— Би юу хийсэн гэж?
Уурласандаа буцалж буй Яо Ханийг хараад Жан Сюань бүр хэлэх үггүй болов.
Энэ үл ойлголцол арай л хэтэрчихэв үү дээ!
Гэхдээ бусад хүн ингэж бодох нь ч аргагүй гэдгийг тэр ойлгож байлаа. Эцсийн эцэст Жао Яд бясалгалын талаар ганц ч заавар өгөөгүй атлаа өнөөх охин өөрийн хүсэлтээр түүнийг багшаа хэмээн хүлээн зөвшөөрсөн. Тэгээд энэ тухай дурсахдаа хүртэл нүүр нь улайсан. Дээр нь Бичлэгийн Болор хагарчихсан. Яаж ч харсан нотлох баримтаа устгасан мэт харагдана...
Энэ бүхнийг нийлүүлээд харвал ямар нэг сэжигтэй юм болсон гэж бодохоос өөр аргагүй.
Яо Ханий нүдэнд Жан Сюань тэр дороо гаж донтой хөгшин, хүүхэмсэг эр, ичих нүүргүй багш гээд элдвээр л харагдсан биз.
— Яо ах аа, та ер нь юу бодоод байгаа юм бэ? Дахиад ингэж авирлавал би тантай дахиж ярихгүй шүү!
Уурлаж хилэгнэсэн Яо Ханий үгийг сонсоод Жао Я түүний толгойд юу эргэлдэж байгааг яаж мэдэхгүй байх билээ. Царай нь тэр дороо барайж, чангаар зэмлэв.
Эцсийн эцэст тэр залуу охин. Иймэрхүү цуу тарвал нэр хүнд нь сүйрнэ.
— Авхай минь...
Жао Я таслан зогсоосон тул Яо Хань аргагүй сүр хүчээ хураав.
— За, надтай хамт явж ор дэрний хэрэгслээ авъя. Энд битгий цаг үрээд бай. Би маргааш хичээлтэй! — гэж Жао Я хамраараа дуугараад өрөөнөөс гарлаа.
Тэр өөрийн биеийн асуудлыг Яо Ханьд хэлэхийг хүссэнгүй. Хэрэв энэ тухай мэдчихвэл Яо Хань заавал нарийн учрыг нь асууж шалгаана. Тийм зүйлийг тэр яаж ам нээж хэлэх билээ?
Өөр шалтаг олдохгүй байсан тул Жан Сюанийг өөрийн хүсэлтээр багшаа болгосон гэж л хэлэхээс өөр аргагүй байв.
— Хм!
Авхайгаа эргэн гарсныг хараад Яо Хань Жан Сюань руу хүйтнээр ширтэв. Нүдэнд нь нэгэн бодол гялсхийсэн ч юу ч хэлсэнгүй. Ханцуйгаа огцом савчаад эргэн гарлаа.
Тэр мөчид энэ залууг алах хүсэл Яо Ханий сэтгэлээс салахаа больжээ. Хэрэв энд академи байгаагүй, бас Жао Я түүнийг болиулаагүй бол аль хэдийн хөдөлсөн байх байлаа.
— Би энэ удаа хэнийг нь гомдоочихов оо...
Яо Ханий хүйтэн харцыг хараад Жан Сюань учрыг нь огт ойлгосонгүй.
“Би зүгээр л нэг шавь авсан биз дээ. Ингэтлээ уурлах хэрэг байна уу?
Намайг хорвоогийн хамаг муу муухайгийн эх болсон өршөөж болшгүй гэмт хэрэгтэн шиг л харах юм.”
Хамгийн гол нь... тэр үнэхээр юу ч хийгээгүй шүү дээ!
— За, больё. Өнөөдөр цаг бас байна. Дахиад хэдэн шавь элсүүлж чадах эсэхээ үзье! Шавь олон болох тусам академиас авах нөөц ч ихсэнэ!
Хунтянь академийн багш нар ч дотроо олон зэрэглэлтэй. Жил бүр шавь нарынх нь нөхцөл байдлыг харгалзан багш нарт үнэлгээ хийдэг байлаа. Хэдэн шавьтай, шавь нар нь хэр хурдан ахиж байгаа, янз бүрийн тэмцээн уралдаанд ямар амжилт үзүүлсэн зэрэг нь бүгд багшийн үнэлгээнд нөлөөлнө.
