— ...
Хуан Юйн нүд харанхуйлж, бараг газар дээрээ унах шахав.
Жэньнан ванг ч мэдэхгүй гэж үү? Чи ер нь Тяньсюань хаант улсын хүн мөн үү? Аль нэг бөглүү мухраас гараад ирсэн юм биш биз дээ!
Одоо тэр энэ нөхрийг дагуулж ирсэндээ харамсаж эхлэв.
Юу ч мэдэхгүй ийм хүн буруу юм хэлж, өөрийг нь ч хамт хэрэгт оруулчихаж мэднэ!
Үнэндээ Жан Сюань жүжиглээгүй. Тэр үнэхээр мэдэхгүй байлаа.
Өмнөх Жан Сюань академийн хамгийн муу багш байсан. Тэр үргэлж сургуулиасаа хөөгдөхгүй үлдэх аргаа бодож явсан болохоос хаант улсын дотоод хэрэг, эрх мэдлийн бүтцийг судалж үзээгүй. Хэлтэс, салбар, төв хороо юугаараа ялгаатайг ч сайн мэддэггүй байсан хүн Жэньнан ван гэж хэн болохыг хаанаас мэдэх вэ.
Шажиг!
Хуан Юй Жэньнан вангийн дайнд байгуулсан гавьяаг тайлбарлах гэж байтал үүдний хаалга нээгдэж, зарцын ахлагч бололтой нэг хүн гарч ирэн тэднийг угтав.
— Чэн ах аа, би энэ удаа сайн бэлдэж ирсэн. Багштан надад дахин зааж зөвлөнө гэж найдаж байна! — Цагаан хувцаст Бай Сюнь түрүүний бардам зангаа бүрэн хурааж, Чэн ах гэж дуудсан хүнд тун хүндэтгэлтэй хэлэв.
— Өө, Бай эрхэм залуу, Хуан бүсгүй хоёр иржээ! Дотогш орж, зочны өрөөнд түр хүлээнэ үү! — Үүдэнд гурван хүн байгааг харсан зарцын ахлагч мэхийн ёслоод дотогш урив.
Гурвуулаа түүний араас гэрт орлоо.
Жан Сюань эргэн тойрноо ажиглав.
Эндхийн барилга засал огт тансаг биш. Академийн зарим хэсгээс ч даруухан. Гэвч бүх орчин нь тэс өөр мэдрэмж төрүүлнэ. Хашаан дахь хөдөлгөөнгүй зүйлээс эхлээд салхинд үл ялиг хөдлөх юмс хүртэл нэгэн амгалан бэхэн зурагт багтсан мэт, тайлбарлахад бэрх эрхэмсэг уур амьсгалтай байлаа.
— Үнэхээр гайхалтай амьд бэхэн зураг юм!
Жан Сюань ам алдтал магтав.
— Өө? Эрхэм залуу... уран зурагт бас мэдлэгтэй бололтой? — Түүний үгийг сонссон зарцын ахлагч эргэж хараад асуулаа.
— Зүгээр л харагдсанаа хэлчихлээ! — гэж Жан Сюань яаран толгой сэгсрэв.
Хайхрамжгүй хэлсэн ганц өгүүлбэр нь нөгөө хүний анхаарлыг татна гэж бодсонгүй.
Өмнөх амьдралдаа тэр номын санч байсан. Ажил нь ном бичигтэй нягт холбоотой тул янз бүрийн зураг их харж явсан ч өөрөө бийр барьж үзээгүй. Зураг зурна гэдэг бүр ч ярих юм биш.
— Манай эзэн сэтгэлээ бийр, энэ хашааг цаас болгож, бүх сууцыг нэг бүтэн зураг болгон байгуулсан юм. Таны хэлсэн буруу биш! — Зарцын ахлагч толгой дохиод цааш алхав.
Удалгүй тэд зочны өрөөнд хүрлээ.
Өрөө том биш ч хананд нь олон зураг өлгөсөн тул хуучны номын өргөө шиг намуухан, эрхэмсэг өнгө аястай. Дотогш ормогц хүний сэтгэл аяндаа тайвширна.
Энэ газар академийн бусад хэсгээс тэс өөр. Тэнд хаа сайгүй Хүч Хэмжих Чулуун Багана байх бөгөөд хүч муутайгаа харуулбал шууд хөөгдөх гэж байгаа мэт дарамт төрдөг.
— Би эзэнд мэдэгдээд ирье!
Гурвыг суулгаж өгсний дараа зарцын ахлагч эргэж гарав.
— Чи уран зураг бас мэддэг юм уу? — Түүнийг гармагц Хуан Юй сониучирхан Жан Сюань руу харав.
Түрүүний яриаг сонссон бололтой. Бодоод үзэхэд өөрийнхөө дагуулж ирсэн энэ залуугийн талаар Хуан Юй үнэндээ юу ч мэдэхгүй ажээ.
