— Юу гэнэ ээ?
— Тэр жаал Мо Ян багштныг ингэж хэлж зүрхэллээ гэж үү?
— Багштан сайхан сэтгэл гаргаж эрдэнэ сонгож өгсөн байхад луйвардах гэлээ гэж гүтгэж байна уу?
— Ямар даварсан залуу вэ!
Жан Сюаний үгийг сонсоод хүмүүс хэсэг балмагдсанаа шуугилдаж эхлэв.
Энэ залуугийн толгой зүгээр байгаа даа?
Багштан түүнд эрдэнэ сонгож өгөхийн тулд ингэтлээ хичээсэн байхад... луйвар, сүр үзүүлэлт гэнэ ээ?
— Чи юу гэлээ? — Залууг ийм хариу өгнө гэж бодоогүй бололтой, «Мо Ян багштны» царай барайв. — Залуу минь, чи намайг ямар нэг зүйл дээр буруу ойлгочихсон юм биш үү?
— Буруу ойлгосон гэж үү? Миний юу хэлж байгааг чи өөрөө надаас ч сайн мэдэж байгаа. Хүн луйвардмаар байвал луйвард. Надад хамаагүй, би чиний хэрэгт хутгалдах сонирхол ч алга! Би эдлэлээ өөрөө сонгоно, чи хүмүүсээ өөрөө хуур. Хоёулаа бие биедээ саад болохгүй байя. Тиймээс миний өмнө тэр ихэмсэг дүрээ гаргахаа боль!
Жан Сюань дургүйцсэн янзтай гараа дохив.
Тэр угаасаа луйварчинд дургүй. Гэхдээ нөгөө хүн өөрт нь гай болохгүй бол хэргийг нь тоохгүй өнгөрөөж чадна. Гэтэл энэ нөхөр өөрийг нь ашиглан сүр үзүүлэх гэж оролдлоо. Өөрөө л асуудал хайгаад ирж байна!
— Ямар их зориг вэ! — «Мо Ян багштан» цонхийж, ханцуйгаа огцом савчив. Үйл хөдөлгөөн нь шударга ёсны төлөө хилэгнэсэн эрхэм хүний сүртэй. — Би гучин жилийн өмнө үнэлэгчийн эрхээ авсан. Тэр цагаас хойш тоо томшгүй хүнд хүнд байдлаас гарахад нь тусалсан. Миний мөс чанар цэвэр! Намайг хүн луйвардсан гэж ганц ч хүн хэлж байгаагүй. Энд байгаа бүх хүн гэрчилж чадна. Би та нарын хэнийг хэзээ хуурсан юм бэ?
— Мо Ян багштан энэрэнгүй хүн. Хэцүүдсэн хүнийг аварч тусалдаг. Яаж луйварчин байх юм бэ!
— Тэнд байгаа худалч жаал аа, амьд явахаас залхчихсан юм уу!
— Багштан аа, та бүү уурла. Би таны өмнөөс наад нөхөрт чинь нэг хичээл заагаад өгье. Дахиж дэмий юм чалчихаа болиг!
...
Мо Ян багштан хэдхэн үгээр олны уурыг дүрэлзүүлж орхив. Хүн бүр Жан Сюанийг гэр бүлийг нь хөнөөчихсөн дайсан мэт ширтэнэ.
«Гучин жилийн өмнө үнэлэгчийн эрх авсан гэнэ ээ? Мөс чанар цэвэр гэнэ ээ?»
Жан Сюань бүр үггүй болов.
Чи ердөө үнэлэгчийн жижигхэн дагалдан байж ингэж том хүн болж жүжиглэх ямар хэрэг байна?
Арьс чинь миний бодсоноос ч зузаан юм.
Люжү хаант улсад эрэн сурвалжлагддаг луйварчин болсон нь аргагүй. Ичих нүүргүйгээрээ барахгүй, гэнэтийн нөхцөлд ингэж хурдан арга олдог нь үнэхээр аймшигтай.
Ердийн луйварчин олны өмнө баригдвал сандарна. Харин энэ хүн нөхцөл байдлыг ганцхан агшинд эргүүлээд, сумны үзүүрийг Жан Сюань руу чиглүүлчихлээ. Одоо харин өөрт нь тайлбар хийхэд хүртэл хэцүү болов.
