— Пү! Тэр сая юу гэлээ? Би буруу сонссон юм биш биз? 8 алтан зоосноос доош оо?
Жан Сюань их л бардам хэлсэн ч үгийг нь сонссон хүмүүс амандах юмаа зэрэг цацаж, галзуу хүн харсан мэт мэл гайхан ширтэв.
Нээрээ юу?
Эрдэнэ таах арилжааны гол амт нь аз туршиж, их ашиг олоход байдаг. Эндхийн хамгийн хямд эдлэл ч дор хаяж зуун алтан зоос хүрнэ. 8 алтан зоосоор... юу худалдаж авах гээд байгаа юм бэ?
— Энэ нөхрийн толгой ажиллаж байгаа болов уу?
— 8 алтан зоос оо? Ха ха, шавар атгаад харьсан нь дээр юм биш үү!
— Бас 8-аас доош гэнэ ээ. Энд тийм хямд эдлэл ганц ч байхгүй шүү дээ...
...
Хормын дараа олны дундах хүмүүс инээсээр байгаад нулимсаа арчиж эхлэв.
Жаал аа, арай инээдтэй байхаа больж болохгүй юу?
Эндээс 8 алтан зоосноос хямд юм яаж олох гэсэн юм? 80 алтан зоостой байсан ч худалдаж авах юм олдохгүй!
— Яасан? Эрдэнэ таах танхим байж 8 алтан зоос хүрэх эдлэл ч байхгүй юм уу? Ичихгүй байна уу?
Олны шоолохыг огт тоолгүй Жан Сюань худалдаачин руу ихэмсэг харлаа.
Өмнөх Жан Сюань түүнд нийтдээ ердөө 8 алтан зоос үлдээсэн. Илүү мөнгө гаргая гэсэн ч гаргах юм байхгүй.
— Пү!
Хүмүүс бие бие рүүгээ хараад дахин тас тас инээлдэв.
Ичих ёстой хүн нь чи өөрөө биз дээ!
Ганц алтан зоос бариад үл хөдлөх хөрөнгийн газар орж, орон сууц авна гэж зогсож байгаатай адилхан юм биш үү!
Ах минь, толгой чинь үнэхээр зүгээр байгаа даа?
— Энд 8 алтан зоос хүрэх эдлэл байх боломжгүй. За тэгье. Энэ овооноос дуртайгаа сонго. Би мөнгийг нь төлөөд өгье. Ашиг олбол бүгд чинийх. Харин алдвал түрүүн тохирсон ёсоороо надаас уучлал гуйхад л болно!
«Мо Ян багштан» хоёр гараа ардаа авч, залууг басамжилсан харцаар ширтэв. Өндрөөс харсан бардам төрх нь улам тодорно.
— Мо Ян багштан гэдэг аргагүй өгөөмөр хүн юм аа!
— Энэ залуу бүр алиалагч байна. Өөрийгөө шившиг болгох гэж л энд иржээ!
— Багштны хүн чанарт үнэхээр биширлээ!
...
Өөрийнх нь эсрэг зогсож буй хүний мөнгийг хүртэл төлж өгөхөөр болсныг сонсоод хүмүүс Мо Ян багштны өгөөмөр занг бишрэв.
Хар даа. Багштан ямар байна, харин тэр залуу ямар байна...
За больё. Хоёрыг харьцуулах ч хэрэггүй. Бөөлжчихөж мэднэ.
— Нээрээ юу? — Жан Сюаний нүд сэргэв.
Нөгөө хүн луйварчин гэдгийг мэдэж байгаа болохоор түүний мөнгийг үрэхэд Жан Сюаньд өчүүхэн ч гэмшил төрөхгүй.
— Мэдээж. Миний хэлсэн үг хэзээ ч буцдаггүй! — «Мо Ян багштан» энэ хорвоогийн хир буртаг хүрээгүй, газарт буусан гэгээнтэн шиг зогсоно.
— Хэ хэ, тэгвэл сонгож эхэлье дээ...
Жан Сюань үл ялиг инээмсэглээд тавцан руу очиж, овоолсон эдлэлүүдийг ажиглав.
Нөгөө хүн жижиг зүйл сонгосон болохоор өөрөө ч мөн адил хэмжээний эдлэл сонгох нь зүйтэй. Тэгээд ч эдлэл томрох тусам бүрхүүлийг нь цэвэрлэхэд удаан хугацаа орно.
