— Би...
Тэнгэрийн Нууц Номын Сан дөнгөж сая доргиж, Жан Сюаний анхаарал бүхэлдээ оюун санаандаа төвлөрсөн тул тэр одоо хүртэл бага зэрэг манарсан хэвээр байлаа. Тэгээд ч Лю Яны сая ашигласан нударгын аргыг ч мэдэхгүй хүн яаж түүнийг зааж чиглүүлэх билээ?
— Жан багш аа, миний алдаа дутагдлыг зааж өгнө үү!
Лю Ян урагш алхаж, гүнээ бөхийв.
Хажууд нь зогсож байсан Ван Ин нүдээ анивчин, саяхан багшаа болгосон энэ “мэргэжилтэн” Лю Янд хэрхэн заахыг сонирхон харлаа.
— Кхм!
Бүгдийн харц түүн дээр төвлөрөв. Одоо дуугарахгүй бол бүр ч эвгүй байдалд орно. Жан Сюань ямар нэг юм зохиож хэлэх гэж байснаа гэнэт номын санд бий болсон Лю Яны тухай номон дээрх өө сэвүүдийг саналаа.
Тэнд бичсэн зүйл үнэн эсэхийг тэр мэдэхгүй. Гэхдээ ийм нөхцөлд газар дээр нь зохиож мултрах ч боломжгүй байв. Ингээд зориг гарган,
— Чиний саяын нударгын аргад олон өө сэв бий. Нийт арван хоёр! — гэв.
— Ха ха! Арван хоёр өө сэвтэй гэнэ ээ? Би буруу сонсоогүй биз дээ?
— Өнөөдөр сонссон хамгийн хөгийн онигоо энэ байна!
— Дүүлэн Нисэх Цэцгийн Нударга тийм өндөр түвшний техник биш ч хаант улс даяар хамгийн өргөн хэрэглэгддэг аргуудын нэг. Бүр Үндсэн Нударга гэж нэрлэдэг. Мянга мянган жилийн турш хялбаршуулж, сайжруулсаар ирсэн болохоор төгс гэж хэлэхгүй ч арван хоёр өө сэвтэй гэж яаж хэлж чадаж байна аа?
— Зүгээр л зохиож байна! Юу ч олж харж чадаагүй болохоороо тоо хэлээд бултах гэж байгаа биз!
...
Эхэндээ эргэн тойрны хүмүүс Жан Сюань юу хэлэх бол хэмээн чимээгүй хүлээж байлаа. Гэтэл ам нээсэн даруйд нь бүгд инээлдэв.
Дүүлэн Нисэх Цэцгийн Нударга бол Тяньсюань хаант улсын хамгийн суурь нударгын аргуудын нэг. Тайзү Чанцюаньтай адил, тулааны урлагаар хичээллэж буй хүн бүр эхлээд үүнийг сурдаг. Тоо томшгүй олон мэргэжилтэн мянга мянган жилийн турш улам боловсронгуй болгосон тул хүч чадлаараа гайхуулахгүй ч өө сэв тун цөөн гэдгээрээ алдартай. Зарим хүн бүр “Өөгүй Нударга” гэж нэрлэдэг байв.
Гэтэл ийм нударгын аргад арван хоёр өө сэв бий гэж тэр хэллээ... Ямар гээчийн тоглоом шоглоом бэ?
Багшийн мэргэшлийн шалгалтаас тэг авсан түүгээр ч барахгүй, академийн захирал өөрөө ирсэн ч ийм олон өө сэв зааж чадах эсэх нь эргэлзээтэй!
— Өө? Жан багш үнэхээр суут хүн юм аа. Дүүлэн Нисэх Цэцгийн Нударгаас арван хоёр өө сэв олж чаддаг. Тэгвэл бидэнд ч бас тайлбарлаж өгнө үү! — хэмээн Цао Сюн хэлэв.
Жан Сюань ам нээсэн даруйдаа ингэтлээ том зүйл ярьчихна гэж Цао Сюн ч төсөөлөөгүй бололтой. Түүний нүд баярласандаа гялалзаж, зориуд ийн хэлж Жан Сюанийг бултах газаргүй болгов.
Олны үгийг сонсоод ч Жан Сюань гаднаа огт хувирсангүй. Харин дотроо зүрх нь түг түг цохилж байлаа. Лю Ян хүн бүрийн мэддэг нударгын арга ашигласан байна гэж огт бодсонгүй.