Хэрэв Тэнгэрийн Нууц Номын Сан байгаагүй бол нөгөө хүний ийм үнэнч шударга дүрийг хараад Жан Сюань хүртэл өөрийгөө андуурсан юм биш биз гэж эргэлзэх байсан. Гэхдээ номын сан түүнийг луйварчин гэж бичсэн бол тэр гарцаагүй луйварчин!
— Та бүхэн тайвшир! — Олны уур дүрэлзэж, давуу байдал өөрт нь ирснийг хараад Мо Ян багштан гараа өргөн намжаав. — Би өш санаж зууралддаг хүн биш. Сая хэлсэн үгэндээ уучлал гуйвал энэ асуудлыг цааш хөөцөлдөхгүй байж болно. Харин үгүй бол намайг санаатайгаар гүтгэсэн хүнийг ямар шийтгэл хүлээдгийг өөрөө мэдэж байгаа биз!
— Шийтгэл үү? — Жан Сюань толгой сэгсрэв. — Чи луйварчин уу, би худал ярьсан уу гэдгийг шалгахад ямар хэцүү юм бэ? Сая худалдаж авсан эдлэлүүдийн гаднах бүрхүүлийг цэвэрлээд л үз. Тэгэхэд үнэн нь шууд гарна! Ийм олон хэрэггүй юм ярьж зогсох ямар хэрэг байна?
— Цэвэрлэнэ ээ? — Мо Ян багштан ийм үг сонсоно гэдгээ урьдчилан мэдэж байсан бололтой тайван хариулав. — Би өнөө шөнө Тяньсюань хотоос явна гэж өмнө нь хэлсэн. Тэдэнд сонгож өгсөн эдлэлүүд бүгд том учраас бүрэн цэвэрлэж, доторхыг нь гаргахын тулд дор хаяж хагас өдөр орно. Надад яаралтай зохицуулах ажил бий. Тийм удаан саатаж чадахгүй! Яах вэ, одоо намайг гэмтэйдээ хүлээж чадалгүй зугтаж байна гэж хэлээд, үүгээрээ намайг гүтгэх гэж байгаа юм уу?
Өвгөн ханцуйгаа савчин ихэмсэг сүр гаргав.
— Би, Мо Ян, амьдралдаа буруу замаар яваагүй. Чиний гүтгэлгээс айх шалтгаан надад байхгүй! Харин би сайхан сэтгэл гаргаж чамд эдлэл сонгож өгсөн байхад чи намайг луйварчин гэж доромжиллоо. Гартаа бодит баримтгүй байж ингэж хэлсэн бол гүтгэлэг мөн. Үнэлэгч багштныг санаатайгаар гүтгэсэн хүн ямар үр дагавар амсдагийг мэдэх үү?
Үүнийг сонсоод Жан Сюань нөгөө хүний ичих нүүргүй байдлыг дахиад л дутуу үнэлснээ ойлгов.
Мэргэжлийн луйварчин гэдэг аргагүй. Байдал эвгүйдвэл хэрхэн мултрахаа урьдчилаад бодчихсон байна.
Өнөө шөнө Тяньсюань хаант улсаас явна гэдгээ аль хэдийн зарлачихсан нь өөртөө ухрах зам нээсэн хэрэг. Жан Сюань ам нээж ч амжаагүй байхад тэр эсрэг довтолгоогоо эхлүүлчихлээ. Одоо «эдлэлийг цэвэрлэж дуусахыг хүлээхээс айж байна» гэж хэлсэн ч хэн ч итгэхгүй.
Тэгээд ч... Жан Сюаньд түүнийг луйварчин гэдгийг нотлох баримт үнэхээр байхгүй!
Тэнгэрийн Нууц Номын Сангийн нууцыг дэлгэж болохгүй. Дэлгэлээ ч эндээс хэн нэгэн итгэнэ гэдэг бас тусдаа асуудал.
— Жаал аа, яг одоо өвдөг сөхрөөд багштнаас уучлал гуй!
— Багштныг луйварчин гэж хэлж зүрхэлдэг чи намайг чамайг алж чадахгүй гэж бодоо юу?
— Хаанаас ийм даварсан амьтан гараад ирэв ээ? Багштны нэр төрд хүртэл эргэлзэнэ гэнэ!
...
«Багштан» ийнхүү зөв шударга дүрээр хилэгнэхэд олон хүн тэр дор нь итгэж, Жан Сюанийг загнан зүхэж эхлэв.
Тэд үнэхээр уурлачихжээ.