— Хашааны зохион байгуулалт нь зураг шиг санагдсан болохоор л хэлсэн юм! — гэж Жан Сюань хариулав.
— Сяо Юй, энэ хүний дэмий ярианд бүү итгэ. Чиний анхаарлыг татах гэж л сүржигнэж байгаа юм! — Бай Сюнь Жан Сюань руу гал гарах шахам ширтэв.
— Чи юу мэддэг юм? Миний энэ найз маш их мэдлэгтэй, авьяастай хүн! Хүн болгон чам шиг байнга сүр үзүүлэх дуртай гэж бодоо юу? — Өөрийнх нь дагуулж ирсэн хүнийг доромжлоход Хуан Юй дургүйцэв.
— Мэдлэгтэй гэнэ ээ? Энэ хүн үү? Сяо Юй, болгоомжтой байгаарай. Миний харахад энэ жаал зүгээр л зугаа цэнгэл хөөсөн хэрэггүй нөхөр. Нас залуу мөртлөө охидыг хуурч сэтгэлийг нь татахдаа гаршсан бололтой. Ичих нүүр гэж алга!
Хуан Юй нөгөө хүнийг магтахыг сонсоод Бай Сюний уур бүр буцалж, шүдээ зуун хэлэв.
— Миний найз хөгжим, шатар, бичиг ном, уран зураг гээд юу ч чадна. Мэдэхгүй, чадахгүй зүйл гэж бараг үгүй! Залуус дундаа шилдэг нь байтугай ахмад үеийнхнээс ч түүнтэй эн зэрэгцэх хүн цөөн. Харин өөрийгөө хар! Юу ч сураагүй мөртлөө өдөржин зодолдох, хүнтэй байлдах тухай бодно. Хэрэггүй хүн гэвэл харин чи өөрөө!
Хуан Юй ч бууж өгсөнгүй.
— Хөгжим, шатар, бичиг ном, уран зураг бүгдийг мэднэ ээ? Энэ хүн үү? Надаас нэг их ах харагдахгүй байна. Эхийн хэвлийд байхдаа сурч эхэлсэн байлаа ч хэдийг сурч амжих юм? Чам шиг хүн л түүний үгэнд хууртана! — Бай Сюнь Жан Сюань руу хорсолтой ширтэв.
— Залуу байна гээд чадваргүй байх ёстой юу? Төрөлхийн авьяастай байвал яах юм? Өөрөө авьяасгүй болохоороо бусдыг ч тийм гэж битгий бод! — Хуан Юй хариу сөргөлөө.
— ...
Хоёр хүний хэрүүлд ямар ч хамаагүй атлаа дунд нь хавчуулагдсан Жан Сюань хөмсгөө зангидав.
«Маргалдах гэж байгаа бол хоорондоо маргалдана биз! Яагаад заавал намайг чирээд байгаа юм бэ? Би та хоёрт юу хийчихсэн юм?»
Хөгжим, шатар, бичиг ном, уран зураг гэнэ ээ? Жан Сюань амьдралдаа дөрвийнх нь алинд ч гар хүрч үзээгүй.
Хэрэв үнэхээр тийм авьяастай байсан бол Хунтянь академийн түүхэнд Багшийн мэргэшлийн шалгалтаас тэг оноо авсан анхны багш болох уу даа?
Бай Сюнь үг сөргөх гэж байтал гаднаас хөлийн чимээ сонсогдож, нэгэн хүн орж ирэв.
Цас шиг цагаан үс, сахалтай өндөр настай эр байлаа. Түүний сүр, эрхэмсэг намба нь харах төдийд хүндлэл төрүүлнэ.
Түрүүний зарцын ахлагч араас нь дагажээ.
Шэнь Жүй хааны хуучин багш, Лу Чэнь багштан!
— Багштан аа!
Түүнийг хараад Бай Сюнь, Хуан Юй хоёр хэрэлдэхээ тэр даруй больж, зэрэг мэхийн ёслов.
— Миний хашааг бэхэн зураг гэдгийг нэг хараад таньсан хүн ирсэн гэж сонслоо. Одоо үед ийм мэдрэмжтэй залуу ховор болж дээ.
Өөрт нь ёсолж буй хоёрыг түр тоолгүй Лу Чэнь багштан орж ирмэгцээ Жан Сюань руу харав. Зарцын ахлагч түрүүний үгийг нь аль хэдийн хэлсэн нь тодорхой байлаа.
— Багштан аа, энэ нөхөр зүгээр л таамгаар ярьсан юм. Тоох хэрэггүй. Би энэ удаа урьдчилж сайн давтсан. Та хүссэнээрээ шалгаарай...
Багштны анхаарал өнөөх залуу дээр төвлөрөхийг хараад Бай Сюнь дургүйцэж, яаран хэлэв.
— Би чамд ярих зөвшөөрөл өгсөн үү? — Лу Чэнь багштан хөмсгөө зангидав.
— Би...
