Номон дээр Мо Ян багштны өнгөрсөн хэрэг явдал, өө сэв нь нэг бүрчлэн бичигджээ.
«Жинхэнэ нэр нь Ян Мо. Үнэлэгчийн дагалдан. Люжү хаант улсад үнэлэгчийн нэр барин хүмүүсийг залилж, эд хөрөнгө болон эмэгтэйчүүдийн тааллыг олдгоороо зартай луйварчин!»
«Тулааны техник: Сэтгэл Урхидах Дуу — анхан түвшин. Үгээр хүний сэтгэлийг төөрөгдүүлж, өөртөө итгүүлэхэд хялбар болгодог!»
«Өө сэв: Нэгдүгээрт, Люжү хаант улсын хааны ордноос эрэн сурвалжлагддаг. Хоёрдугаарт...»
Жан Сюань инээх үү, уйлах уу гэдгээ мэдсэнгүй.
Мэргэжилтэн хүний төрх, сүртэй энэ нөхөр үнэндээ луйварчин байх гэж! Саяхан Жан Сюань хүртэл түүнийг үнэхээр сүрхий хүн юм болов уу гэж бодсон шүү дээ.
Харин одоо бодоход олны дунд түүний гар хөл болсон хүмүүс цөөнгүй байгаа бололтой. Эдлэл зарж буй худалдаачин ч хамсаатан нь байх ёстой. Тэд хамтран жүжиг тавьж, Мо Яныг эрдэнэ үнэлэхдээ гарамгай мэтээр нэр хүндийг нь өсгөнө. Дараа нь хүмүүсийг хэрэггүй хогийг өндөр үнээр авахад ятгаж, дундаас нь ашиг олдог ажээ.
«Луйварчин байгаа цагт хууртагдах хүн ч олдоно доо!»
Нөгөө хүн луйварчин гэдгийг мэдсэн ч Жан Сюань түүнийг илчлэх бодолгүй байв.
Нэгдүгээрт, түүнд үүнийг нотлох баримт байхгүй. Тэнгэрийн Нууц Номын Сангийн нууцыг ямар ч тохиолдолд дэлгэж болохгүй. Хоёрдугаарт, хууртчихсан хүмүүс аль хэдийн ухаанаа алдтал итгэчихжээ. Одоо тэдэнд Мо Яныг луйварчин гэж хэлээд үнэмшүүлэх гэвэл өөрөө зодуулж ч мэднэ.
Өөрт нь ашиггүй мөртлөө бөөн төвөг дагуулах ажилд Жан Сюань хэзээ ч сайн дураараа оролцохгүй.
«За больё. Өөрийнхөө авах юмыг л харъя!»
Мэргэжилтэн болж сүр үзүүлэх гээд завгүй яваа «Мо Ян багштан»-ыг тоолгүй Жан Сюань тавцан дээрх эдлэлүүдийг үргэлжлүүлэн үзэж, хажуугаар өнгөрөхдөө нэг нэгээр нь гар хүрсээр явлаа.
Ямар нэг зүйлд хүрэх бүрд оюун санаанд нь ном бий болно. Номын санд тухайн эдлэлийн үнэ бичигдэхгүй ч өө сэв цөөнтэй зүйл илүү үнэ цэнтэй байх нь ойлгомжтой.
Дөч, тавь орчим эдлэл үзсэний дараа нэг ч олигтой зүйл таараагүйд тэр дотроо дагжив.
Энэ овоон дундаас жинхэнэ эрдэнэ олох магадлал үнэхээр өчүүхэн юм байна.
— Харин сүүлчийн боломжийг... танд өгье!
Жан Сюань энд тэндхийн эдлэлд хүрч явах зуур танхимд сүртэй дуу цуурайтав.
Эргэж харвал «дээдсийн дүртэй» Мо Ян багштан түүн рүү харж байлаа. Сонгосон хүн нь чи мөн гэж батлах мэт үл ялиг толгой дохино. Эргэн тойрны тоо томшгүй харц Жан Сюань дээр тусах бөгөөд бүгд атаархал дүүрэн.
— Би юу? — Жан Сюань гайхав.
— Залуу минь, өөртөө тэгж эргэлзэх хэрэггүй. Тийм ээ, чамайг сонголоо! — Мо Ян багштан сахлаа илэн бардамхан хэлэв. Яг л өөрөөр нь сонгогдсон нь Жан Сюаний хувьд асар их нэр төр мэт.
«Өөртөө эргэлзэнэ ээ?»
Жан Сюань толгой сэгсрэв.
Өөртөө эргэлзсэн шинж түүнд хаана байна? Харин ч ийм олон галзуу дагалдагч байхад яагаад заавал намайг сонгодог билээ гэж бодож байлаа.
Гэвч хэсэгхэн бодоод учрыг нь ойлгов. Өнөөдөр энд эрдэнэ таахаар ирсэн хүмүүсийн ихэнх нь «багштан»-ыг даган хошуурч байна. Харин Жан Сюань ганцаараа танхимаар хэсэж, эдлэл бүрийг сонирхон барьж үзээд явж байгаа болохоор нүдэнд өртөхгүй байх аргагүй.
