— Эрхэм залуу ном худалдаж авах гэсэн юм уу, эсвэл эндээ үзэх үү?
Жан Сюань номын дэлгүүрт ормогц нэгэн залуу бүсгүй угтан ирэв.
Арван долоо, арван найм орчим настай. Цэвэрхэн төрх, үзэсгэлэнтэй царай нь хүний нүд булаана. Шэнь Би Жу багштай харьцуулахад үл ялиг дутуу ч онцгой үзэсгэлэнтэй бүсгүйд тооцогдохоор байлаа.
— Энд... Тулаанчийн 6-р данийн бясалгалын аргын нууц гарын авлага бий юу?
Жан Сюань ирсэн зорилгоо шууд хэлэв.
— Тулаанчийн 6-р данийн бясалгалын арга аа? Эрхэм залуу тоглож байгаа байлгүй дээ. Тийм бясалгалын нууц гарын авлага асар өндөр үнэтэй. Манайх шиг жижигхэн дэлгүүрт тийм зүйл худалдах эрх ч байхгүй... Харин анхан шатны бясалгалын аргаас хэдэн ном бий! — Бүсгүй толгой сэгсрэв.
Энэ дэлгүүрт ихэвчлэн газар орон, хүмүүсийн зан заншлын тухай ном, алдарт хүмүүсийн намтар зэрэг зардаг. Харин бясалгалын арга бол бясалгагч бүрийн нууц. Хэн дуртай нь үзэж, худалдаж аваад байж болох зүйл биш.
— Тэгвэл... тийм ном зардаг газар хаана байдгийг мэдэх үү?
Таамагласнаар энд байхгүйг мэдсэн Жан Сюань санаа алдаад, хүлээлттэйгээр асуулаа.
— Зардаг газар уу? — Бүсгүй толгой сэгсрэв. — Тяньсюань хотод ийм түвшний бясалгалын арга худалдах газар байхгүй. Гэхдээ... зарим мэргэжилтэн ийм ном нэлээд цуглуулсан байдаг. Тэдэнтэй сайн харилцаатай бол үзүүлж ч мэднэ!
— Үзүүлж магадгүй гэж үү? Үзэхэд л хангалттай! — Жан Сюаний нүд гэрэлтэв.
Тэнгэрийн Нууц Номын Сан байгаа цагт тэр номыг худалдаж авах шаардлагагүй. Гартаа хүргээд, хэдхэн хуудас эргүүлэхэд л ижил ном автоматаар сан дотор бий болно.
— Тийм нууц гарын авлага олноор цуглуулсан мөртлөө бусдад үзүүлдэг ахмад хүн мэдэх үү? — гэж тэр яаран асуув.
— Бусдад үзүүлдэг хүн үү?
Бүсгүй хөмсгөө зангидаад толгой сэгсрэх гэж байснаа гэнэт нэг зүйл санав. Харцанд нь зальтай инээмсэглэл тодорч,
— Нэг хүн мэднэ. Гэхдээ их өвөрмөц зантай! Сэтгэл нь сайхан байвал гэрийнх нь бүх номыг аваад явсан ч тоохгүй. Харин ааш нь муу үед ном үзүүлэх нь бүү хэл хаалгаар ч оруулахгүй байж мэднэ... — гэв.
— Тийм хүн бас байдаг аа? — Жан Сюань хөмсгөө зангидав. — Тэгвэл намайг тэр ахмадтай уулзуулаад өгч болох уу?
— Өнөөдөр дэлгүүрт ч хүн цөөтэй байна. Одоо дагуулаад явъя! — Бүсгүй инээмсэглэв.
— Тэгвэл их баярлалаа!
Түүнийг өөрөө хүргэж өгнө гэж Жан Сюань санаагүй тул талархан толгой дохив.
Бүсгүй түрүүлж, хоёул номын дэлгүүрээс гарлаа.
Зам зуур хэдэн үг солилцохдоо Жан Сюань түүнийг Хуан Юй гэдэг, энэ дэлгүүрийг өөрөө нээснийг мэдэв. Дэлгүүрийн байдлыг харахад шинээр нээгдээд арав ч хоноогүй бололтой.
— Таны хэлсэн ахмадын гэрт үнэхээр их ном байдаг юм уу? — Нэлээд алхсаны дараа Жан Сюань тэсэлгүй дахин асуув.
— Мэдээж. Тэр бол хаант улс даяар нэртэй эрдэмтэн. Нэгэн цагт Шэнь Жүй хааны багш хүртэл байсан хүн! Бас хааны Номын сан хөмрөгт чөлөөтэй орж гардаг. Гэрт нь ном цөөн байх боломжтой гэж үү? — Хуан Юй хүндэтгэлтэйгээр хэлэв.
— Шэнь Жүй хааны багш аа? Тэгвэл хааны багш байсан гэсэн үг үү? — Жан Сюань гайхав.