Бай Сюний нүүр час улайсан ч үг сөргөж зүрхэлсэнгүй.
Түүний өөрийнх нь байр суурь өндөр, эцэг нь ч асар нөлөөтэй. Гэсэн ч хааны багшийн өмнө энэ бүхэн юу ч биш.
Бай Сюнийг зэмлэсний дараа Лу Чэнь багштан дахин Жан Сюань руу харав.
— Чи уран зураг мэддэг юм бол яг таарлаа. Энд нэг зураг бий. Надад үнэлж өгнө үү!
Тэгээд гараараа дохив.
Зарцын ахлагч яаран урагшилж, ширээн дээр нэгэн хуйлмал зураг дэлгэлээ.
Энгийн атлаа эрхэмсэг бэхэн зураг байв. Дэлгэх төдийд л харах хүний сэтгэл сэргэм намуухан уур амьсгал өрөөг дүүргэв. Амар тайван тосгонд хүүхдүүд тоглож, айлуудын яндангаас утаа суунаглана. Анхааралтай ширтвэл царцааны дуу сонсогдож, модны навч салхинд хөдөлж байгаа нь хүртэл мэдрэгдэхээр амьд зураг байлаа.
— Энэ...
Жан Сюань толгойгоо маажив.
Тэр уран зургийн талаар юу ч мэдэхгүй. Энэ зургийг хараад «муугүй юм» гэдгээс өөр зүйл хэлж чадахгүй. Үүнийг үнэл гэнэ ээ? Юуг нь үнэлэх юм?
— Ярихаасаа өмнө сайн бодоорой. Энэ бол багштны шалгалт. Тэр... хүмүүсийг шалгах дуртай юм. Би ч анх ирэхдээ шалгуулж байсан... Сайн хариулж чадвал хүссэн хэмжээгээрээ ном зээлж болно. Харин баллачихвал шууд буцаана шүү...
Жан Сюань яахаа мэдэхгүй тээнэгэлзэж байтал хажуугаас нь Хуан Юй түгшсэн өнгөөр шивнэв.
— Шалгалт аа?
Жан Сюань гашуухан инээмсэглэв.
Лу Чэнь багштан ийм сонирхолтойг мэдсэн бол хашаанд орж ирэхдээ дуугүй л байх байж.
Өөрөө өөртөө гай дуудсан нь энэ үү?
Гэхдээ Хуан Юйн хэлснээр бол тэр юу ч яриагүй байсан гэсэн багштан шалгах л байж. Нэгэнт дасал болсон бол Лу Чэнь багштан өөрөө ч болиулж чадахгүй биз.
Харин одоо энэ зургийг яаж үнэлэх вэ?
Уран зургийн талаар юу ч мэдэхгүй хүн ямар өө сэв олж харах юм? Юу гэж тайлбарлах вэ?
Нөгөө хүн чинь хааны багш, уран зургийн мастер. Дэмий бурвал үгээ дуусгаж ч амжаагүй байхад мод бариад хөөж ч мэднэ.
— Яав? Асуудал байна уу? — Жан Сюаний царайг харсан Лу Чэнь багштан асуулаа.
— Аан, үгүй ээ!
Жан Сюань толгойгоо маажив. Ямар үг хэлбэл алдаа олдохгүй бол гэж бодож байтал гэнэт нэг санаа төрлөө.
«Тэнгэрийн Нууц Номын Сан эд зүйлийн үнэн мөнийг таньж чаддаг юм чинь... уран зургийн өө сэвийг ч гаргаж чадах болов уу?»
Ингэж бодоод урагш алхаж, зурагт зөөлөн хүрэв.
Үүн!
Толгойд нь намуухан чимээ хадаж, дотор нь нэг ном бий боллоо.
Жан Сюань баярлан дотроос нь мэдээллийг уншаад Лу Чэнь багштан руу гэрэлтсэн харцаар харав. Үл ялиг инээмсэглээд,
— Багштан үнэхээр надаар энэ зургийг үнэлүүлэхийг хүсэж байна уу? — гэж асуулаа.
Лу Чэнь багштан хариу хэлсэнгүй. Дуугүй байснаараа зөвшөөрч байгаагаа илэрхийлэв.
— Тэгвэл би энэ зургийг найман үгээр үнэлье! — гэж Жан Сюань хэлэв.
— Сонсъё! — Лу Чэнь багштан түүн рүү харав.
Жан Сюань толгой дохиод зургийг дахин нэг харснаа толгой сэгсрэв.
— Тэр найман үг нь... Ямар ч утга алга, энэ чинь юу юм?
— Эрхэм залуу, үгээ бодож хэлээрэй! — Жан Сюань ямар үнэлгээ хэлэх бол гэж сонирхож байсан зарцын ахлагч үүнийг сонсоод бараг унах шахав. Сандарсандаа түүнийг яаран болиулав. — Энэ зургийг багштан саяхан өөрөө зурсан юм шүү...