Өмнөх биеийн эзэн үүнийг мэддэг байсан нь гарцаагүй. Харин Жан Сюань энэ ертөнцөд ирээд удаагүй, тэр хүний дурсамж түүнтэй бүрэн уусаагүй хэвээр.
Өмнөх амьдралдаа номын санч байсан ч тэр өөр ертөнцөөс ирсэн хүн. Өөрийн гэсэн мэдлэгтэй, дээрээс нь ичих нүүр ч багатай. Нүдээ эргэлдүүлснээ,
— Яагаад, итгэхгүй байгаа юм уу? Би түүнд заахгүй гэсэнгүй. Харин та нар өөрсдөө надад итгэхгүй байна. Миний хэлснийг дагахгүй юм бол дараа нь намайг буруутгаж болохгүй шүү! Ван Ин, явъя. Ийм мөрийд утга алга! — гээд эргэв.
— Түр хүлээ! Бид итгэж байна. Заагаад өг! — гэж Цао Сюн яаран хориглов.
Жан Сюань зориуд хэтрүүлсэн тоо хэлж, хүмүүсийг үл итгүүлэх замаар энэ боломжийг ашиглан бултах гэж байгааг Цао Сюн ойлгожээ. Гэхдээ түүнийг сургамжлах ийм сайхан боломж арай гэж гарч байхад яаж зүгээр өнгөрөөх билээ?
— Тэр чинь...
Бултаж чадахгүйгээ мэдсэн Жан Сюань номын сангаас бий болсон тэр номыг оюун санаандаа дахин гаргаж ирэв.
“За яах вэ, үхвэл үхнэ биз!”
Одоо ухрах замгүй. Тэр номонд бичсэн арван хоёр өө сэвийг ахин нэг нягтлаад, харцаа хамгийн сүүлийнх дээр тогтоов. Шүдээ зуун,
— Чиний сая ашигласан нударгын арга баруун гараар хийдэг хувилбар байна. Нэг зөвлөгөө өгье. Энэ удаа зүүн гараараа чулуун баганыг цохиод үз! — гэв.
Энэ номын сан өөр ертөнцөөс ирсэн түүнд заяасан онцгой боломж юм бол бичсэн зүйл нь зөв ч байж мэднэ. Тэгээд ч одоо үүнээс өөрөөр мултрах арга түүнд байсангүй.
— Зүүн гараараа гэнэ ээ?
— Үүнийг бас заавар гээд байгаа юм уу?
— Ямар тоглоом шоглоом бэ? Хүний зүүн гар ер нь баруунаасаа сул байдаг. Зүүн нударгаар цохивол бүх арга нь алдагдах юм биш үү?
...
Олон хүн эхлээд балмагдсанаа, дараа нь шуугилдаж эхлэв. Жан Сюань руу харах харцанд нь үл тоомсорлосон өнгө тодорчээ.
Зүүн гар баруунаасаа сул байдгийг хэн ч мэднэ. Лю Яны саяын нударгаас үүссэн салхийг харахад тэр зүүн гартан биш нь илт. Гэтэл одоо зүүн гараараа хий гэж байна... Энэ чинь ямар учиртай юм бэ?
— Лю Ян, Жан багшийн хэлснээр хийгээд үз. Тэгвэл өөрөө ч бууж өгөх биз! — гэж Цао Сюн тушаав.
Жан Сюань ийм юм хэлнэ гэж Цао Сюн ч төсөөлөөгүй байлаа. Баярласандаа бараг дэвхцэх шахсан ч Лю Янд тушаалаа өгчээ.
Лю Яныг саяхан шавиа болгосон хэдий ч түүнийг баруун гараараа илүү сайн гэдгийг Цао Сюн баттай мэдэж байв. Хэрэв үнэхээр зүүн гараараа цохивол 30 килограмм ч хүрэхгүй байх!
Заалгахын өмнө 62 килограмм цохиж байсан сурагч заалгасныхаа дараа 30-д ч хүрэхгүй бол Жан Сюаний нэр хүнд ёроолдоо тулна.
Тэгээд ч тэр яаж дахин тийм бардам царайлахыг нь харъя!
— За! — Лю Ян хүйтнээр инээмсэглээд нударгын аргаа дахин эхлүүлэв.