— Сайхан сэтгэл гаргасанд баярлалаа. Гэхдээ надад хэрэггүй!
Нөгөө хүн луйварчин гэдгийг мэдэж байгаа болохоор түүнд мөнгөө зүгээр өгчих хүсэл Жан Сюаньд байсангүй. Гараа дохичхоод овоолсон эдлэлээ үргэлжлүүлэн үзэв.
— Хэрэггүй ээ? — Мо Ян багштан хөмсгөө зангидав.
Өмнөх есөн хүний хэнийг ч сонгосон бүгд баярласандаа хөөрч, зарим нь догдолсондоо ухаан алдах шахаж байсан. Гэтэл энэ залууг сонгосон чинь... хэрэггүй гэнэ ээ?
Барайсан царайгаа тэр дор нь нууж, сахлаа илсээр урагш алхлаа. Жан Сюань руу санаа нь зовсон мэт хараад,
— Эрдэнэ таахаар ирсэн хүн жинхэнэ үнэт зүйл олохыг хүсэлгүй яах вэ. Чамайг танхимаар арга эвээ олохгүй хэсэж явахыг хараад залуу насандаа хамаг мөнгөө салхинд хийсгэх вий гэж бодон жаахан чиглүүлчихье гэсэн юм. Үнэхээр хэрэггүй гэж үү? Миний сайхан сэтгэлийг бүү талаар болго доо! — гэв.
— Хэрэв тэр боломжоо хүсэхгүй байгаа бол надад өгчих!
— Багштны өөрт нь өгсөн боломжийг авахгүй гэнэ ээ? Толгой нь зүгээр байгаа даа?
— Наадах чинь анхнаасаа л нэг биш ээ. Би сая харсан. Танхимын бараг бүх эдлэлд гараа хүргээд яваад байсан. Юм хулгайлах санаатай юм биш биз?
— Багштан надад ийм боломж өгвөл би унтаж байхдаа ч инээгээд сэрэх байх!
...
Тэдний яриа танхим даяар сонсогдсон тул хүмүүс Жан Сюанийг хачин амьтан харж байгаа мэт ширтэв.
Энэ чинь үнэлэгч багштан шүү дээ!
Өнөөдөр ердөө арван хүнд эрдэнэ сонгож өгөөд хотоос явах гэж байна. Хүн бүр энэ боломжийн төлөө булаацалдаж байхад энэ залуу... авахгүй гэнэ ээ?
Толгой нь гэмтээгүй юм бол өөр юу гэх вэ?
— Үнэхээр хэрэггүй... — гэж Жан Сюань дахин толгой сэгсрэв.
Мөнгөө барахгүй байх аа? Харин чиний үгийг сонсвол л ёстой хоосорно...
— Яаран татгалзах хэрэггүй! — Жан Сюань үгээ дуусгаж амжаагүй байхад «Мо Ян багштан» тасаллаа. Харцандаа хамаг амьтныг өрөвдөх энэрэл, зовсон нэгнийг аврах шийдэмгий байдлыг хослуулаад, — Чам шиг залуу хүнд мөнгө олох амаргүй. Би энэ боломжийг өгснийхөө төлөө юу ч авахгүй. Хэрэггүй юм авч, хөдөлмөрлөж олсон хөрөнгөө дэмий үрэх вий гэсэндээ л тусалж байна! — гэв.
— Мо Ян багштан ямар энэрэнгүй юм бэ!
— Эрдэнэ үнэлэх чадвартайгаас гадна ийм сайхан сэтгэлтэй! Би багштныг шүтдэг болно оо!
— Өнөөдрөөс хойш миний хүндэлдэг ганц хүн бол Мо Ян багштан!
...
Энэ үгийг сонссон хүмүүсийн хүндлэл дахин оргилов.
Ямар сайхан сэтгэлтэй хүн бэ!
Эрдэнэ үнэлэх ийм чадвартай мөртлөө өөртөө их хөрөнгө олохын төлөө ашиглахгүй. Харин бусад хүн буруу сонголт хийж хохирох вий гэж санаа зовон, өөрийн хүчээ зарцуулж тусалж байна. Дэнлүү бариад дэлхийг тойрсон ч ийм сайн хүн дахин олдохгүй биз!
— Би...
Ийм ичих нүүргүй үгийг хүртэл үнэнч шударга хүний өнгөөр хэлэхийг нь сонсоод Жан Сюань толгой сэгсрэв. Үг хэлэх гэтэл нөгөө хүн ахиад л тасалчихлаа.
— За, юу бодож байгааг чинь ойлгож байна. Нэмээд юм хэлэх хэрэггүй! — Өвгөн тайван харж, харцандаа бардамнал тодруулав.
— Миний юу бодож байгааг ойлгосон гэж үү? — Жан Сюань эргэлзэн асуулаа.