Хууртсан хүмүүс өөрсдийгөө луйвардуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүйдээ аль хэдийн өөрсдөдөө итгүүлчихсэн байв. Хэн нэгэн тэдний сайхан зүүдийг эвдэх гэж оролдвол тэр хүнийг үхэн хатан няцааж, буруутгах нь гарцаагүй.
Тэдний нүдээр Мо Ян багштан ийм шударга хүн байхад яаж луйварчин байх юм бэ?
Ямар тоглоом биш дээ!
— Энэ нөхөр багштныг луйварчин гэж хэлж байгаа юм чинь өөрөө эрдэнэ үнэлэхдээ сайн байж таарна биз дээ? Тийм чадвартай юм бол эндээс нэг эдлэл сонгоод үзүүл л дээ! Сонгосон юм чинь хог байвал энд жүжиглэхээ болиод зайл!
Олны дундаас нэг хүн хүйтнээр дуугарав.
— Тийм шүү. Намайг луйварчин гээд, миний сонгосон эдлэлийг авахгүй байгаа юм чинь чи өөрөө үнэлгээний талаар нэлээд мэдлэгтэй байж таарна!
Мо Ян багштан толгой дохин Жан Сюань руу харав.
— За тэгье, чамд нэг боломж өгье! Хоёулаа жижигхэн, энгийн эдлэл тус бүр сонгоё. Тэгвэл бүрхүүлийг нь хурдан цэвэрлээд үнэ цэнийг нь шууд шалгаж болно. Чиний сонгосон зүйл ашиг өгч чадвал чадвартайг чинь хүлээн зөвшөөрч, энэ хэргийг ингээд орхиё. Харин хэрэггүй хог сонговол уучлаарай, сая миний сонгож өгсөн эрдэнийг худалдаж аваад, өвдөг сөхрөн надаас уучлал гуйна!
— Надтай эрдэнэ үнэлэхээр өрсөлдөх гэж байгаа юм уу? — Саяхан л яаж баримт гаргаж түүнийг илчлэх вэ гэж бодож байсан Жан Сюань энэ үгийг сонсоод гайхаж, бараг инээд алдчих шахав.
Энэ нөхрийн толгой хаалганы завсар хавчуулагдчихсан юм биш биз?
Тэнгэрийн Нууц Номын Сантай Жан Сюань үнэлгээгээр өөрийгөө хоёрт орно гэвэл энэ дэлхийд хэн ч нэгдүгээрт орно гэж хэлж зүрхлэхгүй. Үнэхээр өөртэй нь өрсөлдөх гэж байгаа юм уу?
Гэхдээ жаахан бодоход нөгөө хүний учир шалтгааныг ойлгож болохоор байлаа.
Түүний нүдээр Жан Сюань ердөө арван найм, арван есөн настай залуу. Эрдэнэ үнэлэх талаар юу мэдэх билээ? Харин Мо Ян хэд хоногийн өмнөөс бусдад ашиг олгуулж, нэр хүндээ өсгөхийн тулд урьдчилж нэлээд арга бэлдсэн нь лавтай. Хоёул зэрэг эдлэл сонгоод Жан Сюань хэрэггүй хог авчихвал тэр үүгээр нэр хүндээ улам өсгөнө. Тэгээд бүр хэдэн мунхаг хүнийг хөөргөж, хамаг мөнгөө гаргахад хүргэж ч мэднэ.
— Яав? Зориг хүрэхгүй байна уу?
«Мо Ян багштан» Жан Сюанийг энэ удаа бүрэн дарж авахаар шийджээ.
— За! — Нөгөө хүн өөрөө ингэж зугаа хайж байхад Жан Сюань яаж татгалзах вэ.
— Сайн байна. Тэгвэл би эхэлнэ! — Мо Ян багштан хормойгоо савчин урт тавцангийн дагуу том том алхав. Удалгүй алганы чинээ нэг эдлэлийн өмнө зогсоод авч үзлээ.
Гаднаас нь зузаан чулуулаг бүрхсэн тул доторх зүйлийн хэлбэрийг ч мэдэх аргагүй. Үнэ цэнтэй эсэхийг ялгах тухай бүр ч ярих зүйлгүй.
— Худалдаачин аа, энэ хэд вэ?
Мо Ян багштан эдлэлийг барин асуулаа.
— Жижигхэн юм байна. Сүнслэг энергийн хөдөлгөөн ч бараг мэдрэгдэхгүй. 200 алтан зоос! — гэж худалдаачин хэлээд дөхөж ирэв.