Тяньсюань хаант улсын одоогийн эзэн бол Шэнь Жүй хаан. Түүний бясалгал яг ямар түвшинд хүрснийг хэн ч мэддэггүй. Гагцхүү бүх хаант улсын хамгийн хүчирхэг хүн, түүнтэй эн зэрэгцэх хүн үгүй гэдгийг л бүгд мэднэ.
Ийм хүний багшийг маш нарийн шалгаж, олон шатны сонголтоор тодруулдаг. Хунтянь академийн захирал хүртэл ийм эрхэм байр сууринд хүрэх чадваргүй.
— Тэр хаанд тулааны урлаг биш, уран зураг, уран бичлэг заасан багш нь. Гэхдээ л Шэнь Жүй хаан түүнийг маш их хүндэлдэг, үнэхээр нөлөө бүхий хүн! — Хуан Юйн царай нухацтай болж, Жан Сюаньд сануулав. — Лу Чэнь багштан ёс жудаг, дэг журамд их ач холбогдол өгдөг эрхэм хүн. Өөрийнх нь өмнө залуус дэмий чалчихыг хамгийн их үзэн яддаг. Очсон хойноо хамаагүй юм ярихгүй байсан нь дээр. Үгүй бол номыг нь үзэх зөвшөөрөл авах тухай бодох ч хэрэггүй болно шүү!
— Мм! — Жан Сюань толгой дохив.
— Бас надад өөрийн гэсэн хийх ажил бий. Очсоныхоо дараа ном зээлэх асуудлаа өөрөө зохицуулаарай. Миний ажлыг хамт баллачихав аа! — Хуан Юй үзэсгэлэнт нүдээрээ хяламхийн хэллээ.
— Санаа зоволтгүй. Чамайг эвгүй байдалд оруулахгүй! — Жан Сюань санааг нь ойлгоод инээмсэглэв.
Хуан Юй өөрийг нь энд хүртэл дагуулж явж байгаад нь тэр аль хэдийн талархаж байсан. Ном зээлж чадах эсэх нь өөрийнх нь чадвараас шалтгаална. Бүтэлгүйтлээ гэхэд яах ч аргагүй.
Яаж ч бодсон Жан Сюань өөрөө багш хүн. Залуу бүсгүйг өөрийнхөө төлөө эвгүй байдалд оруулна гэж юу байх вэ.
— Багштан даруу, үгэнд ордог залууст илүү дуртай. Тэр юу ч хэлсэн толгой дохиод сонсчих. Ийм их эрдэмтэй ахмад хүмүүс арай хуучинсаг үзэлтэй байдаг болохоор бидэн шиг залуусын бодолтой зөрөх үе бий. Тэр болгонд маргалдаад хэрэггүй шүү! — гэж Хуан Юй дахин сануулав.
Удалгүй хоёул захаас гарч, төөрчихмөөр олон нарийн гудмаар өнгөрөөд нэгэн байшингийн өмнө ирлээ.
— Энэ Лу Чэнь багштны гэр! — Хуан Юй байшин руу заав.
Жан Сюань толгой өргөн харлаа.
Өөрийнх нь төсөөлж байснаас огт өөр, өргөн уудам ч биш, тансаг сүрлэг ч биш байв. Энгийн айлын сууц шиг харагдах бөгөөд хаалган дээрээ бүр нэрийн пайз ч алга. Хуан Юй дагуулж ирээгүй бол жирийн нэг айлын гэр гэж бодохоор.
Энэ үнэхээр... хааны багшийн гэр гэж үү?
Жан Сюань итгэхэд бэрх байлаа.
— Лу Чэнь багштан их даруухан амьдардаг. Шэнь Жүй хаан энэ байшинг шинээр барьж өгье гэж олон удаа санал болгосон ч багштан бүгдийг нь эрс татгалзсан! — гэж Хуан Юй эргэлзээг нь анзааран тайлбарлав.
Жан Сюань толгой дохиж, Лу Чэнь багштныг улам хүндэтгэв.
Ийм өндөр байр суурьтай атлаа эрх мэдэлд авталгүй, цэвэр даруухан амьдарч чадна гэдэг амаргүй. Энэ хүн сэтгэлтэй, шулуун шударга нэгэн бололтой.
Түг түг түг түг!
Хаалга тогших гэж байтал нэгэн сүйх тэрэг хурдлан ирэв. Нарийн гудамжаар морины туурайн тод чимээ цуурайтлаа.
— Зогс!
Сүйх тэрэг хоёулын хажууд зогсож, дотроос нь нэгэн залуу хөшгөө сөхөн буув.
Арван долоо, арван найм орчим насны, цагаан хувцастай залуу байлаа. Өндөр туранхай биетэй, цайвар цэвэрхэн царайтай. Нэг харахад л язгууртан айлын хүү гэдэг нь мэдэгдэж, биеэс нь бусдаас дээгүүр өссөн хүний бардам сүр мэдрэгдэнэ.
— Сяо Юй? Чи ч бас ирсэн юм уу!
Хуан Юйг хараад цагаан хувцаст залуугийн нүд гэрэлтэж, тэр даруй дотночилон дөхөв.