— Энэ жаал арай дэндүү ичих нүүргүй юм аа!
— Харин тийм! Мо Ян багштан яагаад ийм хүнд ингэж сайхан хандаад байдгийг ойлгохгүй юм. Би байсан бол аль хэдийн алгадаад хөөчихсөн!
— Багштныг доромжилчхоод, дээрээс нь мөнгөөр нь эдлэл авч өрсөлдөнө гэнэ ээ... Ичих нүүр алга!
...
Залуу ичих нь байтугай улам догдлон эдлэл үзэж байгааг хараад хүмүүс хэлэх үггүй болов.
Ичих нүүргүй хүн тэд бишгүй л харсан. Гэхдээ ийм зузаан нүүртэй нэгэнтэй анх удаа таарч байна.
Эхэлж багштныг луйварчин гэж доромжилсон хүн нь чи өөрөө. Яаж ч бодсон та хоёр дайсагнасан хүмүүс. Ийм байж өрсөлдөх эдлэлээ хүртэл нөгөө хүний мөнгөөр авч байгаадаа жаахан ч гэсэн санаа зовдоггүй юм уу... Арай ч дээ!
Олны яриаг үл тоон Жан Сюань нүдэнд өртсөн эдлэл бүрдээ хүрч үзсээр байв. Удалгүй мөн л алганы чинээ нэг зүйлийг сонгоод худалдаачинд өглөө.
— Энэ ч бас 200 алтан зоос! — Худалдаачин нэг харснаа хайхрамжгүй хэлэв.
— Багштан аа, мөнгөө хурдан төлөөрэй! — Жан Сюань огт ичсэн шинжгүй Мо Ян руу дохив.
— ...
Мо Ян багштны царай татвалзав.
Уг нь нөгөө хүнийг дооглох гэж мөнгийг нь төлнө гэсэн. Гэтэл Жан Сюань өчүүхэн ч санаа зоволгүй хүлээж аваад, бүр өөрийг нь зарц шиг яаруулна гэж санасангүй.
Түүнийг боож алах хүслээ хүчээр дарж, Мо Ян мөнгийг нь төлөв.
— За, энд нь цэвэрлэе. Бүгд нүдээрээ харж байхад үр дүнг хуурамчаар гаргалаа гэж хэн ч хэлж чадахгүй! — Жан Сюань дохив.
— Хмф! Бүрхүүл нь арилахаар энэ бардам зан чинь хэвээрээ байх эсэхийг харъя!
Залуугийн үйлдэл худалдаачны ч уурыг хүргэжээ. Тэр цэвэрлэх багажуудаа авчраад гаднах бүрхүүлийг бага багаар ховхолж эхлэв.
Удалгүй хөвд, чулуулаг нь унаж, дотор байсан зүйлийн жинхэнэ төрх ил болов.
Бүдэгхэн дулаан туяа цацруулсан хагас тунгалаг чулуу байлаа.
— Энэ чинь... Линлун чулуу юу? — Чулууны төрхийг харсан олны дундаас нэг хүн итгэж ядан хашхирав.
— Линлун чулуу гэж юу юм? — Таних хүн байсан ч мэдэхгүй хүн бас олон байлаа.
— Үүнийг ч мэдэхгүй гэж үү? Линлун чулуу бол Хуурмаг зэрэглэлийн шидэт эдлэл урлах үндсэн материалын нэг. Ширхэг бүр нь маш үнэтэй, зах зээл дээр гарахтайгаа зэрэгцээд дуусчихдаг ховор эд! — гэж түрүүн дуугарсан хүн догдлон тайлбарлав.
Шидэт эдлэлийг Бурхан, Гэгээнтэн, Сүнслэг, Хуурмаг, Эгэл гэсэн таван зэрэглэлд хуваадаг.
Тяньсюань хаант улс шиг газар Эгэл зэрэглэлийн оргил түвшний шидэт эдлэл хүртэл бараг үзэгдэхгүй. Хуурмаг зэрэглэлийнхийг бол бүр ярих ч хэрэггүй. Тиймээс тийм эдлэл бүр асар өндөр үнэд хүрдэг.
Линлун чулуу Хуурмаг зэрэглэлийн шидэт эдлэлийн гол материалын нэг учраас дуудлага худалдаанд гармагц тоо томшгүй овог, мэргэжилтнүүд булаацалддаг.
