдэн зуун мянган ном бий. Энгийн хүн бүх насаа зориулсан ч уншиж дуусгахгүй биз. Харин Жан Сюань өөр. Ямар ч ном байсан, хуудсыг нь нэг эргүүлэхэд л Тэнгэрийн Нууц Номын Санд яг ижил хуулбар нь өө сэвийнхээ бүртгэлтэйгээр бий болно.
Хангалттай хурдан хөдөлбөл энэ бүх номыг ганцхан өдрийн дотор оюундаа хуулж авах боломжгүй зүйл биш.
Тэгж чадвал цаашдаа ном хайх гэж энд ирж зовох шаардлагагүй болно.
«Эхэлье!»
Санаа төрмөгц Жан Сюань цаг алдсангүй. Шууд эхний номын тавиур руу очив.
Ямар ном гэдгийг нь ч тоосонгүй. Хэд хэдийг бөөнөөр нь шүүрч аваад хуудсыг нь хурдхан эргүүлэв.
Шарр!
Түүний таамагласнаар Тэнгэрийн Нууц Номын Сан хөдөлж, гарт нь буй номуудтай яг ижил хуулбарууд доторх тавиур дээр нь бий боллоо.
«За, болж байна!»
Олон номыг нэг дор хуулж болдгийг мэдсэн Жан Сюань урагшлан, хэд хэдэн ном зэрэг авч нэгэн зэрэг оюундаа буулгаж эхлэв.
Шарр! Шарр!
Алхаа болон номын хуудас эргэх чимээ Номын Хөмрөгийн Асраар тасралтгүй цуурайтлаа.
«Энэ нөхөр бас л үгүй гэж зүтгээд байсан... Мэдэмхийрч харагдах гэж жүжиг тавиагүй гэнэ ээ?»
Гадаа сууж асрыг сахиж байсан Мо ахлагч Жан Сюань орсон цагаас нь хойш ажиглаж байлаа. Өмнөх удаа тэр ядаж нэг нэгээр нь ном авч эргүүлээд буцааж тавьдаг байсан. Нухацтай уншаагүй нь тодорхой ч харахад арай гайгүй. Харин одоо хэдэн арван ном нэг дор шүүрч аваад, гарчгийг нь ч тод харахаасаа өмнө эргүүлэн тавиурт хийж байна.
Ер нь юу хийгээд байгаа юм бэ?
Ном уншиж байна уу, зах дээр байцаа сонгож байна уу?
Тэгээд авч үзэж буй номуудыг нь хараад Мо ахлагчийн толгой бүр эргэх шиг болов.
«Глициниа цэцэг тариалахуй», «Эрэгтэй эмэгтэй хүний харилцааны үндэс», «Инь ба Яныг нэгтгэх арга», «Ногоон Хаш Үрэл найруулахуй», «Зэвсэг урлахад анхаарах чухал зүйлс»...
Юу эс байх вэ.
Бясалгалын арга, тулааны техник, эмийн ургамал тариалах... бүр эрэгтэй эмэгтэй хүний харилцааны тухай ном хүртэл! Ном л байвал энэ нөхөр нэгийг ч алгасахгүй эргүүлж байна.
Хүн бүрт сайн, муу тал бий. Хүний хүч, цаг зав хязгаартай болохоор бүх салбарыг нэгэн зэрэг эзэмших боломжгүй. Тиймээс юу судлахаа зөв сонгох ёстой. Харин энэ нөхөр ямар ч эргэлзээгүй бүх номыг нэг бүрчлэн эргүүлээд байх юм. Үнэхээр үймүүлэх гэж ирээгүй гэдэг нь үнэн үү?
«Үймүүлэх гэж л ирсэн байна! Гараад ирэхээр нь нэг сайн хашраагаад өгнө дөө!»
Мо ахлагчийн царай барайн, ууртайяа хамраараа дуугарав.