Багшийн зэрэглэл өсөх тусам авах нөөц нь ч хэд дахин нэмэгдэнэ. Мэдээж шавь нарт нь хуваарилагдах нөөц ч дагаад өснө.
Багш, шавь хоёр хамтдаа урагшилна гэдэг нь энэ биз.
Одоогоор Жан Сюань ердөө гурван шавьтай. Багшийн ажлаа хадгалж үлдэхэд хангалттай ч зэрэг дэвийн тухай яривал бүх академийн хамгийн сүүлд хэвээрээ.
Урагшлахыг хүсвэл дахиад шавь элсүүлэхээс өөр замгүй байлаа.
...
— Жэн Ян, битгий ингэтлээ сэтгэлээр уна л даа! Ван Чао багш л чамайг аваагүй болохоос биш, ингэж гутраад байх хэрэггүй шүү дээ!
Академийн хөх чулуун замаар хоёр залуу алхаж байв. Урд яваа залуу араас нь дагах найзыгаа аргадан тайвшруулахыг хичээнэ.
— Мо Сяо, чамайг авчихсан юм чинь ингэж ярих амархан л даа. Харин өөрөө нэг удаа голуулаад үз л дээ! — Жэн Ян найзынхаа үгэнд дургүйцэн хөмсгөө зангидав.
— Хм-хм, тэгж битгий хэлээч. Академид сайн багш олон байна. Заавал Ван Чао багшийг сонгох албагүй шүү дээ!
Мо Сяо эвгүйрхэн толгойгоо маажив.
— Заавал сонгох албагүй гэнэ ээ? Хэлэхэд амархан байна. Бид багаасаа жадаар хичээллэсэн. Жад аль хэдийн бидний биеийн нэг хэсэг болсон, одоо хаях боломжгүй. Харин Хунтянь академид жадны урлагийг хамгийн сайн заадаг хүн нь Ван Чао багш. Чамайг шавиа болгочихоод намайг голсон байхад би яаж сэтгэлээр унахгүй байх юм?
Жэн Ян бухимдан хэлэв.
— Тэр ч...
Мо Сяо юу гэж хариулахаа мэдсэнгүй.
Хунтянь академийн багш бүр өөр өөрийн сайн эзэмшсэн чиглэлтэй. Зарим нь нударгаар, зарим нь илдээр мэргэшсэн байдаг... Харин Ван Чао багш жадны урлаг заах чадвараараа алдартай бөгөөд академийн хэмжээнд ч дээгүүрт тооцогддог багш нарын нэг байв.
Мо Сяо, Жэн Ян хоёр хамт шалгуулж, түүний шавь болохоор ирсэн. Гэвч нэг нь тэнцэж, нөгөө нь унасан болохоор голуулсан хүн нь сэтгэлээр унах нь аргагүй.
— Хөөе, тэнд нэг хичээлийн танхим байна. Ороод харчих уу?
Энэ эвгүй байдлыг яаж арилгахаа мэдэхгүй явсан Мо Сяо холгүйхэн нэг танхим олж хараад заав.
— Би орохгүй... — Жэн Ян толгой сэгсрэв.
— Ороод л харъя. Энэ багш бас жадны урлаг заахдаа сайн ч юм билүү? Ямартай ч ороод үзэхэд юу ч алдахгүй шүү дээ! — гэж Мо Сяо ятгав.
— За даа!
Дургүй байсан ч Жэн Ян Мо Сяог даган танхимд орлоо.
Дотор нь Жан Сюань байв. Тэр шинэ шавь хайхаар гарах гэж байтал хоёр залуу орж ирэхийг харав.
— Багштай мэндчилье! — Мо Сяо ёслон мэхийв.
— Мм! — Жан Сюань нүдээ үл ялиг томруулав. — Багш хайж яваа юм уу?
— Тийм ээ. Энэ бол миний сайн найз. Ялангуяа жадны урлагт маш чадварлаг. Залуу үеийнхнээс түүнтэй өрсөлдөж чадах хүн цөөхөн. Багш та нэг зааж чиглүүлж өгнө үү! — гэж Мо Сяо яаран хэлэв.
— Мо Сяо...
Жэн Ян сайн найзынхаа ханцуйнаас татлаа.
— Яав? — Мо Сяо гайхан асуув.
— Эргэн тойрноо нэг хар даа...
Жэн Ян хөмсгөө зангидав.
Энэ танхим дэндүү жижигхэн байлаа. Харахад арваад хүн л багтахаар. Яалт ч үгүй жижиг хичээлийн өрөө.