— Тэгээд хэд хүрэх юм?
Энэ зүйлийг танихгүй хүмүүс тэсэлгүй асуулаа.
Хэчнээн ховор гэж яриад ч үнэ цэнийг нь шууд төсөөлөхөд хэцүү. Хамгийн ойлгомжтой хэмжүүр нь эцсийн эцэст үнэ.
— Хэдэн жилийн өмнө Люжү хаант улсад нэгийг дуудлагаар зарсан гэж сонссон. Тэр нь үүнээс жижиг, тахианы өндөгний чинээ байсан мөртлөө 50,000 алтан зоос хүрсэн! Харин энэ чулууны хэмжээ, цэвэршлийг хар. Яаж ч бодсон дор хаяж 100,000 хүрнэ...
Ингэж хэлсэн хүн шүлсээ залгилаа.
— 100,000...
Тэнд байсан хүмүүс бараг галзуурах шахав.
200 алтан зоосоор авсан эдлэл 100,000 хүрнэ гэж үү?
Агшин зуур 500 дахин өссөн ашиг...
Үнэн гэж үү?
— Энэ... энэ... — Худалдаачны гар чичирч, алган дээрх чулуугаа итгэж ядан ширтэв.
Эрдэнэ таах танхимын худалдаачин болохоор тэр олон төрлийн эрдэнэ таньж, зах зээлийн үнийг нь ч сайн мэднэ. Саяын хүний хэлсэн үгэнд өчүүхэн ч алдаа байхгүйг тэр ойлгож байлаа.
Энэ чулуу үнэхээр тэр хэмжээний үнэд хүрнэ!
— Боломжгүй... Би буруу харж байгаа байлгүй дээ...
Олныг доргиосон дүр зургийг хараад Мо Ян багштны царай татвалзав.
Тэр залууг ямар ч үнэ цэнгүй хог сонгоно, тэгээд үүгээр өөрийн сүрийг дахин харуулна гэж боджээ. Зүүдэндээ ч ийм гайхалтай эрдэнэ сонгож чадна гэж төсөөлөөгүй.
Хоёр эдлэл хоёулаа 200 алтан зоосны үнэтэй. Гэтэл өөрийнх нь сонгосон зүйл ердөө 2,000 хүрсэн байхад нөгөөхийнх нь 100,000-аар үнэлэгдлээ...
Ялгаа нь арай дэндүү их биш үү!
— Энэ Линлун чулууг би яг одоо дуудлагаар зарна. Хамгийн өндөр үнэ хэлсэн хүн ав!
Энэ зүйл юу болохыг аль хэдийн мэдэж байсан Жан Сюань огт гайхсангүй. Худалдаачны гараас чулууг аваад олныг тойруулан харав.
— 100,000!
Линлун чулууг хамгийн түрүүнд таньсан хүн шууд үнэ хаялаа.
100,000 алтан зоос асар их мөнгө хэдий ч Линлун чулуу түүнээс ч үнэ цэнтэй.
— 110,000!
Олны дунд энэ чулууны жинхэнэ үнийг мэдэх хүн өөр хэд хэд байжээ.
— 120,000...
...
Удалгүй үнэ 153,000 алтан зоос дээр тогтож, чулуу чинээлэг дунд эргэм насны нэг эрийн гарт очив.
— Энэ бол Тяньсюань банкны мөнгөн дэвсгэрт. Үүгээр Тяньсюань хотын аль ч банкнаас 153,000 алтан зоос авч болно! — Дунд эргэм насны эр Линлун чулууг аваад, оронд нь боодол мөнгөн дэвсгэрт сунгав.
Ийм их алтан зоос жин ихтэй тул авч явахад маш төвөгтэй. Тиймээс Жан Сюаний өмнөх дэлхийн эртний үеийн цаасан мөнгөтэй адил мөнгөн дэвсгэрт энд ч хэрэглэгддэг ажээ.
— Мм!
Нэг хармагцаа дэвсгэртүүд жинхэнэ гэдгийг мэдсэн Жан Сюань өвөртөө хийв. Дараа нь 1,000 алтан зоосны дэвсгэрт гаргаж «Мо Ян багштан» руу алхлаа.
— Түрүүн миний өмнөөс 200 алтан зоос төлсөн. Энд 1,000 байна. Хариулт хэрэггүй. Үлдсэнийг нь цайны мөнгө гэж бод!