Өөрийгөө зүүн гартан биш гэдгээ тэр хэнээс ч илүү мэднэ. Зүүн гараар цохиулах гэж байгаа нь... ёстой утгагүй хэрэг.
Дүүлэн Нисэх Цэцгийн Нударгыг Лю Ян багаасаа давтаж ирсэн. Зүүн, баруун талыг эсрэгээр нь хийхэд эхэндээ жаахан эвгүй байсан ч төд удалгүй дасав. Нударга нь хүчтэй салхи босгож байсан ч хүч чадал, эзэмшсэн байдал нь аль аль нь өмнөхөөсөө муу мэт харагдана.
“Өөр ертөнцөөс ирсэн надад заяасан энэ онцгой зүйл чинь... хуурамч юм биш биз?”
Жан Сюань тун их түгшиж байлаа.
Бусад хүн өөр ертөнцөд очихдоо нэгэн хөгшин өвөөтэй учирч, тэр нь ганц хоёр үг хэлээд л замыг нь зааж өгдөг. Хэлснийг нь үнэнчээр дагахад бүх зүйл бүтнэ. Харин өөрт нь яагаад элдэв хачин юм бичдэг номын сан таардаг байна аа? Хэрэв номонд бичсэн нь худал байвал энэ удаа сургуулиасаа хөөгдөх нь гарцаагүй!
Хүүү!
Удалгүй Лю Ян бүх хөдөлгөөнөө дуусгав. Тэр чулуун багана руу алхаж очоод зүүн нударгаа өргөн хүчтэй цохилоо.
Үүнн!
Дээр нь тоонууд дараалан асав.
— Нэг. Ха ха, арвын хэд л гарах нь дээ...
Эхний “1” гэсэн тоо гарч ирэхэд Цао Сюн баярласандаа тас тас инээв. Гэвч үгээ дуусгаж ч амжилгүй хоолой нь тагларч, нүд нь орой дээрээ гарах шахлаа.
— 123?
— 123 килограмм аа?
Дөнгөж сая дооглохоор зэхэж байсан хүмүүс алмайрч, биеэ барьж чадахгүй салганав.
Өмнө нь Лю Ян 62 килограмм цохисон. Одоо 123 килограмм боллоо. Бараг хоёр дахин өссөн гэсэн үг! Өөрөөр хэлбэл... бараг 100 хувийн өсөлт!
Үнэн гэж үү?
Багшийн мэргэшлийн шалгалтад академиасаа нэгдүгээрт орсон багш ч анхны заавраараа сурагчийнхаа хүчийг бараг хоёр дахин өсгөж чадахгүй!
— Энэ... энэ үнэхээр миний хүч гэж үү?
Цохисон Лю Ян өөрөө ч алмайрчээ.
Тэр чулуун баганыг итгэж ядсан харцаар ширтэнэ.
Өөрийгөө зүүн гартан биш гэдгээ сайн мэднэ. Гэтэл зүүн гар нь ийм их хүчтэй байна гэж зүүдэлсэн ч үгүй. Баруун гарынхаас нь бараг хоёр дахин хүчтэй!
Олон хүн гайхаж хоцорсон бол Жан Сюань баярласандаа бараг үсэрчих шахав.
“Үнэн юм байна!”
Энэ мөчид тэр номын сангийн тэмдэглэсэн өө сэвүүд үнэн болохыг эцэслэн баталлаа.
Хүний бясалгаж буй арга, түүний сул талыг шууд олж харж чадна... Өөр ертөнцөөс ирсэн түүнд заяасан энэ чадвар үнэхээр тэнгэр цөмлөхөөр хүчтэй эд байна!
— За, ямар байна? Чиний заавраар хорин хувь өссөн. Харин миний заавраар зуун хувь. Цао багш аа, одоо өөр хэлэх зүйл байна уу? — гэж Жан Сюань ёжтойхон асуулаа.
— Би...
Цао Сюний царай цонхийж, хацар нь халуу шатах шиг болов.
Уг нь энэ тэмцээнийг өөрөө санаачилж, Жан Сюанийг олны өмнө шившиг болгох гэсэн. Гэтэл эцэст нь өөрөө л шившиг болов.
Тэр энгэрээсээ хаш пайз гаргаж, хуруугаа хазан нэг дусал цусаа дээр нь дусаав.