— За. Хүнээр цэвэрлүүлээд өг!
Мо Ян багштан мөнгийг нь өгөөд тайван хэлэв.
— Мэдлээ!
Худалдаачин эрдэнийг аваад арын өрөө рүү оров. Хэсэг хугацааны дараа гартаа алтан бах барьсаар догдлон гарч ирлээ.
— Баяр хүргэе, багштан аа. Энэ бол Сүнслэг Эвэрт Алтан Бахын гуужсан арьс байна!
— Сүнслэг Эвэрт Алтан Бах гэж юу юм бэ?
— Сүнслэг Эвэрт Алтан Бах бол 6-р зэрэглэлийн зэрлэг араатан. Бүх биеэс нь хамгийн үнэ цэнтэй зүйл бол арьс. Насан туршдаа ганцхан удаа арьсаа гуужуулдаг. Эм найруулахад ашиглаж болдог болохоор тун үнэтэй!
— Мо Ян багштан гэдэг аргагүй юм аа. Энэ олон юмнаас шууд эрдэнэ олчихлоо. Хараа нь үнэхээр гайхамшигтай!
...
Сүнслэг Эвэрт Алтан Бахын гуужсан арьс гэдгийг сонсоод танхим тэр чигтээ шуугилдав.
— Энэ зүйлийг мэдэхгүй хүн олон байх. Шууд үнийг нь хэлчих. Тэгвэл илүү ойлгомжтой! — Мо Ян багштан эрүүгээ өргөн, ердийнхөөрөө сүр үзүүлсэн хэвээр тайван хэллээ.
— Энэ эдлэл... 2,000 алтан зоос хүрнэ! — гэж худалдаачин дуу алдав.
— 2,000 алтан зоос оо?
— 200-аар аваад шууд 2,000 болчихлоо гэж үү? Арав дахин ашиг!
— Арай дэндүү гайхалтай юм аа!
— Багштан гэдэг аргагүй юм. Ийм жижигхэн зүйлээс хүртэл ингэж ашиг олж байхад түрүүн надад сонгож өгсөн тэр аварга эдлэлээс би ёстой баяжих нь байна!
...
Энэ дүр зургийг хараад саяхан жаахан эргэлзэж эхэлсэн хүмүүсийн нүд ахин шуналаар гэрэлтэв.
Багштан гэдэг зүгээр нэр биш аж. Гараа хөдөлгөх төдийд л түвшний ялгаа шууд харагдлаа!
— За, одоо чиний ээлж!
Мо Ян багштан хүйтэн харцаар дохив.
— Мм... — Жан Сюань толгой дохилоо.
Нөгөө хүн луйварчин юм чинь урьдчилан бэлдсэн аргатай байж таарна гэдгийг тэр мэдэж байсан. Гэхдээ арга нь ийм сайн байна гэж санасангүй.
Өөрөө ядаж үүнтэй эн зэрэгцэх зүйл сонгох хэрэгтэй.
— Би эхлээд эдлэлээ сонгочхоод, бүрхүүлийг нь цэвэрлэсний дараа үнийг нь төлж болох уу?
Урагш алхсан Жан Сюань гэнэт нэг зүйл санаад худалдаачнаас асуув.
— Болохгүй! Эхлээд мөнгөө төлж байж цэвэрлүүлнэ. Энэ бол дүрэм! Цэвэрлэсний дараа хог байвал та авахгүй гэвэл яах юм? Эсвэл хэт үнэтэй зүйл гарч ирээд бид зарахаа больё гэвэл яах вэ? Тэгвэл маргааныг шийдэх аргагүй болно!
Худалдаачин хүйтнээр хариулав.
Ийм маргаан гарахаас сэргийлж эрдэнэ таах арилжаанд эдлэлээ сонгосон даруйдаа мөнгийг нь төлдөг. Төлбөр хийсэн мөчөөс наймаа баталгаажсан гэж үзэх тул хэн ч дараа нь буцаж чадахгүй.
— За яах вэ...
Дүрмийг нь сонсоод Жан Сюань аргагүй толгой дохив. Дараа нь овоолсон эдлэлүүд рүү эргэж хараад, огт ичсэн шинжгүй,
— Тэгвэл эндээс 8 алтан зоосноос хямдхан нь аль аль вэ? Надад заагаад өг. Тэднээс нэгийг нь сонгоё... — гэв.