— Намайг Хуан Юй гэдэг. Ингэж нялуурч дуудахаа боль. Бид хоёр одоохондоо тийм дотно биш! — Хуан Юй уруулаа үл тоомсорлон мурийлгав.
— Манай хоёр гэр бүлийн харилцааг бодвол Сяо Юй гэж дуудах нь юу нь буруу гэж? Бага байхад чинь ч ингэж дууддаг байсан биз дээ? Чи бас Лу Чэнь багштан дээр ирсэн юм уу? — Цагаан хувцаст залуу инээгээд ханцуйгаа засаж, аль хэдийн ялчихсан хүн шиг бардам зогсов. — Хэ хэ, тэр зүйлийг авна гэж битгий их горьд. Эцэст нь минийх л болно!
— Хэнийх болохыг одооноос хэлэхэд эрт байна! Сүүлд нь чи уйлаад зогсож байх вий дээ! — Хуан Юй ч бууж өгсөнгүй.
— Тэгвэл харж л байя!
Цагаан хувцаст залуу инээмсэглэж байснаа сая л Жан Сюанийг анзаараад хөмсгөө зангидав.
— Энэ хэн бэ? Сяо Юй, чи яагаад гаднын хүн дагуулж ирсэн юм...
— Би хэнийг дагуулж ирэх нь чамд ямар хамаатай юм!
Хуан Юй түүнд өчүүхэн ч нүүр өгсөнгүй.
— Хмф! Жаал аа, чи хэн ч байсан Сяо Юйгээс хол байсан чинь дээр. Тэр бол чам шиг жижиг гарын хүн санаархаж болох бүсгүй биш! — Цагаан хувцаст залуу Жан Сюань руу харж, нүдээ онийлгон хүйтнээр анхааруулав.
— ...
Зүгээр л ном зээлэх гэж ирсэн Жан Сюань гэнэт заналхийлэл сонсоно гэж төсөөлсөнгүй. Үнэхээр хэлэх үг олдохгүй байлаа.
«Би зүгээр явж байгаад л гай дуудах юм даа!»
Хуан Юй өөрийг нь энд хүргэж ирсэн төдий. Танилцаад ч удаагүй байхад ингэтлээ сүржигнэх хэрэг байна уу?
Өөрийг нь зүгээр байхад өдөж эхэлсэнд Жан Сюань дургүй хүрэв. Биеэ үл ялиг тэнийлгээд, тоосон шинжгүй гараа дохилоо.
— Хэтэрхий их юманд оролцох юм. Уучлаарай, энэ асуудал танд огт хамаагүй байх!
— За яах вэ. Энэ үгээ дараа нь харамсахгүй байгаарай!
Урьд нь огт харж байгаагүй нэг жаал өөртэй нь ингэж ярьж зүрхэлнэ гэж цагаан хувцаст залуу бодсонгүй. Хөмсөг нь дээш өргөгдөж, харц нь хурцдав. Тэр хоёрт дахин анхаарал хандуулалгүй эргэж, хашааны хаалга руу очоод тогшив.
— Чи яагаад ийм бодлогогүй юм бэ...
Цагаан хувцаст залуу хаалга тогшиж байх зуур Хуан Юйн түгшсэн дуу Жан Сюаний хажуугаас сонсогдлоо.
— Яасан? — Жан Сюань гайхан харав.
— Тэр хэн болохыг мэдэхгүй байж яаж ингэж ярьж зүрхлэв ээ? — Нөгөө хүний юу ч мэдэхгүй царайг хараад Хуан Юй арга тасрав.
Энэ нөхөр үнэхээр зоригтой юм уу, эсвэл толгой нь нэг л биш юм уу?
— Хэн байх нь надад ямар хамаатай юм... — Жан Сюань мөрөө хавчив.
Нөгөө хүний хэн байх нь өөртэй нь ямар холбоотой гэж?
— Чи нээрээ... — Жан Сюань огт тоогоогүй хэвээр байгааг харсан Хуан Юй бүр өөрийгөө тэнэг хүн дагуулж ирсэн юм биш биз гэж эргэлзэж эхлэв. Түүний харцнаас нөгөө хүний хэн болохыг үнэхээр огт сонирхохгүй байгааг мэдээд хэлэх үггүй болов. Эцэст нь танилцууллаа. — Тэр бол Жэньнан вангийн цорын ганц хүү, Бай Сюнь!
Жэньнан ван бол Тяньсюань хаант улсын хааны дараа орох хамгийн эрх мэдэлтэй хүн. Түүний цорын ганц хүүг гомдоовол энэ хаант улсад амьдрахад амаргүй болно.
Хуан Юй нөгөө хүний хэн болохыг хэлмэгц Жан Сюань айж, яах ёстойг асууна гэж боджээ. Гэтэл эсрэгээрээ тэр гайхсан царайгаар эргэж хараад,
— Жэньнан ван... тэр хэн юм? — гэж асуув.