— Лю Ян, би чамайг шавиасаа хаслаа. Одоо Жан багшийг багшаа болгон хүлээн зөвшөөрч болно!
Ингэж хэлээд Жан Сюань руу нэг харснаа,
— Нэг их бардамнаад хэрэггүй. Энэ удаа аз чинь таарлаа. Дараагийн удаа дахин өрсөлдвөл нэр хүндийг чинь бүр мөсөн унагаана... — гэв.
Тэгээд эргэж харалгүй явлаа.
Энэ удаа нэр хүндээрээ хохироод зогсохгүй нэг шавиа алдаж, дээр нь олны өмнө хариугаа хатуу бариулжээ.
Өөр багшид ялагдсан бол нэг хэрэг. Хамгийн гол нь тэр Багшийн мэргэшлийн шалгалтаас тэг авч, академийн хамгийн муу багш гэгддэг хүнд ялагдчихлаа...
— Багш аа, багш аа...
Цао Сюнийг холдон явахыг хараад Лю Яны царай барайв.
Жан Сюаний ганц зөвлөгөөгөөр гайхалтай үр дүн гарсан ч тэр Цао Сюнтэй адил үүнийг зүгээр л аз таарсан гэж бодож байлаа. Жан Сюань үнэхээр ийм чадвартай гэдэгт итгэсэнгүй.
— За, одоо чи миний шавь болсон. Таних пайзаа хурдан гарга! — гэв Жан Сюань.
Мөрийгөөр шинэ шавьтай болсон тэр одоо ч дотроо баярлаж байсан тул Лю Ян юу бодож байгааг огт тоосонгүй. Хаш пайзыг түүн рүү хөнгөхөн шидэв.
Лю Ян үнэндээ Жан Сюаний шавь болохыг хүсэхгүй байлаа. Гэхдээ мөрийний үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хэрэв Жан Сюанийг багшаа болгохоос татгалзвал өөр багш нар ч түүнийг авахгүй нь тодорхой. Тиймээс хаш пайзан дээр цусаа дусааж, багш-шавийн харилцаагаа баталгаажуулав.
— Маргааш энд ирж хичээлдээ суу!
Лю Яны асуудлыг шийдсэний дараа Жан Сюань илүү зүйл хэлсэнгүй. Ван Ин рүү харан тайван хэлчихээд хоолны газраас гарлаа.
Хичээлийн танхимдаа эргэн ирмэгцээ тэр юу ч бодолгүй оюун санаандаа төвлөрч, Тэнгэрийн Нууц Номын Санг анхааралтай шинжив.
Нэлээд ажигласны эцэст түүний хэрхэн ажилладгийг ерөнхийд нь ойлголоо.
Хэн нэгэн түүний өмнө бясалгалын арга эсвэл тулааны техникээ үзүүлэхэд тэр хүний өө сэвүүдийг тэмдэглэсэн ном номын санд тэр даруй бий болдог байжээ.
— Ха ха! Энэ удаа чинь ёстой баяжчихлаа! Ийм зүйлтэй байхад ямар ч хүний өө сэвийг ганц хараад л мэдэж чадна. Дараагийн Багшийн мэргэшлийн шалгалтаар ахиад тэг авна гэж байхгүй!
Сэтгэл нь хөөрч, баяр хөөрөөр дүүрэв. Өөр ертөнцөд ирснээсээ хойш Жан Сюань анх удаа ирээдүйгээ тэсэн ядан хүлээх хүсэлтэй болжээ.
Тайлбар: “Тайзү Чанцюань” гэдэг нь үгчилбэл “Өвөг дээдсийн урт нударга” гэсэн утгатай. Урт нударга нь мөчөө бүрэн тэнийлгэн ашиглахыг чухалчилдаг ойрын тулааны арга бөгөөд довтолгоонд түлхүү чиглэдэг. “Хамгийн сайн хамгаалалт бол урт довтолгоо” гэсэн зарчимтай. (Эх сурвалж: Wikipedia) Тайзү Чанцюань нь Хятадын зургаан алдарт урт нударгын нэг бөгөөд нутгаас шалтгаалан өөр өөр нэрээр танигддаг. Хожмын олон нударгын арга түүнээс улбаатай гэж үздэг тул “Зуун нударгын эх” ч гэж нэрлэдэг. (Эх сурвалж: Baidu)