— Мэдээж. Чи өөрийгөө хэт залуу, хүч чадал дутуу гэж бодож байгаа. Жинхэнэ эрдэнэ оллоо ч хамгаалах чадал хүрэхгүй, харин ч өөртөө гай дуудаж мэднэ гэж айж байгаа биз! — Мо Ян багштан бүхнийг мэддэг хүний янзаар хоёр гараа ардаа авч хэлэв.
— Аан, ийм учиртай байсан юм уу!
— Багштан эрдэнэ үнэлэхдээ гарамгай төдийгүй хүний бодлыг хүртэл уншчихдаг юм байна!
— Хүч чадалдаа ахадсан эрдэнэ гай дагуулдаг нь үнэн. Энэ залуу ингэж бодсон нь аргагүй юм байна!
...
Мо Ян багштны тайлбарыг сонсоод хүмүүс сая л учрыг ойлгосон мэт дуу алдав. Жан Сюань яагаад ийм сайхан боломжийг татгалзсаныг одоо л мэдсэн бололтой.
— Энэ чинь... — Жан Сюань юу гэж хариулахаа ч мэдсэнгүй.
Энэ нөхөр арай дэндүү өөртөө дурлачихсан юм биш үү?
Эрдэнээ хамгаалах чадалгүй гэнэ ээ... Ийм юм хүртэл бодож олдог байна шүү.
— Та бүхэн сонсоорой! — Жан Сюань учрыг нь тайлбарлах гэж байтал Мо Ян багштан эргэн тойрноо нэг харснаа сүртэйгээр зарлав. — Энэ залууг би сонгосон. Тиймээс би түүнд ямар эрдэнэ сонгож өгсөн ч хэн ч шунахайрч, булаах санаа гаргаж болохгүй! Тэгвэл надтай дайсагнасан хэрэг болно. Тэр үед намайг өршөөлгүй хандлаа гэж бүү гомдоорой!
— Багштан аа, юу ярина вэ! Таны сонгосон хүнд гар хүрч бид яаж зүрхлэх вэ!
— Тайван бай, багштан аа. Бид тийм юм хийхгүй...
Хүмүүс яаран ам амандаа батлав.
— За, одоо бүгдэд нь хэлчихлээ. Тайван худалдаж ав. Хэн нэгэн гай болно гэж санаа зовох хэрэггүй! — Мо Ян багштан Жан Сюань руу урам өгсөн мэт инээмсэглэв.
— Би...
Энэ хүн өөрийнхөөрөө ингэтлээ шийдчихнэ гэж Жан Сюань төсөөлсөнгүй. Ам нээх гэтэл нөгөөх нь дахиад таслав.
— Сэтгэл хөдөлчих хэрэггүй. Сүүлчийн боломжоо чамд өгсөн нь бид хоёрын уулзалт хувь ерөөлтэй холбоотой гэсэн үг! Хувь ерөөл гэдэг учир шалтгаанаар тайлбарлачих зүйл биш. Тиймээс надад хэт их талархах шаардлагагүй. Чамд эрдэнэ сонгож өглөө гээд би ямар ч хариу нэхэхгүй. Зүгээр л сайхан сэтгэл гаргаж байгаа юм!
— Тэр...
— Тэр энэ гэж хэрэггүй. Энэ эдлэл байна! Үүнийг авбал чи гарцаагүй асар их ашиг олно гэдгийг би батална!
«Мо Ян багштан» түүнд үг хэлэх зав ч өгөлгүй овооноос нэг эдлэл авч сунгалаа.
«Ашиг аа...»
Эдлэлийг хараад Жан Сюань бүр хэлэх үггүй болов.
Тэр үүнийг өмнө нь аль хэдийн шалгасан. Хэрэггүйгийн дээд хог. Нэг алтан зоос ч хүрэхгүй. Ямар үнээр авна, тэр хэмжээгээрээ шууд алдана!
— Эзэн ээ, энэ залуугаас тооцоог нь аваарай!
Эдлэлийг сунгасан Мо Ян багштан худалдаачныг дуудав.
— Нийт 30,000 алтан зоос! — Худалдаачин хүрч ирлээ.
— Төлбөрөө хурдан хий. Өнөө орой миний үнэлсэн зүйлсээс хамгийн үнэтэй нь энэ! Залуу минь, чи ёстой аз дайрлаа! — Жан Сюанийг хөдөлгөөнгүй зогсоход өвгөн сахлаа илээд, хайртай дүүгээ харж байгаа мэт инээмсэглэв. — Буцаж очоод гаднах бүрхүүлийг нь цэвэрлээрэй. Гэнэт баяжсандаа хэт догдолж ухаан алдав аа!
— Догдлох юу байх вэ! — Үгээ дахин дахин таслуулсан Жан Сюань эцэст нь тэвчээр алдав. — Бусдыг луйвардмаар байвал луйвард, би чиний хэрэгт оролцохгүй! Заавал намайг орооцолдуулах ямар хэрэг байна? Ингэж сүр үзүүлэх чинь тийм сайхан байдаг юм уу? Нэр нүүрийг чинь бодоод би хэчнээн тэвчсэнийг ойлгохгүй байна уу?