Хичээлийн танхимын хэмжээ нь багшийн чадвар, зэрэглэлийг тодорхой хэмжээнд илтгэнэ. Академийн дээгүүр эрэмбэтэй багш нар хэдэн зуун шавь нэгэн зэрэг бэлтгэл хийж болох талбай шиг том танхимтай. Харин үүнтэй харьцуулахад энэ өрөө алгын чинээ. Эндхийн багшийн түвшин ихдээ л дундаж байх магадлалтай.
— Үнэхээр жижиг юм...
Өрөөний хэмжээг анзаарсан Мо Сяогийн дотор палхийв.
Уг нь сайн найзынхаа сэтгэл санааг дээрдүүлэх гэж энд оруулж ирсэн. Гэтэл ийм газар таарчихлаа. Хэрэв багшийн чадвар үнэхээр тааруухан байвал Жэн Яны сэтгэл онгойх нь бүү хэл бүр дордож мэднэ.
— Жадаараа нэг үзүүл дээ!
Хоёр залуугийн аяархан яриаг анзаараагүй мэт Жан Сюань тайван хэлэв.
— Нэгэнт орж ирсэн юм чинь багшаар жаахан заалгуулаад үз л дээ. Алдах юм байхгүй. Хэрэв үнэхээр чадвар муутай байвал шавь нь болохгүй гараад явчихад л болно! — Жэн Яны эргэлзсэн царайг хараад Мо Сяо дахин ятгав.
— Мм!
Жэн Ян толгой дохилоо.
Хэт алдартай, сурагч бүрийн хүсдэг хэдхэн багшийг эс тооцвол ихэнх тохиолдолд багш шавиа сонгодгийн адил сурагч ч багшийнхаа чадварыг харж байж шийдвэр гаргах эрхтэй.
Ингэж бодоод Жэн Ян нуруундаа үүрсэн жадаа авч, салангид хэсгүүдийг нь угсран нийлүүлэв.
Вүн!
Урт жад гартаа ормогц Жэн Яны төрх тэр дороо өөрчлөгдөв. Хуйнаасаа сугарсан ир мэт хурц сүртэй болжээ.
Шүг! Шүг! Шүг! Шүг!
Урт жад дараалан урагш хатгах бүрд агаарыг зүсэн исгэрч, танхим бүхэлдээ хагарч бутрах гэж байгаа мэт сонсогдоно. Хүчтэй салхи эргэн тойронд хуйлрав.
Чадалтай хүнийг хөдөлсөн даруйд нь таньж болно. Жэн Ян хэдий тийм ч хүчирхэг биш ч жадны урлагийн суурь нь үнэхээр муугүй ажээ.
Хүү!
Жадны үзүүр чичирхийлэн, холгүй байсан чулуун баганыг хүчтэй цохив. Хөнгөн доргилт тарж, баганан дээр тоо тодорлоо.
110!
Зуун арван килограммаас давсан хүч!
Зөвхөн энэ цохилтын сүйтгэх хүчийг бодоход Тулаанчийн 1-р дань, Хий Хураах шатны оргил үеийн хүн ч шууд тосож авахад бэрх.
— Багш аа, надад зааж зөвлөнө үү!
Жэн Ян жадаа хажуудаа босоогоор барин цэх зогсов. Ядарсан, сандарсан шинж огт үгүй. Жан Сюань руу тайван харна.
Үнэнийг хэлэхэд танхимын хэмжээг харсан цагаасаа л энэ багшаас нэг их юм хүлээгээгүй. Ихдээ л дундаж түвшний хүн байх гэж бодсон юм.
Түүний бодлыг батлах гэсэн мэт өмнөх багш нь нүдээ үл ялиг онийлгон хэсэг чимээгүй суулаа. Юу бодож байгааг нь таахын аргагүй. Жэн Яны үгийг сонсоод сая нүдээ аажуухан нээж, түүн рүү харан уруулынхаа үзүүрт үл мэдэг инээмсэглэл тодруулав.
— Чи хайр сэтгэлээс болж шархалж байсан юм байна. Өөрөөр хэлбэл... өмнө нь хаягдсан юм уу?
Тайлбар: Жад ихэвчлэн хүний өндрөөс урт байдаг тул авч явахад хялбар болгохын тулд хэд хэдэн хэсэг болгон салгаж, хэрэглэхдээ угсардаг төрөл байж болно.